Шинэхэн нийтлэлдээ бид 2019 онд монгол хэлнээ орчуулагдан гарсан Орос-Америкийн зохиолч, философич, улс төрийн сэтгэгч Айн Рэндийн “Өөрийгөө бодох нь ариун үйлс” номыг танилцуулж байна. Энэхүү номыг сонгосон шалтгаан нь урин дулаан цаг ирсэн энэ үед уншигч та бүхнийг “философидох” цаг өөрсдөдөө гаргаасай гэсэндээ юм. Уг бүтээлийн нэрийг хараад шууд утгаар нь ойлгож, дүгнэлт хийхээ азнан энэхүү нийтлэлийг анхааралтай уншихыг хүсэж байна.
Энэ бол зөв бурууг заах ном бус, харин уншигчийг өөрийнхөөрөө сэтгэх, өөрийгөө ойлгох, эргэцүүлэхэд уриалсан хүчтэй бүтээл билээ. Ингээд олон таван үггүй уг номын талаар тодруулан авч үзье.
НОМЫН ТУХАЙ
Анх 1964 онд хэвлэгдсэн энэхүү ном нь философич Айн Рэнд болон сэтгэл судлаач Натаниэл Брандены бичсэн нийтлэлүүдээс бүрдэх эмхэтгэл юм. Тэд эдгээр нийтлэлдээ дийлэнх хүний сөргөөр хүлээн авдаг “Өөрийгөө бодох, хувиа бодох” хэмээх ойлголтыг дахин тодорхойлохыг зорьсон төдийгүй Айн Рэндийн алдарт “Объективизм” философийг олон талаас нь тайлбарлахыг хичээжээ.
Айн Рэндийн хувьд объективизмийн дагуу объективист хүн байх нь хүсэл шуналдаа автан, өөрийн ашиг сонирхлын төлөө бусдыг хохироон байж хувиа бодох тухай бус, харин оюун ухаандаа үндэслэсэн өөрийн үнэт зүйлсийг даган амьдрах, аз жаргал, амьдралынхаа төлөө хариуцлага хүлээх тухай хэмээжээ.
Монгол хэлнээ 2019 онд Нэпко хэвлэлийн газраас орчуулан гаргасан ба уг ном нь нийт 181 нүүртэй.
ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ
1905 онд ОХУ-ын Санкт-Петербургт төрсөн түүний жинхэнэ нэрийг Алиса Зиновьевна Розенбаум гэнэ. Орос-Америкийн зохиолч, философич, улс төрийн сэтгэгч байсан түүний хувьд Оросын хувьсгалын үед өсөж торнин, хамтын үзэл, дарангуйллын хор уршгийг биеэр туулжээ. Тиймдээ ч хувь хүний эрх чөлөөг хамгаалах нь түүний итгэл үнэмшилд гүнзгий нөлөө үзүүлсэн аж.
21 насандаа буюу 1926 онд тэрээр АНУ-д цагаачлан очсон ба тэр цагаас зохиол туурвин бичих ажлаа эхлүүлж, кино зохиол болон романуудаар уран бүтээлийн сангаа арвижуулав. 1943 онд хэвлэгдсэн “Эх булаг”, 1957 онд хэвлэгдсэн “Атлантын нуруу тэнийв” зохиолуудаараа тэр дэлхий даяар алдаршсан ба амьд ахуй цагтаа уран зохиолын роман, эсээ, философийн олон бүтээл туурвижээ.
Айн Рэнд нь "Объективизм" хэмээх философийг үндэслэсэн бөгөөд үүгээрээ хувь хүний эрх чөлөөг дэмжигчид, либертари үзэлтнүүдийн дунд алдаршсан юм. Хэдийгээр түүний бүтээлүүд санал зөрөлдөөн дагуулдаг ч ХХ зууны улс төр, философийн сэтгэлгээнд үзүүлсэн нөлөө нь даацтай билээ.
ЯАГААД УНШИХ ВЭ?
Хэрвээ танд ёс зүй гэдэг нь бусдын төлөө өөрийгөө золиослохыг хэлнэ гэж зааж ирсэн бол, магадгүй та ч бас үүнтэй санал нийлдэг бол Айн Рэнд үүнийг үгүйсгэх болно. Тиймээс энэ номыг унших ёстой шалтгаануудыг учирлахаас өмнө ёс зүй гэдэг таны хувьд юу вэ гэдгийг асууя. Үүнээс улбаалан та объективист уу аль эсвэл альтруист хүн үү гэдгээ бодоод үзээрэй. Энэ хоёрын ялгааг ойлгуулах үүднээс номын хэсгээс дурдвал,
Хүн альтруизмыг хүлээн зөвшөөрвөл дараах байдалд хүрнэ.
1. Өөртөө итгэхээ болино. Өөрийгөө үнэ цэнтэй гэж үзэхийн оронд яаж бусдын төлөө золиослох вэ гэж боддог болно.
2. Бусдыг үнэлж, хүндлэхээ болино. Хүмүүсийг бусдын тусламж гуйн уйлж хайлж суудаг мал сүрэг шиг бодно.
