Монгол хүн бүр жилдээ хоёр удаа үндэснийхээ өв соёл, ёс уламжлалаараа бахархаж өнгөрдөг. Тэрхүү жилийн хоёр онцгой үеийн нэг нь монголчууд бидний уламжлалт Цагаан сарын баяр байдаг бол нөгөө нь Наадам билээ. Эдгээр баярын өдрүүдийг хүн бүр “монгол хүн” гэдгээрээ бахархан өнгөрөөдөг ч орчин үеийн, XXI зууны монгол хүн гэж хэнийг, ямар хүнийг хэлэх вэ гэдэг тайлагдашгүй асуулт. Орчин үеийн монгол хүн байхын тулд бид юуг мэдэх ёстой бол? Жилдээ хоёр удаа дээлээ өмсөх нь биднийг монгол хүн гэж тодорхойлоход хангалттай юу?
Өнөөгийн бид дэлхий дахинд уншиж буй бүхий л ном зохиол, хүн төрөлхтний түүхэнд төрсөн агуу бүтээлүүдийг хоцролгүй унших болсон. Харин яг өнөө цаг үед монгол хүнд хэрэг болох, Монголын өв соёл, түүх, монгол сэтгэлгээ, гүн ухааны тухай өөр шинэ өнцгөөс өгүүлэх ном хэр их байгаа вэ?
Номын тухай Цагаан сарын баярын нийтлэлээрээ бид чухам дээрх асуултад хариу болох 10 номыг хүргэхээр бэлтгэлээ.
1. Философийн суулгацууд
Номын төрөл: Философи
Зохиолч: Д.Урианхай
Эрхлэн гаргасан: Нэпко хэвлэлийн газар
Нүүрний тоо: 370
Монгол хүний философи гэж юуг хэлэх вэ? Манай түүхэнд И.Кант, Р.Декарт, Ж.П.Сартр, М.Хайдеггер, Ф.Ницше зэрэг дэлхийд нэр хүндтэй сэтгэгч нар төрж, бүтээж туурвиагүй байж болно. Гэхдээ энэ нь монгол хүн угаас философид авьяасгүй “ухаан муутай” гэсэн үг байж таарахгүй. Сүүлийн үед залуучууд бидний дунд манайд философи гэж байхгүй, монгол хүний сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл бүгд хийсвэр, бат нот, барин тавин батлах, үзүүлэх зүйл байхгүй гэх хандлага газар авах болсон. Харин энэ үнэхээр тийм гэж үү?
Нүүдэлчид бидний нэгэн онцлог чанар нь өөрсдийн зүйлсдээ тун шүүмжлэлтэй ханддаг, бусдын сайн сайхныг бушуу түргэн бүтээх эрмэлзэлтэй, мөн хамгийн чухал нь нэн түргэн үр дүн хүлээх хандлагатай байдаг. Дээрх шүүмжлэл, үгүйсгэл цөм энэ л онцлогтой их бага хэмжээгээр холбоотой болов уу. Өнөө цагт улс үндэстэн бүр өөрсдийн уламжлалт сэтгэлгээ, гүн ухаан, философиор бахархах, тэдгээрээ дэлхий нийттэй хуваалцах болоод буй. Японы Зэн, Икигай, Хятадын Дао гээд дорнын улс орнуудын сэтгэлгээ, уламжлалт философи “моод”-нд орох болсон энэ үед монголчууд бид л гэрийн даалгавраа хийгээгүй ганцаараа ирсэн хүүхэд шиг бахархах нэр томьёогүй сууж буй мэт. Эсвэл бид л өөрсдийнхөө авдарт юу буйг мэдэхгүй байгаа юм болов уу?
Д.Урианхай гуайн “Философийн суулгацууд” бүтээл магадгүй олон янзын афоризмын түүвэр мэт санагдаж болно. Гэхдээ дахин гүн рүү нь малтваас магад эрээд эрээд олохгүй л яваа эсвэл өөрөөсөө тас нуучхаад мэдэхгүй байгаа зүйлээ сая олж харж магадгүй.
2. Хүнийсэл
Номын төрөл: Социологийн шинжлэх ухаан
Зохиолч: А.Хишигтөгс
Эрхлэн гаргасан:
Нүүрний тоо: 500
Хүн бол нийгмийн амьтан гэдэг үгийг та хаа нэгтээ сонссон л байх учиртай. Харин “монгол хүн” Ангараг гарагаас ирээгүй л хойно бүх хүн төрөлхтний нэгэн адил нийгмийн амьтан болж таарна. Тиймээс бид амьдарч буй “нийгэм”-ээ мэдэх зайлшгүй шаардлагатай. Тоглогч тоглож эхлэхээсээ өмнө заавал тоглоомын дүрмээ ойлгосон байх ёстой гэдэгтэй агаар нэг. Ерөөс бид хүн төрөлхтний нэгэн хэсэг гэдгээ мэдэрч, хөл нийлүүлэн алхахыг хүсвээс зарим тохиолдолд “монгол” гэдэг тодотголоо арай өөр өнцгөөс харах шаардлагатай нүүр тулахаас өөр замгүй. Харин яаж?
