Улаанбаатарын цагаар урьд шөнө “Хуанг хусууллаа.”

Долоо хоногийн өмнөхөн АНУ-ын гэлтгүй дэлхийн хөрөнгийн зах зээлийн Алтан гадас гэгдэж байсан Женсен Хуанг гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буув. Тэрээр хоёр ч эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан нь ил болсноор Nvidia дахь карьертаа цэг тавьж байгаа нь энэ. Ж.Хуанг 33 жилийн туршид Nvidia-гаа удирдахдаа нэгж хувьцааны ханшийг нь 700 мянган хувь өсгөсөн юм. Энэ бол түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт. Харамсалтай нь түүний бизнесийн бахдам амжилт энэ хүрээд мухардлаа.


ЮУ БОЛОВ?

2026.10.29: The New York Times Женсен Хуангийг хятадын тагнуул байж болзошгүй Алис Хуанг гэх эмэгтэйтэй дотно харилцаатай байсан талаар мэдээлэв.

2026.11.08: Женсен Хуанг гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, эхнэртээ үнэнч бус байсныхаа төлөө уучлалт хүсэв. Үүний зэрэгцээ компанийн ТУЗ хараат бус шалгалт эхлүүлэв.

2026.11.09: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ асуудлыг Холбооны мөрдөх товчоо (FBI) шалгаж байгаа гэж мэдэгдэв. Харин БНХАУ-ын гадаад хэргийн яамны зүгээс тагнуулын үйл ажиллагаатай холбоотой хэргийг эрс эсэргүүцэв.

2026.11.11: The New York Times дахин Женсен Хуангийг компанийн удирдах албан тушаалтантайгаа гэр бүлээс гадуурх харилцаатай байсныг 5 эх сурвалж баталсан хэмээн мэдээлэв.

2026.11.12: Nvidia-гийн ТУЗ ээлжит бус хурал зарлаж, Женсен Хуангийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргав.


Түүний ажлыг тус компанийн санхүү эрхэлсэн захирал, дэд ерөнхийлөгч Колетт Кресс түр орлон гүйцэтгэхээр болсон. Мөн ТУЗ-ийн даргаар Synopsys-ийн удирдах албан тушаалтан асан 73 настай Харви Жонс томилогдов. Ингэснээр тус компаний албан ёсоор анх удаа ТУЗ-ийн даргатай боллоо.

Дэлхий нийтийг доргиосон уг хэрэг Женсен Хуангийг ажлаа өгсөн ч намжих шинжгүй байна. Учир нь түүнийг гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэх асуудал одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Уг асуудлаар ирэх долоо хоногт Хуанг АНУ-ын Конгрессын өмнө хаалттай сонсголд оролцоно. Үүгээр тус улсын үндэсний аюулгүй байдал, экспортын хориг зөрчигдсөн эсэх асуудал хөндөгдөх юм.

200 ДОЛЛАРТОЙ ЭХЭЛСЭН КАРЬЕР

33 жилийн өмнө Калифорний мужийн Сан-Хосе хотын Denny's гэх ресторанд гурван инженер уулзаж, технологийн сонин, сайхнаа хуваалдаг байж. Тэдний сонирхол, алсын хараа нийцсэн тул хамтран компани байгуулахаар шийджээ.

Тухайн үед хувийн компьютерын хэрэглээ нэмэгдэж, видео тоглоомын график дүрслэлийн чанартай сайжирч байв. Гэвч энэ нь компьютерыг хэт их ачаалуулах шалтгаан болдог байсан юм. Уг асуудлыг шийдэх гаргалаа Nvidia-ийн үүсгэн байгуулагчдын тархинд нуугдаатай байж.

Гэвч эхний зургаан сар тэдний гараас юу ч гарсангүй. Хуанг хувьцааны үнэлгээний талаар зөвлөгөө авахаар хуулийн фирмд хандтал урдаас нь танай дансанд хэр хэмжээний хөрөнгө байгааг асуужээ. Үнэндээ тэдэнд хөрөнгө байтугай данс ч байсангүй. Ингээд өөрт байсан 200 доллароор компанийнхаа анхны дансыг нээжээ. Энэ талаар Хуанг “Хэрвээ би тэр үед аюсан бизнесийн номуудаа уншсан бол хэдхэн сарын дараа дампуурах байсан байх” хэмжээн ярьсан байдаг.


200 доллароос эхэлсэн түүний компани 33 жилийн дараа 5,5 их наяд долларын үнэлгээнд хүрч түүхэн рекорд тогтоосон юм. Мөн энэ жилийн орлого 400 тэрбум долларт хүрэх төлөвтэй байгаа. Энэ тоо дөрөвхөн жилийн өмнө 26 тэрбум доллар байсан юм. Харин Хуангийн өөрийнх нь хөрөнгө өнөөдрийн байдлаар 138 тэрбум доллароор үнэлэгдэж байна.

