Хэл орчуулгын зах зээлийн үнэмлэхүй аварга Google Translate-тэй ChatGPT Translate өрсөлдөхөөр боллоо. OpenAI, Google-ийн өөр нэгэн монопол зах зээлд шинэ бүтээгдэхүүнээ нэвтрүүлж буй нь энэ. Хачирхалтай нь тус компанийн зүгээс ямар нэгэн албан ёсны мэдэгдэл, нийтлэл огт гаргасангүй. Зүгээр л шууд домайнаа ил болгов. Бид ил болсон өдрөөс нь хойш 20 жилийн түүхт, өдөрт 100 тэрбум гаруй үг орчуулагддаг Google Translate-тэй харьцуулж үзсэнээ уншигч танд энэхүү нийтлэлээр хүргэж байна.


CHATGPT TRANSLATE VS GOOGLE TRANSLATE

Гадна үзэмж, хэрэглэх зарчим нь (UI) хоорондоо тун төстэй. Бараг л ялгаа байхгүй гэхэд болно. Зүүн талдаа бичвэрээ оруулах хэсэг, баруун талд нь сонгосон хэлний дагуу орчуулагдсан хувилбар гарч ирнэ. ChatGPT Translate одоогоор монгол хэл дэмждэггүй бөгөөд түгээмэл хэрэглэгддэг 50 гаруй хэл рүү хөрвүүлэх чадвартай. Мөн OpenAI-ийн ямар хэлний том загварт тулгуурлан ажиллаж байгаа нь тодорхойгүй байна. Харин Google Translate 249 хэл дэмждэг.

Google Translate бичвэрээс гадна зураг, файл тэр байтугай вэбсайтыг бүхэлд нь орчуулах чадвартай. Харин ChatGPT Translate зураг, дуу хоолойг орчуулах боломжтой гэж веб хуудсан дээрээ бичсэн боловч одоогоор ажиллахгүй байна. Үүнээс гадна албан ёсны, чихэнд сонсголонтой, академик түвшний, хүүхдэд зориулсан гэсэн дөрвөн өөр орчуулгын хэв маягийг санал болгожээ. Гэвч энэ хэсэг дээр нь дарахад орчуулгын хэлбэрээ өөрчлөх бус шууд үндсэн ChatGPT рүү үсэрч байв.

Орчуулга хийх чадварын ялгааг илүү тодорхой гаргах үүднээс өөр өөр агуулгатай бичвэр ашиглан англи, турк, сонгол хэл дээр туршилт хийж үзлээ.

АНГЛИ ХЭЛНЭЭС ТУРК ХЭЛ РҮҮ

Англи хэлнээс турк хэл рүү орчуулга хийж үзэхдээ технологийн агуулгатай бичвэрүүдийг ашиглалаа. Энэ төрлийн бичвэрийг хиймэл оюунд суурилсан чатботууд ч ойлгогдохуйц байдлаар орчуулж сураагүй байна.

ChatGPT Translate-ийн орчуулгыг ойлгоход хялбар, энгийн үгнүүдийг сонгон хөрвүүлжээ. Энэ нь цаанаа хэлний том загвар (LLM) ажиллуулж байгаатай холбоотой. Өгүүлбэр бүрийн утгыг алдагдуулахгүйгээр, маш сургамгай гэгч нь холбон орчуулжээ. Хиймэл оюунд суурилсан чатботын төдийлөн ашигладаггүй үгийг сонгож байсан нь анхаарал татав. Зарим хэсгийг илүү уян хатан, турк хэлний ярианы хэв маягт нийцүүлэн буулгаж чадаж байсан нь бүр хачирхалтай. Яг ижилхэн текстийг ChatGPT чатбот илүү модон, уншихад төвөгтэй байдлаар оруулж байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Гэхдээ шинжлэх ухааны үг хэллэгийн хувьд хэд хэдэн удаа алдаа гаргаж, заримыг нь шууд англи хэлээр нь өгүүлбэрийн дунд оруулсан байв.



Харин Google Translate-ийн хувьд өгүүлбэрийн бүтцийг эх хувилбараас нь шууд орчуулдаг өөр хэл рүү хөрвүүлдэг сул талтай санагдлаа. Энэ нь орчуулсан хэсгийн агуулгыг ойлгоход улам төвөгтэй болгодгийг уншигч та сайн мэдэх байх. Гэхдээ шинжлэх ухаан болон техник технологийн үг хэллэгийг илүү сурамгай тухайн хэл рүү буулгадаг болжээ.