Нэгэн жишээ татахад уг номын үүтгэл ухагдахуун болох “Alienation” хэмээх үг Монголын нийгэмд тогтож хэрэглэгддэггүй нь дээрх яг “харин яаж?” гэх асуултад бидний таг дуугүй сууж буйн хариулт мэт. Харин энэ хүндхэн асуултын хариуг магадгүй та “Хүнийсэл” номоос олох биз ээ.
3. Нухацтай сэтгэлгээ
Номын төрөл: Сурах бичиг
Зохиолч: С.Өнөр, Б.Болдмаа
Эрхлэн гаргасан: Чөлөөт бичээчид ТББ
Нүүрний тоо:
“Цагаан сарын шинийн нэгний өглөө мөр гаргах нь Хятадаас гаралтай ёс”. Энэ өгүүлбэртэй та цахим ертөнцийн хаа нэгтээ таарвал яах вэ? Юу гэж бодох вэ? Итгэх үгүйгээ хэрхэн шийдэх вэ? Магадгүй тухайн мэдээ, нийтлэлийн холбоосоор орж харлаа гэж бодъё. Гэтэл үнэхээр “царайлаг” визуалтай сайт байх бөгөөд нийтлэлийг нь уншаад үзвэл огт өмнө нь сонсож байгаагүй эсвэл хаа нэгтээ сонссон ч юм шиг шинжлэх ухааны хүрээлэн, их сургууль, эрдэмтдийн судалгааны нэрсийг битүү дурдсан байв. Одоо харин та энэ мэдээнд итгэх үү?
АНУ-д явуулсан судалгаагаар хүмүүс аливаа мэдээ, мэдээлэлд итгэх үгүйгээ шийдэхдээ тухайн мэдээний сайтын өнгө үзэмжид онцгой, бүр нэн онцгой анхаарал хандуулдгийг баталжээ. Үүнд тус улсын нэр хүндтэй топ их сургуулиудын оюутнаас эхлээд багш, профессорууд хүртэл багтсан байна. Яагаад?
Өнөө үеийн бидэнд хамгийн их дутагдаж буй сэтгэлгээний нэг бол яахын аргагүй нухацтай сэтгэлгээ юм. Нийгмийн сүлжээнд цаг, минут тутам орж буй худал мэдээ, мэдээлэл, сенсац, нийгмийн анхаарлыг өөр зүйлд хандуулах гэсэн медиагийн арга хэрэгсэл бүрээс саруул монгол хүн та хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?
Могой жилдээ унших номын төлөвлөгөөнд тань байвал зохилтой номын нэг бол монгол хүнд зориулсан Монголын анхны нухацтай сэтгэлгээ (critical thinking)-ний ном болох Нухацтай сэтгэлгээ бүтээл мөн.
4. Өвөг Монголчуудын генетик гарваль, их нүүдэл, суугаальшлын түүх
Номын төрөл: Социологи, антропологи
Зохиолч: Ж.Батсуурь
Эрхлэн гаргасан: TASAM Publishing
Нүүрний тоо: 403
“3000 жилийн түүхийг дэнсэлж чадахгүй нэгэн арай ядан амьдарч буй хүн юм” хэмээн Германы их сэтгэгч, зохиолч, яруу найрагч И.Гёте хэлжээ. Орчин цагийн монгол хүн байх, цаашлаад дэлхийн иргэн байхад өдгөө өөрийн амьдарч буй газар орноо, ярьж буй хэлээ, өмнөх түүхээ, генетикээ мэдэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв үгүй бол И.Гётегийн хэлсэнчлэн “арай ядан амьдарч буй” нэгэн болно.
ШУГЗ, хүн судлаач, генетикч, биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Ж.Батсуурь профессорын тус бүтээл нь нийт 7 үндсэн бүлэгтэй. Бүлгүүд нь “Хүний биологийн түүхэн хөгжил”-өөс “Хүн овогтон ба Монгол нутаг”, “Өнөөгийн хүн төрөлхтний гарваль”-иас “Хүн судлалын ангилал, Монгол төрхтөн”, “Хүний генийн газарзүйн тархалт”-аас “Хүн төрөлхтний соёлын өвийн нэгэн өлгий нутаг Хархүрэмийн хөндий”-г хамарна. Залуу монгол хүний заавал унших ном.
