Номын дэлгүүрээр зүгээр л сонирхоод гарах санаатай орсон ч эцэст нь нэг бус ном тэвэрчихсэн гарч байсан уу? Унших номын жагсаалт маань уртсаад л байдаг хэр нь шинээр гарсан номыг сонирхохгүй өнгөрч бас чаддаггүй шүү дээ. Ялангуяа намрын сэрүүн өдрүүдэд гэртээ тухалж, номын хуудас эргүүлэх шиг таатай зүйл юу билээ.

Энэ удаагийн жагсаалтад биднийг Өрнө, Дорнын соёлын түүхээр аялуулах шагналт романаас эхлээд хөгшрөлтийн шинжлэх ухаан, аз жаргалын тухай эргэцүүлэл, философийн хөгжил, бизнесийн мэдлэгийг нэг дор багтаасан бүтээлүүд багтжээ. Сонгодог зохиолын шинэ хэвлэл ч бий, яруу найргийн түүвэр ч бий. Ингээд аравдугаар сарын онцлох арван номтой танилцъя.

1. Загасчин ба түүний сэтгэл

Хайртай хүнийхээ төлөө та юунаас татгалзаж чадах вэ? Ирландын нэрт зохиолч Оскар Уайлдын “Загасчин ба түүний сэтгэл” үлгэрт нэгэн залуу загасчин үзэсгэлэнт лусын дагинад дурлаж, түүнтэй хамт байхын тулд өөрийн сүнснээсээ татгалзахаар шийддэг. Гэвч сүнсээ биеэсээ салгаснаар төсөөлөөгүй үйл явдлуудтай нүүр тулна. Анх 1891 онд хэвлэгдсэн энэхүү бүтээл хайр дурлал, хүсэл шунал, хүний мөн чанарын тухай өгүүлдэг. Үлгэрийн хэлбэрээр бичигдсэн ч насанд хүрсэн уншигчдад ч эргэцүүлэх зүйл олонтой бүтээл юм.

Зохиолч: Оскар Уайлд
Хэвлэлийн газар: GCOM Press
Үнэ: 30,000₮
Хуудасны тоо: 35

2. ХУДАЛЧ ТЭРЭГ ДАГАСАН НОХОЙ

Туркийн нэрт зохиолч Азиз Несиний бүтээлүүд хүний шунал, мунхаглал, нийгмийн шударга бус байдлыг тун егөөтэй, заримдаа бүр хачин жигтэй үйл явдлаар дамжуулан дүрсэлдэг зохиолч билээ. Түүний “Худалч тэрэг дагасан нохой” номд багтсан “Худалч” буюу “Зубүк” романы гол дүр бусдын итгэл, гэнэн занг ашиглан өөртөө ашигтай нөхцөл бүрдүүлдэг овжин нэгэн. Түүгээр дамжуулан зохиолч улс төрийн хоосон амлалт, эрх мэдэлд шунах хүсэл, нийгмийн хоёр нүүрт байдлыг егөөдөн дүрсэлжээ. Олон жилийн өмнө бичигдсэн ч өнөөгийн нийгэмд ойр санагдах бүтээл юм.

Зохиолч: Азиз Несин
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
Үнэ: 48,000₮
Хуудасны тоо: 366

3. ХҮССЭН АМЬДРАЛАА БҮТЭЭ

Телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфри, Харвардын профессор Артур К. Брукс нарын хамтран бичсэн энэ номд аз жаргалыг өдөр тутамдаа хөгжүүлж болох чадвар хэмээн тайлбарлажээ. Тэд гэр бүл, нөхөрлөл, ажил, итгэл үнэмшил гэсэн дөрвөн тулгуураар дамжуулан амьдралынхаа чанарыг хэрхэн сайжруулах талаар зөвлөсөн байна.

