Бид бүгдийн сайн танил, сүүлчийн агаарын шидтэн Aватар Аангийн цуврал үзэгчдийн хүртээл болоод нэгэнт 21 жил өнгөрчээ. Тэртээ 2005 онд анх “Avatar: The Last Airbender” цуврал үзэгчдийг байлдан дагуулж улмаар 2012 онд усны шидтэн аватар Коррагийн түүхийг өгүүлэх “The Legend of Korra” цуврал цацагдаж байв.
Харин хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд дараагийн шинэ цуврал нээлтээ хийлээ. Цоо шинэ аватартай биднийг танилцуулах уг “Avatar: Seven Havens” цуврал Пави нэртэй газрын шидтэний адал явдлыг өгүүлэх юм. Иймд бид өнөөдрийн нийтлэлээрээ хорин жил дэлхийн олон сая үзэгчдийн сэтгэлд хоногшсоор ирсэн Аватарын ертөнц хэрхэн өнөөг хүрсэн болоод шинэ цувралын тухай багцлан хүргэхээр бэлтгэлээ.
1. Аватар хэрхэн төрөв?
Аватарын анхны цувралыг бүтээгчид болох Майкл Данте ДиМартино, Брайн Кониецко нар Род-Айлендын дизайны сургуульд оюутан байх үеэсээ л уран зөгнөлт ертөнц, анимэ, тулааны урлаг, Дорнын гүн ухааныг сонирхож ирсэн уран бүтээлчид аж. Тэд цувралаа бүтээхдээ “Харри Поттер”, “Бөгжний эзэн” зэрэг уран зөгнөлт бүтээлүүдийн амжилтаас суралцахын зэрэгцээ өөрсдийн гэсэн өвөрмөц ертөнцийг бүтээхээр зорьсон бөгөөд үүний тулд Өрнийн зохиолын өгүүлэмжийг Дорнын соёл, гүн ухаан, тулааны урлаг, Японы анимэгийн дүрслэлтэй хослуулахаар шийдсэн нь хожмын амжилтынх нь гол хөшүүрэг болсон юм.

Уран бүтээлчид санаагаа Nickelodeon-д танилцуулан ажилдаа ханцуй шамлан орж, эхний улирлаасаа л томоохон амжилт дагуулсанд компани шууд дараагийн хоёр улирлыг нь санхүүжүүлэхээр болсон байна. Харин зохиогчид анхнаасаа л Аангийн цувралыг бүтээхдээ гурван бүлэгт хуваагдах ерөнхий үйл явдлыг төлөвлөж байжээ. Аанг дөрвөн махбодыг эзэмших замдаа шинэ найз нөхөдтэй болж, дайны учир шалтгааныг ойлгон, өөрийн ёс суртахууны сонголттой нүүр тулах ёстой байв. Цувралын хамтран бүтээгчдийн нэг Майкл “Reactor” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хүүхдүүд дүрүүдээ даган төлөвшихүйц байхаар цувралаа нэгэн бүхэл бүтэцтэй хийхийг зорьсноо онцолсон байв. Мөн цувралын гол санаа нь дайснаа ялж, дэлхийг аврах гэхээс илүүтэй хүүхдэд хэрхэн хариуцлага хүлээж сурах, мөн өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч үлдэх тухай өгүүлэх байжээ.
Сонирхолтой нь, Майкл дээрх ярилцлагадаа Аватар Аангийн зохиолыг бичих үйл явц олон жил үргэлжилснийг онцлон гол нөлөө үзүүлсэн уран бүтээлчээрээ “Ghibli” студийн домогт найруулагч Мияазаки Хаяаог нэрлэсэн байдаг. Ийнхүү 2005 оны хоёрдугаар сарын 21-нд Nickelodeon сувгаар анхны ангиа цацсан “Avatar: The Last Airbender” цуврал нийт гурван бүлэг, 61 ангиар үргэлжилж, 2008 онд төгссөн юм.
2. Аватар Коррагийн түүх
Уран бүтээлчид 2012 онд “The Legend of Korra” гэх цоо шинэ цувралаар эргэн ирэв. Анхны цувралаас ялгаатай нь Коррагийн түүх Аангийн үйл явдлаас 70 орчим жилийн дараа өрнөх бөгөөд дэлхий 100 жилийн дайны шархнаасаа эдгэрч, техник технологи, аж үйлдвэр, хотжилт эрчимтэй хөгжсөн байна. Түүнчлэн Бүгд найрамдах хот хэмээх шинэ төвд шидтэнүүд болон шидгүй хүмүүс нэгэн дор аж төрцгөөх ч тэдний хоорондын эрх мэдлийн тэгш бус байдал, нийгмийн зөрчил цувралын цөм зангилаа болно.