5. Монгол хүн 3 боть
Номын төрөл: Монгол судлал
Зохиолч: Г.Аюурзана
Эрхлэн гаргасан: Gun Publishing
Нүүрний тоо: 446
Энэ хорвоод монголчуудад хамгийн дургүй үндэстэн лав монголчууд бид өөрсдөө биз ээ. Хилийн чанадад нэг нэгэнтэйгээ ойр байснаасаа болж олон хэцүүхэн нөхцөлд унасан хүмүүсийн туршлага бишгүй. Тэндээс гадаадад монгол хүнээсээ л хол байвал боллоо гэдэг хамгийн том сургамж харагдах. Гэтэл хэзээнээс давхиад ирэхэд цоожгүй малчин монголчууд тийм нэг нэгэндээ ад үзэгдэхээр хуншгүй хүмүүс болж хувирав? Бид хаана алдав? Ямар үнэт зүйлээ гээв? Монгол хүний эрхэм дээд чанар хааш хийсэн одов?
Монгол хүний бахархам чанаруудыг бусад улс үндэстний хүмүүс хэрхэн бичиж, бахдаж байсан талаар Дэлхий монгол хүнийг 800 жилийн турш хэрхэн харж ирсэн бэ? гээд нийтлэл бичиж байв. Тэгэхэд зуунаас зууны хооронд өнөөгийн бидэн рүү ойртох тусам эх сурвалжууд монгол хүний муухан шинжийг илүү бичих болсон нь харагдаж байсан юм. Тэгэхэд энэ бид нар цаг ирэх тутам улам үнэт чанараа гээгээд буйн илрэл үү, эсвэл хүний мөн чанар уу гэдэг асуулт урган гарч ирсэн. Оюун санааны арвин их өвөө хайр найргүй устгуулсан бид ой санамжаа алдчихаад эргэн амьдралдаа хөл тавьж буй нэгэнтэй адил мэт. Өмнөхөө харах, санах зүйл тун бүдэг бадаг. Тиймээс л өнөөгийн бидэнд олон эргэлзээ тээнэгэлзээ бий. Тэгвэл зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын эл гурван боть бүтээл бидэнд урагш харах бүдэгхэн ч атугай гэрэл тусгах ажээ. Тиймийн учир монгол хүн бүрийн цалгардалгүй заавал унших номын нэг гэж хэлнэ.
6. Posters of Mongolia in transition: Шилжилтийн үеийн Монголын зурагт хуудас
Номын төрөл: Түүх
Зохиолч: Ирья Халаш, Б.Мэнд-Амар
Эрхлэн гаргасан: Mongolian Visuals
Нүүрний тоо: 332
Зурагт хуудас бол өнгөрөгч зууны хувьд шууд утгаараа цаг үеийнхээ толь нь байв. Өнөөгийн бид тухайн үеийн зурагт хуудсыг хараад шууд л тэр үеийн итгэл үнэмшил, үзэл бодлыг гарынхаа алган дээр тавьсан мэт харах боломжтой. Бид юуг бүтээв, юуг туулав гэдгийг монгол хэл мэдэхгүй байсан ч үе үеийн зурагт хуудаснаас хараад илхэн ойлгоно. Тийм ч учраас түүхэн зурагт хуудас гэдэг нэн үнэт түүхэн сурвалж мөний зэрэгцээ аливаа улс үндэстний өмнөх рүүгээ өнгийх боломжтой их дурсамж нь байдаг.
Тус номоос та Монголын өмнөх зуун, өмнөх нийгмийн онцлох зурагт хуудаснаас эхлээд 1991 оноос 2001 он хүртэлх шилжилтийн үеийн нэн сонирхолтой түүхэн өнцгийг олж харна гэж итгэж байна.
7. Иргэншлийн замд: Монголын соёлын алманах
Номын төрөл: Соёл
Зохиолч: Б.Цэнддоо
Эрхлэн гаргасан: Нэпко хэвлэлийн газар
Нүүрний тоо: 282
Яагаад бидэнд “XXI зууны машинаар XX зууны зам дээр XIII зууны жолоочид явж байна” гэх хошигнол тун инээдтэй санагдаж байна вэ? Яагаад гэвэл бидний ихэнх нь үүнтэй их бага хэмжээгээр санал нийлж буйтай холбоотой. Тэгвэл бид нар яагаад өөрсдийгөө XIII зууны хүмүүс гэж бодож байгаа хэрэг вэ?
Эндээс “иргэншил” гэж юу вэ гэх асуулт урган гарна. “Иргэншлийн замд: Монголын соёлын алманах” номын өмнөх үгэнд:
“Монголчууд өнөөгийн иргэншлийн ертөнцийн орь залуу үндэстний нэг юм. Төрт ёсны хоёр мянга гаруй жилийн уламжлалтай, их гүрний найман зууны түүхтэй, нүүдэлчний соёл, урлахуйн сургууль нь мөн л мянганаар хэлэлцэгдэх монголчууд яагаад залуу, нялх үндэстэн болж байгаа хэрэг вэ!
