Амсхийдэг улирал ашгүй нэг ирэх нь ээ. Бид нэгэн хэсэг зун амрах нь залхуурал гэж мэтгэлцдэг байсан бол сүүлийн үед нийтээрээ зуны амралт нь зайлшгүй байх ёстой гэдэгтэй санал нэгдэх шиг боллоо. Нийгэмд стресстэх, бухимдах, шаналах асуудал бишгүй олон байгаа энэ үед нээрээ л ганц хоёр сар хөдөө гадаа явж, сэтгэл санаагаа тэнүүн байлгахад болохгүй гэх газаргүй.
Ачаалал ихтэй урт саруудын араас амралт авахаар төлөвлөж байгаа уншигч нартаа зориулж, энэ долоо хоногийн номын сонголтоо хийлээ. Энэ бол М.Баасандэлгэр буюу Шук-ийн шинэхэн бүтээл “Төгсгөл Үгүй”.


Номын тухай
Зохиолч 30 насны төрсөн өдрөөрөө нээсэн уг бүтээлийнхээ тухай ийн бичжээ: “29 насыг туулах гэж өөрийгөө ч, хайртай хүмүүсээ ч их зовоолоо. Байсхийгээд л гутарч, гуниглана. Хоосорч зугтана. Шантарч ухарна. Уйлна. Цүнхээ үүрээд гарна. Ер нь бол хамгийн их “тэнэсэн” жил байв. Эцэстээ эдгэрлээ. Амжилтад хүрсэн юм биш шүү, зүгээр л эдгэрлээ. Яг одоо сайхан байна. Бидний амсах жаргал, туулах зовлонд төгсгөл үгүй”.
Өнгөрсөн Номын баяраар TenGer TV-тэй хамтарсан асартаа түүнтэй уулзаж ярилцахад тэрээр сүүлийн нэг сар шахаж байж шинэ номоо өлгийдлөө хэмээж байсан юм. Энэ бол түүний хоёр дахь бүтээл бөгөөд өнгөрсөн номын баяраар анхны бие даасан “Миний өмссөн гутал” нэртэй бүтээлээ гаргасан билээ.
Харин “Төгсгөл Үгүй” номын үйл явдал нь зохиолчийн анхны номын нээлтээс хойш өрнөх бөгөөд түүний дотоод зөрчил, орноосоо ч босох хүсэлгүй болсон амьдралын тухай хүүрнэж эхэлдэг. Удаах хэсэгт гол дүр маань утга учир гээч зүйлийг хайж олохоор монголоор ч тэр, гадаадаар ч хэрэн хэсэх аяллын түүхүүд багтжээ. Ингэж явсаар “бидний амсах жаргал, туулах зовлонд төгсгөл үгүй” гэсэн дүгнэлтэд хүрнэ.


Зохиолчийн тухай
М.Баасандэлгэр бол HumanZ редакцын үүсгэн байгуулагч. Тэдний редакцыг магад уншигч та сошиал орчинд үе үе вайрал болдог картон цаасан дээр үг бичиж барьсан зургуудаас нь таних биз ээ. HumanZ бол дан эмэгтэй сэтгүүлчидтэй, редакцаа бүтээж буй явцаа олон нийтийн сүлжээндээ сонирхолтой хэлбэрээр тогтмол хуваалцдаг, залуу редакцуудын төлөөлөл.
Харин М.Баасандэлгэрийн хувьд Фэйсбүүк дээр 111 мянган дагагчтай “Шук нийтлэв” хуудсыг хөтөлдөг нэгэн. Тэрээр энэ хуудасны чимэг үгээ “Хөгширсөн хойноо гүйлгэж уншаад сууна гэж бичдэг” хэмээн тодорхойлж, хувь хувьсгалын амьдралаа нээлттэй хуваалцдаг юм.

Яагаад унших вэ?
Урсаж уншигдана: Бичээчийн хэв маяг нь элдэв сүржин үг багатай, энгийн гэхдээ яг утгаа оносон маягтай тул уншихад тун амар байх болов уу. Магадгүй сэтгүүлч хүний ур чадварын илрэл байх. Амьдарч буй цаг үеийнхээ нэгэн дүрийн туулсан амьдрал, ээрсэн бодлыг энгийн үгээр уншина гэдэг бас нэгэн аз завшаан билээ.
Уйлмаар санагдана: Зарим хэсэг дээр нээрээ л ийм байдаг даа гэсэн хэцүү мэдрэмж төрөх нь бүхнийг болгож бүтээх гэж шазруун тэмцэж яваа манай үеийнхэнд шантрах эрх өгч байгаа юм шиг санагдаж мэдэх юм. Ном гэхээрээ л заавал аугаа амжилтыг өгүүлэх ёсгүй, хүнд хэцүү цаг үе, ойлгомжгүй эргэлзээт бодлуудыг ч хүүрнэж болдгийг харуулжээ.
Уйдаах завгүй: Ялангуяа аяллын тэмдэглэлүүд нь нуршсан биш, сонирхолтой мэдээлэл мөн ховор дүрүүдтэй хийсэн ярилцлагуудыг агуулсан байх тул уйдаахгүй уншигдах аж. Номын ихэнх уншигч нар тус бүтээлийг нэг суултаар дуусгасан нь ч санамсаргүй тохиолдол биш болов уу.

Хэнд санал болгох вэ?
Тус бүтээл нь 130 нүүртэй, уншихад амар тул амралтын өдөртөө уншаад дуусгах бүтээл хайж буй хүн бүрд санал болгоё. Тэрчлэн Quarter life crisis тэргүүтэй оршихуйн хямралд өртөж, ажил-гэр гэх маршрутаасаа утга учир хайж байгаа бол уншаад үзэхэд гэмгүй. Магад танд шинэ санаа төрүүлж, утга учраа хайх өөрийн аяллаа эхлүүлэх сэдэл ч болж мэдэх юм.

Уншигчийн сэтгэгдэл
Илүү олон залуу зохиолч нар амьдарч буй нийгэм, тулгамдаж буй асуудлаа М.Баасандэлгэр шиг элдэв шүүлтүүргүй, гэхдээ бас бага ч гэсэн шийдэлтэй бичээсэй гэж хүснэм. Учир нь ном гэдэг бол зохиолчоос гадна өөртэйгөө ярилцах нэг хэлбэр. Нүүр нүүрээ хараад тулж ярих боломж бололцоо, цаг хугацаа улам л хомс болж байгаа энэ үед ном унших шиг ийм л нандин харилцаа улам нэмэгдэж байж бид нийтээрээ эдгэрэх юм шиг санагдлаа.

Сэтгэгдэл бичих

