Ээлжит номын тухай нийтлэлдээ манай unread books-ээс эрхлэн гаргаад тун удаагүй байгаа “Түшиг” номыг онцолж байна. Уг номын зохиогч ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийг миний бие эчнээ таних билээ. Их сургуулийн нэгдүгээр курсын оюутан байхдаа эл номын “Оролцоо” бүлэгт гарч буй “Монголд Та Хэрэгтэй ТББ”-ын гуравдугаар элсэлтийн оролцогч болсноор 2018 онд анх түүнтэй танилцаж байв.

Тэр цагаас хойш Монголын спортын салбарт оруулсаар ирсэн хувь нэмрийг нь хөндлөнгөөс гэрчилж, цөөнгүй төсөлд нь гар бие оролцож иржээ. Тиймдээ ч энэхүү бүтээлээс түүнийг хэрхэн спортын салбартай холбогдсон түүхийг бүр эхнээс нь шимтэн уншлаа.
ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

Батболдын Баттүшиг нь багаасаа л сагсан бөмбөгийн спортод хорхойтой нэгэн байжээ. Ээжийн талын өвөө, эмээ дээрээ 11 нас хүртлээ өсөн хүмүүжиж, улмаар ээжийн хамт АНУ-д аж төрөх болсноос эхлээд өдгөө 40 нас хүртэлх замдаа тэрбээр уг спортыг орхисон удаа нэгээхэн ч үгүй аж.
Тэрбээр Чикагогийн Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, улмаар Goldman Sachs болон Лондон дахь Morgan Stanley зэрэг дэлхийд тэргүүлэх хөрөнгө оруулалтын банкуудад дадлагажигчаас эхлэн үндсэн ажилтнаар ажиллаж байв. Үүний зэрэгцээ 2014 онд дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Харвардын Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын (MBA) зэргээ амжилттай хамгаалж төгсөөд, эх орондоо хүрэлцэн ирсэн билээ.
Эх орондоо эргэн ирснийхээ дараа бизнесийн салбарт амжилттай ажиллахын сацуу Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч болон Олон Улсын Олимпийн Хорооны (IOC) гишүүнээр сонгогдон, спортын салбарын хөгжилд, тэр дундаа залуу үеийнхний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар яваа.

НОМЫН ТУХАЙ
Нийт 272 нүүртэй энэхүү бүтээл нь Монгол, Боловсрол, Оролцоо, Спорт, Олимпизм гэсэн үндсэн таван бүлгээс бүрдэнэ. Түүний бичсэн энэхүү ном нь өөрийн амьдралын баялаг туршлага, спортоос суралцсан сургамж, амжилтын төлөөх хичээл зүтгэлийг уншигчдадаа хүргэх, тэр тусмаа хүн бүр өөртөө итгэж, тууштай хөдөлмөрлөн өөр өөрийнхөө "Олимпын оргил"-д хүрэхийг чин сэтгэлээсээ ерөөсөн бүтээл юм. Номын бүлэг бүрд зохиогч хувь хүний хөгжил, боловсрол, манлайлал, спортын үнэ цэнийг амьдралынхаа бодит түүх, шийдвэр гаргалттай холбон өгүүлжээ.
ЯАГААД УНШИХ ВЭ?
Ойлгомжтой бүтэц ба баримтат зураглал
Бүлэг бүр нь ердөө 3-4 богино бичвэрээс бүрдэх тул та заавал эхний хуудаснаас нь дараалуулан унших гэж тархиа чилээх шаардлагагүй. Амьдралын завгүй хэмнэл дунд завсарлага авахдаа аль ч хуудсыг нь нээсэн шууд шимтэн унших боломжтой аж. Түүнчлэн зохиогчийн хувийн амьдрал, ажил бизнес, спортын замналынх нь ховор нандин агшнуудыг буулгасан гэрэл зургийн цомгууд нь номыг агуулгын хувьд ч, үзэмжийн хувьд ч улам баяжуулсан байна.
Бизнес болон спортын "хөшигний ардах" түүхүүд
Амжилттай яваа бизнес болон спортын салбарын цаана чухам ямар сорилт, ямар шийдвэрүүд огтолцож байдгийг олон нийт тэр бүр мэдэж чаддаггүй. Энэхүү номд хөшигний цаана өрнөдөг, шийдвэр гаргалтын тухай тун нээлттэй, илэн далангүй өгүүлнэ. Мөн "Олимпизм" хэмээх ойлголт нь уралдаан тэмцээн төдий зүйл бус, харин үндэстний эв нэгдэл, улс орны нэр хүнд, цашлаад хүн бүрийн өдөр тутмын амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлдгийг шинэлэг өнцгөөр нээн харуулжээ.

Урам зоригоор дутсан үед унших бүтээл
Ажил амьдралын ачаалал дунд гацчихсан мэт санагдах, эсвэл түм буман ажлын хаанаас нь эхлэхээ мэдэхгүй төөрөлдөж яваа үед энэ номыг дэлгээрэй. Зохиогчийн даруухан хүүрнэлээс туулсан замнал, тууштай хөдөлмөрийнх нь тухай, хүнд хэцүүг даван туулсан туршлагыг тольдон харах боломжтой. Амжилт гэдэг гэнэт ирдэг зүйл биш бөгөөд цаг хугацааны явцад хичээл зүтгэлийн үр шимээр бий болдог гэх үнэнийг дахин ойлгох нь гарцаагүй.
УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Өвөө, эмээгийн хүмүүжил
Өвөө, эмээгийнх нь олгосон хүмүүжил, боловсролыг ямагт нэгдүгээрт тавьж ирсэн амьдралын зарчим нь түүнийг асар олон боломж өөд хөтөлжээ. Чикагогийн Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж, дэлхийн санхүүгийн аварга Morgan Stanley-д ажиллаж байхдаа ч сурч мэдэхийн тэмүүллээ орхиогүй аж. Эрүүл мэндийн хүндхэн сорилттой нүүр тулсан ч сөрөн зогсож, Харвардын Их сургуулийн магистртаа амжилттай суралцаж төгссөн нь түүний хатуужил, боловсролыг нэгдүгээрт тавих зарчмыг гэрчилнэ.


Дурлан шимтэх зүйлтэй байхын сайхан
Хүн амьдралдаа чин сэтгэлээсээ дурлан шимтдэг зүйлтэй байна гэдэг ямар том аз жаргал вэ? Тэрээр сагсан бөмбөгийн спортдоо хэзээд үнэнч байж, зөвхөн сонирхогч төдийгүй энэ салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг тасралтгүй оруулсаар ирсэн нь бахархууштай. Үүний зэрэгцээ хийж буй ажил хөдөлмөрөөрөө үргэлжлүүлэн бүхий л төрлийн спортыг дэмжин ажиллаж, энэ чиглэл рүү бодлого төлөвлгөгөө гарган ажилласаар байгаа юм.


Эх орныхоо нэр хүндийг тээн явахуй
Харилцаа холбоо буюу Networking гэдэг чухам ямар үнэ цэнтэй зүйл болохыг түүний түүхээс харж болно. Хаана ч, хэнтэй ч уулзсан хүндэтгэлтэй бөгөөд чин сэтгэлээсээ харилцах нь хувь хүнийг тодорхойлоод зогсохгүй, цаана нь эх орны нэр хүнд яригддаг билээ. Дэлхийн тавцанд Монгол гэх нэрийг эергээр дуурсгаж, манай улстай холбоотой ямар нэгэн ажил, төсөл гарахад хамгийн эхэнд санаанд нь буудаг тийм л итгэлт нэгэн байж чадсан нь урам зориг өгөхүйц.


