Бидний эргэн тойронд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болох гэнэтийн осол, эрсдэл цөөнгүй тохиолддог. Ийм үед учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, улмаар санхүүгийн дарамтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь даатгалын үйлчилгээ юм.
Монгол Улсад даатгалын үйлчилгээг иргэн, байгууллагуудад даатгалын үнэ цэнийг таниулсан ууган компаниудын нэг бол “Бодь даатгал” билээ. Тус компани байгуулагдсан цагаасаа хойш даатгалын салбарт шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн төдийгүй нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг хэрэгжүүлсээр өдгөө 30 жилийн түүхэн ойтойгоо золгоод буй. Ингээд компанийн гучин жилийн ойн арга хэмжээг тоймлон хүргэж байна.

НЭЭЛТ
Арга хэмжээг нээж, “Бодь даатгал” компанийн үүсгэн байгуулагч Л.Болдхуяг 30 жилийн хугацаанд хамтран ажилласан байгууллагууд болон харилцагчдадаа талархал илэрхийлэхийн сацуу компани анх хэрхэн үүсгэн байгуулагдсан түүхээсээ хуваалцсан юм.
Тус компани анх 1995 онд “И Би Эйч Бодь даатгал” нэртэй, гадаад зорчигчдын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Үүсгэн байгуулагдахад нь баримт бичгийн бүрдэлийг “Цэгц” хууль зүйн товчооны А.Одонхүү бүрдүүлж өгчээ. Ингээд удалгүй албан ёсоор лиценз авчээ. Лиценз авсан хэдий ч тухайн үед даатгал гэгч зүйлийг ойлгодог хүн тун цөөн байсан талаар дурдлаа.

“Манай компанийн хамгийн анхны харилцагч миний эгч Сарангэрэл болж байсан. Тэрээр савхин үйлдвэрийн дэлгүүртэй байсан бөгөөд түүнийгээ манай компанид даатгуулж, анхны гэрээ хийж байлаа.”
“Бодь даатгал” компанийн үүсгэн байгуулагч Л.Болдхуяг
Үүнээс хойш 2015 онд Дэлхийд тэргүүлэгч санхүүгийн групп “АХА Group”-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлж, Монгол Улсын цорын ганц хамтрагч болсноор хэдийн 10 жилийг ардаа үджээ. Түүнчлэн Монголын хамгийн том даатгалын объект гэгдэх “МИАТ” компанийг долоон удаа даатгаж байсан тухайгаа онцлов.
АПП ТАНИЛЦУУЛГА

Уг компани сүүлийн жилүүдэд даатгалын үйлчилгээг илүү хүртээмжтэй, ухаалаг, бодитой, экосистемийг бүрдүүлэхэд чиглэн ажиллаж байгаа бөгөөд үүний үр дүнд үндсэн систем, борлуулалт суурьтай вэбсайтыг хөгжүүлжээ. Харин 2025 онд даатгалын шинэ аппыг хэрэглээнд нэвтрүүлж буй талаар “Бодь даатгал” компанийн Бизнес хөгжил хариуцсан захирал М.Мөнхбаатар танилцуулсан юм.
Тус апп нь иргэн, байгууллага, брокер гэсэн хэрэглэгчийг нэгтгэж өгсөн гэдгээрээ онцлогтой. Аппаар дамжуулан иргэд 14 төрлийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг онлайнаар авах, даатгалын бүтээгдэхүүний талаар мэдээлэл хайх, байгууллагуудад зориулсан мэдээлэлтэй танилцах боломжтой. Мөн даатгуулагч нь өмнө нь хийгдэж байсан гэрээ болон одоо хүчин төгөлдөр байгаа даатгалын гэрээг нэг дороос харах нөхцөл бүрджээ. Түүнчлэн нөхөн төлбөрийн материалыг аппаар илгээх, шаардлагатай бол нэмэлт материал хавсаргахаас гадна нөхөн төлбөр шийдвэрлэх явц нь ямар үе шатан дээр явж буйг бүрэн хянах боломжтой болсныг онцлон дурдав.

“Апп нь газарзүйн байршлаас үл хамааран даатгалын үйлчилгээг авах боломжтой болсон гэдгээрээ давуу талтай. Мөн насанд хүрээгүй хүүхэд, эсвэл гадаадад байгаа гэр бүлийнхнээ өмнөөс нь даатгуулах боломжийг бид нээж өглөө.”
“Бодь даатгал” компанийн Бизнес хөгжил хариуцсан захирал М.Мөнхбаатар
ОНЦЛОХ САНААНУУД
Үүний дараа ТУЗ-ийн дарга Б.Билэгт 2019 онд нээлттэй хувьцаат компани болсноор ил тод, тогтвортой хөгжил рүү нэг алхам урагшилсан томоохон үйл явдал болсныг гэдгээ илэрхийлэв. Мөн хөрөнгө оруулагч, харилцагчийн эрхийг хамгаалах зорилго бүхий есөн зарчимд суурилсан засаглалын кодексийг үе шаттай амжилттай хэрэгжүүлснээр “засаглал сайн, эрсдэлгүй” гэсэн үнэлгээг авч баталгаажуулсан тухай цохон тэмдэглэв. Түүнчлэн өнгөрсөн гучин жилийн хугацаанд хийж бүтээсэн гол амжилтуудаас дурдсан юм.
Тухайлбал, 2005 онд Монголд анх удаа ослын үед яаралтай тусламж үзүүлэх гадаад аяллын “Bodi+ SOS” бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, 2009 онд Оюу толгой төслийн түнш болжээ. Дараа жил нь “МИАТ” компанид агаарын хөлгийн даатгалаар 2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгов. 2023 онд даатгалын үндсэн системээ бүрэн нэвтрүүлж, Монголд анх удаа дронд даатгал хийсэн байна. Мөн “Малын индексжүүлсэн даатгал”-ын хөтөлбөрийг орон нутагт нутагшуулан, Бадрах Энержи Ураны төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэр, Сайн-Шанд салхин парк зэрэг нийгмийн эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн даатгагчаар ажиллажээ.

