Өмнөх шөнө нь хорвоо дэлхийн хов живээр дүүрэн "болсон болоогүй" олон бичлэг үзээд оройтож унтсаны маргааш би гэдэг хүн үд дунд өнгөрөөж сэрээд өөртөө учиргүй гэмшив. Хичээл ном, ажил төрөл ихтэй, нэмээд хаврын урт шар өдрүүд нойрмог нозоорсон мэдрэмжээр дарж байгаа ийм үед өөрийгөө амраахын оронд утсаа оролдоод хамаг эрч хүчээ хумсалчихсан санагдаад болдоггүй...

Тийнхүү сэтгэл санаа тавгүй "нөхөр" өглөөний цайгаа ууж суугаад нэгэн бичлэг олж үзсэн нь Burii University-гийн 106/365 ХОНОГИЙГ ГАР УТСАНД нэртэй бичлэг байлаа. Энэ бичлэгт өгүүлснээр бол бид маш их цагийг утсандаа хий дэмий зарцуулах болсон, гэтэл хүн ер нь хааяа даа юу ч хийлгүй зүгээр суух, уйдах хэрэгтэй байдаг гэнэ. Энэ талаар сонсоод миний бие долоо хоногийн турш "уйдах"-аар сэтгэл шулуудсан юм. Харин ямар үр дүн ажиглагдсаныг нийтлэлийн төгсгөлд та бүхэнтэй хуваалцъя. 

Үүний өмнө эхлээд уйдах талаар багахан ойлголтыг багцалж авъя!

Бид яагаад уйддаг вэ?

Ажил, хичээл хийх гэх мэт бодох эргэцүүлэх шаардлагатай хүндхэн даалгавар биелүүлэх үедээ эсвэл найз нөхөд танил дотнын хүмүүстэйгээ ид сайхан "буу халж" суухад хүнд уйдах мэдрэмж барагтаа бол төрдөггүй гэнэ. Харин ингэж дуусаад үргэлжлүүлэн тархиа зугаацуулах арга саам хайж эхлэх нь уйдах шалтгаан болдог байна.

Зурагт, гар утас зэрэг ухаалаг төхөөрөмжүүд гараагүй байх цагт хүүхдүүд гүйж харайж, гадаа тоглонгоо уйдаагаа гаргадаг байсан бол одоо хэн хүнгүй электрон төхөөрөмжүүдтэй нөхөрлөх болжээ. Судалгаанд дурдсанаар, уйдах мэдрэмж гэдэг нь "Одоо наадах чинь хэрэггүй ээ. Өөр юм бодож олоорой" хэмээн тархинаас өгч буй дохио бөгөөд ингэснээр бидний тархи санаа сэдэл эрэлхийлж эхэлдэг аж.



Уйдах ашигтай юу?

Харин ийм сиймхий гарав уу, үгүй юу цагийг зугаатай өнгөрүүлэхэд хамгийн сайн тусалдаг хэрэгсэл нь өдгөө гар утас болоод байгаа билээ. Тийм ч учраас захиалсан хоолоо хүлээнгээ, зам дээр түгжрэнгээ, урт дараалалд зогсонгоо, ер нь хийх зүйлгүй үедээ гар утсаа оролдох хүмүүсийг бид хаа сайгүй харж болно. Тэгээд л утсаа хэсэг гүйлгэж байгаад нэг сэхээ авахад цаг хугацаа талийж өгсөн байдаг биз дээ? Гэтэл үүний дараа сэргэх биш харин ч ядарсан, бүр заримдаа дотор муухайрч, толгой эргэсэн байдаг нь хачирхалтай.

Сэтгэцийн эмч Ашок Шешадригийн тайлбарласнаар, анхаарлаа бүрэн төвлөрүүлж ажиллахад бидний тархи их хэмжээний энерги зарцуулдаг бөгөөд харин үүний дараа хэвийн байдалдаа эргэн шилждэг байна. Энэ үеэр бидний тархи сурч мэдсэн, ухаарч ойлгосон зүйлсээ багцалж, ой ухаандаа хадгалдаг гэнэ. Ийнхүү тархи амрах зуур бодож эргэцүүлэхийн сацуу зарим нь шийдэлгүй "таг" гацсан элдэв асуудалдаа хариулт олдог тул уйдах нь бүтээлч байдалд нөлөөлдөг гэж үзэх судлаачид ч бий. Тэгэхээр хэрэв ямар нэг асуудал үүсвэл шийдэл хайж улайрахын оронд зүгээр л хэдэн минут завсарлага авчихвал шийдэл нь өөрөө олдож ч мэдэх юм.

