Уг бичвэрийг бидэнд "Ritm" хэвлэлийн газрын Ерөнхий редактор Н.Өнөржаргал сийрүүлэн илгээв.
Unread
Хэдэн жилийн өмнө Годдардын сансрын нисгэгчдийн төвийн астрономич Мишель Таллерын нийтлэлийг орчуулж байхдаа “Орчлон ертөнц бол эхлэлээсээ төгсгөл хүртлээ нэгэн зэрэг өрнөдөг түүх... Аливаа түүх бол агуулагдаж буй баримт, үйл явдлуудаасаа утга учрыг бий болгон, нэг цэгээс нөгөө рүү шилжин хөгжих үйл явц юм. Дуртай номынхоо ямар ч хамаагүй хуудсыг нээгээд, хамгийн түрүүнд таарсан өгүүлбэрийг уншаарай. Та тэр даруй тухайн түүхийг бүхэлд нь мэдэх боломжтой болно… Аливаа оршихуй өөрийнхөө ганцхан эд эсэнд л бүхлээрээ багтаж байдаг…” гэснийг уншиж орчуулчхаад чухам их бодолд дарагдан сууж билээ.
Түүнээс хойш ямар ч номыг эхнээс нь уншихаасаа урьтаад дурын нэг хуудсыг нь нээж уншчихаад эхлүүлдэг зуршилтай болсон юм. “Тогоруут агуй” номыг ч мөн анх барьж аваад, дурын хуудсыг нь нээж, нүдэнд хамгийн түрүүнд торсон цогцолборыг уншчихаад, эхний хуудас руу шилжив.
Зарим уншигчдын хувьд уг ном “Даяанчийг маргааш дүүжлэхээр болов” гэж эхлэх бол, миний хувьд “Үүл маргааш өглөө нь давхиж явлаа. Хүн гэдэг хаашаа явахаа огт мэдэхгүй үедээ хамгийн хурдан явдаг мэт ээ” хэмээн эхэлсэн юм. Шуурхай, түргэн амьдралын хэмнэлд хэн бүхэн урсгалыг дагаж ч нэг, залхаж халширч ч нэг үзэж тардаг өнөө үед ном эхлүүлээд амсхийж суухад хамгийн таатай үг шиг санагдсан сан. Харин “Тогоруут агуй”-г үргэлжлүүлэн унших явцад Мишель Таллерын хэлсэн шиг цогцолбор бүрдээ бүхлээрээ багтаж чадсан ном байв.

НОМЫН ТУХАЙ
Номын үйл явдал нь хоёр зууны өмнө Монгол орноор хэрэн хэсүүчилж асан даяанч залуу, орчин цагийн Улаанбаатарт амьдрах Далай лам шиг харагддаг залуу хоёрын амьдрал, учрал, адал явдал, мөн бодрол бясалгалыг өртөөчлөн үргэлжлэх ажээ. Залуу хүмүүсийн хайр дурлал, чин үнэн сониуч зан (одоо цагт хэрэгт дурлах төдийхнийг сониуч зантай андуурах нь ихэссэн тул ийм чин үнэнээсээ сониуч дүрүүдтэй танилцаад ихэд олзуурхсан билээ), бодол эргэцүүлэл, танин мэдэх, мөн танин мэдрэхийн сайхныг тэдний эсрэгцэл болоод давхцалаас уншигч бид ав адил мэдэрч болмоор өрнүүн атлаа намуун үйл явдалтай ном аж.
ЯАГААД УНШИХ ВЭ?
Зохиогч нь нэр ч оноогоогүй эдгээр дүрийг би дур мэдэн тайлбарлах нь илүүц санагдана. Угаас надад дүрүүдийн аж байдал, дүр төрхөөс илүү утга учир, мөн чанарыг өөрийнхөөрөө танин мэдэх үйл явц, бодрол бясалгал нь л гойд сонин байв. Учир нь зохиогч үйл явдал, түүхээ яг л үлгэр хэлж буй мэт бичсэнд оршино.
Үлгэрт Үнсгэлжин, Цасангуа хоёрын дүр төрхийг хооронд нь сольсон ч хамаагүй, хорон санаатнаас мултарч, амар сайхандаа жаргах болов уу гэсэн догдлол, хүлээлт, гайхширал нь л илүү чухал байдаг шүү дээ. Зохиогч бидний алдаг оног сонссон, мэддэг юм шиг хэр нь эс мэдэх түүхэн цаг хугацааг, мөн орчин үеийн Улаанбаатарыг ч үлгэрлэг, сюрреалист хэв шинжтэй бичсэн нь сонирхолтой байв. Ялангуяа аль хэдийнэ үхсэн байх ёстой сохор эмгэн дэргэд нь эсвэл зүүдэнд нь үзэгдээд сэрэхэд хэн нэгэн үнэхээр л гал асаачихсан байдаг хэсэгт яг л Херман Хэссэгийн “Август” өгүүллэгийг шимтэн уншиж байсан үе санаанд буусан нь энэхүү номоос төрсөн үлгэрлэг мэдрэмжүүдийн оргил нь байлаа. Энэ мэтчилэн бодит үйл явдал, ухамсрын урсгалын заагийг бүдгэрүүлсэн хэсгүүдээс гадна хууч домог, шашин номын тухай амаас ам дамжин сонстож ирсэн ахмадуудын яриатай төстэй үйл явдлуудыг илүү сонирхолтой, сюрреалист уран зохиолын хэв маягт оруулан бичсэн байв.

