Хөгшрөлт бол хүн бүрийн туулдаг амьдралын жам ёсны үйл явц. Нас ахихын хэрээр бие махбод өөрчлөгдөж, залуу насны эрч хүч аажмаар буурдаг. Гэвч энэ үйл явцыг удаашруулж, илүү урт удаан, эрүүл саруул, эрч хүчтэй амьдрах боломжтой гэвэл та итгэх үү?
Одоогоос хэдхэн жилийн өмнө энэ тухай яриа бараг л боломжгүй, шинжлэх ухааны уран зөгнөл мэт сонсогдох байсан биз. Харин өдгөө шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжлийн ачаар хүний хөгшрөлтийн механизмыг эсийн түвшинд судалж, түүнийг удаашруулах боломжийг эрдэмтэд эрэлхийлсээр байна. Магадгүй ирээдүйд бид урт удаан наслаад зогсохгүй залуу үеийнх шигээ эрүүл, эрч хүчтэй амьдрах боломжтой болох ч юм бил үү?
Тэгвэл хүн хөгшрөхөд бие махбодод нь яг ямар өөрчлөлт гардаг вэ? Хөгшрөлтийг удаашруулах ямар боломжууд бий бол? Ээлжит номын тухай нийтлэлээрээ бид хүн төрөлхтний мөнхийн сэдэв хөгшрөлтийн тухай хүүрнэн өгүүлэх “Бид ойрын ирээдүйд хөгшрөхөө болино” бүтээлийг онцлон танилцуулж байна.
ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ

Уг номын зохиолч Ёшимори Тамоцү нь Японы эсийн биологич бөгөөд аутофагийн чиглэлээр олон жил судалгаа хийж буй эрдэмтэн билээ. Тэрээр 1996-2002 онд аутофагийн судалгаагаараа алдартай эрдэмтэн Осүми Ёшиноригийн лабораторид дэд профессороор ажиллаж байжээ. 2016 онд Осүми Ёшинори энэхүү судалгааны чиглэлээрээ Нобелийн шагнал хүртсэн юм.
Үүний дараа Ёшимори Тамоцү Осакагийн их сургуульд багшилж, анагаах ухаан болон биологийн чиглэлээр олон жил судалгаа хийсэн гэдэг. Өдгөө тус сургуулийн хүндэт профессор бөгөөд аутофаги, хөгшрөлтийн хоорондын холбоог үргэлжлүүлэн идэвхтэй судалж буй. Тэрээр шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд ойлгомжтой хүргэх зорилгоор 2020 онд “Life Science” номыг бичиж байсан ажээ.
НОМЫН ТУХАЙ

Энэхүү бүтээл нь өнгөрсөн онд Японд хэвлэгдэн гарсан даруйдаа уншигчдын дунд алдаршиж, богино хугацаанд бестселлер номын жагсаалтад багтсан юм. Харин энэ сард Л.Саруултөгсийн орчуулгаар монгол уншигчдадаа хүрч буй нь энэ.
Уг номд хөгшрөлтийн тухай дан ганц ерөнхий ойлголт өгөхөөс илүүтэйгээр хөгшрөлт гэж чухам юу болох, нас ахихын хэрээр бидний бие махбод, эсүүдэд ямар өөрчлөлт гардаг талаар тун энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлажээ. Мөн хөгшрөлтийн талаарх сүүлийн үеийн судалгаа, шинжлэх ухааны шинэ нээлтүүдийг танилцуулсан учир илүү өргөн хүрээний мэдлэг олж авна гэсэн үг.
Тэдгээрээс хамгийн сонирхолтой санагдсан нэг судалгааг товчхон танилцуулъя. Энэ бол Африкийн үсгүй мэрэгч амьтны тухай юм. Ердөө 10 см урттай, 35 гр жинтэй гадаад төрхийн хувьд хулганатай төстэй энэ амьтан 30 орчим жил насалдаг гэнэ. Харин ижил хэмжээтэй бусад мэрэгч амьтад ихэвчлэн хэдхэн жил л амьдардаг байна. Хамгийн сонирхолтой нь энэ амьтан нас ахих тусам биеийн байдал нь бараг өөрчлөгддөггүй аж. Өөрөөр хэлбэл, залуу байхдаа ч, нас өндөр болсон үедээ ч бие махбодынх нь үйл ажиллагаа доройтохгүй буюу хөгшрөлт явагддаггүй болохыг судлаачид тогтоожээ. Одоогоор судлаачид энэ амьтныг үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд цаашдаа түүний урт насалдаг нууцыг тайлж, хүнийг ч мөн эрүүл, удаан амьдрахад туслах арга зам олохыг зорьж байгаа ажээ.


