Наадмын амралт дуусч, завгүй өдрүүд эргэн хаяанд ирэх энэ үеэр нэг сайн оюунаа цэнгээж, тархиа амраахад тань туслах бүтээл бол “Туурвих хичээл”. Уг номд төрөлх Хятаддаа гэлтгүй тив дэлхийн уншигчдын эчнээ танил болсон зохиолч Үй Хуа уншигчдыг уран зохиолын баялаг ертөнцөөр аялуулж, зохиож, туурвихуйн чимхлүүр хэсгүүдийг ч эргэцүүлэн тайлбарлах аж. Өнгөрсөн онд хэвлэгдэн гарч, энэ оны тавдугаар сард Монгол хэлнээ орчуулагдсан тус бүтээлийг Unread номын тухай булангийнхаа ээлжит дугаарт онцолж байна. 

ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ

Зохиолч хүнийг зохиолоор нь танилцуулдаг “Туурвих хичээл”-ээр эхэлье.

Үй Хуа гэгч зохиолчтой танилцсан нь 10-р ангийн Уран зохиолын хичээлийн бие даалтаа хийхээр Цусаа худалдсан тэмдэглэл романыг нь энд тэндээс онгичиж суусан үе. Харин жинхнээсээ уншиж мэдэрсэн нь нэгэн нойр солигдсон шөнө нойлын өрөөндөө нуруугаа чилтэл сууж дуусгасан өнөөх алдарт Амьдрахуй. Амьдрахуй ер нь миний уншиж байсан номуудаас агуулга, уншигчид үлдээх мэдрэмжээрээ хамгийн эсрэгцэл ихтэй нь. Жирэмсэн эхнэрээ хайр найргүй балбах балмад согтуу, харь элгийн хүнд цусаа юүлүүлээд хорвоог орхих хорчийсон жижиг хөвүүн, дийлдэшгүй өвдөлтөө тэнгэрт гэрчлэх цэргүүдийн овоо гээд тэр олон сэтгэл сэндийчэм дүр зургийг алга дүүргэж л дөнгөх жижигхэн номоос нэг дор уншина гэдэг хэцүү. Гэхдээ энэ бүх зовлон зүдгүүр хамгийн сүүлийн хуудас дээрээ ирээд хамхуул болоод хувирчихна. Учир нь түүнээс илүү гачлантай үйл явдал төгсгөлд гэнэт гараад ирсэндээ биш, зовж гүйцэж байсан ч зовлон дундаасаа амьд үлдэхээс өөр утга хайгаагүй тариачны амьдрал өөрөө дотор хөнгөлмөөр.


Зургийг: The Paris Review

Үй Хуаг уншигчид хүний амьдралын элдэв хачиргүй атлаа нарийн нандин хэсгүүдийг чадмаг өгүүлдгээр нь мэднэ. Үүнд дунд сургуулиа төгсөхтэй нь зэрэгцэн Хятадад ид өрнөж асан “Соёлын хувьсгал”-ийн он цаг жинтэй нөлөөлсөн нь гарцаагүй. 1960 онд Жяжян аймгийн Гуанжоу хотод мэндэлсэн тэрээр таван жил шүдний эмчээр ажиллаад мэргэжилдээ дургүйлхэн солихоор шийдэж, 1980-аад оноос бичээчийн замналаа хөөжээ. Түүний олзуурхдгаар энэ цаг үед бүтээл туурвилаа эхэлсэн зохиолчид тун азтай. Учир нь 1978-1982 онуудад нэрд гарсан зохиолчдын бүтээл тухайн үеийнхээ тэр олон сэтгүүлийг дүүргэж дөнгөдөггүй байсан тул сэтгүүлийн редакторууд шинэхэн зохиолчдын бичвэрийг алгасалгүй уншиж, “ирээдүйтэйг нь шүүрэн авдаг” байсан гэнэ.


