Asian Telecom Awards нь Telecom Asia сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг, бүс нутгийн хэмжээнд харилцаа холбооны операторууд болон холбогдох технологи, инновацын шийдлүүдийн гүйцэтгэлийг үнэлж, шилдгүүдийг тодруулдаг арга хэмжээ билээ. Тус шалгаруулалт нь сүлжээний хөгжил, хэрэглэгчийн туршлага, инновац, тогтвортой стратеги зэрэг олон үзүүлэлтийг хамтатган үнэлдгээрээ онцлог.

2026 оны шалгаруулалтаар Мобиком корпораци Монгол Улсаас “Шилдэг харилцаа холбооны компани”-аар сонгогджээ. Мобиком нь 3.5 сая хүн амтай улсын 1.8 сая гаруй гар утасны хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж, мобайл болон суурин интернэт, байгууллагын ICT шийдэл, финтек, дижитал үйлчилгээний чиглэлээр улс даяар өргөн хүрээнд ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд тус компани уламжлалт телеком операторын загвараас технологид суурилсан компанийн загвар руу шилжих стратегийг хэрэгжүүлж эхэлжээ.


Энэхүү шилжилтийн хүрээнд дараагийн үеийн сүлжээний хөгжилд анхаарч, 2025 онд 5G NSA сүлжээг Улаанбаатар хот, 21 аймгийн төв, 12 суманд нэвтрүүлсэн юм. Ингэснээр илүү хурд, илүү найдвартай холболтыг бий болгож, байгууллагуудын cloud хэрэглээ, финтек гүйлгээ, алсын ажлын орчин зэрэг дижитал үйл ажиллагааг дэмжих суурь нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг.

Мөн VOO контент платформ, Sonsy финтек үйлчилгээ, Mobilife дижитал даатгал зэрэг платформуудыг хөгжүүлж, холболтыг нэмүү өртөг бүхий дижитал экосистем болгон өргөжүүлж байна. Хиймэл оюунд суурилсан автоматжуулалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хэрэглэгчийн үйлчилгээний хурд, чанарыг сайжруулахад чиглэжээ.


Үүнээс гадна НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг стратегийн түвшинд нэгтгэж, 37,000 сурагчийг дижитал боловсролоор хангах, санхүүгийн хүртээмжийг тэлэх, сэргээгдэх эрчим хүч ашиглан байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зэрэг бодит ажлуудыг хэрэгжүүлж байна.

30 жилийн ойтойгоо золгож буй энэ үед бүс нутгийн хэмжээнд “Шилдэг харилцаа холбооны компани”-аар шалгарсан нь Мобикомын стратегийн чиглэл, технологийн шинэчлэл, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг баталгаажуулсан үйл явдал боллоо.