Дэлхий дахинд тогтвортой хөгжил, ёс зүйтэй хэрэглээг эрхэмлэдэг болсон нь Монголын бизнесийн орчинд ч нөлөөлж байна. Байгууллагууд зөвхөн ашиг, өртөгт анхаарах бус, сонголт бүр нь ямар үр дагавар авчрах вэ гэдгийг бодолцох болсон юм. Ялангуяа харилцагчийн бэлэг бол нэг л удаа өгөхөд болчих мэт харагдавч, цаанаа томоохон эдийн засгийн шийдвэр байдаг.

Дотоодын брэнд, жижиг дунд үйлдвэрлэгчдийг сонгож буй байгууллагуудын тоо нэмэгдэж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Учир нь нэг байгууллагын захиалга хэд хэдэн айлын орлого, хэдэн арван хүний ажлын байрыг дэмжих хүчтэй. Үйлдвэрлэлээс эхлээд сав баглаа боодол, хэвлэл, тээвэр гээд бүх шатандаа Монгол хүний хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн сонгоно гэдэг нь тухайн байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бодит алхам хийж буй хэлбэр юм.

Үндэсний үнэ цэн шингэсэн бэлэг 

Импортын бэлгийн давуу тал нь хурдан, бэлэн, стандарт шийдэлтэйд оршдог. Зах зээл дээр хэдийнээ бэлэн байгаа тул цаг хэмнэдэг, олон тоогоор авахад амар. Гэвч эдгээр бэлгүүдийн эдийн засгийн өгөөж нь ихэнхдээ тухайн улсынхаа хилээс хэтэрдэггүй. Монголд үлдэх үнэ цэн бага, түр зуурын хэрэглээ болоод мартагдах нь элбэг.

Харин Монголдоо үйлдвэрлэсэн бэлгийн үнэ цэн илүү урт хугацаанд хадгалагддаг. Нэг байгууллагын гаргасан шийдвэр нь жижиг бизнесийн тогтвортой байдалд нөлөөлж, ур чадварыг дэмжиж, уламжлалт гар урлал, үндэсний үйлдвэрлэлийг хадгалж үлдэхэд хувь нэмэр оруулдаг.

Мэдээж сав баглаа боодлоос эхлээд жижиг деталь бүрийг дотоодоос бүрдүүлэх нь амар ажил биш. Импортын бэлэн бүтээгдэхүүнийг сонгосноос их судалгаа, анхаарал шаарддаг ч боломжгүй биш бөгөөд эргээд нийгэмд өгөх үнэ цэн нь түүнээс ч илүү.

Капитрон банкны жишээ

Энэ чиг хандлагын тод жишээ бол Капитрон банкны шинэ жилийн харилцагчийн бэлэг юм. Тус банк бэлгийнхээ үндсэн хэсэг болох хонины ноосон бээлий, оймсыг “Кью Эн Эс” ХХК-ийн хэрэгжүүлдэг Хөсөг төслийн хүрээнд бүтээлгэжээ. Хөсөг төсөл нь өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй эмэгтэйчүүд, өрх толгойлсон болон хөгжлийн бэрхшээлтэй ээжүүд, ахмад настнуудтай хамтран ажилладгаараа онцлог.

Эдгээр бүтээгдэхүүн нь үйлдвэрийн автомат шугамаар олноор үйлдвэрлэсэн бараа биш. Түүхий ноосноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болтол гар аргаар, нямбай хөдөлмөрөөр бүтжээ. Энэ нь өөрөө тухайн бүтээгдэхүүний чанараас гадна тэсвэр тэвчээр, ур чадвар, хүний хөдөлмөрийн үнэ цэнийг илэрхийлдэг.

Капитрон банк зөвхөн үндсэн бүтээгдэхүүнд анхаараад зогсохгүй, бэлгийн бусад элементүүдийг ч дотоодын компаниудтай хамтран бүтээжээ. “Тэргүүн Тэмдэг” ХХК болон “Байгал” брэндтэй хамтран урласан соронзон наалт, “Мөнхийн Үсэг” ХХК-тай хамтран сав баглаа боодлоос эхлээд бусад хэвлэлийн бүх шатандаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжжээ.

Тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр

Ташрамд дурдахад Капитрон банк нь НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 6 зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, тэдгээрээс 5-р зорилт болох жендэрийн эрх тэгш байдлыг онцгойлон дэмжин ажиллаж байгаа юм. Уг ажлын хүрээнд дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Капитрон банк нь Зээлийн батлан даалтын сан (ЗБДС)-тай хамтран CU франчайзийн эрх эзэмшихэд зориулсан бизнесийн зээл, мөн орон нутгийн эмэгтэйчүүдэд чиглэсэн тусгай бүтээгдэхүүнүүдийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлжээ.

Цаашлаад санхүүгийн дэмжлэг илүү шаардлагатай шинэ сегментэд хүрч ажиллах зорилгоор Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС Холбоо)-той хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан ногоон батлан даалтын туршилтын төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан юм. Энэхүү санаачилга нь жендэрийн эрх тэгш байдал болон ногоон хөгжлийн зорилтуудыг уялдуулан дэмжих чиглэлд хийж буй чухал алхам болж байна.

Шинэ жилийг гэр бүлтэйгээ

Сүүлийн жилүүдэд байгууллагын шинэ жилийн баярын хэлбэр ч мөн адил өөрчлөгдөж байна. Өмнө нь заавал том танхим, тайз засал, хөтлөгч, шоу тоглолттой үдэшлэг зохион байгуулах нь жишиг мэт ойлгогддог байсан бол өнөөдөр байгууллагууд илүү бодит хэрэгцээ, ажилтны сайн сайхан байдалдаа нийцсэн шийдлийг эрэлхийлэх болжээ. Энэ нь зардал хэмнэхээс илүү ажилтнуудынхаа амьдралын тэнцвэрийг хадгалахад тусалж буй.

Капитрон банк энэ жил уламжлалт байгууллагын шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахын оронд ажилтан бүртээ үнэт цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөх боломжийг бүрдүүлж, мөнгөн урамшууллыг олгожээ.