Зургийг: The Paris Review (Үй Хуа эцэг эх, том ахын хамт 1966 онд)

Ингээд тэрээр Ургац, Шанхайн утга зохиол гээд мэдэж сонссон бүхий л сэтгүүл рүүгээ гар бичвэрүүдээ илгээсээр 1983 онд бүтээлээ хэвлүүлсэн түүхтэй. Энэ үедээ Ясүнари Кавабата, Франц Кафка зэрэг зохиолчдын хүүрнэн өгүүлэх хэв маягаас санаа сэдэл авч, суралцаж явсан тэрээр номын туршид тоймгүй олон зохиолчдыг бидэнд танилцуулна. Өдгөө тэр Зүс борооноор хадах дуун, Вэн хот, Ахан дүүс гээд нийт зургаан романыг туурвиад буй бөгөөд 1994 онд бичсэн Амьдрахуй романаас нь сэдэвлэсэн кино Каннын наадмаас гурван ч шагнал хүртсэн удаатай.


НОМЫН ТУХАЙ

Номын агуулгыг тавхан үгэнд баз гэвэл “Бичээч хүн хэрхэн уншдаг тухай” гэнэ. Зохиолч өөрийн бүтээлүүдийг юу бодож, яаж бичдэг талаараа шуудхан өгүүлэх болов уу гэх хүлээлттэй номоо эхлүүлсэн ч эсрэгээрээ ихэнх хэсэгт бусад өөр зохиолчдын амьдрал, бүтээлийн тухай өгүүлжээ. Энэ нь ч түүний “Зохиолч зохиолчдоо нөлөөлөх нь нарны туяа ургамалд нөлөөлдөг шиг” гэх санаанаас улбаатай биз.


Тэрээр өөрийн бүтээлүүдийн тухай ердөө хэдхэн хуудсанд дурдах бөгөөд энэ бол түүний зохиолч хүний хувьд яаж бусдын зохиолыг уншдаг, киног нь үздэг тухайгаа хүүрнэсэн бүтээл. Ингэхдээ тэр биднийг Шахерезадагийн Мянга нэгэн шөнийн үлгэр, Булгаковын Мастер, Маргерита хоёр, Мо Янийн Баясгалан, Бруно Шульцийн Шувуу, Фолкнэрийн Уош, Кафкагийн Цайз-аар тухтай гэгч аялуулав. Хамгийн чухал нь олон өртөө дамжих зугаатай аялалаас илүүтэй өртөө бүр өөрийн гэсэн хичээлтэй нь аж. Өгүүлэмжийг хөгжүүлэх этгээд арга барил, өөрсдийн бий болгосон “сонгодог дүр”-д өмчирхөх уншигчдын сэтгэл зүй, зүйрлэл ба зүйрлүүлэгчийн хил хязгаар, зохиолчийн дотоод зөрчлийг бүтээл туурвилаас нь онилох логик, дүрийн сэтгэл зүйг хүүрнэхийн адармаа, ихэсгэл, багасгал, төсөөтэй зүйл дээр эсрэгцэл үүсгэх мэх гээд маш гярхайгаар барьж авч, тайлбарласан олон шинжлэл нь “Туурвих хичээл”-үүд.


Сонирхолтой нь, Үй Хуа энэ ажиглалтуудаа өгүүлж буй нь тун бие даасан, эрх чөлөөтэй. Яг л эшлэсэн зохиолчидтойгоо уулзаж, он удаан жил нөхөрлөсөн мэт бүтээлүүдийг нь задалж, өмнөөс нь тайлбарлаж буй гэлтэй. Уншигч миний ойлгосноор энэ нь бас нэг туурвих хичээл. Учир нь тухайн таамаглал, эргэцүүлэл хэр алдаа мадаггүй, баримтын хувьд оновчтойд хэт санаагаа чилээлгүй Үй Хуа яг Үй Хуагийн л харах өнцөг, үнэт зүйлс, барьж авсан санаанд эзэн болсон учир уншигч ч үүнээс илүүг шаардахгүй, тэр олон “танихгүй” зохиолчдоор дамжуулж Үй Хуатай жинхэнэ утгаараа танилцах боломж бүрдэх шиг санагдлаа. Тэгэхээр “бичээч хүн хэрхэн унших тухай” нь эцэстээ зүгээр л “хэрхэн бие даан унших тухай” юм байна гэж ойлгосон.