Корра өмнөх Аватаруудтай харьцуулахад өөрийн чадварыг харьцангуй эрт олж мэдсэн, хүчирхэг, шийдэмгий нэгэн. Тэрээр ус, газар, галыг эзэмшиж чаддаг боловч агаарын шидийг сурахын тулд Аангийн хүү Тэнзиний тусламж хэрэгтэй болно. Гэвч Коррагийн хамгийн том сорилт нь дөрвөн махбодыг эзэмшихээс илүүтэй өөрийн сэтгэл хөдлөл, бусадтай харилцах харилцаа, дэлхий ертөнцөд эзлэх байр сууриа ойлгох явдал байх юм.
Цувралын бүтээлийн түүх ч өөрийн гэсэн онцлогтой. Анх “The Legend of Korra”-г ердөө 12 ангитай богино цуврал байхаар төлөвлөсөн бөгөөд бүтээгчид өмнөх бүтээлийнхээ шууд үргэлжлэлээс илүүтэйгээр бие даасан түүх бүтээхийг зорьжээ. Гэвч үзэгчдийн сонирхол, цувралын үйл явдлын ээдрээгээс шалтгаалан төсөл улам өргөжсөөр эцэст нь дөрвөн бүлэг, 52 ангитай болсон аж.
Коррагийн түүхийг бүтээхэд өмнөх цувралын багийн туршлага чухал байсан ч цоо шинэ сорилттой нүүр тулсан байна. Аангийн үеийн уламжлалт ертөнцөөс технологийн хөгжил, хотын амьдрал давамгайлсан нийгэм рүү шилжих нь дүрслэл төдийгүй өгүүлэмжийн хувьд томоохон өөрчлөлтийг шаарджээ. Үүний зэрэгцээ шинэ Аватар эмэгтэй дүр байх нь тухайн үеийн хүүхэлдэйн киноны салбарын нийтлэг хүлээлтээс хол сонголт байлаа. Гэвч уран бүтээлч Брайн Кониецко туршилтын үзвэрийн үеэр хөвгүүдэд гол дүр эмэгтэй байх нь асуудал байгаагүйг дурссан байдаг.
“Коррагийн домог” эхний улирлынхаа нээлтээрээ үзэгчдийн анхаарлыг татаж, тухайн үед Nickelodeon сувгийн хүүхэлдэйн цувралуудын дундаас өндөр үзэлттэй бүтээлүүдийн нэг болсон боловч дараагийн улирлуудад үзэгчдийн тоо буурсаар гуравдугаар улирлын үеэр тус сувгийн үндсэн эфирээс цахим платформ болон өөр сувгуудад шилжсэн байна. Хэдий тийм ч тус цуврал улс төрийн эрх мэдэл, хувь хүний эрх чөлөө, нийгмийн эрх тэгш байдал зэрэг чухал асуудлуудыг хөндсөнөөрөө онцлогтой.
Сонирхолтой нь, XIV Далай ламын нэрийг латинаар “Tenzin Gyatso” хэмээн галигладаг боловч монголчууд бид “Данзанжамц” хэмээдэг. Иймд Аангийн хүүг “Данзан” гэдэг хэмээхэд буруудахгүй билээ.
3. Аватарын бүрэн хэмжээний кино юу болов?
Аватарын ертөнцийг дэлгэцийн цувралаас өөр хэлбэрээр үргэлжлүүлэх оролдлого удаа дараа гарч байв. Гэхдээ үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн нь Аанг болон түүний найзуудыг насанд хүрсэн үеийн түүхийг харуулах бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино байлаа. Гэвч харамсалтай нь тус бүтээл кино театрт нээлтээ хийхээ цуцалсан төдийгүй, “хулгайлагдан” билээ. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд нэгэн Х хэрэглэгч Nickelodeon өөр рүү нь санаандгүй киногоо и-мэйлээр илгээсэн хэмээн киноны хэсгээс өөрийн цахим хуудсандаа цацаж эхэлжээ. Улмаар киноны стриминг эрхийг эзэмшигч “Paramount” мөрдлөгө явуулан уг хэрэглэгч цахим халдлага хийснийг тогтоосон бөгөөд Сингапурын эрх бүхий байгууллага түүнийг баривчилсан байна.
