Хүйтний урь орж, хүүхэд багачуудаа аваад голын эрэг дээр сууж, хөдөө, гадуур аялах боломж багаслаа. Тиймээс мөдхөн сэрүүсэх, намрын уриас өрсөж хүүхэд, багачуултайгаа цагийг зугаатай өнгөрөөх 5 санааг багцлан энэхүү нийтлэлээ бэлдлээ.  

1. Nomad balloon festival 

Хаяг: Хотоос 45 км зайд, Цонжин болдог явах замд “Sky Friends aerodrome”
Үнэ: 110’000₮
Хугацаа: өглөөний нислэг 06:00-09:00, оройны нислэг 18:00-21:00


Хотоос гараад зүгээр л майхнаа барьж амарна гэхээр жаахан уйтгартай санагдаж байвал Nomad balloon festival-ийг зориорой. Хөтөлбөрт агаарын бөмбөлгийн аргамжаат нислэг, агаарын хөлгийн нислэг, Go karting, түүдэг гал зэрэг сонирхолтой зүйлс багтсан нь таны хүүхдэд дурсамж болон үлдэх нь гарцаагүй. Уг фестиваль нь энэ сарын 20, 21, 22-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм байна.

2. Гэр бүл соёлын анхдагч орчин  

Хаяг: Zaisan Hill цогцолборт
Үнэ төлбөргүй
Хугацаа: 9 сарын 20 - 11 сарын 20-ний (Бямба, Ням гараг бүр) 10:00-17:00 цагийн хооронд


Хүүхэдтэйгээ амралтын өдрийг хамт өнгөрүүлэхдээ харандаа, цаас өгчихөөд зураг зур гээд суулгачихдаг уу? Тэгвэл энэ нь тийм ч чанартай цагийг хүүхэдтэйгээ өнгөрөөж байгаа хэрэг биш юм. Судалгаагаар гэр бүлтэйгээ тогтмол цагийг өнгөрөөдөг, хамтдаа үйл ажиллагаанд оролцдог, бүтээлч зүйл хийдэг хүүхдүүдийн сэтгэцийн өвчнөөр өвчлөх магадлал 25 хувиар буураад зогсохгүй харилцах ур чадвар 40 хувиар ихэсдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Одооноос хүүхэдтэйгээ чанартай цагийг өнгөрүүлье гэж шийдсэн ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал энэ хөтөлбөр тохирно. Уг соёлын боловсрол олгох хөтөлбөрт нь уран зургийн галерей, үндэсний номын сан, хүүхэлдэйн театр, байгалийн түүхий музей зэрэг өөр олон газруудын хамтын сургалт, хөтөлбөрүүдийг хүртээмжтэй байдлаар танилцуулж байгаагаараа онцлог.

Хүүхэдтэйгээ уран зураг зурж, оньсон тоглоом заалгаж, гар урлал хийж мөн алдарт хүүхдийн номын зохиолчдтой уулзах гээд хийж болох зүйлсийн сонголт маш өргөн. Хамгийн гол нь ямар ч үнэ төлбөргүй бөгөөд Монголын Улсын Үндэсний Номын сангийн шинэ байранд болон Зайсан Хилл цогцолборт болох юм. Амралтын өдрүүдээр Богд ууланд гарч, харьж явах замдаа хүүхдүүддээ сонирхолтой сургалтад хамруулаад авах сонирхолтой боломж маргаангүй энэ хөтөлбөр биз ээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

3. Завьтай аялал 

Хаяг: “Уулын нуур” Дэнжийн 1000, Нарантуул 2 захын зүүн хойно
Үнэ: Том хүн - 5000₮, Хүүхэд - 3000₮
Хугацаа: 30 мин


Завиар явна гэхээр л парк орно гэхээс залхаж байвал Уулын нуурт очоод үзээрэй. Хүүхэдтэйгээ цагийг зугаатай өнгөрөөж, сонирхолтой зүйл туршихад яг тохирсон зүйл энэ байх болов уу. Хотод нуугдсан эрдэнэ мэт энэ цомхон, нандин газарт хүйтрэхээс өмнө очиж дурсамж бүтээгээрэй.

4. Kafka local bar  

Хаяг: Элчингийн гудамж, Мика зочид буудлын нэг давхарт
Үнэ: 15’000₮
Хугацаа: 9 сарын 12-ноос 30 хүртэл


Өсвөр насны хүүхэдтэйгээ цагийг яаж өнгөрөөх учраа нэг л олохгүй байгаа эцэг эхчүүд байна уу? Тэгвэл нэг өдрийг гадаа халуун шоколад ууж, кино үзэж өнгөрүүлье гээд санал болгоод үзээрэй. Учир нь Кафка энэ сард өсвөр насныхны сонирхлыг татах нь гарцаагүй олон сонирхолтой кино үзвэрүүдийг бэлдээд байгаа юм. Алдарт найруулагч Вон Кар Вай-ийн “Fallen Angels” хэмээх өсвөр насныхны дунд бараг “классик” болсон киноноос авхуулаад анимейшн, романтик, индий, арт хаус гээд олон төрлийн кино энэ сарын 30 хүртэл гарах юм байна. Тиймээс дулаахан хувцаслаад, сонирхолтой дурсамж бүтээхдээ бэлдээрэй.

5. Climb partner  

Хаяг: Encanto sports complex 7 давхарт
Үнэ: 35’000₮
Хугацаа: 2 цаг


Авиралтын спортыг жаахан уйтгартай гэж боддог хүмүүс байвал нэг удаа очоод туршаад үзвэл таны бодлыг өөрчлөх болов уу? Учир нь энэ спорт зөвхөн бие хөдөлгөхөөс гадна хүний тархи, сэтгэл санаанд нөлөөлж асуудал шийдэх чадвар, тэсвэр хатуужил, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг аж. Тиймээс хүүхдээ илүү эвсэлтэй, асуудалд өөдрөгөөр хандаж, сэтгэл санаагаа удирдах чадвартай болгохыг хүссэн эцэг эхчүүд хүүхдээ дагуулаад очоорой. Мөн авирч байх үед хүний анхаарал зөвхөн авиралтад төвлөрдөг учраас эцэг, эхчүүдийн ч сэтгэл санаа, анхаарал төвлөрөлтөд тустай.

Амралтын өдөр болгоныг алгасалгүй хүүхэдтэйгээ өнгөрүүлэхэд тийм ч их мөнгө хэрэггүй. Жаахан цагийн менежмент, эрэл хайгуул байхад шинэ содон болж буй зүйлээс хоцролгүй дурсамж бүтээж чадна. Тиймээс энэ мэдээллийг бусдадаа түгээж аав, ээж, ах, эгч, найз нартаа санаа өгөөрэй.