Анх арван жилийн сурагч байхдаа алдарт Зэв жанжин буюу Зургаадай баатрын намтрыг судлах бие даалтаа хийхээр хавь ойрын ном, товхимол эргүүлж явахад нэгэн эрхмийн нэр гарчиглаж яваа “гол дүр”-тэй эн зэрэгцэх нь холгүй тун чиг олон дурдагдаж, аргагүйн эрхэнд “анхаарал сарниулсан” нь их жанжин Сүбээдэй билээ. Чингис хааны дөрвөн нохос, үнэнч нөхдийн нэг гэж ёс болгон цээжилж аядсан агуу баатрын түүхийг тэгэхэд анх сонирхож, хайлт хийж үзсэн юм.
Ганц ч дайнд ялагдал хүлээж үзээгүй жанждын жанжин гэх алдар сууг нь цохон тэмдэглэх газар мундахгүй ч намтрыг нь өгүүлэх барьцтай товхимол, судалгаа төдийлөн олдоцгүй байсан тул баримжаа аваад өнгөрсөн санагдана. Хожим нь бодоход ч Их Монгол Улсын түүх, сурвалж байтугай баатар жанждын намтарт ч тоймгүй их дурдагддаг, дурдагдахаас ч аргагүй энэ нэрээр гарчигласан бүтээл бодсоноос тун цөөхөн байдаг нь гайхширал төрүүлэм. Харин өнгөрсөн сард энэхүү түүхийг нямбайлан сийрүүлсэн ээлжит нэгэн бүтээл уншигчдын хүртээл болж, бид ч сургийг нь сонсуутаа барьж авав. Ингээд уншигч та будаг нь ханхалсан шинэхэн номын тухай нийтлэлээ дуустал нь саатаарай.

НОМЫН ТУХАЙ
Хөдөлгөөнт байлдааны стратегийн суут ухаантан Сүбээдэй жанжнаар овоглосон эл бүтээл өвгөн баатрын түүхийг өгүүлэхдээ тэртээх талын нүүдэлчид, тэр дундаа алдарт жанжны язгуур болсон талын урианхай аймгийнхны угсаа гарвалаас элдэн хөөсөөр эхэлнэ. Энэхүү эхлэл хэсэг дундад зууны дулаарал (Шниткегийн үе), эртний монгол аймгууд “орондоо орох завгүй” арсалдан тэмцэлдсэн цаг, хожимын өст зүрчидүүдийн түрэмгийллийг ч цөм хамрах аж. Ийнхүү Жарчиудай дарханы хүү Сүбээдэй хөвүүн 13-хан насандаа Хорхонаг Жубурын хөндийд хан Тэмүжинийг бараадсан мөчөөс эхлэн улс Монголын суурийг босголцсон аян дайны түүх үргэлжлэх билээ.

Үүнд Үнэгэн давааны, Калка голын тулалдаанууд болон Хорезмын Улсыг эзэлсэн, Өрнө зүгийн Хивчагийн талыг байлдан дагуулсан томоохон дайнууд, Кавказын нуруунаас Хойд Иракийг хамарсан Зэв, Сүбээдэйн “Аугаа уулгалт” багтана. Эдгээр нь түүний удирдсан 65 гаруй ялалттай шийдвэрлэх тулалдаан, 32 улс орныг байлдан дагуулсан түүхийн хагасыг нь ч өгүүлэхэд “хүрэлцэхгүй” гэдгийг дурдууштай.
Гэсэн ч хуудсандаа багтаж ядах энэ их аян дайныг сийрүүлсэн нь Монголчуудын ялалт, бахархлыг тэмдэглэх гэсэн оролдлого гэхээс илүүтэй өдгөө ч дэлхийн томоохон гүрнүүд судлан хэрэгжүүлдэг байлдааны нарийн стратеги, цэрэг армийн зохион байгуулалтыг морьтон дайчид хэрхэн сэдэж, их гүрнийг цогцлоосон тухай эх сурвалж гэж харвал хамгийн зохилтой. Тухайлбал, Сүбээдэй тэргүүтэй баатрууд урьдын аян дайнаа ажиглан дүгнэснээс улбаалан Найманы дайнаас өмнө Чингис хааны хийж амжсан цэргийн шинэтгэл, дайчин эрсийнхээ дунд тогтоосон мерит зарчим, хүрээний зохион байгуулалтыг халах шийдвэр зэрэг нь хожим Их Монгол Улсын байлдааны хатуу дэг журам, эмх цэгц, улсын хангамж бүхий байнгын цэрэг армийн суурь болсныг номонд дэлгэрүүлжээ. Уг шинэчлэлд цэрэг, армийн зохион байгуулалтаас гадна Монгол түмнийг нэгдсэн удирдлага дор төвхнүүлсэн мянгат, түмтийн засаг захиргааны нэгж ч хамаатай аж.

