Европын хөлбөмбөгийн 2025-26 оны шинэ улирал эхэллээ. Дэлхийн хамгийн их үзэгчтэй Английн Премьер лиг, Эль Классикогийн өлгий болсон Испанийн Ла Лига, Аваргуудын лигийн цомыг хадгалагч Францын Лиг 1 энэ амралтын өдрүүдээр нээлтээ хийнэ. Түүний дараа Герман, Италийн лиг эхлэх бол Португал, Нидерландын лиг хэдийнээ эхэлжээ. Unread Today энэ дугаартаа Европын топ 25 клубыг онцоллоо.
1. Ливерпүүл: Аваргаа хамгаалж чадах уу?
Opta-гийн суперкомпьютер 100 мянган симуляцийн үр дүнд Ливерпүүлийг аваргаа хамгаална хэмээн таамагласан. Тэд ч гэрийн даалгавраа сайтар базааж, зуны наймааны цонхны хамгийн идэвхтэй баг нь байв. Ливерпүүл лигийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймааг хийж, Германы залуу авьяастан Ф.Вирцийг ($202 сая) эгнээндээ нэгтгэсэн нь өрсөлдөгчдөд нь маш том мессеж болов. Нэмээд гэнэтийн ослоор амиа алдсан Д.Жотагийн төлөө тэд аваргаа хамгаалах улирлаа эхлүүлнэ.
2. Манчестер Сити: Пепийн гайхалтай амжилт хадгалагдах уу?
Пеп Гуардиолад дотоодын цомоо хоёр улирал дараалан алдсан түүх байхгүй. Тиймдээ ч тэр наймааны цонхоор ихэд эрчтэй ажиллаж, Р.Черки, Т.Рэйндерс, Р.Айт-Нури зэрэг тоглогчдоор хүч сэлбэв. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Родри урт хугацааны гэмтлээсээ эргэн ирж, түүний баг гэнэтхэн л цоо шинэ баг мэт болчхов. Хэрвээ хэн нэгэн Ливерпүүлийг хүснэгтээс буулгана гэвэл тэр нь Сити байх болно.
3. Арсенал: Дутагдаж байгаа зүйлээ олсон уу?
Гурав улирал дараалан лигтээ аман хүзүүднэ гэдэг нэг талаасаа амжилт, нөгөө талаасаа “гонсойлгом” үр дүн. Гэсэн ч Арсеналын фенүүд дасгалжуулагч М.Артетад итгэсээр. Найдлага төрүүлж буй зүйл нь тэд энэ удаад 9 номерын асуудлаа шийдвэрлэж, Португалын лигийн “мангас” В.Гьокерешийг худалдаж авсан нь байв. Тэр 20 гоол оруулахад л Арсеналыг нэг байр урагшлуулж мэдэх юм.
4. Челси: Топ 4 хангалттай юу?
Конференц лиг, Клубүүдийн ДАШТ-д дараалан Э.Марескагийн эхний улирал “төгс” гэмээр өнгөрөв. Өнгөрсөн жил Челсигийн гарааны бүрэлдэхүүний дундаж нас 24 нас 36 хоног байсан нь түүхэнд хамгийн залууд тооцогдоно. Энэ баг улам туршлагажиж, улам сайжирч, улам аюултай болох нь гарцаагүй.
5. Манчестер Юнайтед: Европт эргэн ирж чадах уу?
18 хожигдол, 15-р байр. Энэ бол Манчестер Юнайтед шиг клубийн хувьд гутамшиг, байж болшгүй үр дүн. Р.Аморим дасгалжуулагчийн хувьд М.Рэшфорд, А.Гарначо, Энтони зэрэг өндөр цалинтай, дархлагдсан тоглогчдоо “хөөсөн” нь зоригтой үйлдэл байв. 200 сая фунт зарлагдаж шинэчилсэн урд шугам нь хэр байхаас тэдний Европын эрх авч чадах эсэх нь тодорхойлогдоно. Цаг гүйсээр.
6. Тоттенхэм: Соныг хэн орлох вэ?