Магад, хүн хар гөрөөс, лус савдаг, чөтгөр шулам, шашин номын ид шид, эсвэл санаанд ч багтамгүй амь тэмцсэн түүх зэргийн тухай ахмадуудын жинхэнэ мэт хачирлан ярьдаг хууч домгийг шимтэн сонссон сүүлийн үе нь бидний үе болов уу. Тэр ч утгаараа их үнэ цэнтэй санагдсан юм. Үлгэрийг сонсох, унших биш, өөрсдөө зохиох эрх чөлөө ч бидэнд бий шүү дээ гэх бодол байн байн төрж байлаа. “Тогоруут агуй” номын орчин үеийн хэсэгт гардаг шиг “төмсдөх”, тоормосгүй дугуй унах, ундааны хоосон сав өшиглөж хөлбөмбөг тоглож байна гэж төсөөлөхийн тухай бид ч бас часхийсэн үлгэртэй болж болох юм гэсэн тэнэгдүүхэн бодол ч төрснийг нуумааргүй байна. Учир нь жаахан хачиртай ч хамаагүй, өвөө эмээгийн яриа л бидний хамгийн гэнэн цагаан сониуч занг өдөөж, тэдний түүхийг сонирхож судлах эхлэлийг тавьж өгсөн байдаг шүү дээ. Харин бидний үеийнхний өөрсдийн түүхийг хэрхэн, яаж үлдээх вэ гэдэг шийдлийн нэг хэсэг нь уг ном ч байж болох юм.
УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Мөн номын үлгэрлэг, ид шидийн шинжээс наашлаад, илүү бодит мэдрэмж, ойлголтын тухайд ярья. “Тогоруут агуй” номоос хамгийн тод мэдрэгдэх зүйл нь залуу хүний чин сэтгэл байв.
Нэгт, дүрүүдийн чин сэтгэл. Зарим үед эдгээр дүрүүд хэтэрхий сайн, бүр ариун хүмүүс шиг санагдаж байлаа. Аливаа дүр сул талтай, түүгээрээ уншигчидтайгаа холбоо тогтоож чадаж байвал сайн. Тэр сул талыг нь шовхдож гаргаж ирэх өөр олон дүрүүд ч хэрэг болдог. Надад дүрүүдийн хоорондох динамикийг илүү гүнзгийрүүлсэн бол… гэдэг бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Гэхдээ хамгийн чухал нь, номын бүх дүрүүдийн дурсамж, мэдрэмж, эргэлзээ тээнэгэлзэл, эргэцүүлэл бүхнийг ойлгож болмоор, дурын монгол хүний амьдрал, сэтгэхүйд ойр байж чадсан нь юм. Энэ бол орчин үеийн монгол зохиолын гүйцэтгэх ёстой хамгийн чухал үүрэг болов уу. Хоёр зууны тэртээ өрнөж буй үйл явдал нь бидний “жинхэнэ монгол” хэмээн явцууран нэрлэдэг ахуй, зан араншинг илүүтэй харуулах бол, орчин үеийн үйл явдал нь бид хэрхэн өөрчлөгдөж, өөрөөр гуниглаж, өөрөөр баясаж, өөрөөр гайхширдаг болсныг гэрчилж харуулсан байв.
Харин эцэст нь, уншигч тодорхой давхцал, харьцуулалтыг хийсний үндсэнд энэ бүхэн нийлээд нэг л бүхэл түүх бөгөөд дээд үеэ түүх домог болгон холоос харах бус, дээд үеэ өөрсдөөсөө хайх ёстойг, тэдний хэсэг түүхэнд гэхээсээ бидэн дотор бат сууж суурьшсан байдгийг мэдэрч болохоор байлаа. Чухам үүнийг хэлэхийн тулд бичвэрээ “Орчлон ертөнц бол эхлэлээсээ төгсгөл хүртлээ нэгэн зэрэг өрнөдөг түүх” гэж эхлүүлсэн билээ.
Хоёрт, залуу зохиолчийн чин сэтгэл. Хоёр өөр цаг үеийг бичихдээ зохиолчийн бичлэгийн хэв маяг огт хүчлэлгүй, аясаараа өөрчлөгдсөнд ихэд олзуурхав. Зөвхөн өөрийн мэдрэмжид суурилах бус, үлгэр домог, түүхийг сонсож, уншиж судалж, үлгэрийг бас зохиож, түүхийг гэрчлэн үлдээж, цаг цагийн залуу хүн бүрд л байх мэдрэмж, бодрол, үйл явдлуудыг хөндсөн зохиолчийн чин сэтгэлийг бахдаж уншлаа.


Сэтгэгдэл бичих

