Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монголын волейболын Үндэсний Дээд Лигийн 2025 - 2026 оны улирал өрсөлдөөнт тоглолт, ширүүхэн мөчүүдээр дүүрэн өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээн нь лигийн түүхт 30 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд тэмцээний зохион байгуулалт, багуудын өрсөлдөөн, үзэгчдийн оролцоо өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэй болж өнгөрсөн юм. 

Тэр дундаа дээд лигийн отгон баг Дархан Могулс анхны жилдээ хүрэл медаль хүртсэн нь онцлох үйл явдлуудын нэг байлаа. Мөн Дархан Могулс эмэгтэй багийн хувьд ч гал гарсан тоглолтуудыг үзүүлж, дээд лигийн зургаадугаар байрт шалгарсан билээ. Түүнчлэн тоглогч Х.Нэргүй нэг тоглолтод 43 оноо авч,  Монголын Үндэсний Дээд Лигийн эмэгтэй тоглогчдын дундах хамгийн өндөр оноотой тамирчин болж рекорд тогтоогоод буй. 

Тэгвэл тус багийн тамирчид өөрсдийн ялалт, амжилтаа үнэнч хөгжөөн дэмжигчидтэйгээ хуваалцсан фен уулзалтаа зохион байгууллаа.

ДАРХАН МОГУЛС БАГИЙН ТҮҮХИЙГ ТОВЧХОН 

Үндэсний Дээд лигт хүч түрэн орж ирсэн энэхүү багийг Могул группийн Ерөнхий захирал Н.Баттулга болон багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Отгонбаяр нар санаачлан 2025 онд мэргэжлийн тоглогчид болон ур чадвартай шилдэг залуу тамирчдаар бүрдүүлжээ. Дархан Могулс нь 2014 онд байгуулагдсан “Медальд хүрэх зам” волейболын сургалтын төвөөс эхтэй бөгөөд хүүхэд, залуусыг волейболын спортоор зөв системтэй хичээллүүлэх, цаашлаад мэргэжлийн тамирчдыг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Отгонбаяр нь Монгол улсын волейболын шигшээ багийн тамирчин, “Медальд хүрэх зам” компанийн үүсгэн байгуулагч төдийгүй ОУХМ, ахлах дасгалжуулагч аж.

Дархан хот бол спортын өлгий нутаг. Тиймдээ ч өөрийн төрж өссөн хотоо төлөөлөх чадварлаг тамирчидтай багтай болох хүслээр Дархан Могулсийг байгуулсан түүхтэй. Дархан хотоос багаа байгуулж буй учир багтаа Дархан гэх нэрийг оруулан, Могул группийн нэрээ шингээн багийн нэрээ бүтээсэн юм. Лигт тоглож буй туршлагатай тамирчид болон шинэ залуу тамирчдаас багаа бүрдүүлж, Дарханы уугуул тамирчдыг ч гэсэн багтаа нэгтгэсэн. Өөр өөр багаас тамирчдаа бүрдүүлсэн учир эхэндээ бие биетэйгээ сайн ойлголцож чадахгүй бэрхшээлтэй тулгарсан хэдий ч нэг баг, нэг хамт олон болоод Үндэсний Дээд Лигт оролцсон анхны жилдээ хүрэл медалийн эзэд болсонд баяртай байна.

Могул группийн Ерөнхий захирал Н.Баттулга

ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН ҮНЭМЛЭХҮЙ АМЖИЛТ + ШИЛДЭГ ТАМИРЧИД 

Үндэсний Дээд Лигийн эрэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод дээд лигийн отгон баг Дархан Могулс өнгөрсөн улирлын аварга Хасу Метастарс багтай гал гарсан өрсөлдөөнт тоглолт хийсэн билээ. Ингээд таван ээлжийн ширүүн тоглолтын эцэст Дархан Могулс 3-2 харьцаатай ялалт байгуулж, анхны жилдээ хүрэл медалийн эзэд болж түүх бүтээв.

Мөн улирлын “Шилдэг диагоналийн довтлогч”-оор эмэгтэй багийн тоглогч Х.Нэргүй шалгарсан төдийгүй “Шилдэг өндрийн довтлогч”-оор эрэгтэй багийн М.Уранбаяр нар шалгарсан юм.