МОНГОЛ ХЭЛНЭЭС АНГЛИ ХЭЛ РҮҮ

Одоогоор ChatGPT Translate-ийн орчуулах хэсэгт монгол хэл хараахан харагдахгүй байна. Гэсэн ч монгол хэл дээрх агуулгыг ойлгож өөр хэл рүү хөрвүүлж чадаж буй. Тиймээс монгол хэл дээрх нийтлэлүүдийг англи хэл рүү орчуулга хийлгэн туршиж үзлээ. Энэ хэсэгт орчуулгын деталуудыг нь бага зэрэг харьцуулж үзье.

Wikipedia болон Grokpedia-г харьцуулсан нийтлэлийн бичвэрийг орчуулсан жишээ:

Монгол эх дээр "Тус толийг..." гэж бичсэн хэсгийг Google Translate шууд толь бичиг буюу Dictionary гэж орчуулжээ. Энэ бол мэдээжийн хэрэг алдаа. Учир нь Wikipedia бол нэвтэрхий толь (Encyclopedia) болохоос үгсийн тайлбар толь биш. Харин ChatGPT Translate өмнөх өгүүлбэрт Wikipedia-ийн тухай ярьж байгааг ойлгож Dictionary гэж буруу орчуулалгүй, англи хэлний найруулгад нийцүүлэн өөрчилсөн байна.

“Grokpedia мэндэлж…” шинэ бүтээгдэхүүн зах зээл дээр нэвтэрч буйг илэрхийлсэн энэ хэсгийг мөн хоёр өөрөөр орчуулжээ. Google Translate шууд утгаар нь “born” гэх үгийг ашигласан нь технологийн агуулгын хувьд хэтэрхий болхи уншигдаж байна. Харин ChatGPT Translate “Grokipedia emerged” буюу шинэ зүйл үүсэж бий болж байна гэх утгыг гарган бичжээ.

Энэ жишээнүүд дээрээс харахад ChatGPT Translate бичвэрийн илэрхийлж буй агуулгыг ойлгож, түүнийг нь өөр хэлний онцлогт тохируулан хөрвүүлж буй нь харагдаж байна.

ЯАГААД CHATGPT TRANSLATE ГЭЖ?

ChatGPT гэх орчуулга хийх чадвар бүхий чатбот байсаар байтал салангид үйлчилгээ зах зээлд нэвтрүүлж буйн шалтгааныг тайлбарлая. Бидний одоогийн хиймэл оюун гэж нэрлэж буй зүйлийн цаана нь ажиллаж буй хэлний том загварт (LLM) hallucination гэх том сул тал бий. Асар их хэмжээний дата ашиглан сургадаг эдгээр загварууд хэрэглэгчийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл өгч буйгаа өөрөө ч мэддэггүй.

Бид хиймэл оюунд суурилсан чатбот ашиглан орчуулга хийлгэх үед тоо, төлөөний үг, он сар зэрэг энгийн зүйлүүдийг буруу хөрвүүлэхээс гадна агуулгыг нь дур мэдэн товчлохдоо алдаа гаргах тохиолдол олон. Яагаад гэхээр хэлний загварууд бодит байдлыг мэдэх боломжгүй. Өнөөдөр хэдэн гэдгийг маргааш хэд дэх өдөр гэдгийг мэдэхгүй. Тиймээс OpenAI энэ бүх алдааг засаж, хэрэглэгч бидэнд мэдээллийг гажуудуулахгүйгээр хөрвүүлэх боломжийг олгож буй нь энэ.

OPENAI-ААР ӨӨР ЮУ БАЙНА?

Хиймэл оюуны салбарт тэргүүлэгчдийн нэг тус компани, өрсөлдөөн улам ширүүсэж байгаад санаа зовнин дотооддоо “Code Red” зарлаж, гол бүтээгдэхүүнүүддээ анхаарлаа хандуулж эхэлсэн билээ.

Түүнээс хойш GPT 5.2 загвараа танилцуулж, орчуулгын бүтээгдэхүүн, эрүүл мэндэд чиглэсэн үйлчилгээгээ танилцуулаад байна. Мөн Энэтхэг Улсад анхлан нэвтрүүлсэн сарын 8 долларын үнэтэй ChatGPT Go үйлчилгээгээ 170 оронд нэвтрүүллээ. Эдгээрээс гадна ChatGPT рекламтай болсон нь хамгийн том шилжилт байлаа. АНУ-ын дахь ChatGPT Go болон үнэ төлбөргүй ашигладаг хэрэглэгчдэд эхэлж реклам харагддаг болно. 800 сая хэрэглэгчтэй болсон тэд ашгаа нэмэгдүүлэх аргуудыг эрэлхийлсээр байгаа билээ.