Зохиолч: Опра Уинфри, Артур К. Брукс
Хэвлэлийн газар: Анд хэвлэлийн газар
Үнэ: 40,000₮
Хуудасны тоо: 310

4. БҮҮ САНАА ЗОВ

Өчигдрийн хэлсэн үгэндээ харамсаж, маргааш болох уулзалтад санаа зовсоор өнөөдрийг өнгөрүүлэх үе бидэнд бий. Тэгвэл энэ бүх бодлоос түр ч болов ангижрах боломжтой болов уу? Японы зэн буддист лам Шунмио Масуно тус номдоо сэтгэлийн амар амгаланг олоход туслах 48 сургамжийг хуваалцжээ. Өмнө нь “Эгэл амьдрах ухаан” бүтээлээрээ монгол уншигчдад танил болсон тэрбээр энэ удаад өөрийгөө бусадтай харьцуулахгүй байх, өнгөрснийг тавьж явуулах, өөрчилж чадахгүй зүйлдээ хэт санаа зовохгүй байх зэрэг энгийн атлаа хэрэгжүүлэхэд амаргүй зөвлөгөөг өгсөн байна.

Зохиолч: Шунмио Масуно
Хэвлэлийн газар: Эрдэмт
Үнэ: 35,000₮
Хуудасны тоо: 212

5. АЗ ЖАРГАЛЫН ДЭГЛЭМ

Аз жаргалтай байхын тулд ямар дэглэм баримтлах ёстой вэ? Америкийн зохиолч Марта Бэк “Аз жаргалын дэглэм” номдоо энэ асуултад хариулахыг оролджээ. Түүний санал болгосон дэглэм хоолоо сойх, дуртай зүйлээсээ татгалзах бус өдөр тутмын амьдралдаа баяр баясгалан авчрах арван дадлыг хэвшүүлэх тухай юм. Юу ч хийлгүй хэсэг суух, бүтээлч зүйл турших, тоглож наадах, бусадтай дотно харилцах зэрэг энгийн үйлдлүүд аз жаргалд хэрхэн нөлөөлдгийг номдоо тайлбарласан байна.

Зохиолч: Марта Бэк
Хэвлэлийн газар: Garuna Publishing
Үнэ: 40,000₮
Хуудасны тоо: 232

6. БИД ОЙРЫН ИРЭЭДҮЙД ХӨГШРӨХӨӨ БОЛИНО

Хүн төрөлхтөн сансар огторгуйд аялж, хиймэл оюун бүтээж чадсан хэр нь хөгшрөлтийг зогсоох аргыг хараахан нээгээгүй л байна. Гэхдээ эрдэмтэд энэ чиглэлд багагүй ахиц гаргаж буй. Японы эсийн биологич Тамоцү Ёшимори энэхүү номдоо хүн яагаад хөгширдөг, эсүүдэд нас ахихын хэрээр ямар өөрчлөлт явагддаг, үүнд нойр, хооллолт, хөдөлгөөн хэрхэн нөлөөлдгийг тайлбарлажээ. Тэр дундаа эсүүд гэмтсэн хэсгээ задалж, дахин боловсруулах аутофаги хэмээх үйл явцыг онцолсон байна. Мэдээж гарчгийг нь хараад үүрд залуу үлдэх нууцыг олчихлоо гэж баярлах хэрэггүй. Харин хөгшрөлтийн шинжлэх ухааны талаар сонирхолтой зүйлс мэдэж авах боломжтой.

Зохиолч: Тамоцү Ёшимори
Хэвлэлийн газар: Монсудар
Үнэ: 24,900₮
Хуудасны тоо: 208

7. ОЛИВЕР ТВИСТ

Өлссөндөө дахиад жаахан хоол хүссэнээсээ болж хэрэгт ордог өнчин хүүгийн тухай сонсож байсан уу? Тэр бол Английн нэрт зохиолч Чарльз Диккенсийн хамгийн алдартай дүрүүдийн нэг Оливер Твист. Асрамжийн газрын хатуу ширүүн амьдралаас зугтсан Оливер хүү Лондон хотод ирснээр түүний адал явдал эхэлнэ. Гэвч тэнд түүнийг хулгайчдын бүлэг, аюултай хүмүүс, төсөөлөөгүй олон сорилт хүлээж байлаа. XIX зууны Английн ядуурал, нийгмийн шударга бус байдлыг харуулсан энэхүү сонгодог зохиолыг МирНом хэвлэлийн газраас хүүхэд багачууддаа зориулан 46 нүүртэй зурагт хувилбараар гаргажээ.

