Сошиал ертөнц, интернэт сүлжээг эзэгнэсэн "халуун" сэдвүүд тухайн цаг үеийнхээ өнгө төрхийг тодорхойлоход чухал нөлөө үзүүлдэг болсонтой маргах аргагүй. Шинэ мэдээ, шинэлэг мэдрэмж, сургамж туршлагаар дүүрэн нэг он улиран одож буй энэ мөчид бид 2022 онд интернэтийг дэлбэлсэн 22 онцлох үйл явдлыг жилийн сүүлийн амралтын өдөрт тань зориулж түүвэрлэн бэлтгэлээ.
1. Цар тахлын дараах томоохон арга хэмжээ, аялан тоглолтууд
2022 он бол цэнхэр гаргийн иргэдийн хувьд шинэ орчинд дасан зохицож амьдрах хүндхэн давааг "бараг" л давсан онцлогтой жил байв. Бүтэн хоёр жилийн турш хөл хорио, хязгаарлалт дунд байсан хүн төрөлхтөн энэ жил хэдий олон хүнд хэцүү сорилттой тулгарсан ч гэлээ шархаа нөхөх мэт өргөн цар хүрээтэй тив дэлхийн наадмууд, алдартай хамтлаг дуучдыг шил дараалсан аялан тоглолтуудад алгасалгүй оролцож, цэнгэлийн манлайд тэмүүлсэн билээ.
2. сансрыг тольдох "жеймс вэбб"
Энэ цаг үеийн хамгийн хүчирхэг телескопуудын нэг Жеймс Вэббыг зохион бүтээх санаачилга анх 1996 онд гарч, 30 шахам жилийн туршид нийт 10 тэрбум гаруй ам.долларыг зарцуулан бүтээсний эцэст 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд Францын Гвианагийн Куру хотоос Ариан-5 пуужингаар сансарт хөөргөсөн билээ. Ийн бид түүний ачаар энэ оны долдугаар сарын 11-нд анх удаа сансрыг маш тод, дүрслэлтэйгээр тольдсон юм.
Энэхүү телескоп нь зургаан өнцөгт бүхий 18 ширхэг тольтой ба бусад телескопуудаас гэрлийн хэт улаан туяаг хүлээн авч зураг болгон хувиргадагаараа онцлогтой. Жеймс Вэбб бүтээгдсэнээр хүн төрөлхтөн сансар, огторгуйг тод харах, судалгаа хийх зэрэг томоохон боломжид хүрээд байна.
3. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл: Өвлийн олимп
2022 оны Өвлийн олимп Бээжин хотноо зохион байгуулагдсан нь тус хотод өвөл, зуны олимпын наадмыг зохион байгуулсан дэлхийн анхны хот гэх ховорхон цолыг авч ирсэн билээ. “Цэвэр мөс цасны баяр баясгалантай уулзалт” гэх алсын хараатай “Бээжин 2022” өвлийн олимпын наадмыг "Бээжин-2008" зуны олимпын гэр болсон “Шувууны үүр” үндэсний цэнгэлдэх хүрээлэнд дахин хийсэн нь уг үйл явдлыг улам ч онцлог болгож байв.
Olympics Winter Games Beijing 2022
Olympics.com
4. Украйн дайн, Оросын асуудал
2014 онд болсон Украины төрийн эргэлтээс угшилтай хоёр улсын сөргөлдөөн 2022 оны хоёрдугаар сард ОХУ-ын зэвсэгт хүчин тус улсад 200 мянга орчим цэргээ илгээн, тусгай ажиллагаа эхлүүлэх хүртлээ даамжирсан нь хүсээгүй дайны эхлэл болжээ. Нэг л өдөр дэлхийн нийтийг тэр чигээр цочроосон энэ мэдээ хэдий 10 сар өнгөрсөн ч шийдэгдээгүй байгаа нь эдийн засаг, худалдаа наймаа, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт шууд болон шууд бусаар нөлөөлж, олон сайнгүй үр дагаврыг авч ирж байгаа нь харамсалтай.