Энэ төслийн ард анхны цувралыг бүтээгч Майкл Данте Димартино, Брайн Кониецко нар дахин нэгдэн “Avatar Studios”-д ажиллажээ. Nickelodeon-той хамтран байгуулагдсан уг студийн зорилго нь Аватарын ертөнцийг шинэ цуврал, кино болон бусад төслөөр өргөжүүлэх бөгөөд 2026 онд үзэгчдийн хүртээл болсон “Avatar Aang: The Last Airbender” кино энэ зорилгынх нь нэгээхэн хэсэг байв. Киноны найруулагчаар Лорен Монтгомери ажилласан бөгөөд тэрээр өмнө нь хүүхэлдэйн киноны салбарт олон төсөлд оролцож байсан туршлагатай уран бүтээлч юм.
Гэхдээ хуучин дүрүүдийг эргэн авчрахын зэрэгцээ шинэ үеийн Аватарыг танилцуулах нь франчайзын дараагийн том сорилт байв. Гагц өмнөх дүрүүддээ л түшиглэх үү, эсвэл цоо шинэ түүхээр үзэгчдийг дахин татах уу?
4. Дараагийн Аватар
Энэ сарын 9-нд нээлтээ хийсэн “Avatar: Seven Havens” цуврал Аватарын ертөнцийг цоо шинэ эрин үед хөтөлнө. Өмнөх хоёр цувралын гол дүрүүд усны болон агаарын шидтэн байсан бол бид энэ удаа газрын шидтэн Аватар Павитай танилцана. Гэхдээ түүний түүх өмнөх Аватаруудынхтай адилгүй. Учир нь Аватар хүн төрөлхтний аврагч бус, харин сүйрлийн буруутан гэж адлагдах аж.
Цувралын үйл явдал “The Legend of Korra”-гийн дараа буюу ойролцоогоор 225 жилийн хойно өрнөнө. Асар том сүйрлийн дараа дэлхий ертөнц өөрчлөгдөж, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд тус тусдаа орших долоон хамгаалагдсан бүсэд амьдрах болжээ. Англи хэлний “Havens” гэх үг нь хоргодох газар, аюулгүй орон зай хэмээсэн утгатай бөгөөд цуврал нэрээсээ л анхаарал татахуйц. Гэхдээ тэдгээр газар нь хүн төрөлхтнийг хамгаалах орон зай бус, ирээдүй нь тодорхойгүй болсон шинэ ертөнцийн бэлгэдэл гэнэ.
Пави бол ердөө есхөн настай газрын шидтэн бөгөөд өөрийгөө дараагийн Аватар гэдгийг мэдсэнээр амьдрал нь эрс өөрчлөгдөнө. Түүний ихэр эгч Ниша ч мөн гол дүрүүдийн нэг бөгөөд эгч дүүс өөрсдийн гарал үүсэл, өнгөрсөнд болсон сүйрлийн учир шалтгааныг тайлах хэрэгтэй болно. Хүн төрөлхтөн төдийгүй сүнслэг ертөнцөөс ирэх аюултай нүүр тулсан эгч дүүс долоон хоргодох газрыг хамгаалах зорилготой, басхүү хүмүүсийн Аватарыг үзэн ядах болсон шалтгааныг ойлгох аянд гарна.
Дүрслэлийн хувьд ч “Seven Havens” өмнөх цувралуудаасаа ялгарахыг зорьжээ. Бүтээгчид 1970-1980-аад оны Японы анимэ, хуучны уран зөгнөлт бүтээлүүдийн өнгө төрхөөс санаа авч, илүү тод өнгө, уран зөгнөлт уур амьсгалтай дүрслэлийн хэв маягийг хөгжүүлсэн байна. Эхний бүлэг нийт 13 ангитай бөгөөд одоогоор 1-3 анги үзэгчдэд хүрээд буй. Үлдсэн ангиуд аравдугаар сарын 16, 23, 30-нд тус тус цацагдах хуваарьтай. Түүнчлэн Нью-Йоркийн комикийн наадмын үеэр бүтээгчид уг цувралыг гурав, дөрөвдүгээр бүлгээр үргэлжлүүлэх болсныг зарлаад амжсаныг дурдууштай.
Гэхдээ Аватарын ертөнцийн нэгэн сул тал бол дараагийн Аватар төрөхийн тулд заавал өмнөх Аватар нь үгүй болдог нь билээ. Өөрөөр хэлбэл, алдарт “One Piece” анимэгийн адил үзэгчдийн хайрыг нэгэнт хүлээсэн дүрүүдтэйгээ цааш үргэлжлэлгүй, цуврал бүрд цоо шинэ дүр, ертөнцөд үзэгчдээ “дасгах” хүндхэн шаардлагатай нүүр тулдаг гэхэд хилсдэхгүй. Иймд бидэнд Аватар Пави болоод түүний “баг”-ийнхан энэхүү сорилтыг хэрхэн давахыг харах л үлдлээ.
Сэтгэгдэл бичих

