“НҮБ-ын Залуу төлөөлөгч - Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хэмжээд Хас” төслийн хүрээнд иргэн бүрийн өөрсдийн амьдралдаа бий болгож буй хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох платформ хөгжүүллээ.
Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг таниулах, байгаль орчноо хамгаалж тогтвортой хөгжлийг цогцлооход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Тайлбарлах нь
Дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлын тухай бидний мэдэх ёстой олон зүйлс бий. Энэ бол тэртээ Киотогийн протоколоос СОP уулзалтууд дамнасан хамгийн халуун сэдэв болж, хүн төрөлхтний нийтээр анхаарах чухал асуудал болов.
Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн 0.05 хувийг бүрдүүлж буй ч нэг хүнд ногдох хэмжээгээрээ хамгийн өндөр орнуудын тоон багтаж, цаашид өссөөр байгаа нь базаахгүй мэдээ юм. Гэхдээ бид нэг хүний үзүүлж чадах нөлөөлөл, үр дүнг чамлах учиргүй.
Та амьдарч буй орчин, өдөр тутмын дадал зуршил, үйл ажиллагаанаасаа хэр их хүлэмжийн хий ялгаруулах үйлдэл, шийдвэр гаргадаг бол? Та хэрэглээнийхээ юуг илүү танах, хэмнэх, эсвэл солих хэрэгтэйгээ мэдэх үү?
хэмжээд хас
co2
Бусад олон оронд иргэдийнхээ өдөр тутмын амьдрал дахь хүлэмжийн хий ялгарлыг тооцоолох янз бүрийн апп, вэб сайт хөгжүүлснийг сонирхож болно. Тэд тооцооллыг гаргахдаа тухайн улс орны хэрэглээний төрөл бүрийн дата ашиглан хэмждэг юм.
Тэгвэл манай улсад энэ төрлийн тооцоолол монгол хэл дээр гараагүй тул иргэдийн энэ талаарх ойлголтыг сайжруулах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэдэл ухамсрыг бий болгох зорилгоор бэлтгэн хөгжүүллээ.
Энэхүү тооцооллыг Дэлхийн Банкны Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тооцоо судалгаа, тайланд үндэслэн гаргасан.
Та өөрийн өдөр тутмын амьдралын хэв маяг, дадал зуршилтай холбоотой 10 асуултад хариулж, нэг жилд хэчнээн тонн хүлэмжийн хий ялгаруулах үйлдэл, шийдвэр гаргаж буйг тодорхой мэдэх боломжтой.


Ингээд 10 асуултад хариулсны төгсгөлд нь та өөрийн өдөр тутмын дадал, үйл ажиллагаанаасаа нэг жилд гаргаж буй хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг мэдэх боломжтой. Монгол Улс болон БНХАУ, АНУ-ын дундаж тооцоололтой харьцуулж болно.
Мөн бид таны нэг жилд гаргаж буй CO2-ын хэмжээг бууруулахын тулд жилд хэдэн мод тарих шаардлагатайг тооцоолно.


Сэтгэгдэл бичих