5. Ковидын саармагжилт: 6 сая амь үрэгдэв
2019 оны сүүл, 2020 оны эхээр дэлхий нийтийн амьдралын хэв маягт эргэлтгүй өөрчлөлт оруулсан аюулт өвчин дэлгэрсэн нь COVID-19 цар тахал байв. Ердөө хоёр жилийн дотор амьдралын шинэ хэв маяг, ажиллах шинэ орчин, технологийн хөгжлийг хурдасгах гол шалтгаан болсон энэ вирус 2022 онд зургаан сая гаруй хүний амийг авч одсон юм.
6. Холливүүдийг тойрсон дуулиан: Уилл смитийн алгадалт, Жонни Деппийн шүүх хурал
Энтертайнмент ертөнцийн хувьд 2022 он хөл хөдөлгөөнтэй жил байв. “Оскар”-ын 94 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгч Крис Рок тайзан дээрээс Уилл Смитийн эхнэр Жада Смитийн үс халцрах өвчнөөр тоглоом хийсэнд Уилл Смит бухимдан, тэр даруй гарч ирэн хөтлөгчийг алгадсан нь интернэт орчныг хэсэгтээ л "дэлбэлсэн" юм. Хэдийгээр, Уилл Смит "Ричард хаан" киногоороо анх удаа “Оскар”-ын шагналын эзэн болсон ч үйл ажиллагааны дараа академийн зүгээс түүний эл үйлдлийг буруутган, 10 жилийн хугацаанд Оскар болон бусад арга хэмжээнд оролцохыг хориглосон юм.
Холливудын алдартай хосуудын нэг болох Жонни Депп, Амбер Херд нарын гэр бүл салалтын дуулиант шүүх хурал энэ жилийн дөрөвдүгээр сараас эхлэн зургаан долоо хоног үргэлжилсний эцэст Жонни Деппийн ялалтаар өндөрлөсөн юм. АНУ-ын Виржиниа мужийн шүүхийн шийдвэрээр Амбер Хердийн Жонни Деппийн нэр хүндэд учруулсан хохирлыг 15 сая ам.доллараар үнэлжээ. Шүүх хурал нээлттэй байдлаар явагдсан уг хэрэг интернэт орчныг бүтэн сарын турш "эзэгнэх" гол хөшүүрэг болсныг дурдах нь зүйтэй.
7. залуусын дуу хоолой: "Ажлаа хий" жагсаал
2022 оны дотоодын томоохон үйл явдлуудын нэг бол яах аргагүй дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн өглөөнөөс эхэлж, гурван өдрийн турш үргэлжилсэн "Монголдоо сайхан амьдаръя" уриатай тайван жагсаал байсан юм. Үе үеийн залуус сайн дурын үндсэн дээр нэгдэн Монгол Улсын Засгийн Газрыг ажлаа хийх, шударга ёсыг эрхэмлэх, инфляцийг тогтоон барихыг шаардан Төрийн ордныг тойрон тайван жагссан билээ.
8. Сармагчны цэцэг өвчин
Ковид-19 цар тахлын сүүдрийн араас дөнгөж сэхэж эхэлсэн энэ онд олон нийтийг айдаст автуулах дараагийн сэдэв гарч ирсэн нь “Сармагчны цэцэг өвчин” байв. 1970-аад онд анх бүртгэгдэж эхэлсэн энэ өвчин өнөөг хүртэл голдуу төв болон баруун Африкийн ширэнгэн ойтой улс орнуудад бүртгэгддэг байсан ч энэ оны тавдугаар сараас эхлэн дэлхийн бусад улс орнуудаар тархсан нь аньж амжаагүй шархыг дахин сэдрээсэн явдал байлаа.
Энэ өвчин нь салхин цэцэг өвчинтэй тун төстэй тууралттай ч илүү хүндэрсэн хэлбэрт шилжих боломжтойгоороо онцлог. 1953 онд лабораторийн сармагчны биен дээрээс анх илэрсэн тул “Сармагчны цэцэг” өвчин гэж нэрлэх болжээ.