“Энэхүү амжилтуудаас эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээнд донорын цусыг дроноор тээвэрлэх шинэ боломжийг бодит болгосноор 10 хүний алтан амийг аварсан нь хамгийн бахархмаар зүйл.”
ТУЗ-ийн дарга Б.Билэгт
Цаашилбал, Монголын Мянганы Сорилтын Сан уг компанитай долоон жилийн турш хамтран ажиллаж байгаа гэнэ. Тэд жил бүр олон улсын эрүүл мэндийн даатгал болон ажил олгогчдын хариуцлагын даатгалын үйлчилгээг авдаг ажээ.

“Бид Улаанбаатарын хотын нийт усны хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд ус цэвэршүүлэх үйлдвэр болон хаягдал ус дахин боловсруулах гэсэн дэд бүтцийн хоёр дахь хэсгийг хэрэгжүүлэн дуусах шатандаа явж байна. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд “Бодь даатгал” компанийн нөлөө их бий.”
Монголын Мянганы Сорилтын Сангийн Захиргааны асуудал хариуцсан захирал Б.Оюунгэрэл
Дараа нь, Монголын сагсан бөмбөгийн M хөгжлийн лигт амжиллтай явж буй "Western Warriors” багийн бүх тамирчид, дасгалжуулагчдын гарын үсэгтэй өмсгөлийг дурсгал болгон хадгалуулав.

“Бодь даатгал” компани бол манай багийн анхны спонсор байгууллага. Энэ их итгэлийг дааж, дээд лигийн аварга болтлоо өсөн дэвжих болно.”
"Western Warriors” багийн гүйцэтгэх захирал Т.Сүх-Очир
Түүний дараа компанийн анхны ажилчид болох С.Оюунчимэг, Б.Отгонбаяр захирлууд сэтгэгдлээсээ хуваалцлаа.

“Би монголын анхны даатгалын ангийг төгссөн мэргэжилтэн. Тиймдээ ч 1997 онд “Бодь даатгал” компаниас ажлын гараараа эхлүүлж байлаа. Компанийн хорь гаруй жилийн түүхийг сонсохоор тухайн үеийн залуу нас маань шууд л санаанд ордог.”“Бодь даатгал” компанийн гүйцэтгэх захирал асан С.Оюунчимэг
“Хамгийн чухал зүйл бол баг хамт олон. Гучин жилийн хугацаанд багаараа амжилттай ажиллаж чадсан “Бодь даатгал” компанийн хамт олонд баяр хүргэе”
“Бодь даатгал” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Отгонбаяр
ЛОГО ТАНИЛЦУУЛГА

“Бодь даатгал” компанийн лого нь уулыг дүрсэлсэн ажээ. Учир нь үүсгэн байгуулагчийн аав хэл бичгийн ухааны доктор, професор Соёлын сайд асан С.Лувсанвандан нь Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн бөгөөд тус нутагт байх “Их Богд” уулын Сэтэртэй хайрхныг бэлгэдэн дүрсэлсэн гэнэ. Харин гурвалжин дүрс нь тогтвортой үйл ажиллагааг бэлгэддэг бол цэнхэр өнгө нь итгэлцэл, үнэнч байдлыг илтгэдэг аж. Түүнчлэн арга билгийн зүй тогтол, тасралтгүй эргэх хүчний бэлгэдэл болох хас тэмдгийг ч дүрслэн шингээж өгсөн талаар ТУЗ-ийн дарга Б.Билэгт танилцуулсан юм.
QUIZ NIGHT + СУГАЛАА

Арга хэмжээний дундуур хүрэлцэн ирсэн зочдын дунд компанитай холбоотой танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд тэргүүлсэн гурван оролцогчдод гарын бэлэг өгсөн юм. Мөн зочдын дунд сугалаа явуулж, таван азтан тодруулсан бөгөөд тэдний хоёрыг нь 30 сая төгрөгтэй тэнцэх эрүүл мэндийн даатгалд нэг жилийн хугацаатай хамрагдах эрхээр шагналаа.


ХААЛТ
Арга хэмжээний хаалтыг хийж, “Бодь даатгал” компанийн гүйцэтгэх захирал А.Энхжаргал гучин жилийн хугацаанд компанийн үе үеийн удирдлагууд, ажилтнууд болон хамтран ажилласан бүх хүмүүстээ талархлаа илэрхийлэв. Түүний хэлснээр, “Бодь даатгал” компани сүүлийн 18 жилийн хугацаанд харилцагчдадаа нийт 111 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосноо онцоллоо. Мөн 2023 онд гарсан их үерийн улмаас хохирол амссан харилцагчдад 2.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон тухай ярьсан юм. Харин сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 12 тэрбум төгрөгийн татвар төлж, улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Энэ нь салбар дотроо тэргүүлэгч татвар төлөгч гэдгийн илрэл билээ.

“Гучин жил гэдэг хувь хүний хувьд ажил мэргэжлийн хувьд тогтвортой, өөрийн чадвар, зорилгоо тодорхой ойлгож эхэлдэг нас. Бид ч яг ийм шатандаа явж байна. Ирэх жилүүдэд илүү их амжилт, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.”
“Бодь даатгал” компанийн гүйцэтгэх захирал А.Энхжаргал





Сэтгэгдэл бичих