Түүнчлэн Монголын нууц товчоонд өгүүлсэн “Олноос олон, цөөнөөс цөөн болму зэ” зарчим ёсоор хүний олноор бус ухааны мэргэнээр өрсөлдөгчөө довтлон эзлэх төрөл бүрийн мэх дурдагдсаныг тун сонирхууштай:
Харгана ёрчил ёрчих - Таруу ургадаг харгана мэт цөөн хүнтэй, таруу жагсаалаар давшиж, хэрэгтэй тохиолдолд зуут зуутаараа эгшин зуур цугларан дайсныг бут цохих
Нуур байлд байлдах - Өргөн дэлгэр байр эзлэн, нууранд завь живүүлэх адил тал талаас нь бүслэн хааж, хэсэглэн цохих
Цүүц хатгалдаа - Дайсны байлдааны жагсаалыг цүүцээр хатгах мэт цөмлөн сэтэлж, голд чиглэх хүч хуримтлуулан дайсны хориглолтын шугамыг цөмлөн орох
Бух сэжүүр - Эсрэг талын жагсаал руу бух эврээрээ сэжих мэт хэд хэдэн газраас дайрч, цөм татан гаргах
Нохой хэрэл хэрэх - Дайсан руу цөөн хүчээр довтлон ухарч, нохой адил байнга ээрч, хүчийг тамирдуулах


ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ
Зохиолч, Ё.Отгонбаяр нь түүхийн ухааны доктор, дипломатч бөгөөд “Сүбээдэй” номоос өмнө “Монголын тусгаар тогтнолын товчоон,” “Түүхэн эрхмүүдийн цадиг,” “Монголын гээгдсэн түүх” цуврал бүтээлийг уншигчдын хүртээл болгосон билээ. Тэрээр англи, орос, хинди, франц, урду хэлний мэдлэгтэй ба номын туршид ч уул усны нэр, хаант улсуудын цол хэргэм, жижиг овог аймгийн угсаа гарал, түүхэн зүтгэлтнүүдийн холбоо хамаарал гээд “жижиг сажиг” гэлтгүй бүхий л тайлбарыг голцуу англи, орос, монгол хэлнээ эшлэсэн харагдана. Харин Хинди хэлний тухайд Москвагийн Олон улсын харилцааны сургуульд гүнзгийрүүлсэн судалсан гэнэ.
Арван жилдээ цөмийн физикч болохоор шийдчихсэн явсан ч сургууль хуваарилалтын явцад хэлний авьяасандаа хөтлөгдөн Орос руу дипломатчаар суралцахаар болсон бөгөөд сургуулиа төгсөөд Гадаад яаманд ажилд орсноос хойш 20 гаруй жил төрийн алба хашсан аж. Өдгөө тэрээр “Мэргэн сайд Агданбуугийн Амар Сан”-ийн тэргүүнээр ажиллаж, МОНГОЛЫН ГЭЭГДСЭН ТҮҮХ цуврал контентоор түүхийн олон үйл явдлыг задлан шинжилж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж буйг дээрх холбоосоор зочилж сонирхоорой.
ЯАГААД УНШИХ ВЭ?
Нэг сумаар хоёр туулай
Миний бие номын эхний хэдэн хуудсаас л бодож байснаас хавь өргөн агуулгатай болохыг ойлгож, дуусан дуустал уншсан бүхнээ толгойдоо тогтоож ядан суулаа. “Сүбээдэй баатрын түүх бол тухайн үеийн улс Монголоор зогсохгүй хөрш орнуудын ч түүх юм” гэхэд дэгсдүүлсэн хэрэг болохгүй биз ээ.
Котманы хөндийн тулалдаанд Гүржийн армийг бүхэлд нь буулгаж, Загалмайтны аян дайнаас нь дутаагаад зогсохгүй, Баруун Хивчагийн талаас Унгарын Будапешт хот хүртэл 3'000км, Хар далайгаас Балтын тэнгис хүртэл 1'000 гаруй км өргөн байлдааны театрт 10 гаруй улс үндэстний эсрэг довтолсон их аян дайн нь Сүбээдэй тэргүүтэй морьтон баатруудын туурайн төвөргөөн хэр хол газрыг тэгшилсний нэгээхэн жишээ. Чингис хаан ч Шар тэнгисээс Газар дундын тэнгис хүртэл бүх газар нутгийг байлдан эзлэхэд үнэнч жанжин нь явсан түүний үлдээсэн өв Их Монгол Улсын хэдэн үеийг дамнаж, агуу их түүхийг давхар гэрчилжээ.