Monkeypox: How it spreads, who’s at risk - here’s what you need to know
News.un.org
9. Шинзо Абэгийн гэнэтийн үхэл
Либерал ардчилсан намын дарга асан, хамгийн урт хугацаанд Японы Ерөнхий сайдаар ажилласан эрхэм Шинзо Абэ дээд танхимын сонгуулийн өмнө намынхаа нэр дэвшигчдийг дэмжиж үг хэлж байхдаа үл таних этгээдэд буудуулж, улмаар амь үрэгдсэн харамсалтай хэрэг 2022 онд Япон орныг, цаашлаад дэлхий дахиныг донсолгожээ. Гал нээсэн этгээдийг Яамагами гэх бөгөөд түүний ашигласан зэвсэг нь төмөр, мод зэрэг материалаар өөрөө угсран хийсэн гар буу байсан юм.
Шинзо Абэ артерийн судсыг нь дайрсан хоёр шарх авч, зүрх нь хүнд гэмтсэн гэж эмч нар мэдэгдсэн бөгөөд шарх нь хэт гүн байсан нь үхлийн шалтгаан болсон байна. Ийнхүү улс төрийн тод төлөөлөл, Япон улсын домогт удирдагчдын нэг 67 насандаа таалал төгссөн юм.
Reuters.com
10. BOx Office-ийн сэргэлт ба Стриминг үйлчилгээний дайн
Өнгөрсөн хоёр жилийн хөл хорионы үед дэлхийн нийтийг байлдан дагуулсан Netflix стриминг үйлчилгээний платформ араасаа олон өрсөлдөгч дагуулж, тун богино хугацаанд эн тэнцүү өрсөлдөх чадвартай болсон Disney+, Hbo Max зэрэг цөөнгүй платформуудтай зах зээл дээр ширүүн тэмцэл өрнүүлэх амаргүй тулаанд татагдан орсон билээ. Стриминг үйлчилгээний өрсөлдөөн ширүүхэн өрнөж байгаа энэ цаг үетэй зэрэгцэн хөл хорионы дараа эргэн сэргэж буй кино театрын үйлчилгээ ч мөн эрчийг мэдрүүлж BOX Office-ийн урамтай тэсрэлтүүдээр энэ оныг үдэж байна. Гагцхүү үзэгчид л үнэмлэхүй ялах энэ тулаанд бид л баясан хоцрох ганц тал нь гэж бодохоор сэтгэлд нэг л өег биш гэж үү?
These charts show how the 2022 box office sizzled, then fizzled
Cnbc.com
11. Лондонгийн гүүр нурлаа: ХАТАН ХААНЫ ҮХЭЛ
Их Британи улсын хаан ширээнд хамгийн удаан суусан II Элизабет хатан есдүгээр сарын 8-ны өдөр 96 насандаа жам ёсоор таалал төгссөн нь түүний гэр бүл болон Их Британи улсын иргэд, цаашлаад дэлхий дахинд тодоор дурсагдан үлдэх том үйл явдал, уй гашуу билээ. Тэрээр 25 насандаа эх улсынхаа хатан хааны ширээг залгамжилснаас хойш өнгөрсөн 70 жилийн хугацаанд Их Британийг удирдахдаа нийт 15 ерөнхий сайдтай хамтран ажиллаж байв.
Bbc.com
12. Ираны бослого ба эмэгтэйчүүдийн эрх
22 настай Махса Амини хэмээх залуу эмэгтэйг хиджаб буюу толгойн гивлүүргүй олон нийтийн газраар зорчсон гэх шалтгаанаар цагдаа нар цагдан саатуулсан нь түүний учир битүүлгээр амь насаа алдах үүдэл болсон юм. Үүнд эмзэглэж дургүйцсэн Иран улсын охид эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө дуугарч, бослого эхлүүлсэн нь дэлхий дахины сонорт хурдтай хүрчээ. Хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн тус жагсаалын үеэр тэд толгойн гивлүүрээ шатаан, үсээ тайрч эхэлсэн нь богино хугацаанд эрчийг авсан нь агуулгын хувьд хэдийн соёл заншлаас хальж Ираны Засгийн газрын эсрэг бослого болон хувирсныг дурдахгүй өнгөрч болохгүй.