Тэгэхээр уйдах цагаараа юу хийхээс л түүний үр ашиг илүүтэй тодорно гэсэн үг. Энэ тохиолдолд судлаач Данкерт "Гүнзгий амьсгаа аваад, "За, би уйдаж байна. Яагаад уйдаж байгаагаа мэдэж авъя. Тэгээд юу хийвэл дээр вэ гэдгээ олъё" хэмээн бодохыг зөвлөсөн байдаг.

Тэгвэл юу хийх вэ?

Сэтгэцийн эмч Ашок Шешадри дараах аргуудыг зөвлөжээ.

Ажил амралтаа зохицуулах: Хийх юмтай, түүндээ дур сонирхолтой байна гэдэг сайн хэрэг. Гэвч тэр бүрд тодорхой хэмжээний завсарлага авч тархиа цэнэглэж байх хэрэгтэй. Ийнхүү ажил, амралтыг тэнцвэржүүлэх нь бүтээлч сэтгэлгээнд эерэгээр нөлөөлдөг.



Агаарт гарах: Уул, ус, байгаль дэлхийтэйгээ ойр байх нь уйтгараас ангижрах хамгийн сайн арга болно.

Шинэ зүйл туршиж үзэх: Шинэ хобби сонирхолтой болоорой. Бидний эчнээ танил болсон уламжлалт “хобби”-нуудаас гадна тренд болоод байгаа нэхэх хатгах, хайчилбар цомог хийх, маникюр сурах, код бичих, нүүр будалт зэргээс сонирхон туршиж үзэхийг зөвлөж байна.



Өнгөрснөө санан дурсах: Нас ахих тусам өнгөрсний талаар дурсан санагалзах нь нэмэгддэг. Энэ нь ч хэвийн үзэгдэл байдаг гэнэ. Харин хэт ихээр бодох, түүнээсээ болж сэтгэл санаагаар унаад байвал өөр зүйлд анхаарлаа хандуулахыг зөвлөсөн байна.

Миний туршилт

Миний бие ажил хичээлийнхээ завсарт шаардлагатай тохиолдол биш л бол утсаа ашиглахгүй байхаар тогтож, долоо хоносон бөгөөд үүний үр дүнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсныг юун түрүүнд цохон тэмдэглэе.

Ингэхдээ ямар нэгэн онцгой арга ашиглаагүй. Гараа утас руугаа явуулах бүрдээ ямар зорилгоор яах гэж байгаагаа ухамсартай бодож, онцын шаардлагагүй бол цаг хараад өнгөрч байв. Энэ үед утас авахаар гараа сунгадаг хөдөлгөөн рефлекс шахуу болсныг мөн анзаарсан юм.

Үр дүнд нь гар утасны Screen time өдөрт дунджаар 5-6 цаг байснаа 2-3 цаг болж буурсан бөгөөд харьцангуй бага ядарч, өглөө илүү эрч хүчтэй сэрэх болсон нь энэ туршилтын хамгийн чухал нөлөө байв. Түүнчлэн шөнийн нойрыг сайн авч, нойрмоглох, нозоорох нь багасаж, сэргэг идэвхтэй байснаар хичээлээ илүү сайн ойлгож, сэтгэл санаа тайван, тогтвортой байснаас гадна олон зүйл амжуулахад тустай байлаа. “Уйдах” туршилтын үр дүнд олон ажил амжуулсан гэхээр сонирхолтой байгаа биз?

Цаашлаад гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөж, аливааг ажиглах, эргэцүүлэх боломж нэмэгдсэн нь эргээд энэ нийтлэлийг бичих сэжим болов.

Сонирхвол та ч мөн хэрэгжүүлж үзээд, бидэнтэй үр дүнгээ хуваалцаарай!