“Хуртай ч хугацаандаа” гэсэн монгол хүн
“Андгай буй за” хэмээсэн монгол үг
Эдгээрийн мөн чанарыг бидний ахуй, уламжлал, ёс заншилтай холбон туурвисан, Ц.Гончигийн анхны роман болох “Тойром”-ыг энэ удаагийн номын буландаа онцолж байна. Тойром гэхээр зарим уншигч зөвхөн шагайн харваан тухай гэж ойлгох байх. Гэхдээ зохиолд зөвхөн шагайн харваа биш түүнийг тойрон үргэлжлэх хүмүүний амьдралын олон үйл явдлыг багтаажээ.
Зохиолч “Шагайн харвааг хүн спорт, уламжлалт наадгай, сонирхол гэх мэт олон талаас нь харж болно. Харин би урлаг талаас нь хараад түүнийгээ хүмүүст хүргэх нь зүй гэж санан бичсэн” гэжээ. Ийнхүү зохиолчийн шагайн харвааг хэрхэн урлаг гэж харан тэр дундаа уран зохиолын үргэлжилсэн хэлбэрээр уншигчдад хүргэхээр бэлтгэсэн болохыг уншигч та ч мөн сонирхож үзээрэй.
Зохиолчийн тухай
Ц.Гончиг нь 1986 онд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрж, МУИС-ийг нийгмийн ухааны чиглэлээр 2008 онд төгссөн яруу найрагч, зохиолч билээ. Хүүрнэл зохиолын “Цул мөнгөн гүүр”, яруу найргийн “Цэцгийн нэртэй сууринд” болон “Дээврээс дуслах хавар” гэх бүтээлүүдтэй. Түүний “Цул мөнгөн гүүр” хэмээх үргэлжилсэн үгийн зохиол нь 2023 онд Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Алтан Өд” наадамд баримтат бүтээлийн төрөлд тэргүүн байранд шалгарч байв.
Номын тухай
Эл роман нь Хангинахуйн шугуйгаас эхлэн шагайчдаараа алдартай тойрмуудаар нэрлэсэн долоон бүлэгтэй. Гаадан хэмээх залуугийн анд нөхөд, гэр бүл, дурлалт бүсгүй болоод тэдний амьдралын учран нийлэх хувь, хагацан салах жамыг хэлхэн бичжээ.
Эхлэл нь говийн өндөр өвгөн хэмээх залуудаа харваач явсан хараагүй өндөр настан Гааданы мэргэнийг зөвхөн хасаан чимээ, уухайн дуугаар нь танин уулзана. Ийнхүү багшийнхаа ганц өөрт нь ярьсан гэх домгийг уламжлан нэгэн хасааг гарт нь атгуулах бөгөөд Гаадан хасаагаа сахиус болгон зүүж явах болдог.
Гаадан олон удаагийн харваанд цэцээ үзэж манлайлах хэдий ч өнөөх хасаагаар харваж түвдэхгүй явсаар гагц Богд эзний шагнал амласан харвааны үед л анх гарган харвахаар шийдэж буй. Энэ нь сэтгэлт бүсгүйгээ гэргийгээ болгох хүслээ Богд эзэнд өргөхөөр зорьж байгаагийнх.
Түүнчлэн Богдын ордны бүсгүйчүүд нөхөрт гардаггүй ёсыг зөрчиж үл чадах хүн зөвхөн энэ хоёр ч биш бөгөөд бие биедээ сэтгэлтэй ч ханилж чадахгүй аварга Намхай, Думаа нар ч мөн тэдний адил. Халхын аварга бөх Намхай дурлалт бүсгүйдээ Гааданаар дамжуулан сэтгэлээ илчилж буй “Энэ жил түрүү бөхийн идээ амсуулъя” хэмээх үгээс эхлүүлэн монгол эр хүний эр зориг, бяр чадлаа мэддэгийг харуулсан үг, үйлдэл зохиолд гарна.
Яагаад унших вэ?
Зохиолчийн “Цул мөнгөн гүүр” хүүрнэл зохиолд бага насны дурсамж, тэмдэглэл нь бичигдсэн байдаг. Тэгвэл түүний анхны роман түүхэн цаг үе, тэр дундаа шагай харвааг сонгон авсан нь онцлууштай. Учир нь шагайн харвааг сонгон туурвисан хүүрнэл зохиол ховор гэж санана.
Үг сонголт: Дүрүүдийн харилцан ярианы үг болоод үйлдэл бүрийг шагайн харваатай адилтгаж, зүйрлэн бичсэн нь зохиолыг уншихад монгол хэлний үгийн сангийн арвиныг бишрэн унших буй. Тухайлбал, …самгардаж бутран үсрэх хясаа шиг болсон анхаарлаа хянаж дийлэлгүй газар шагайлаа…, таны үгийг дамжуулж хэлсэн гэхэд аварга тавьсан сум нь анх удаа хясаа онож буй хүүхэд шиг баясан мишээж бантахдаа хүзүү сээрээ нужигнуулан дуугаргаж…
Зохилоос авч болох санаа: Бид ямар нэг үйлийг хийх нь бодолдоо эхлээд түүнийг бүтээн босгох. Таны үйлдэхийг хүссэн зүйл төсөөлөлд тань боловсроод та өөрөө ханалаа гэж үзсэн цагтаа хийх хэрэгтэй гэсэн санааг “Сум тавихаасаа урьдаар бодол оюундаа оночихсон байдаг юм” хэмээжээ. Мөн зохиолын төгсгөлд Гаадан өөрийн үзэл бодлоо “Хоосон гэдэг чухамдаа юу ч байхгүй гэсэн үг биш. Аливаа бүхэн өөрчлөгддөг. Тогтсон нэг мөн чанаргүй. Иймийн учир одоо байгаа нөхцөл байдлыг өөр талаас нь харах сэдлийг ноёд, хүрээнийхэнд өгье гэж хэлдэг нь Гаадан сонссон, дуулсанаа бусдадаа ч мөн хүргэж түүнээ үйл болгохыг зорьж буй үйлдэл. Энэ мэтчилэн хүн өөрийн чадах хэмжээгээ хангалттай сайн мэддэг болохыг аварга Намхайн үгнээс, Гааданы сэтгэлт бүсгүйн гаргасан шийдвэрээс мөн төгсгөлд буй Дандар аграмбын хоосны тухай яриа зэргээс харж болно.
Уншигчийн сэтгэгдэл
Миний мэдэх шагай наадгай болох няслах, шүүрэх, морь уралдуулах зэргээс жаахан алс санагдсан ч зохиол мөн чанартаа шагайн харваа гэхээс илүү бидний мэдэх ёстой үг, мэдэх ёстой уламжлалыг сэргээн сануулсан санагдлаа. Дээр дурдсанчлан зохиолчийн хэл бол үнэхээр яруу. Дүрийнхээ үйлдлийг шагайн харвааны үйлүүдээр зүйрлэсэн “самгардаж бутран үсрэх хясаа шиг болсон анхаарлаа хянаж дийлэлгүй газар шагайлаа”, “Таны үгийг дамжуулж хэлсэн гэхэд аварга тавьсан сум нь анх удаа хясаа онож буй хүүхэд шиг баясан мишээж бантахдаа хүзүү сээрээ нужигнуулан дуугаргаж” гэх мэтчилэн олон утга төгөлдөр үгс, хэллэгийг та ч гэсэн бахдан унших болтугай.