ДАРХАН МОГУЛС БАГИЙН АХЛАГЧ Г.ТӨРМАНДАХ 

Дархан Могулс баг маань шинээр байгуулагдаад удаагүй байсан тул багийн гишүүдээ бүрдүүлж, жигдрэхэд нэлээдгүй хугацаа шаардсан. Ингээд дээд лиг болохоос 14 хоногийн өмнө үндсэн баг бүрэлдэхүүнээрээ цуглаж, бэлтгэлээ хийж байлаа. Богино хугацаанд бие биетэйгээ сайн ойлголцож, үндэсний том тэмцээнээс хүрэл медаль хүртсэн багийнхнаараа бахархаж байна.

Заалыг дүүргэх, уур амьсгал эерэг байхаас эхлээд тоглолт амжилттай үргэлжлэхэд фенүүдийн дэмжлэг маш чухал үүрэгтэй. Тиймээс бид ирэх жилүүдэд фенүүддээ волейболын спортоор хичээллэх боломж бололцоог нь гаргаж өгөхөөр төлөвлөсөн.

ДАРХАН МОГУЛС БАГИЙН ДОВТЛОГЧ М.УРАНБАЯР

Гурван сарын турш үргэлжилсэн Үндэсний Дээд Лигийн хамгийн өрсөлдөөнтэй, онцлох тоглолтуудын нэг бол яах аргагүй гуравдугаар тойргийн хамгийн сүүлийн тоглолт байлаа. Энэ үеэр манай баг Натур Баксийн эсрэг шийдвэрлэх тоглолт хийсэн. Хожсон баг плэй-оффын шатанд шалгарах учир ихэд өрсөлдөөнтэй тоглолт болсноос гадна суудалдаа багтамгүй их үзэгчтэй байсан.

Волейбол миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон нь ааваас минь улбаатай. Тэрээр залуудаа волейболын мэргэжлийн тамирчин, дасгалжуулагч хүн байсан юм. Тиймээс бага байхын л волейболын бөмбөгөөр тоглож, дасгалжуулагчийн дор өсөж хүмүүжсэн дээ.

ДАРХАН МОГУЛС БАГИЙН ДОВТЛОГЧ Х.НЭРГҮЙ 

Улирлын гуравдугаар тойрогт манай баг Өвөрхангай Хашхан багийн эсрэг тоглосон юм. Энэ үеэр 43 оноо авч, Монголын Үндэсний Дээд Лигийн эмэгтэй тоглогчдын дундах хамгийн өндөр оноотой тамирчин болж рекордоо эвдсэн минь хамгийн онцлох тоглолтуудын нэг байлаа. Өмнө нь би чөлөөт бөх, хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг байсан, харин волейболын спортоор хичээллээд хоёр жил гаруй болж байна. Волейбол бол сэтгэл зүйн спорт. Тиймээс энэхүү спортоор хичээллэхээр зорьж буй дүү нартаа хандан хэлэхэд чиний намхан байх, эвсэлгүй байх хэнд ч хамаагүй. Хамгийн гол нь өөрөө чадна гэсэн тууштай сэтгэл зүйтэй байхад л болно шүү.

ДАРХАН МОГУЛС БАГИЙН ДОВТЛОГЧ С.БУЛГАНТАМИР 

Би хөнгөн атлетик, чөлөөт бөх, сагсан бөмбөг зэрэг төрөл бүрийн спортоор хичээллэж байсан. Тэр дундаас надад хамгийн их тохирсон спорт нь волейбол байсан учир уг спортоороо хичээллээд 14 жилийг ардаа үджээ. Одоо волейболгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй. Волейбол гэдэг биеийн минь нэг хэсэг, гэр бүл шиг санагддаг. Энэ улирлын дээд лигт Дархан Могулс гэх шинэхэн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Өмнөх жилүүдийг бодвол энэ жилийн лиг илүү зохион байгуулалт сайтай байсан бөгөөд тоглолтын талбайд гурван легионер тоглогч тоглох боломжтой болсон нь тоглогчдын ур чадварыг илүү сорьж чадсан гэж харж байна.

ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДийН УУЛЗАЛТЫН ОНЦЛОХ МӨЧҮҮД 

Дархан Могулс багийнхан өчигдөр буюу энэ сарын 11-нд “Фен уулзалт & Медалийн баяр” арга хэмжээг зохион байгуулж, үнэнч хөгжөөн дэмжигчидтэйгээ нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрүүлжээ. Арга хэмжээний үеэр хөгжөөн дэмжигчид багийн мерч бүтээгдэхүүнүүдийг худалдан авч, тамирчдаас гарын үсэг зуруулан, дурсгалын зургаа татуулсан юм. Мөн хөгжөөн дэмжигчдэд асуулт, хариултын цаг гаргаж өгснөөр асуухыг хүссэн асуултандаа хариулт авах боломжтойгоороо онцлог байлаа.