13. Элон маск ба твиттер
"Твиттер" компанийн удирдах зөвлөл болон "Тэсла" компанийн гүйцэтгэх захирал ноён Элон Маскийн хооронд хагас жил гаруй үргэлжилсэн тохиролцооны үр дүнд Элон Маск аравдугаар сард тус компанийг нийт 44 тэрбум ам.доллароор худалдан авсан нь сошиал орчин дахь онцлох томоохон үйл явдлын нэг байв. Энэ худалдан авалтад туслалцаа үзүүлэхээр "Морган Стэнли" (MS.N) болон "Bank of America Corp" (BAC.N) зэрэг банкууд 13 тэрбум ам.долларын өрийн санхүүжилт олгохоор амласан юм.
Гэвч саяхан хийсэн Твиттерийн ерөнхийлөгчийг сонгох тухай санал асуулгаар санаанд буумгүй үр дүн гарсан бөгөөд Элон Маск захирлын суудалд тохирох хүнээ олсны дараагаар суудлаа тавьж өгөөд өөрөө программ хангамжийн багийг удирдана хэмээн жиргэжээ.
Explainer: How Elon Musk funded the $44 billion Twitter deal
Reuters.com
14. итэвоны сүнсний баяр
2020 онд “Itaewon class” к-драма гарснаас хойш Солонгосын Итэвон дүүрэг шөнийн амьдрал, шоу цэнгээ, жуулчдын хөл хөдөлгөөнөөрөө алдартай болсон. Хоёр жил үргэлжилсэн хорио цээрийн дараа сая л нэг баяр хөөр, хөгжим бүжгээр дүүрэн Итэвон дүүрэгтээ чөлөөтэй сүнсний баяраа тэмдэглэх боломжтой болсон нь давчуу орон зайд хэт олноороо цуглах шалтгаан болж, улмаар тэднийг үхэлд хүргэсэн нь дэндүү харамсалтай. Ийнхүү охид залуусын бүтээлч баяр, хөгжил баяслын гол цэг хэдхэн цагийн дотор Солонгосын түүхэнд хараар бичигдэх гамшгийн газар болон хувирчээ. Энэ шөнө 150 гаруй охид, залуус амьсгалын дутагдлаар хорвоог орхисон юм. Дэлхий даяар уг үйл явдалд харамсаж буйгаа интернэт орчинд илэрхийлсэн билээ.
What we know about the deadly Halloween disaster in Seoul
Cnn.com
15. спортын ертөнцийн дуулиан: Анхцэцэг ба Цогтбаатарын амжилт, Moon dance-ийн медаль
2022 онд Монголын спортын ертөнц урам сэргээсэн амжилтуудаар тасарсангүй. Узбекстаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорьсон Олон улсын хэмжээний мастер, Токио 2020 олимпын наадмын хүрэл медальт, жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд аваргын алтан медалийн эзэн болж элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ.
Түүнчлэн Колумбын нийслэл Богота хотноо хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон юм. Монгол түмний "Алтан охин" хочит тэрээр энэ удаа ч ард түмнээ баяр цэнгэлд бялхуулсан билээ.
Багийн спортын төрөлд бид нэг алхам урагшилсан чих сортойлгом сайхан мэдээ интернэтээр давалгаалсныг та ч бас анзаарахгүй өнгөрч чадаагүй л биз дээ?
ХБНГУ-ын Брауншвейг хотод болсон бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн гурван баг оролцсоноос стандарт бүжгийн төрөлд “Moon Dance” хамтлаг мөнгөн медаль хүртсэн нь манай улс уг тэмцээнээс медаль хүртсэн анхны тохиолдол болсон юм. Уг амжилтаараа тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнагдсан нь дотоодын бүжгийн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх явдал байлаа.
