Бидэнд ард түмний дунд хүндлэл хүлээсэн эрхмүүдээ шүтэн дээдлээд, орой дээрээ залаад, бичсэн бүтээсэн бүхнийг нь “баринтаглаад” тэр чигт нь “агуу, гайхалтай домог” болгон үлдээх хандлага ажиглагддаг. Чухам юу нь, яагаад агуу, гайхалтай болохыг бид өөрсдөөсөө огт асуудаггүй, асуусан ч яг таг барин тавин хариулт олж чаддаггүй нь нууц биш. Тийн “судрын баринтаг” болон үлдсэн олон эрхэм буйн нэг нь Л.Түдэв.
Энэ нэрийг сонсоход бидний толгойд хамгийн түрүүнд “Хорвоотой танилцсан түүх”, “Оройгүй сүм” гэсэн хоёр нэр орж ирэхээс цааш хэтэрдэггүй билээ. Эрлийг сурлаар, эрдмийг хичээлээр гэдэг үг байдагчлан бид ийн зуун жил ч болоогүй байхад хэдийн домог болон түүхийн шаргал хуудсанд мартагдаж буй хүмүүсийн “араас нь хөөж”, эрж суран, жинхэнэ үнэн бодитын араас хөөцөлдөх цаг иржээ. Итали хүнээс яагаад А.Дантег, герман хүнээс яагаад И.Гёте, хятад хүнээс яагаад Күнзийг, япон хүнээс яагаад М.Башог агуу болохыг асуухад хариулж чаддагийн адил бид ч мөн “бичгийн” соёл руугаа өнгийж, “авдраа уудлах” цаг болжээ.
Ташрамд дурдахад, Л.Түдэв, Стивен Кинг, Ю.Мишима, тэргүүт олон сонирхолтой зохиолчдын бүтээлүүдийг уншигчдадаа хүргэдэг Саян хэвлэлийн газрын хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.
Үнэ: 21,900₮
Худалдаж авах холбоос
Номын тухай
Тус ном нь Л.Түдэвийн эсээний түүвэр цуврал болох “Үгэн шуурга”, “Үгэн бороо” номын удаах дэвтэр юм. Ном “Эрүүл энхийн зөн”, “Эх байгалийн элбэрэл”, “Ус уух хувь” хэмээсэн үндсэн гурван хэсгээс үүднэ. Номын эсээ бүр анхаарал татам, сонирхолтой гарчигтайн сацуу нэг эсээ дунджаар 5-7 нүүр л үргэлжлэх тул уншихад тун эвтэйхэн. Жишээ болгон гурван эсээний гарчгийг нь энд хуваалцъя:
1. Тэнгэрээс анагаах алба байгуулъя
2. Хүйтэн банк байгуулах мөрөөдөл
3. Сэтгэлээр унагаах зэвсэг бүү үзэгд!
Түүнчлэн, эл ном нийтдээ 231 нүүр тул уншигч та нэг мэдэхэд л ард нь гарчихсан байна. Мөн уг номын хамгийн сонирхолтой нь энд багтсан ихэнх эсээ нь өнөөгөөс хорин таваас дээш жилийн өмнө бичигдсэн боловч өнөөгийн бидний амьдрал, нийгэмд яригдаж буй олон асуудлыг дэргэдээс нь хараад биччихсэн аятай яг цав нийцэх нь гайхширал төрүүлэм.
Зохиолчийн тухай
Зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо гуайн “Туг болсон хүн” хэмээн тодорхойлсон, МУ-ын Хөдөлмөрийн баатар, АУЗ, СГЗ, Төрийн шагналт, доктор, хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэв бээр өөрөө 40 гаруй ном бүтээл туурвисан сор сэхээтэн байсны дээр хойч үеийнхээ олон сэхээтнүүдийг өсгөж өндийлгөсөн эрхэм билээ. Тэрээр Үнэн сонинд арав гаруй жил ажиллахдаа өнөөгийн салбартаа жинтэй хувь нэмэр оруулж яваа олон эрхмийг багтаа эгнүүлж, ажлынх нь гарааг эхлүүлж байсан байдаг. Тухайлбал, богино өгүүллэгийн мастер Ж.Лхагва, сэтгүүлч Б.Цэнддоо, сэтгүүлч Д.Цэрэнжав, шог зураач С.Цогтбаяр, Гамма агентлагийн үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин С.Цацралт тэргүүт олон хүмүүс түүний удирдлага дор ажиллаж, бүтээж туурвиж явсан түүхтэй.
