Жилийн хамгийн дурсамж дүүрэн, сэтгэл догдлуулам арванхоёрдугаар сар эхэллээ. Өнгөрч буй ондоо хийж бүтээснээ дүгнэх, басхүү өөрийгөө шагнан урамшуулах, ирж буй шинэ оноо итгэл төгс угтан авах чухал үе эхэлж байна. Мэдээж энэ сарын хамгийн онцгой хэсэг нь шинэ жилийн баяр.
Бид энэхүү нийтлэлдээ 2022 оны сүүлчийн сарыг мартагдашгүй өнгөрүүлэхэд тань туслах есөн санааг онцолж байна. Өдөр бүр өөрийгөө догдлуулж, арванхоёрдугаар сарыг илүү өнгөлөг болгоцгооё!

ӨДӨРТ НЭГ КИНО
Шинэ жилийн сэдэвтэй киногүйгээр арванхоёрдугаар сарыг төсөөлшгүй билээ. Цас хаялсан өвлийн өглөө дулаан хөнжилдөө халуун кофе эсвэл шоколад уунгаа хайртай дотнын хүмүүстэйгээ хамт кино үзэх шиг жаргалтай мэдрэмж өөр хаана байх вэ. Тиймээс энэ оны сүүлийн өдөр хүртэл өдөр бүр цаг гарган кино үзээрэй.
Үзэх бүрийд дурсамж сэргээсэн хуучны кинонууд, эсвэл үзнэ дээ гээд жагсаалтдаа хадгалсан цувралуудаасаа эхэлж болох юм. Магадгүй бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй Зул сарын баярын сэдэвт бүтээл болох “It’s a Wonderful Life” (1946) зөв эхлэл байж мэднэ. Хэрэв арай илүү романтик санаа хэрэгтэй гэвэл найзууд, хамтран ажиллагсдаасаа кино санал авч, хамтдаа үзэхийг санал болгож байна.
Танилцах: Бүх цаг үеийн хамгийн шилдэг Зул сарын баярын сэдэвт 45 кино
ӨДӨРТ НЭГ ЗАХИДАЛ
CBS News-ийн судалгаагаар санал асуулгад оролцсон АНУ-ын насанд хүрэгчдийн 37 хувь нь өнгөрсөн таван жилийн хугацаанд өөрийн гараар захидал бичиж, шуудангаар илгээгээгүй гэж хариулсан бол гуравны нэгээс бага хувь нь сүүлийн 12 жилд нэг л захидал бичсэн гэх сонирхолтой хариулт өгчээ. Тэр ч бүү хэл судалгаанд хамрагдсан 1717 насанд хүрэгчдийн 15 хувь нь хэзээ ч захидал бичиж байгаагүй аж.
Харин та хамгийн сүүлд хэзээ захидал бичсэн бэ? Санаанд тань орж ирэхгүй байгаа бол одооноос 31-нийг хүртэл өдөр бүр нэг захидал бичицгээе. 2022 оныг амжилттай үдэж байгаа өөртөө эсвэл танд баяр нэмсэн хэн бүхэнд зориулж захидал хаяглаарай. Заавал уран сайхан үгтэй, урт үргэлжилсэн байх албагүй. Гагцхүү чин сэтгэлийн үгээ бичсэн байхад л болно.

ӨДӨРТ НЭГ СТОРИ
Өдгөө Инстаграм хэрэглэгчдийн 500 сая гаруй нь өдөр бүр стори хийж, тэдний 86.6 хувь нь нийтэлж байгаа ба үүнээс харахад бид өөрсдийн дурсамжит мөчүүдээ сошиал хаягийнхаа сторид хадгалдаг бичигдээгүй соёлд хэдийн нэгджээ. Тэгвэл 2022 оны сүүлийн өдрүүдийг эргэн санах зорилгоор өдөр бүр сошиал хаягтаа стори хийвэл сонирхолтой биш гэж үү? Ингэхдээ өдөр бүр ижил орчинд, эсвэл ижил түлхүүр үг ашиглан илүү онцгой болгож болох юм.
Сонирхолтой судалгаанаас дахин дурдахад Инстаграм хэрэглэгч миллениалуудын 31 хувь, Z үеийнхний 39 хувь нь инстаграм стори тэргүүтэй контентуудыг нийтэлж байгаа аж.

ӨДӨРТ НЭГ ОД
Өдөр бүр Од-Check хийж бэлэг авбал ямар вэ? Жилийн хамгийн дурсамжтай, гэрэлтэй, дулаахан шинэ жилийн баярыг тохиолдуулан MonPay-ээс хэрэглэгчдэдээ нэгэн бэлэг бэлджээ. Тодруулбал, 2023 төгрөгөөс дээш худалдан авалт хийгээд апп доторх гацуур модны оддыг гэрэлтүүлж, супер бэлгүүдийн эзэн болох боломжтой.
Ингэхдээ өдөрт нэг од нээх замаар энгийн найман од цуглуулан ес дэх одыг нээж, супер бэлгийн эзэн болох юм. iPhone 14, iPhone 13 Pro, Airpod Pro, Scooter, Samsung M1, Huawei Free Buds тэргүүтэй онцгой бэлгүүд таныг хүлээж байна.
"ОД-CHECK" MonPay шинэ жилийн урамшууллын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.
Апп татах, шинэчлэх бол ЭНД дарна уу.