Түүнчлэн, Үндэсний Дээд Лигийн тэдний тоглолтыг нэг ч удаа алгасалгүй үзэж, бусад хөгжөөн дэмжигчдээ манлайлж ирсэн хоёр үнэнч фенээ онцолж, тэдэнд гарын бэлэг гардуулжээ.

ФЕНҮҮДИЙН СЭТГЭГДЛЭЭС

“Би волейболын спортоор олон жил хичээллэсэн, Дарханы уугуул хүн. Тиймээс Дархан Могулс баг байгуулагдсан цагаас эхлэн дэмжиж ирсэн. Шимтэн үзэх дуртай. Энэ улирлын дээд лигийн тоглолтыг нэг ч өдөр алгасалгүй үзлээ. Үзэхдээ бүрээ болон бусад “зэвсгүүд”-ээ бэлдээд дэмжсэн. Өрсөлдөөн ширүүн, эн тэнцүүхэн гал гарсан тоглолтууд боллоо. Дархан Могулсийн хувьд залуу баг. Гэсэн ч сүүлийн таван жил тасралтгүй тэргүүлсэн Хасу Метастарс болон хоёр удаа аварга авсан Натур Бакс зэрэг хүчирхэг багуудыг хожиж, хүрэл медаль хүртлээ. Улирлын хамгийн оргил тоглолтуудыг хийсэн гэж бодож байна.”

Хөгжөөн дэмжигч Б.Отгонжаргал

“Дархан Могулс багийг өнгөрсөн жилээс эхлэн дэмжиж байна. Тоглолтын ур чадвар, тактик гээд бүхий л зүйлээрээ тоглолт бүр дээрээ сайжирч байгаа нь бахархмаар санагдсан учир дэмжиж эхэлсэн. Хамгийн сүүлийн хүрэл медалийн төлөөх тоглолтыг үнэхээр их сандарч, догдолж үзлээ. Дараа жилийн улирлын тоглолтод аварга авна гэдэгт эргэлзэхгүй байна.”

Хөгжөөн дэмжигч Э.Учрал

“Би өнгөрсөн 12-р сард лигийн нэг тэмцээнийг нь үзэж байсан юм. Тэгэхэд тоглогч М.Уранбаярын үсрэлт, хаалт зэрэг нь ихэд таалагдсанаас гадна багийнхан нь хоорондоо маш сайн ойлголцож чаддаг юм шиг санагдсан. Холбогч ч гэсэн ур чадвар сайтай. Тийм учраас цаашдын тэмцээнүүддээ амжилт гаргана гэдэг огт эргэлзэхгүй байна.”

Хөгжөөн дэмжигч М.Алтаргана

ТӨГСГӨЛ

Дархан Могулс баг үүсгэн байгуулагдсан анхны улиралдаа ололт, амжилтаар дүүрэн тоглож, Үндэсний Дээд Лигийн 2025/26 улирлын тэмцээнээ хүрэл медальтайгаар өндөрлүүлж байна. Тэдний энэхүү ололт амжилтыг Дархан-Уул аймгаас үнэлж “Оны онцлох баг хамт олон”-оор тодруулжээ.

Ирэх жилүүдэд тэдний ур чадвар илүү сайжирч, амжилтаа ахиулна гэдгийг арга хэмжээнд ирсэн хөгжөөн дэмжигч, фенүүд нь онцолж байлаа.

Сонирхуулахад, Монголын Волейболын холбооны шинэ журмын дагуу 2026 оны үндэсний шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүн буюу эмэгтэй, эрэгтэй тус бүр 30 шилдэг тамирчин шигшээд тоглохоор сонгогдсон билээ. Тэгвэл Дархан Могулс багаас шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд Х.Нэргүй, С.Булгантамир, Ж.Энхсоёл болон М.Уранбаяр, Т.Пүрэвдорж, Г.Төрмандах нар шалгарчээ.


Хэрвээ та Дархан Могулс багийн мерч бүтээгдэхүүнээс худалдан авахыг хүсвэл энд дараарай.