3. Амьдралыг хар бараанаар, хүмүүсийг аймшигт муухай ертөнцөд гарах гарцгүй байгаа мэтээр санана.
4. Хэвийн амьдралд тулгарахгүй нөхцөл байдлуудад тааруулж амьдрах тул нэг ёсондоо ямар ч зарчимгүй амьдрах болно.
Товчхондоо, альтруизм нь бусдын төлөө хийсэн бүх зүйл сайн, харин өөрийнхөө төлөө хийсэн бүх зүйл буруу гэж номлодог. Аливаа үйлдлийн хүртэгч нь өөрөө биш, өөр хүн л байвал болоо, өөр хэн байх нь хамаагүй гэж үздэг хэмээжээ.
Харин одоо “Өөрийгөө бодох нь ариун үйлс” номыг унших гурван шалтгааныг хуваалцъя.
Нэгт, та өөрийгөө ямар хүн бэ гэдгийг нээн, цаашдын амьдралынхаа гол зорилгыг олж магадгүй. Аливаа асуудалд рационал болон логик байдлаар ханддаг объективист уу эсвэл альтруист уу гэдгээ танина гэсэн үг. Нэг ёсондоо Айн Рэндийн үзэлтэй санал нийлэхгүй байсан ч яагаад эсэргүүцэж байгаагаа тодорхой ойлгоход энэ ном тусалж магад. Үнэт зүйлсээ хамгаалах хамгийн сайн арга бол тэдгээрийнхээ учрыг ойлгох билээ.
Хоёрдугаарт, философийн бүтээл учраас танд бодож тунгаах хангалттай цаг өгөх болно. Бас л санал нийлсэн ч бай, үгүй ч бай Айн Рэнд танаас нийтлэлүүдийнхээ хүрээнд ёс зүй, үнэт зүйл тань юу болохыг байнга асуухын сацуу сайтар ухан бодвоос энэ хоёрын уялдаа холбоо болон өөрчлөгдөшгүй байдлыг анзаарах биз ээ.
Гуравдугаарт, аль ч цаг үед уншсан ашиг тусаа өгөх бүтээл. Номд багтсан эсээнүүд нь ёс зүй, улс төр, сэтгэл судлал, эдийн засгийн тухай өргөн хүрээнд бичигдсэн бөгөөд тууштай үзэл санаанд суурилсан. Теорем төдий бус, практикт хэрэгжүүлэх тухай санаануудыг ч давхар өгдөг учраас амьдралдаа авч хэрэгжүүлэхэд асуудалгүй санагдсан. Мөн өнөө цагийн улс төрийн туйлшрал, эдийн засгийн тодорхойгүй байдал дунд хувь хүний хариуцлага болон эрхийн тухай Айн Рэндийн онцолсон философи урьд өмнөхөөс илүү хамаатай мэт санагдах буй заа.
УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Хувь хүний бодолтой маань холбоотой хэсэг учраас анх яагаад энэ номыг унших болсон шалтгаанаа дурдах нь зүйтэй. Бид бүгдэд “эморох” цаг гардаг ч түүнийг үр дүнтэй ашиглах буюу “философидох” цаг нь ховор. Харин миний хувьд төрсөн өдөр маань дөхөж, нас нэмж буйтай холбогдуулан эморч эхэлсэн тэр үедээ уг номыг унших сонголт хийсэн билээ. Мэдээж нүд нээсэн бүтээл байв. Өөрийгөө хэн бэ, ямар үнэт зүйл, ёс зүйтэй вэ гэдгээ дахин бодоход хүрч, альтруист байдлаасаа ангижирч яваагаа танин мэдсэн туршлага боллоо.
Айн Рэндийн бичлэгийн хэв маяг тун онцгой. Аргадаж ойлгуулсан өнгө аясаар бус өөрийн үзэл бодолдоо хатуу байр суурьтай, хурц мэдрэмж төрүүлэхүйц бичдэг. Заримдаа хэлэх гэсэн санаагаа хэт нуршаад байгаа мэт санагдах ч суурин дээр нь уншиж дуусгах бүтээл юм. Хамгийн гол нь олон талт жишээгээр баяжуулан тайлбарлах нь харьцуулах, үнэлж дүгнэхэд дөхөм байлаа.
Эцэст нь хэлэхэд “Өөрийгөө бодох нь ариун үйлс” ном бол хүн өөрийн аз жаргалыг эрэлхийлж, үнэт зүйлээ нэн тэргүүнд тавьж байгаадаа хэнээс ч, хэзээ ч уучлалт гуйх ёсгүй гэсэн уриалга юм. Нэгхэн нийтлэлд багтаан хувиа бодох нь та бидний ойлгож ирсэн шиг “амиа бодох” тухай биш гэдгийг тайлбарлах бэрх тул цаг гарган энэхүү бүтээлийг уншаад үзээрэй гэж хүсье. Санал нийлэх ч бай, үгүй ч бай танд өөр харах өнцөг өгөх нь гарцаагүй.
s shaking my head 2025.05.05 202.131.248.198
dumb ass bitches still stuck in in the 80s neolib mindset. young people still reading ayn rand and "getting something" is bleak