16. СОР 27: эх дэлхийгээ хайрлая
Уур амьсгалын тухай НҮБ-ын суурь конвенцод (COP27) оролцогч талуудын 27 дугаар бага хурал арваннэгдүгээр сарын 6-20-ний хооронд Египет улсын Шарм Эл Шейх хотноо зохион байгуулагдсан юм. Энэхүү дээд түвшний хуралд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд Риши Сунак, Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон тэргүүтэй улс төрийн бүхий л томоохон удирдагчид ирсэн ба Монгол Улсыг төлөөлөн ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. 100 гаруй улсын төрийн тэргүүн, 35 мянга гаруй төлөөлөгч нар оролцсон тус хуралд Монгол Улсын зүгээс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 27.2 хувиар буулгана хэмээн амласан ба Европын холбооны "Ойн түншлэл"-д Ази тивээс нэгдсэн анхны орон болсон юм.
Дэлхийн оршихуйтай холбогдох чухал ач холбогдолтой энэ хурал 2022 оны голлох сэдэв яах аргагүй мөн билээ.
17. AI технологи шат ахисаар: Chatgpt + text to image, text to video
2022 он технологийн ертөнцийн хувьд хөгжил дэвшил олонтой, бүтээмж ихтэй жил байв. Жишээ дурдвал, хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн "OpenAI" компанийн бүтээсэн олон салбарын цогц мэдлэгийн нэгдэл болох ухаалаг чатбот Chat Generative Pre-trained Transformer (ChatGPT)-ийг дурдаж болно. Энэ оны арваннэгдүгээр сард анхны загвар нь олон нийтэд хүрсэн ChatGPT-ийн гол давуу тал нь яг л хүн шиг сэтгэх чадвартай, хиймэл оюунт чатбот гэдгээрээ онцлог. Түүнчлэн өгөгдсөн үгсийг ашиглан хиймэл оюунд суурилан дүрсэлж, түүнийг автоматаар зураг, бичлэг бүтээх чадвартай "Text to image", "Text to video" гэх мэт сонирхолтой үйлчилгээнүүд гарч ирсэн нь интернэт орчны анхаарлыг утгаар нь эзэгнэж чадсан юм.
18. BTS-ийн эрин ба БНСУ-ын цэрэг татлагын хууль
BTS хэдийн энэ цаг үеийн дэлхийн хамгийн алдартай хамтлаг, хамгийн хүчтэй нийгмийн нөлөөлөгчид болжээ. Гаргаж буй амжилт, нэр хүндийн нөлөөллөөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, Time сэтгүүлийн нүүрэнд гарч, Grammy-д нэр дэвшиж, НҮБ-ийн индэр дээр илтгэл тавьж, ДАШТ-ий нээлтэнд уригдаж буй тэдэнтэй энэ тал дээр хэн маргаж чадах билээ. Хэдий тийм ч тэд энэ онд жил дараалсан амжилтын буухиагаа түр хугацаанд завсарлуулан эх орныхоо хуулийг дагах хэрэгтэй болсон нь жил дамнасан сонирхолтой хэлэлцүүлгийг улсынхаа хэмжээнд өрнүүлсэн юм. Энэ бүхний эцэст арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хамтлагийн ахмад гишүүн Кин Сок Жин цэргийн албанд татагдсан бөгөөд бусад гишүүд ч ар араасаа цэргийн албаа хаах юм. Мэдээж тэдний үг үйлдэл бүхэн сошиал орчинд "од" болох нь гарцаагүй.
