Албан байгууллагууд баяр ёслол, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан харилцагч байгууллагууддаа бэлэг өгөх нь хамтын ажиллагаагаа бататгах, харилцаа холбоогоо сайжруулахад чухал нөлөөтэй. Мөн зарим тохиолдолд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах маркетингийн хэрэгсэл болдог билээ. Шинэ жилийн баяр дөхөж буй энэ цаг үед бид бизнес бэлгийн соёлын чиг хандлага, үнэ цэнийн тухай онцлон бэлтгэлээ.  

Бэлэг өгөх соёл

Бизнесийн орчинд харилцагч байгууллагууд хоорондоо бэлэг солилцох соёл хамгийн анх 1960 оноос АНУ-д дэлгэрч, Европын орнуудаар түгжээ. Өдгөө зөвхөн АНУ-д гэхэд бизнесийн харилцагчдад чиглэсэн бэлгийн зах зээл 125 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь энэ соёл хэчнээн чухлыг бэлхнээ харуулж байна.

Бэлэг захиалгын үйлчилгээгээр дагнасан "Knack" компани 1000 гаруй компанийг хамруулсан дэлгэрэнгүй судалгаа хийж, байгууллагуудын харилцагч нартаа өгдөг гарын бэлэг хэр үр дүнтэйг судалжээ. Судалгаанд оролцогсдын 57 хувь нь харилцагчаас өгсөн бэлэг тухайн байгууллагын тухай эерэг болон сөрөг сэтгэгдэл тогтоход чухал нөлөөтэй хэмээн хариулсан байна. Харилцагчийн бэлэг бол бусадтай холбоо харилцаагаа сайжруулах, маркетингийн сурталчилгаа хийх чухал зүйл гэдэгтээ санал нийлсэн хэрэг юм.

Залуу захирлуудын хувьд ихэнх нь ирсэн бэлгэнд талархлаа илэрхийлж, зургийг нь даран сошиал орчинд бусдад хуваалцах хандлагатай байдаг ажээ. Мөн удирдах түвшний албан хаагчид харилцагчийн бэлэгт ихээхэн ач холбогдол өгдөг болох нь ажиглагджээ. Тэдний 94 хувь нь гарын бэлэг итгэлцэл, хүндлэлийн чухал илэрхийлэл болдог төдийгүй хамтын ажиллагаа, бизнес цааш амжилттай явах эсэхэд багагүй нөлөөлдөг гэж хариулсан байна.

Харилцагчийн гарын бэлэгт хэр их зардал гаргадаг бол?
Манай улсад энэ төрлийн зардлыг тооцоолсон судалгаа одоогоор байхгүй тул бизнес бэлгийн соёл хамгийн өргөн түгсэн АНУ-ын судалгааг сонирхсон юм. Тус улсын хувьд нэг компанийн удирдлагад 50-150 ам.долларын үнэ бүхий бэлэг бэлдэх нь хамгийн боломжит зардал хэмээн үздэг байна. Гэвч энэ төрлийн бэлэг нь илүү үнэтэй байх тусмаа биш тодорхой үнэ цэн, утга учрыг илэрхийлж чадсан эсэх хамгийн чухал үзүүлэлт болдог ажээ.

Логотой бэлэгний тухай эргэцүүлэх нь

Ихэнх компаниудын хувьд өөрсдийн логотой бэлэг дурсгалын зүйлс бэлдвэл илүү зохимжтой гэж үздэг. Гэвч дээрх судалгаагаанд оролцсон компаниудын 30 хувь нь л өнгөрсөн онд логотой бүтээгдэхүүн явуулжээ. Нөгөө талд бэлэг хүлээн авсан компаниудын ердөө 15 хувь нь л логотой бэлэг таалагдсан хэмээн хариулсан байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд энэ төрлийн бэлэг тийм ч тохиромжтой сонголт биш болжээ.

1000 гаруй компанийн ажилчдыг хамруулж, тэднээс юу авахыг хүсдэг болохыг асуухад бэлгийн карт, вино, хоол хүнс зэргийг хамгийн түрүүнд нэрлэжээ. Харин компанийн логог бичсэн элдэв хямд материалтай бүтээгдэхүүн, цэцэг, түлхүүрийн оосор, үзэг, аяга зэрэг нь жагсаалтын хамгийн сүүлд орсон байна.

Харилцагч байгууллагууд дор хаяж нэг удаа тааруухан бэлэг авч байсан тухайгаа судалгаанд хариулахдаа дурджээ. Тухайлбал, бэлгийн утга учир, өгсөн зорилго нь тодорхойгүй эсвэл хэт хямд материалаар хийсэн тохиолдолд сөрөг мэдрэмжтэй үлддэг аж. Тиймээс харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бэлэг очих эзний нэрийг тодорхой бичих, талархлын үгтэй захидал бичих зэрэг зөвхөн өөрт нь зориулсан гэж мэдрүүлэх нь илүү таатай сэтгэгдэл төрүүлдэг байна.

Зөвхөн бэлэг өгөх нь бизнес харилцааг бататгах уу? 

Бэлэг хүргүүлэх, солилцохын эцсийн зорилго нь бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдний хооронд итгэлцэл бий болгох юм хэмээн "Forbes" сэтгүүлд онцолсныг энд дурдъя. Гэхдээ энэ үйл явц зөвхөн гарын бэлгээр дамжуулан хэрэгжих албагүйг олон компанийн жишээ харуулсаар байна. Дэлхийн олон оронд цар тахал нүүрлэж, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед байгууллагууд цаг үеэ мэдэрч, биет бэлэгт зарцуулах төсвөө сайн дурын ажилд зориулах болжээ.

Нийгмийн сайн сайхны төлөөх компанит ажлуудаараа уриалга гаргаж, сайн сайхных төлөөх үйлсэд үлгэр жишээ болж буй байгууллагууд олширсоор байна. Тухайлбал, "Юнител" группийн хувьд энэ жил шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хэв маягаа өөрчилж харилцагчдадаа биет бэлэг өгөхөөс илүүтэй дижитал бэлэг илгээж эхэлжээ. Дижитал бэлгээр дамжуулан хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг доорх гурван байгууллагад бэлэг өгөх сонголтыг санал болгосон л Монголын бизнесийн орчинд тун шинэлэг шийдэл болов. Харилцагч нарын гар утас болон мэйлээр сайн дурын уриалгад нэгдэх линк очих бөгөөд тухайн ирсэн холбоос дээр сонголт хийснээр хандив өгч, бусдад хайр халамж, аз жаргал түгээх юм.

Энэ хүрээнд Хүүхдийн төв сувилал, Монголын гимнастикийн холбоо, “Гэгээн ирээдүй” хүүхэд хөгжлийн төв зэрэг хүүхдийн хөгжил, өсөх ирээдүйд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд тохижилт болон нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр бэлэг барьж бяцхан хүүхдүүдийг баярлуулах боломжтой. Хүүхдийн төв сувилалд гэхэд унтлагын өрөөний тохижилт, гимнастикийн төвд заалны агааржуулалтын системийг цогцоор нь шийдэхэд туслах боломжтой бол “Гэгээн ирээдүй” төвийн хувьд тархины саажилттай хүүхдэд зориулсан тусгай хэрэгцээт тоног төхөөрөмжийг бэлэглэж болох юм.