ЯАГААД УНШИХ ВЭ?
Биед маань яг юу болоод байна?
Нас явах тусам үрчлээ сууж, үс бууралтаад, тамир тэнхээ сулардгийг бид бүгд л мэднэ шүү дээ. Гэхдээ үүний цаана бидний биед яг юу болоод байгааг төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл уг номоос биеийн эсүүд хэрхэн ажилладаг, нас ахихын хэрээр тэдгээрт ямар өөрчлөлт гардаг, хөгшрөлт гэж чухам юу болохыг шинжлэх ухааны үүднээс, гэхдээ тун энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар мэдэж авах нь ээ.
100 наслахын нууц
Зарим хүн 100 нас хүрсэн ч эрүүл саруул, идэвхтэй амьдарч байхад зарим нь харьцангуй залуудаа эрүүл мэндийн асуудалтай тулгардаг. Үүнд юу нөлөөлдөг юм бол? Уг номоос 100 болон түүнээс дээш насалсан хүмүүсийн дунд хийсэн сонирхолтой судалгаануудтай танилцаж, тэдний бие махбодын онцлог юугаараа ялгаатай болохыг мэдэх боломжтой. Мөн хүний ген, удамшил урт наслахад хэрхэн нөлөөлдөг, эрүүл саруул урт наслахад юуг анхаарах хэрэгтэй талаар сонирхолтой мэдээлэл авах болно.

Амьдралын хэв маяг
Бидний өдөр бүр анзааралгүй хийдэг энгийн зүйлс хүртэл хөгшрөлтөд шууд нөлөөлдөг байх нь. Яаж унтаж амарч байна, юу идэж ууж байна, хэр их хөдөлж байна, наранд хэр удаан гарч байна гээд л бүгд хамаатай гэнэ. Эдгээр зуршил биед маань яаж нөлөөлдгийг мэдэхээс гадна өнөөдрөөс эхлээд амьдралынхаа хэв маягт юуг өөрчилбөл зүгээр вэ гэдгээ ч төвөггүй ойлгоно.
Шинжлэх ухааны цоо шинэ нээлтүүд
Сүүлийн жилүүдэд хөгшрөлтийн эсрэг судалгаа, нээлтүүд асар хурдтай хөгжиж байгаа. Эрдэмтэд эсийн түвшинд хөгшрөлтийг яаж судалж байгаа бол, бас “аутофаги” буюу эс өөрийгөө цэвэрлэх үйл явц бидний эрүүл мэндтэй ямар холбоотой юм бол гээд шинжлэх ухааны нарийн ширийн зүйлсийг тун энгийн хэллэгээр унших боломжтой.
ХЭНД САНАЛ БОЛГОХ ВЭ?
Эрүүл мэнддээ анхаардаг, өдөр тутмын энгийн зөв дадлыг эрхэмлэдэг хэн бүхэнд энэ номыг санал болгоё. Нас ахих, хөгшрөх гэдэг хэнийг ч тойрч гарахгүй, хүн бүрийн л туулах асуудал шүү дээ. Тиймээс залуугаасаа бие махбодоо ойлгож, өтөл насандаа ч эрч хүчтэй, эрүүл саруул амьдрахыг хүсэж буй хүн бүрийн ширээний ном байх болно.

УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Би энэхүү номыг “Хөгшрөлтийг үнэхээр удаашруулж болдог юм болов уу? Сүүлийн үед шинжлэх ухаан, технологи маш хурдтай хөгжиж байгаа болохоор боломжтой ч байж мэдэх юм. Гэхдээ яг яаж?” гэсэн бодолтой эхлүүлсэн юм. Магадгүй танд ч бас ийм бодол төрж байсан байх.
Номоо уншиж дуусгаад бидний өдөр тутмын дадал, амьдралын хэв маяг хөгшрөлтөд ямар их нөлөөтэйг ойлгосон. Хөгшрөлтийг шууд зогсоох шидэт эм одоогоор гараагүй ч гэлээ бидний биед байдаг аутофаги буюу эс өөрийгөө цэвэрлэж, хэрэггүй болсон хэсгүүдээ дахин ашиглах үйл явц хэрхэн ажилладгийг мэдэж авах нь их чухал юм билээ. Унших явцад шинжлэх ухааны нарийн ойлголтуудыг маш сонирхолтой, амьдралд хэрэгжүүлэхэд дөхөм байдлаар тайлбарласан нь таалагдсан шүү.


Сэтгэгдэл бичих