19. 16 жил үргэлжилсэн ш.Алтантуяагийн хэрэг шиЙДЭГДЭВ

16 жилийн турш Малайз-Монголын хооронд үргэлжилсэн харамсалтай хэргийн шийдвэр энэ онд гарав. 2006 онд хүний нутагт амь насаа онц хэрцгийгээр алдсан эгэл монгол бүсгүйн гэр бүл, түүний дотор аав С.Шаарийбуу ба тэдний өмгөөлөгчийн цөхрөлтгүй тэмцэл бодит үр дүнд хүрсэн нь нутаг нэгтэн бидний хувьд "ялалт" байлаа. Уучлалын үг, чин сэтгэлийн харамслыг л олон жил нэхэж явсан энэ гэр бүл монголчууд бидэнд шударга ёс, итгэл тэвчээрийн гайхамшгийг харуулж, үнэт хичээл зааж чадсан юм.
20. Нүүрсний хулгай: "Нэрсийг зарла" жагсаал
Монголын түүхэнд "хамгийн урт үргэлжилсэн" хэмээн үлдэх томоохон жагсаал энэ онд гарав. 2022 онд гарсан ард түмний жагсаалууд цар хүрээ, зохион байгуулалт, залуусын оролцоогоор эрхгүй ялгарч байсны нэг жишээ нь уг жагсаал болно. Нүүрсний хулгайтай холбогдсон улс төрчдийн нэрсийг зарлахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал энэ сарын 3-ний өдрөөс эхэлсэн бөгөөд жагсаалд нүүрсний хулгайгаар алдагдсан 44 их наяд төгрөгийн хэргийг мөрдөн шалгах, хэрэгт холбогдсон этгээдүүдийн нэрсийг бүрэн зарлах, мөн тэдэнд хариуцлага тооцох гэсэн гурван үндсэн шаардлагыг ард түмэн Засгийн Газарт тавьсан.
Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Авлигатай Тэмцэх Газар ба бусад төрийн байгууллагын зүгээс 17 албан тушаалтны нэрсийг зарласан ч жагсагчид Засгийн газрын авч буй арга хэмжээг хангалтгүй байна хэмээн үзэж тэмцлээ тасралтгүй үргэлжлүүлсээр байна.
21. Айсуй хямрал: ирэх жилийн төсөөлөл
Дайн дажин, хөл хорио, халдварт өвчин, тогтворгүй байдал, инфляц, бодлогын хүүгийн өсөлт зэрэг нийгэм, эдийн засгийн сэдвүүд энэ жилийн интернэт орчин дахь хамгийн эрэлттэй сэдэв байлаа. Ганц Монгол гэлтгүй бүхий л улс орнууд ирэх жилүүдийн эдийн засгийн байдлаа чухалчлан хэлэлцсээр.
22. Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн
Олимпын наадамтай дүйцэхүйц олон үзэгчтэй гэгдэх Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн 2022 онд анх удаагаа Ойрхи Дорнодод буюу АНЭУ-ын нийслэл Катар хотноо дуулиан шуугиантай болж өнгөрлөө. Хөл бөмбөгийн ноён оргилуудын нэг болох Кристано Роналдо Португаль улсын шигшээ багийн ахлагчийн хувиар сүүлийн ДАШТ-дээ оролцсон бөгөөд хагас финалын тоглолтод Маррокогийн шигшээ багт хожигдож, нүдэндээ нулимстай тэмцээнээ орхиж, том мөрөөдөлдөө цэг тавьсан юм.
Харин дэлхийн хошой аваргууд болох Аргентин болон Францын шигшээ багуудын хооронд болсон финалын тоглолт түүхэнд бичигдэхүйц өрсөлдөөнтэй болсны эцэст олон жил уг цомыг мөрөөдсөн Лионел Мессигийн бахдам ялалтаар өндөрлөлөө. Ташрамд дурдахад Мессигийн аваргын цомоо гардан авсан зураг нь инстаграмын хамгийн их like-тай пост болж рекордыг эвдээд байгаа ажээ. Сар гаруйн туршид дэлхий нийтийг баяр цэнгэлд хөтөлсөн энэ тэмцээн сайн, муу олон талаараа түүхэнд үлдэх тэмцээн байв.
Lionel Messi: A breakdown of his World Cup and career highlights
Aljazeera.com

Сэтгэгдэл бичих (1)


F Fabien 197.234.221.158
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com