Монголчуудын иргэншлийн туршлага, суурьшлын чадварын хувьд маш залуу үндэстэн бөгөөд эрчимтэй хотшин амьдарч эхлээд зуун жил ч болоогүй байгаа юм.” хэмээжээ.
Монголчууд бидний аливаад хандах хандлага, хүлээж авах байдлаас эхлээд олон ёс уламжлал, итгэл үнэмшлийг янз бүрийн өнцгөөс шүүмжлэх басхүү зөвтгөх бүтээл. Гэхдээ уг номын нэг онцлог нь тун чиг инээдтэй. Нийгмээ, ерөөс аливааг шүүмжлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол мэдээж хошигнол. Харин хошигнолоос нэгийг бодож хоёрыг тунгаах нэгэн байхад инээсээр байгаад хоосон өнгөрөх нэгэн ч бий.
8. Туульс хайлдаг уулс 2 боть
Номын төрөл: Хэл шинжлэл, ардын аман зохиол
Зохиолч: Г.Аким
Эрхлэн гаргасан:
Нүүрний тоо: 359; 284
МУСГЗ, нэрт орчуулагч Г.Аким гуайн тус хоёр боть бүтээлд монгол нутгийн уулс, түүх, угсаатны зүй, хэл, соёлын биет бус өв гээд монгол хүний төрүүлсэн оюуны үнэ цэнтэй бүтээлүүдийн тухай өгүүлнэ. Нүүдэлчид бид олон зуун ном бичиж тараахгүй, олон зуун орд харш босгохгүй, мөн өөрсдөө энэ хорвоогоос халихдаа чимээгүйхэн одож, хаана хөдөөлөх нь ч тодорхойгүй. Ер нь ямар ч ул мөргүй хүмүүс мэт. Гэтэл хүн төрөлхтний түүхэнд хамгийн тод ул мөрөө үлдээсэн цөөхөн үндэстний нэг яахын аргагүй монголчууд. Бид юуг бүтээж, юуг, яаж ардаа үлдээдэг улс вэ?
9. Амола: Үзэгч үгүй үнэн
Номын төрөл: Намтар, дурсамж
Зохиолч: Б.Гангаамаа
Эрхлэн гаргасан:
Нүүрний тоо: 651
Нийтлэлийнхээ төгсгөлд хоёр монгол хүний намтар бүтээлийг онцлохыг хүслээ. Эхнийх нь Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаан намтар, дурсамж бүтээл болох “Амола: Үзэгч үгүй үнэн”.
Монголчууд бид тун амбицлаг улс. Энэ нь хэзээнээсээ монгол хүнийг үргэлж урагш түлхдэг гол хүч нь байсан мэт. Эсвэл зохиолч, яруу найраг Г.Аюурзанын нэгэнтээ “Нэг монгол зүгээр л хэвийн амьдрахын тулд 50 оростой, 500 хятадтай тэнцэх эрдэм боловсрол, чадвартай байх ёстой” хэмээсний цаад шалтгаантай ч нэг байж магадгүй. Ямартаа ч монгол хүний бас нэгэн эрхэм дээд чанар болсон дайчин, амбицлаг чанарын тухай өгүүлэх урам зоригоор дүүрэн тус ном танд таалагдах болов уу.
10. Гончигжанцагийн Бадамдорж
Номын төрөл: Түүх, намтар
Зохиолч: Б.Цэнддоо
Эрхлэн гаргасан: Нэпко хэвлэлийн газар
Нүүрний тоо: 357
Сүүлийнх нь Монгол улсын Ерөнхий сайд асан Гончигжанцагийн Бадамдоржийн намтар түүх. Хэн ч түүхэнд нэрээ хараар будуулахыг хүсэхгүй л болов уу. Харин энэ хүн саяхныг хүртэл түүхийн өмнө гүтгүүлж, хараар будуулж ирсэн нэгэн. Гэтэл үнэндээ манай жинхэнэ эх оронч явсан баатар юм.
Энэ эрхмийн түүх бидэнд огт тоолгүй өнгөрч болохгүй чухал нэгэн сургамжийг өгүүлнэ. Аливаа улс үндэстний түүх, соёл, итгэл үнэмшил, язгуур гарал гээд үнэ цэнтэй бүх зүйлийг хэдхэн арван жилийн дотор л бараг юу ч үгүй хийж болдгийг бид өнгөрсөн зуунд харсан билээ. Тэгвэл нийтлэлийнхээ эхэнд асуусан орчин цагт монгол хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуултад энэ ном хариулчхаж ч магадгүй. Энэ ном бол гүтгүүлж, харлагдсан нэгэн өвгөн ламын, хамгийн гол нь нэгэн монгол хүний түүх юм. Тиймээс миний ч бас таны ч гэсэн түүх.