ХЭН УНШИХ ВЭ?

Уран зохиолд шимтэгсэд
Номын туршид олон шинэ бүтээлтэй танилцана. Зохиолч ч тэдгээрээс цул цул хэсгээр нь гамнах юмгүй эшлэж, тэдгээрийгээ нямбай гэгч тайлбарлах нь сонсож ч байгаагүй зохиолоо нэвт шувт мэддэг болчихсон юм шиг мэдрэмж төрүүлнэ. Хэдий тийм ч өмнө нь уншиж, сонсож байсан зүйлсийн тухай ярихад цаанаа урамтай. Анзаарч байгаагүй деталь, зангилааны учрыг олно, заримыг нь шинээр ойлгож авна. Тиймээс хэрэв та уран зохиолд шимтэгч бол Үй Хуагийн дурдах тэр олон өгүүллэг, тууж, роман дундаас мэддэг бүтээл, туурвилтайгаа бишгүй тааралдах тул энэ уншлага их амттай байх болов уу.

Туурвих хүсэлтэнгүүд
Бичээч, нийтлэлч гэлтгүй уншигчийн өнцгөөс ч өмнө нь анзаарч байгаагүйгээ гайхаж, олзуурхмаар санаа, аливааг хүүрнэн өгүүлэх, дүр хөгжүүлэх чимхлүүр техникүүдийг нэг дор дэлгэсэн тул бүтээх, туурвих хүсэлтэй хэн бүхэнд санал болгоно. Зохиолч яг нэг л арга барилыг тулгалгүй олон өөр урсгал, бичлэгийн хэв маягийг судалснаа хуваалцах тул өөрт хамгийн тохирохыг “шилж, сонгох” боломжтой.


Зүгээр л сониучирхагсад
Нэрнээсээ авхуулаад зөвхөн зохиолч, туурвигчдад зориулсан ном юм шиг санагдавч угтаа баялаг олон бүтээл дэх шинэ соргог санаа, эргэцүүллээр нэг сайн цатгах ном бол энэ. Уран зохиолын бүтээл туурвих нь тусдаа мэргэшил, салбар байж болох ч уран зохиол бол хүн бүрийн сэдэв. Уншигч миний бие ч бичихүйн тухай тунгаах ажлын хажуугаар номд дурдагдах зохиолуудын үйл явдалд автсан шигээ ихэнх хэсгийг нь элээсэн. Тиймээс зүгээр л сор бүтээлүүдээс хэсэгчилж сонирхох, үйл явдлыг нь тунгааж оюунаа хөгжөөхийг хүсвэл заавал уншаад үзээрэй. Бүр унших шинэ номоо хайж байгаа нэгэнд ч хэрэг болох вий.

УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Амьдрахуйг нэг суултаар уншсан шиг энэ номны ард ч ганц уншилтаар гарснаа анзаараад Үй Хуаг ер нь өдөрт нь дуусгадаг уламжлалтай болох нь уу гэтэл Цусаа худалдсан тэмдэглэлийг тэгж чадаагүйгээ саналаа. Ер нь зохиолчийн энгийн, уншууштай атлаа хурц, соргог дүрслэлээр дүүрэн бичиглэл бүтээлүүдийг нь уншихад тун амархан болгодгийг энэ ном дахин мэдрүүлэв. Түүний бусад романыг ч уншиж, “Туурвих хичээл”-үүдийг хэрхэн хэрэгжүүлснийг сонирхмоор санагдсан. Бас энэ номын дараа унших зүйлсийн жагсаалт сунжирлаа. Илүү их уншъя, бичье гэх хүсэл төрүүлсэн ном байлаа.