Зохиолч: Чарльз Диккенс
Хэвлэлийн газар: МирНом хэвлэлийн газар
Үнэ: 33,000₮
Хуудасны тоо: 46

8. BeEtle Boy

Цох хорхой хүний хамгийн сайн найз болж чадна гэвэл та итгэх үү? Английн зохиолч М.Г. Леонардын “Beetle Boy” адал явдалт романд 13 настай Даркус хүү учир битүүлгээр алга болсон аавыгаа хайх явцдаа ер бусын ухаалаг цохтой нөхөрлөнө. Гэвч тэдний эрэлд шавж хорхойг ашиглан аймшигтай төлөвлөгөө хэрэгжүүлэхээр зэхэж буй Лукреция Каттер саад болно. Анх 2016 онд хэвлэгдсэн энэхүү бүтээл адал явдал, нууцлаг үйл явдал, шинжлэх ухааны сонирхолтой баримтуудыг хослуулснаараа онцлог. Түүнчлэн 2017 онд Branford Boase Award шагналыг хүртсэн бөгөөд гурван боть цувралын эхний ном юм.

Зохиолч: М.Г. Леонард
Үнэ: 55,000₮
Хуудасны тоо: 336

9. АНИР ГҮМ ДУНДУУР

Яруу найргийн сайхан нь хүн бүр нэг шүлгийг өөр өөрөөр хүлээж авдагт оршдог байх. Нэг хүнд дурсамж санагдуулах мөр нөгөөд нь хайр дурлалын тухай өгүүлж, заримдаа хэдхэн үг бидний өөрсдөө ч нэрлэж чаддаггүй мэдрэмжийг илэрхийлчихдэг шүү дээ. Яруу найрагч Д.Майцэцэгийн “Анир гүм дундуур” түүвэрт ганцаардал, хайр, дурсамж, амьдралын утга учрын тухай зуу гаруй шүлэг багтжээ. “Ганцаардал”, “Хайр”, “Бодол”, “Гэгээн” хэмээх дөрвөн бүлэгтэй уг номыг нэг амьсгаагаар уншаад дуусгахаас илүү хааяа нэг дэлгэж, ганц хоёр шүлэг уншаад бодолдоо автан суухад тохирох мэт.

Зохиолч: Д.Майцэцэг
Үнэ: 25,000₮
Хуудасны тоо: 128

10. Луиса гүнжийн шинэ цайз

Хүүхэд үлгэрийн ертөнцөөр аялахаас гадна өөрөө асуудал шийдэж, шинэ зүйл бүтээж сурвал ямар вэ? “Шидэт ертөнцийн адал явдлууд” цувралын “Луиса гүнжийн шинэ цайз” ном энэ боломжийг бяцхан уншигчдад олгоно. Уг цувралд шидэт гүүр, жигнэмэгийн бороо, амилдаг зураг зэрэг төсөөллийн ертөнцөөр аялахын зэрэгцээ хүүхдүүд дүрүүдтэй хамт шийдэл эрэлхийлж, бүтээлч даалгавар гүйцэтгэх боломжтой. Төсөл бүр гэр бүлээрээ ярилцах асуулт, туршилт, хамтын ажиллагаатай тул хүүхдийн төсөөлөн бодох, асуудал шийдвэрлэх, санаагаа илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэжээ.

Үнэ: 38,000₮
Хуудасны тоо: 60