Тэнцвэртэй
Зохиолч үйл явдлуудыг цувуулан өгүүлээд л өнгөрөх бус ард нь буй шалтгаан, анзаарагдаагүй өнгөрөх магадлалтай чимхлүүр хэсгүүдийг тогтмол шинжилж, уншигчтайгаа харилцан яриа үүсгэх шиг бичиглэл нь урамтай байлаа. Мөн хоорондоо ихээхэн зөрүүтэй баримт өгүүлцгээх олон эх сурвалжийг нэг дор эшлэн тайлбарласан нь үйл явдлыг олон талаас, тэнцвэртэйгээр харахад тусалж, цаашлаад зөвхөн эл бүтээлээр зогсохгүй хэд хэдэн холбогдох эх сурвалжтай танилцуулсан юм.

ХЭНД САНАЛ БОЛГОХ ВЭ?
Номын бүтэц, цаг хугацааны дараалал тун цэгцтэй, ихэнх үйл явдлуудад харгалзах зураглалуудыг хавсаргасан учир түүхийн гүнзгий мэдлэггүй ч үйл явдал дундаа төөрөлгүй унших, ИМУ-ын оргил үеийн түүхийг анхнаас нь судалж, цэгцтэй мэдлэг олж авах хүсэлтэй хэн бүхэнд туслах эх сурвалж гэж онцлох байна.

УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Агуу жанжны алдар суу, цол хэргэм нь хангалттай “сүрдэм” ч их үйл хэргээ чухам ямар шалтгаанаар, хэрхэн гүйцэлдүүлснийг уншихад нэгэн насандаа хийж бүтээсэн бүхнийг нь толгойдоо багтаан зураглаж, төсөөлөхөд бүр л бэрх санагдаж, итгэж ядсаар номоо дуусгасан. Үүний зэрэгцээ талын морьтон түмний ахуй амьдрал, баатар цэргүүдийн арвин их түүх, ёс дэгтэй чамгүй их танилцав. Уншиж дуусаагүй байхдаа л дахин нэг уншина гэж шийдэхэд хүргэсэн бүтээл байлаа. Өөр ч олон хэлээр орчуулагдаасай гэж хүснэ.



Сэтгэгдэл бичих (1)


С Сүбээдэйгийн дүү 2026.03.14 103.229.123.243
Монголын, дэлхийн түүхэнд хамгийн агуу ялагдашгүйгээр тэмдэглэгдэж ирсэн баатар. Зэв, Зэлмэ гээд бусад нохосыг гавьяа, үнэнч байдал, алдарын хүмүүс бас мэдүүштэй санагддаг юм. Олж уншнаа