Гар утасны гэр, аяга, нүүр будаг, арьс арчилгааны бүтээгдэхүүн, усны сав, бүр төрсөн өдрийн бялуу хүртэл...
Сүүлийн үед сошиал медиа нээхээр л гялалзсан шигтгээгээр бүрсэн зүйлс хаа сайгүй харагдах болов. #Bedazzling, #GemSticker, #Bedazzled, #Bejewelled гэх хаштагаар давалгаалж буй энэ трендийг өнгөц харвал ердөө л богино настай сонирхол мэт.
Гэвч тоо баримтыг нь харвал асар том зах зээл цаана нь байна. Сүүлийн зургаан сард гэхэд л TikTok дээр "bedazzling" гэх хайлт 1 сая давж, өмнөхөөсөө 729%-иар өсжээ. Шигтгээн чимэглэлийн зах зээлийн үнэлгээ 1.7 тэрбум ам.долларт хүрч, арван жилийн дараа 2.5 тэрбум болж тэлэх тооцоо ч гарсан байна.
Тэгвэл залуус яагаад эд зүйлсээ шигтгээгээр чимэглэхэд ингэтлээ дуртай болов? Энэ хэдхэн долларын наалтны цаана сэтгэл зүй болон эдийн засгийн ямар шалтгаан байна вэ?

ЭНЭ БҮХЭН ЮУНААС ЭХЛЭВ?

Сошиал медиад Кайли Женнер төрсөн өдрийн бялууны зургаа нийтэлсэнтэй холбоотой. Улмаар өөрийн брэндийн бүтээгдэхүүнүүдийг ч ийнхүү чимэглэж, нийтэлснээр 2000-аад оны гялалзсан хэв маяг залуусын дунд эрчтэй сэргэсэн билээ.
Гэвч ганцхан үүнээс тренд эхэлсэн гэвэл өрөөсгөл. Өөрөөр хэлбэл, залуусын дунд энэ соёлыг хүлээж авах суурь аль хэдийн бэлэн байсан гэж хэлж болно. 2000-аад оны эхэн үеийн Парис Хилтон, Бритни Спирсийн гялалзсан чимэглэлтэй хувцаслалт эргэн ирж, үүний сацуу "Euphoria" цувралын шигтгээтэй нүүр будалт залуусыг нэгэнт байлдан дагуулаад байсан юм.
Мөн олон жил тренд байсан уйтгартай, даруухан минималист стилээс хүмүүс нэгэнт уйдаж, өөрийнхөө онцлогийг харуулах илүү тод, максималист хэв маяг руу тэмүүлж эхэлсэн нь энэ аж.

ЯАГААД ТРЕНД БОЛОВ?
Энэ тренд асар хурдан газар авсны ард эдийн засгийн нэгэн сонирхолтой ойлголт бий. Үүнийг Lipstick Index гэж нэрлэдэг.
2001 онд эдийн засаг хямарч байх үед Estée Lauder брэндийн эзэн нэг сонин зүйл ажиглажээ. Эдийн засаг хэцүүдээд ирэхээр хүмүүс байшин, машин, үнэтэй цүнх авах мөнгөгүй болдог. Гэвч сэтгэл санаагаа сэргээх, өөртөө баяр баясгалан өгөх хэрэгцээ байсаар байдаг тул хэдхэн долларын уруулын будаг шиг хямдхан, жижиг зүйлийг ихээр худалдан авч өөрийгөө эрхлүүлдэг байна.
Өнөөдөр Gen Z нарын 42% нь цалингаас цалингийн хооронд амьдарч, амьжиргааны өртөг өссөнөөс санхүүгийн дарамттай байгаа ч 92% нь өөртөө ямар нэг байдлаар жижиг бэлэг авч сэтгэлээ сэргээдэг гэжээ. Шигтгээтэй наалт нь дээрх ойлголтын орчин үеийн жишээ гэж хэлж болно.

БОДИТООР ЯМАР ҮР ДҮН ҮЗҮҮЛЖ БАЙНА?
Шигтгээ наах энэхүү тренд нь богино хугацааны сошиал медиагийн “солиорол” биш юм. Аль хэдийн дэлхийн томоохон брэндүүдийн борлуулалтаа өсгөх маркетингийн хүчтэй хэрэгсэл болжээ. Тодруулбал, хэрэглэгчид худалдан авсан бараагаа өөрийн гараар чимэглэн сошиалд нийтлэх нь тухайн брэндэд үнэ төлбөргүй сурталчилгаа болж буйг маркетингийн мэргэжилтнүүд олж харсан юм.
Нөгөө талаас Sephora, Target, Ulta Beauty, Starbucks гэх мэт том брэндүүд тэдэнд зориулсан гялалзсан, чамин дизайнтай шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд олноор нийлүүлж эхэлжээ. Тэр ч бүү хэл өөрсдийн бүтээгдэхүүнийг шигтгээгээр чимэглэсэн контент болгон сошиал хуудастаа хуваалцаж, тэр хэрээр худалдан авагчдынхаа анхаарлыг татаж байна.
Сонирхууштай нь SurveyMonkey-гийн тайлангаас үзвэл, Z үеийнхний 58%, Миллениалуудын 56% нь сошиал медиагийн санал болгосон бүтээгдэхүүнийг худалдан авдаг байна. Харьцуулбал, энэ үзүүлэлт X үеийнхний хувьд ердөө 46%, Бүүмерүүдийн хувьд 38% байдаг аж. Нэн ялангуяа, эмэгтэй хэрэглэгчид нийт хэрэглээний худалдан авалтын 85%-ийг бүрдүүлж, бүх салбарын зарцуулалтыг тэргүүлж байна. 2025 онд Z үеийн хэрэглэгчид гоо сайхны бүтээгдэхүүнд дунджаар 374 ам.доллар зарцуулсан нь өмнөх оныхоос 10%-иар өссөн үзүүлэлт юм.

Зөвхөн маркетинг борлуулалтаас гадна бидний хүсэмжилдэг өнөөх дижитал детокс, дэлгэцээс холдох, дотно хүмүүстэйгээ чанартай цаг өнгөрүүлэх, гараараа элдэв зүйл хийх зэрэг цагийг олгож буй. Нэг бүрчлэн шигтгээ наах, өнгө дүрс зохиомжлох зэрэг анхаарал шаардсан чимхлүүр ажил нь хүнийг одоо цагт нь аваачиж, стрессийг бууруулдаг ач холбогдолтойг мэргэжилтнүүд ч онцолж буй. Үүнээс гадна найз нөхөд, дотно хүмүүстэйгээ чанартай цаг өнгөрүүлэх шинэ соёл болон тэлсээр байгаа аж.
ДАРААГИЙН ТРЕНД ЮУ БАЙХ БОЛ?
Ямар ч тренд асар хүчтэй бүүм болж, хүн бүрийн сонирхлыг татаж байснаа яваандаа хуучирч, мартагддаг жамтай. Эдүгээ сошиал дэлгэцийг чимж буй гялалзсан шигтгээний давалгаа ч хэсэг хугацааны дараа намжиж, магадгүй 20 гаруй жилийн дараа шинэ үеийнхэн бидэн шиг 2000-аад оны стилийг дурсахдаа эргүүлэн авчирч болох юм.
Уншигч таны бодлоор дараагийн том тренд юу байх бол? Сэтгэгдэл хэсэгт таамаглалаа хуваалцаарай.
Сэтгэгдэл бичих