ӨДӨРТ НЭГ ДУУ
Mariah Carey-ийн “All I Want for Christmas Is You”, ABBA хамтлагийн “Happy New Year”, Wham!-ын “Last Christmas”, Michael Bublé-ийн “It's Beginning to Look a Lot Like Christmas” зэрэг дуугүйгээр шинэ жилийн баярын уур амьсгалыг бий болгоход бэрх билээ. Уншигч танд ч бас сонсох төдийд эл баярыг санагдуулам дуу байдаг болов уу.
Тэгвэл тусгайлан 2022 оны шинэ жилийн баярын дууны плэйлист гаргахыг санал болгож байна. Өдөр бүр нэг дуу жагсаалтдаа нэмж өнгөрч буй оноо тодорхойлох, ирж буй жилээ илэрхийлэх дууны жагсаалтыг бэлдээрэй. Магадгүй хэн нэгэнд бэлэглэвэл түүний хувьд хамгийн утга учиртай, үнэ цэнтэй шинэ жилийн бэлэг болж ч мэдэх юм.

ӨДӨРТ НЭГ БОЛЗОО
Зав чөлөөгүй өдрүүдээ эцэслэж, арванхоёрдугаар сарыг болзоо, учралаар дүүрэн байлгаарай. Уулзаж амжаагүй хэн бүхэнтэйгээ учраа товлох цаг одоо л биш бол өөр хэзээ ч биш шүү. Амьдралын сонин сайхнаа хөөрөлдөх, ирээдүйн хүсэл зорилгоо ярилцахад цаг гарган халуун кофе уунгаа дулаан яриа өрнүүлэхийг зөвлөж байна.
Ихийг ярьдаггүй ч инээмсэглэн зөрдөг тэр нэгэн ажлын залуу эсвэл бүсгүй, урт хугацааг хамтдаа өнгөрүүлсэн ч уулзаж амжихгүй яваа найз, саяхан танилцсан ч сайхан яриа өрнүүлмээр байгаа шинэхэн танил руугаа яг одоо “Сайн уу, хамт кофе уух уу?” гээд бичээрэй.
ӨДӨРТ НЭГ БҮТЭЭЛ
Бага байхдаа баяр бүрээр гар урлал хийдэг байснаа санаж байна уу? Тэгвэл “Бяцхан бүтээлч би”-г эргэн авчирч, өдөр бүр нэг бүтээл хийцгээе. Гацуур модны чимэглэл хийх, ажлын ширээндээ баярын уур амьсгал оруулах, монитадаа зориулж бэлэг урлах зэргээр өөртөө цаг гаргаж болох юм. Мэдээж гар доорх материал ашиглан олон сонирхолтой, бүтээлч чимэглэлийг хийж болно шүү.
ӨДӨРТ НЭГ УРМЫН ҮГ
АНУ-ын компаниуд жил бүр урам зориг, эрч хүч муутай хүний нөөцийн улмаас 450 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг гэх судалгааны үр дүн гарчээ. Мэдээж үүнд олон хүчин зүйл нөлөөлөх ч ажлын хамт олны уур амьсгал эерэг байх нь илүү чухал нөлөөтэй бөгөөд та тэрхүү өөдрөг хандлагыг бий болгож болох юм. Урмын үг сонсох дургүй хүн ховор тул хамтран зүтгэгчдэдээ өдөр бүр эрч хүч өгөх үгс харамгүй хэлээрэй. Үр дүнд нь та өөрөө ч таатай мэдрэмж авах нь гарцаагүй.
ӨДӨРТ НЭГ тэмдэглэл
Энэ бол таны өөртэйгөө болзох чухал цаг. Зав, чөлөөгүй амьдралын хэв маяг дунд бид өөрөөсөө илүү бусдад цаг гаргахыг хичээх болсон нь эргээд олон сөрөг талыг бий болгож байна. Тиймээс өглөө эрт эсвэл орой унтахынхаа өмнө өнөөдөр болж өрнөсөн үйл явдлаа дүгнэх, өөрт төрж буй сэтгэгдлээ тэмдэглэх цаг гаргаарай. Ийнхүү өөрийн бодлоо бичиж, тэмдэглэх нь сөрөг үйл явдлын талаарх хөндлөнгийн бодлыг багасгаж, санах ойг сайжруулдаг талаар "The Journal of Experimental Psychology" сэтгүүлээс гаргасан судалгаанд нийтэлснийг дурдъя.
Түүнчлэн тэмдэглэл хөтлөх нь танд цэгцтэй бодож тунгаах, өсөж хөгжиж буйгаа анзаарах, түүнээсээ урам зориг авах ач тустай тул цаашид ч амьдралынхаа чухал дадал болгож болох юм.


Сэтгэгдэл бичих (2)


F Fabien 197.234.221.158
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com
K Khulan 202.55.188.105
Сонирхолтой санаанууд байна. Туршиж үзнээ ???? Үргэлж хэрэгтэй мэдээлэл нийтлэдэгт баярлалаа. Цаашдаа илүү гоё нийтлэлүүд бэлтгээрэй. Амжилт