Маргааш наймдугаар сарын 16. Энэ бол бидний гол дүр Ана Магдалена Бахын хувьд ээжийнхээ булшийг эргэж, хонгорзул цэцгийн баглаа өргөдөг тун онцгой өдөр. Өөрийг нь арал дээр оршуулахыг аминчлан захисан түүнийхээ шарилыг жил бүр эргэдэг Анагийн “уламжлал” хэрхэн ээждээ өгсөн амлалтаас нь хальж, эрх чөлөөний дуудлага болон хувирах бол? 

Энэ удаагийн дугаараар бид уншигч олондоо Габо нэрээр танигдсан Колумбын алдарт зохиолч, Нобелийн шагналтан Габриель Гарсиа Маркесын сүүлчийн романыг танилцуулахаар бэлтгэлээ.

Зохиолчийн тухай

Зургийг: The Paris Review

Олон хүнд шидэт реализмын охь шимийг амсуулснаараа алдартай “Зуун жилийн ганцаардал” романы зохиолч Габриель Гарсиа Маркес 1927 онд Колумбийн Аракатака гэх буйдхан хотод төржээ. Ирэх жилийн гуравдугаар сарын 6-нд түүний мэндэлсний зуун жилийн ой тохионо.

Зохиолч багадаа комик зурдаг байсан нь хожим бичихүйд хөтөлсөн хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Ахлах ангидаа эргэн тойрондоо "үгийн эв дүйтэй"-гээр нэрлэгддэг байснаас өөрийн хүсэл зоригоор цаас үзэг нийлүүлсэн гэх зүйлгүй явсан тэрээр их сургуулийн оюутан болоод Кафкагийн богино өгүүллэгийн номыг найзаасаа зээлж, Хувирал туужийн эхний мөрийг уншаад тун их гайхширч, богино өгүүллэг бичиж эхэлсэн аж.

Би тэр мөрийг уншаад ингэж бичиж болдгийг огт мэдэлгүй явснаа ойлгосон юм. Хэрэв мэдсэн бол аль дээрээс бичиж эхлэх байсан юм.

Габриель Гарсиа Маркес

Сонирхуулахад, түүний анхны өгүүллэгүүд нь XX зууны хамгийн нөлөө бүхий романуудын нэг Үлисс бүтээлээрээ танигдсан Жеймс Жойсын өнгө аястай гэгддэг байжээ. Ийнхүү Маркес түүний бүтээлтэй танилцаж, Жеймс Жойс, Виржиниа Вүлф зэрэг зохиолчдоос дотоод монологийн техникийг сурч авснаа олзуурхан хуваалцсан удаатай. Шидэт реализмын хамгийн том төлөөлөгчдийн нэг Маркес нь ер бусын төсөөлөл, ид шидийн гэмээр дүрслэлүүдээрээ алдартай ч тэр бүхнээ жинхэнэ амьдрал, эгэл ахуйгаас улбаалуулан бичдэг нь түүний сэтгүүл зүйн салбартай ойр байсных гэдэг. Өөрийн “жинхэнэ” мэргэшлийг зохиолч гэхээс илүүтэй сэтгүүлч гэж боддог хэмээсэн тэрээр амжилттай романуудынхаа араас санхүүгийн эрх чөлөөнд хүрүүтээ сэтгүүл зүйгээ илүү эрх чөлөөтэй хийх болсон гэнэ.

The Paris Review (The Art of Fiction No. 69)-д өгсөн ярилцлага

Би бүхий л амьдралаа нь романууддаа биччихсэнээ ойлгосон. Тэгэхээр дурсамждаа өөрийн амьдралаа өгүүлэх гэхээсээ романуудынхаа тухай яривал зохиолтой. Энэ л жинхэнээсээ амьдралынхаа тухай ярьж байгаа хэрэг.

Габриель Гарсиа Маркес

Сонирхуулахад, Маркесын 11 романы хамгийн алдартай нь болох “Зуун жилийн ганцаардал”-аас сэдэвлэсэн цуврал 2024 оноос Netflix дээр гарч эхэлсэн бөгөөд одоогоор IMDм үнэлгээ нь 8.3 байна.


Зургийг: Gagadget.com

Номын тухай

2014 онд таалал төгссөн түүний амьд ахуйдаа хэвлүүлсэн (2004 онд) сүүлчийн роман нь “Гунигт янхнуудаа дурсахуй”. Харин дуусгаж амжилгүй насан эцэслэснийх нь хойноос арван жилийн дараа бичгийн нөхөд, хүүхдүүд нь гүйцээж, уншигчдын хүртээл болгосон бүтээл нь “Наймдугаар сард уулзъя”. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг дементиа өвчинтэй тэмцсэн зохиолчийн сүүлчийн бэсрэг романыг “бүтээж туурвихаа зогсоохгүйн тулд эцсийн хүчээ шавхан туурвисан” хэмээн хүүхдүүд нь тэмдэглэсэн байдаг.