Европа лигийн аваргуудын хувьд шинэ улирал адармаатай эхэлж байна. Клубийн нүүр царай болсон багийн ахлагч Сон Америкийг зорьж, гурван ч тоглогч нь чагтан холбоосоо тасалж, дийлэнх цагаа эмнэлгийн орон дээр өнгөрүүлэх болов. Шинэ дасгалжуулагч Т.Франк маш залуу, гэхдээ “түүхий” багтайгаар эхний улирлаа өнгөрүүлэх нь. Наймааны цонх дуусах хүртэл тэд тун идэвхтэй ажиллаж, хэд хэдэн шинэ тоглогч авчрах даалгавартай!
7. Астон Вилла: Европа лигт төвлөрөх үү?
Сүүлийн жилүүдэд топ 4-ийн төлөө тогтмол өрсөлдөх болсон У.Эмеригийн баг бусадтайгаа харьцуулахад хамгийн нам гүм зуныг өнгөрүүлэв. О.Ваткинс, Э.Мартинез зэрэг од тоглогчдоо хадгалж үлдэх нь тэдний гол зорилго. Гэхдээ лиг гэхээсээ илүү Европа лигт өрсөлдөх нь бодитой амбиц мэт.
8. Ньюкасл: Э.Хоув тэсэж үлдэх үү?
Дэлхийн хамгийн баян хөрөнгө оруулалтын сан PIF-аас санхүүжилт татсан Ньюкасл энэ жил Аваргуудын лигт өрсөлдөнө. Гэвч тэдний бүрэлдэхүүн хангалттай сайн эсэх нь эргэлзээтэй хэвээр. Гол од А.Исакаа алдах эрсдэлтэй буй Ньюкаслд том тоглогч авчрах зангараг дутагдсаар. Даруухан намтартай дасгалжуулагч Э.Хоуваа сольж, дэлхийн хэмжээний дасгалжуулагч авчрах цаг болсон байж магадгүй.
9. Байерн: Аваргуудын лигт өрсөлдөж чадах уу?
Сүүлийн 13 жилд 12 удаад нь лигтээ түрүүлсэн тэд энэ удаад ч төвөггүй түрүүлэх төлөвтэй. Нэг ялгаа нь тэдэнд одоо Т.Мюллер байхгүй. 25 жилийг Мюнхенд өнгөрүүлсэн Герман машин Ванкуверийг зорьсон. Байерны фенүүдийн хувьд ирэх жилийн амжилтыг Аваргуудын лигт хэр хол явахаас хамаарч дүгнэнэ. Үүнд Ливерпүүлээс авчирсан Луйс Диазын нөлөө үлэмж их.
10. Дортмунд: Байерныг унагаах уу?
Байерныг зогсоох хамгийн магадлалтай баг нь Борусси Дортмунд. Өнгөрсөн улирлын дундуур Дортмундыг удирдах болсон Нико Ковач улирлын хаалтыг гайхалтай тавьж, боломжит 24 онооноос 22-ыг авч чадсан. Энэ формоо хадгалж чадвал тэд Европт ч хүчтэй
өрсөлдөгч байх болно. Тэгээд ч Байернд ердөө 18 сар ажиллаад халагдсан Ковач экс багаа буулгаж авах шиг төгс зохиол байна гэж үү?
11. Лайпциг: Шинэ од хэн байх вэ?
Лайпцигаас улирал бүрд тодордог залуу тоглогчид нь өдгөө Европ даяар тархжээ. Уг жагсаалт К.Нкунку (Челси), Д.Упамекано (Байерн), Д.Собослаи (Ливерпүүл) гээд үргэлжилнэ. Энэ жилийн хувьд Манчестер Юнайтед 100 сая доллар төлөн Б.Сеског худалдаж авав. Бундеслигийн хамгийн аюултай багуудын нэг энэ жил ч аваргын төлөө өрсөлдөх нь гарцаагүй. Гэхдээ үүнээс илүүтэй тэдний шинэ од хэн гэдэг залуу тоглогч байх бол гэдэг нь анхаарал татаж байна.
12. Байер: Цоо шинээр эхлэх үү?
Ш.Алонзо Реалыг зорьж, Ф.Вирц, Ж.Та зэрэг гарааны таван ч тоглогч нь багаа орхисон нь Байер Леверкузеныг шинэ баг мэт харагдуулж байна. Манчестер Юнайтедэд төдийлөн амжилт олж чадаагүй Эрик Тен Хаг тэднийг удирдах болно. Тэр ирсэн даруйдаа өөрийн хүссэн М.Тилман, