Өнгөрсөн оны наймдугаар сарын 29-нд 82 дахь Венецийн кино наадамд нээлтээ хийж, үзэгчдээс найман минутын турш тасралтгүй алга ташилт хүртсэн Өмнөд Солонгосын нэрт найруулагч Пак Чан Үгийн “No Other Choice” киног та үзэж амжсан уу? Уг бүтээл нь кино театруудын дэлгэцнээ гармагцаа олон улсын кино наадмуудаас хэд хэдэн шагнал хүртэж, дэлхийн кино ертөнцийг ёстой л нэг донсолгоод амжсан билээ.
Тэгвэл энэхүү бүтээлийг Америкийн зохиолч Доналд Э.Вестлейкийн “The Ax” буюу “Сүх” романаас сэдэвлэн бүтээжээ. Ингээд монгол хэлнээ орчуулагдаад хэдхэн сарыг үдэж буй тус романыг энэ удаагийн номын тухай буландаа онцолж байна.
ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ
Доналд Э.Вестлейк нь 1933 онд Нью-Йорк хотод төрж өссөн Америкийн нэрт зохиолч билээ. Тэрээр 1950-аад оны сүүлээр уран бүтээлийн гараагаа эхлүүлж, зохиол бичиж эхэлсэн бөгөөд ихэвчлэн гэмт хэрэг, триллер төрлөөр зохиолоо бичдэг байв. Тухайн үедээ Вестлейк өөрийн нэрээр биш Такер Коу, Ричард Старк, Сэмюэл Холт, Кёрт Кларк зэрэг хэд хэдэн нууц нэр ашиглан бүтээлээ гаргадаг байсан юм.

Ийнхүү 1960 онд анх удаагаа өөрийн нэрээр “The Mercenaries” романаа хэвлүүлэв. Уг бүтээл нь нээлтээ хийсэн даруйдаа дэлхий дахиныг шуугиулсан бестселлер болж чадаагүй ч утга зохиол шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, өөрийгөө чадварлаг зохиолч гэдгээ батлан харуулсан чухал бүтээл болсон. Улмаар 1962 онд тэрээр Ричард Старк гэх нууц нэрээрээ “The Hunter” романаа гаргаснаар жинхэнэ утгаараа шуугиан тарьж, гэмт хэргийн зохиолын ертөнцөд тэсрэлт хийсэн билээ. Энэхүү романы гол дүр Паркер хэмээх хатуу сэтгэлтэй, өршөөлгүй гэмт хэрэгтэн байх агаад үзэгчдийн хамгийн дуртай дүрүүдийн нэг болсон юм. Тиймээс Паркерын тухай зохиолууд цувралаар хэвлэгдэн, 1974 он хүртэл нийт 16 роман гаргасан байдаг.
Вестлейк амьдралынхаа туршид нийт 100 гаруй роман, өгүүллэг, кино зохиол туурвисан бөгөөд бүтээлүүдээрээ гурван удаа “Edgar Award” хүртсэн. Түүнчлэн 1993 онд Америкийн Детектив Зохиолчдын Холбооноос (Mystery Writers of America) амьдралынх нь туршид хийсэн бүтээл, оруулсан хувь нэмрийг нь үнэлж утга зохиолын салбарын хамгийн дээд хүндтэй шагнал болох “Grand Master”-ыг гардуулж байв. Тийнхүү 2008 онд 75 насандаа Мексикт өөд болсон юм.
Сонирхуулахад, Доналд Э.Вестлейк нь роман, өгүүллэгээс гадна дэлгэцийн зохиолч байсан ба түүний Мартин Скорсизитэй хамтран бүтээсэн “The Grifters” кино 1991 оны 63 дахь Оскарт нэр дэвшсэн байдаг.
НОМЫН ТУХАЙ

Зохиолч Доналд Э.Вестлейк энэхүү романаа 1997 онд бичиж, хэвлүүлжээ. Тухайн үед Америк болон барууны орнуудад компьютер, шинэ технологи хурдтай хөгжиж, компаниудын ажиллах арга ч өөрчлөгдөж эхэлсэн байна. Тиймээс компаниуд зардлаа багасгахын тулд ажилчдаа үй олноор нь халж эхэлжээ. Эдийн засаг, банк санхүү, үйлдвэр гээд бүхий л салбарт цомхотгол болж, олон жил ажилласан, туршлагатай ажилтнууд ч халагдах болсон гэнэ. Тиймээс зохиолч тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал, ажлаасаа халагдсан хүмүүсийн сэтгэл зүй, санаа зовнилыг энэхүү бүтээлээрээ дамжуулан харуулахыг зорьжээ.

Романы үйл явдлаас цухас дурдвал, 20 гаруй жил цаасны үйлдвэрт үнэнчээр ажилласан Бюрк Девор гэнэт ажлаасаа халагдаж, амьдрал нь орвонгоороо эргэж буйгаар зохиол эхэлнэ. Гэвч тэрээр бууж өгөлгүй, тууштай ажил хайх хэдий ч хүссэн ажилдаа орж чаддаггүй. Ингээд хоёр жилийн турш ажил хайсан ч байдал огтхон ч дээрдсэнгүй. Харин ч эсрэгээрээ гэр бүлийнх нь санхүүгийн байдал хүндэрч, байшингаа зарах дээрээ тулна. Гэвч энэ үед Бюркт мэргэн санаа төрсөн нь өөртэй нь ижил мэргэжилтэй, нэг ажлын төлөө өрсөлдөж буй хүмүүсийг устгаж, өрсөлдөгчгүй болох. Гэвч тогтсон ажилтай болохын тулд хүний амь хөнөөнө гэдэг тийм зөв шийдэл байж чадах болов уу? Номоос нь үргэлжлүүлэн уншаарай.
ЯАГААД УНШИХ ВЭ?
Ажилгүйдэл ба сэтгэл зүй
Хүн амьдралдаа зөвхөн цалин авах гэж ажилладаггүй шүү дээ. Хийж бүтээж байгаа зүйл, эзэмшсэн мэргэжил нь тухайн хүнийг нийгэмд хэн бэ гэдгийг нь тодорхойлж байдаг. Тэгвэл ямар ч буруу зүйл хийгээгүй байж гэнэт ажилгүй болчихвол яах вэ? Тэр дундаа олон жил тогтвортой ажилласан ажлаасаа гэнэт халагдана гэдэг санхүүгийн асуудлаас гадна сэтгэл зүйд ч хүндээр тусдаг. Өр зээл овоорч, үр хүүхэд, гэр орноо алдах вий гэсэн айдас хүнийг өдөр шөнөгүй зовоож, сэтгэл санааг нь асар их стресс, дарамтад оруулна.
Бюркийн хувьд анхнаасаа тийм ч муу хүн байгаагүй. Тэр сайн аав, сайн нөхөр, ажил амьдрал нь тогтвортой, өөрийн гэсэн карьертай нэгэн байв. Гэвч хэдэн сар, жилээр ажилгүй явсаар аажмаар өөртөө итгэх итгэлээ алдан, зөв бурууг ялгахад хүртэл хэцүү болох хэмжээний сэтгэл зүйн хямралд орно. Ингэсээр урьд нь хэзээ ч төсөөлж байгаагүй харгис үйлдлүүдийг хийж эхэлдэг. Ажилгүйдэл хүний амьдрал, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж, ямар өөрчлөлтөд хүргэж болохыг уг бүтээлээс унших боломжтой.


Зөв үү? Буруу юу?
Хүн ер нь хэн нэгний амийг хөнөөнө гэж бодох нь бүү хэл, төсөөлөх ч үгүй. Гэхдээ амьдралд бүх зүйл бидний хүссэнээр байдаггүй. Ажилгүй болох, гэр бүлээ авч явахын төлөө санаа зовох, өр зээл нэмэгдэх зэрэг асуудал нэг дор тулгарахад хүн өөрийн эрхгүй хүнд байдалд ордог. Бюрк ч мөн ийм нөхцөлд орж, улам бүр мухардсаар эцэст нь хүний амь хөнөөх тухай бодож эхэлдэг. Хамгийн сонирхолтой нь тэр өөрийгөө муу хүн гэж боддоггүй. Харин “надад өөр гарц байхгүй”, “би ингэхээс өөр аргагүй” гэж дахин дахин хэлж, хийсэн зүйлээ зөвтгөхийг хичээдэг.
Зохиолыг уншиж байх явцад Бюркийн хийсэн зүйл үнэхээр буруу юу, эсвэл тэр үнэхээр өөр гарцгүй байсан уу гэдэг асуулт дахин дахин төрнө. Нэг талаас түүний үйлдлийг зөвтгөх аргагүй мэт боловч, нөгөө талаас түүнийг ийм шийдвэрт хүргэсэн нөхцөл байдлыг ойлгохыг хичээхэд хүргэнэ.

Цаасны үйлдвэр
Номыг нь уншиж байхад ч тэр, киног нь үзэж байхад ч тэр “Яагаад заавал цаасны үйлдвэрт ажиллах гээд байгаа юм бол, өөр салбарт ажиллаж болохгүй юм байх даа” гэж хэд хэдэн удаа бодогдсон юм. Гэтэл Бюрк “Хүмүүс цаас гэхээр төдийлөн сонирхдоггүй, би өөрөө ч энд тэнд яриад явдаггүй болохоос уг нь ямар сонирхолтой эд гээч. Яаж бүтдэг, юу юунд ашигладаг гээд л ярих сэдэв сая саяар ундардаг юм…” гэж хэлснийг нь уншаад түүнийг бага ч гэсэн ойлгосон.
Тэр энэ салбарт олон жил ажилласан хүн. Хийж ирсэн ажил, хуримтлуулсан туршлага, мэддэг бүх зүйл нь цаасны үйлдвэртэй холбоотой. Тийм болохоор ажлаасаа халагдлаа гээд өөр салбар руу ороод явчих нь Бюркийн хувьд амархан сонголт биш байж. Хэрвээ танд ч гэсэн ийм эргэлзээ төрж байгаа бол романыг нь нэг уншаад үзээрэй.

УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Зохиолоо эхлүүлэхээсээ өмнө би “No Other Choice” киног нь үзсэн юм. Тийм болохоор номыг нь уншихдаа тухайн зохиолын дүр, үйл хөдлөлөөр нь төсөөлөн уншиж байв. Ерөнхий үйл явдал, гол санаа нь ижил боловч найруулга болон зарим нэгэн үйл явдлаараа багагүй ялгаатай байлаа.
Мөн зохиолчийн бичлэгийн арга барил ч их сонирхолтой санагдсан. Хүнд, бараан сэдвийг хэт сүртэй болголгүй, зарим хэсэгт нь егөөдөл, хошигнол оруулсан нь зохиолыг илүү уншууртай болгожээ.
Номоо уншаад дуусах үед хамгийн их бодогдсон зүйл нь “Энд үнэхээр хэн нь буруутай вэ?” гэсэн асуулт байлаа. Гэр бүлээ авч үлдэхийн тулд хүний амь хөнөөх Бюрк үү? Эсвэл ашгийн төлөө олон хүнийг ажлаас нь халж буй компаниуд уу? Уншигч таны хувьд аль нь зөв бэ? Сэтгэгдлээ үлдээгээрэй.


Сэтгэгдэл бичих