Ой санамж бол миний анхдагч гол материал, багаж зэвсэг минь. Түүнгүйгээр юу ч байхгүй.

Габриель Гарсиа Маркес

Номд 50 насыг шүргэж яваа, хоёр хүүхдийн ээж, насаараа нөхөртөө үнэнч явсан эхнэр Ана Магдаленагийн адал явдал гарна. Гатлага онгоцоор дөрвөн цаг аяншиж байж очдог ээжийнхээ шарилд баглаа цэцэг өргөх уламжлал нь эцэстээ амьсгал хураасан эх, охин хоёрыг эргэн холбов уу гэлтэй гэнэтийн учрал, ээдрээт өдрүүдтэй сүлбэгдэх аж. Хайр сэтгэл, бардамнал, эмэгтэй хүний айдас, эмзэглэлийг чадмаг өгүүлсэн энэ бүтээлийг Маркес аль 2003 онд ч хэсэгчлэн нийтэлж явсан гэнэ шүү.

Мэдээж энэ зохиол бусад агуу бүтээл шиг нь өнгөлөгдөж зүлгэгдээгүй, замын дунд зарим нэг дов сондуул, зөрчилдсөн зүйлс ч таарч мэднэ. Гэхдээ Габо (Маркес)-гийн ургуулан бүтээх чадвар, уран яруу хэллэг, ухаарал төрүүлсэн өгүүлэмж, хүмүүнийг ойлгох чадвар бидний оршихуйг, ялангуяа бидний хайрын ертөнцийн гайхамшгийг үйлийн үр үртэй нь хамтад нь хайрлах дотно нандин сэтгэлийг нь та эндээс гарцаагүй мэдрэх болно.

Родгиро болон Гонзало Гарсиа Барша (Номын хэсгээс)

Яагаад унших вэ?

Маркестай “дахин нэг удаа” уулз
Насан эцэслэснээс нь хойш нэгэн арваны дараа хайртай зохиолчтойгоо дахин уулзах тохиол хэний ч хувьд баярт үйл явдал биз ээ. Маркес хэдийгээр энэхүү бэсрэг романаа устгахыг захисан ч хадгалагдан үлдсэн бичвэрт нь бий “олзуурхам” бүхнийг түүний уншигчид төвөггүй анзаарч, таашаан соёрхоно гэх бат итгэлтэй хүүхдүүд нь хэвлүүлэхээр болсон аж. Тэр нь ч зөв шийдвэр байсныг дэлхий даяар гэрчилсээр.


Эргэцүүл

Номын туршид өмнөх Номын тухай нийтлэлээрээ уншсан “Туурвих хичээл”-ийн “Аугаа зохиолчдын дотор бүх зүйл тэгш эрхтэй оршдог” гэх хэсэг байн байн санаанд оров. Зохиолч романаа өөрөө өгүүлсэн ч тэр нь гол дүр өгүүлэх мэт уншигдах нь сонирхолтой. Энэ нь Маркес дүрээ чадмагаар тусгаар тогтнуулж, өөрөө харин түүнийг элдвээр зүхэж буруутгахын оронд чин сэтгэлээсээ ойлгох гэж хичээсний илрэл байх. Гадны хүний нүдээр зөвтгөж боломгүй Ана бүсгүйн үйлдлүүдийн ард бий эмзэг, эмх замбараагүй, нарийн нандин бүхнийг элдэв хачир, шүүмжлэлгүй буулгасан нь уншсанаа бие даан эргэцүүлэхийг шаардах олон асуултыг үлдээх болов уу.


Уншигчийн сэтгэгдэл

Номд түлхүү эр эмийн ээдрээт харилцаа, хайр дурлалын тухай гардаг ч үүгээр дамжуулан гэр бүл, үнэнч байдал, хүсэл зоригийн тухай хүндхэн асуултуудыг дэлгэж, зөв, буруу гэхийн аргагүй санаашрал, түүнийг дагах айдас, гэмшил, бардамналыг цөм тэмтэрсэн нь сэтгэгдэл үлдээлээ. Ташрамд дурдахад, “Наймдугаар сард уулзъя” номыг наймдугаар сард унших нь гэж багахан олзуурхаад амжсан ч зохиолд гарах өдөр судар нь хүртэл ингэж давхацна гэх хүлээлтгүй байсан надад их онцгой тохиол шиг санагдсан шүү.