ТОГЛООМ, БИТКОЙН, AI: ӨСӨЛТИЙН ГУРВАН ЦИКЛ

20-р зууны сүүлийн жилүүдэд 21-р зуун мэдээлэл, технологийн эрин болох нь юу юунаас илүүтэй тодорхой байв. Өнөөдөр хиймэл оюун ирээдүйн эдийн засгийн гол хөдөлгүүр болно гэж буйтай агаар нэг.

Мэдээлэл, технологид суурилсан дижитал ертөнцийг бүтээх хамгийн чухал зүйл нь тооцоолох хүчин чадал гэдгийг Nvidia бусдаас эрт олж харжээ. Тэд тооцоолох төв процессорыг (CPU) орлох бус, олон тооны тооцооллыг зэрэг гүйцэтгэх чадвартай график процессорыг (GPU) хөгжүүлснээр технологийн салбарт өөрийн эзэнт гүрнийг байгуулах замналдаа орсон юм. Үүнийгээ ажиллуулах системийг 2006 онд CUDA нэрээр нэвтрүүлэв.

Nvidia-гийн өсөлтийн циклийг видео тоглоом, криптовалют, хиймэл оюун гэсэн гурван хэсэгт хувааж болно.

Тэдний анхны шийдэл тоглоомын дүрслэл, тооцоолох хүчин чадлыг нь сайжруулах байв. Тэр нь биелж, Geforce нь тоглоомчдын дунд хамгийн алдартай график карт болж, RTX технологиор гэрлийн ойлт, сүүдэр тусгалд онцгой шинэчлэлт авчирч чадсан. Сүүлийн жилүүдэд DLSS технологи нь хиймэл оюунаар дүрсийг сэргээн боловсруулж, тоглоомын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх шинэ боломжуудыг олгож байна. Тэдний энэ бизнес нь жилийн 16 тэрбум долларын орлого олдог болжээ.


Nvidia-гийн өсөлтийн хоёр дахь давлагаанд биткойн чухал нөлөөтэй. 2017 онд криптовалюын ханш огцом өсөж дэлхий даяар өндөр хүчин чадал бүхий график картыг эрэлт нэмэгдсэн. Криптовалютыг олборлож, урамшуулал авахын тулд асар олон тооны математик тооцоолол гүйцэтгэх ёстой болдог. Энд Nvidia-ийн график карт хамгийн шилдэгт тооцогдож байв.


Сүүлийн бөгөөд хамгийн том давлагаа нь мэдээжийн хэрэг хиймэл оюуны их түрэлт. Энд нэг сонирхолтой түүх байдаг нь 2016 онд ChatGPT-ийг бүтээгч OpenAI анх байгуулагдаж байхад Хуанг анхны супер компьютероо бэлэглэж байжээ. OpenAI үүний тусламжтайгаар эхний судалгаануудаа амжилттай хийсэн нь ChatGPT төрөн гарах суурь шалтгаануудыг нэг болсон юм.

2022 оны 12-р сард ChatGPT гарч дэлхий нийтэд шинэ оюуныг ажиллуулах дэд бүтэц шаардлагатай болж эхэлсэн. Түүнийг ажиллуулах, сургахад мэдээж Nvidia-гийн график карт ус агаар мэт дутагдаж байв. Томоохон компаниуд тэдний график картыг урьтаж авахын тулд урт дараалал үүсгэдэг болов. Энэ нь тэднийг дөрөвхөн жилийн дотор технологийн ертөнцийн гол дүр болгосон юм.

NVIDIA ДЭЛХИЙН ТӨВ БОЛСОН НЬ

Хиймэл оюуны их тэсрэлт Nvidia-гийн гарт “тооцоолох хүчний ноёрхол” гэгч хүчирхэг шидэт дохиурыг атгуулсан юм. Тэд хамгийн их орлогыг олж ашгийн хувь нь 70 хувийг давав. Өдгөө тэд хиймэл оюуны чипний зах зээлийн 90 гаруй хувийг дангаараа эзэлж буй бөгөөд тэдний ардаас Хуангийн үеэл Лиса Сүгийн AMD нэхэж байна. Мөн Alphabet, Microsoft өөрсдийн чипний загвараа хөгжүүлж эхэлсэн ч өргөн хэрэглээнд нэвтрээгүй байгаа юм.