Л.Түдэв үргэлж өөрийн цаг үеэсээ түрүүлж, алс холыг харж явдаг асан нь түүний бичиж үлдээсэн бүтээлүүдээс тод томруун харагддаг. Тодруулбал, хуучин нийгмийн үед цэргийн анги дахь оны ялгаа, “дэглэл”-ийг тэртээ 1980-аад онд хурцаар шүүмжилж, түүгээр ч барахгүй үзэл суртлын он жилүүдэд анх удаа VIII Богд Жавзандамба буюу Богд хааныг Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, эерүүлэн бичсэн байдаг. Түүний цаг хугацаанаасаа түрүүлж явсныг илтгэх мөн хамгийн ил тод жишээ бол энэхүү нийтлэлийн гол баатар болсон “Үгэн мөндөр” шилдэг эсээний түүвэр юм.
Яагаад унших вэ?
Бичиж найруулах чадвараа сайжруулах: “Хэрэв чамд унших цаг байхгүй бол бичих цаг ч байхгүй” хэмээн нэрт зохиолч Стивен Кинг нэгэнтээ хэлсэн байдаг. Хэрвээ бид бичиж найруулах чадвараа сайжруулахыг хүсэж л байгаа бол маш их унших хэрэгтэй. Сайн найруулгатай номоос ч тэр, муу найруулгатай номоос ч тэр бид бичихүйн тухай олон зүйлийг сурах боломжтой. Л.Түдэвийн эл ном таны монгол хэлээр найруулан бичих ухаанд тун их тус болох нь дамжиггүй. Харин яагаад бичих чадвараа сайжруулах хэрэгтэй болохыг энд эс өгүүлэн алгасъя.
Л.Түдэв агсны бодож, бясалгаж байсан санаануудтай танилцах: Нийтлэлийнхээ эхэнд өгүүлсэнчлэн бид өөрсдөө өөрсдийнхөө бичгийн бүтээлүүдийг уншилгүй, үндэстний сэтгэлгээний төвшиндөө “өлгийтэй балчир” хэвээр байгаа бол бичиж туурвисан эрхмүүд маань “баринтагтай судар”, “шоголтой ном”, “гүнгэрваатай бурхан” болсоор удлаа. “Хүн нь үгүй болж болох ч, санаа нь устаж үрэгдэхгүй” гэдэг үг байдаг. Эл ном танд өнөөдрөөс хорин таван жилийн тэртээд Л.Түдэв агсны бодож, бясалгаж байсан санааг нь “сонсох” боломжийг олгох буй за.
XX зууны төгсгөлийн он жилүүд рүү буцаж өнгийх: Уг ном бичигдсэн үед Монгол Улсад төдийгүй, дэлхий дахинд олон том том өөрчлөлтүүд явагдаж байв. Зуун, мянган солигдож асан тухайн үеийн шинжлэх ухааны үсрэнгүй хөгжил, цоо шинэ нийгмийн бүтээн байгуулалт, олон улсын өөрчлөлтийн салхи хааш эргэж буйг Л.Түдэв гуай сэтгүүлч хүний гярхай нүдээр ажин, бидэнд ч мөн ямар боломж бололцоо, гарц байж болохыг бичиж байсантай танилцах нь нэн сонирхолтойн дээр, “тухайн үед ингэсэн сэн бол” гэсэн хөнгөн харуусал төрүүлнэ.
Уншигчийн сэтгэгдэл
Дээр өгүүлсэнчлэн Л.Түдэв гуайн цаг хугацаанаасаа түрүүлсэн арвин их санааг тухайн үед нь ажил хэрэг болгож амждаггүй юм аа гэхэд түүний дараах бүтэн хоёр арванд яагаад гүйцэлдүүлж болсонгүй юм бол гэсэн бодол эрхгүй төрнө.
Түүнчлэн, тус ном тэр чигтээ Монгол Улсад, монгол хүнд олдож болох боломж бололцоо, нөөцийг бичсэн нь урам төрүүлж, сэтгэл сэргээнэ. Энэ номыг уншсаны араас Францын философич Р.Декарт нэгэнтээ “Ном унших гэдэг урьдын агуу оюунтай ярилцаж суух мэт ээ” гэх үг санаанд орж ирж байв. Эцэст нь эл номыг залуу хүн бүрд санал болгоод нийтлэлээ нэгэн эсээнээс нь эшлэн өндөрлөсүү.