Хиймэл оюуныг ажиллуулахад асар их хэмжээний тооцоолол хэрэгтэй. Үүний цаана хэдэн өндөр бүхий хүчин чадал бүхий чипээр тоноглогдсон дата төвүүд бий. Уг дэд бүтцийг бий болгохын тулд компаниуд байдгаа барж байна. Ирэх жилүүдэд тавхан компанийн (Microsoft, Amazon, Alphabet, Oracle, Meta) дата төвийн зардал 3 их наяд долларт хүрэхээр байна. Энэ нь Nvidia-гийн чипний эрэлт улам бүр нэмэгдэнэ гэсэн үг.


Компаниудаас гадна улс орнууд хиймэл оюуны дэд бүтцэд анхаарлаа хандуулж байгаа. Учир нь энэ технологи хэдхэн жилийн дараа эдийн засгийн гол хөдөлгүүр болох нь тодорхой юм. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 500 тэрбум долларын санхүүжилт бүхий Stargate төслийг зарласан бол БНХАУ ч мөн 300 тэрбум долларыг зарцуулахаар байна.

Эдгээрээс гадна Nvidia олсон орлогоо экосистемийн тоглогч нарт хөрөнгө оруулсаар ирсэн тэдний суурийг улам бат болгожээ. Тэд сүүлийн 4 жилийн хугацаанд 90 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүгээрээ тэд экосистемийг бүрэн атгах хэмжээнд ирсэн гэж хэлж болно.

Цаашид ч тооцоолох системийн хэрэгцээ өснө. Nvidia-гийн дараагийн бай бол жолоочгүй автомашин, робот, автомат үйлдвэрүүд юм. Эндээс харахад тэдний өсөлтийн хурд саарах шинжгүй байна. Nvidia өнөөгийн болон ирээдүйн хамгийн гол тоглогч учраас хөрөнгө оруулагчид Хуангийн алсын хараад итгэсээр ирсэн. Тэр ч утгаараа Nvidia 2022-2025 онд S&P500 индексийн нийт өсөлтийн 11-22%-ийг дангаараа бүрдүүлжээ. Энэ бол урьд хожид байгаагүй том нөлөө юм.

NVIDIA ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ?

700 мянган хувийн өсөлтийг авчирсан Хуангийн ажиллах арга барил тун сонирхолтой. Тэрээр том зууван хэлбэртэй ширээний ард суун 60 хүний бүрэлдэхүүнтэй багаа удирддаг гэнэ. Удирдлагын багийнхан түүнд “хамгийн чухал таван зүйл” гэсэн и-мэйлийг илгээдэг аж. Үүнийг нь Хуанг өдөр, шөнийн аль ч цагт уншин хариу өгдөг байна.

Nvidia-г удирдсан 33 жилийн хугацаандаа тэрээр компанийнхаа том, жижиг бүх ажилд гар бие оролцсоор иржээ. Мөн тэрээр маш чадварлагч хэлэлцээрч бөгөөд стартапын үүсгэн байгуулагчид, төрийн тэргүүд, олон улсын байгууллага гээд бүх түвшний хүмүүстэй найрсаг харьцсаар ирсэн.

Үүнээс илүүтэйгээр түүний олон нийтийн дунд биеэ авч яваа байдал нь олны хайр хүндэтгэлийг хүлээх болсон шалтгаануудын нэг. Хэнтэй ч байсан энгийн, элгэмсэг, чөлөөтэй харьцаж чаддаг нь түүнийг зөвхөн технологийн салбарын бус дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болгосон юм.

Гуравхан жилийн өмнө Хуанг 11 мянган хүнтэй танхимыг дүүргэж технологийн салбарын “Тайлор Свифт” гэх хоч хүртэл зүүж байв. Түүний илтгэлийг салбарын инженерүүд чих тавин сонсож нижгэр алга ташилтаар үддэг байсан цаг саяхан.

ЦААШИД ЮУ БОЛОХ ВЭ?

Хуангийн ажлаасаа халагдсан тохиолдол компанийн засаглал ямар чухал гэдгийг харуулсан тод жишээнүүдийн нэг боллоо. “Key man risk” буюу түлхүүр тоглогчийн эрсдэл ихэнх компанид тохиолддог зүйл. Гол нь үүнийг зөв менежмент хийн дараагийн үе рүүгээ цаг алдалгүй шилжих нь чухал. Дараагийн гүйцэтгэх захиралд Коллет Кресс, Иан Бак, Тим Күүк тэргүүтэй олон нэрс дуулдаж буй. Яг одоо Nvidia-гийн “Хаан ширээний тоглоом” дөнгөж эхэлж байна.

Харин 33 жил дэлхийг байлдан дагуулсан Ж.Хуангийн аялал энд өндөрлөж байна. Түүнд “Баяртай” гэж хэлэх хэрэгтэй боллоо.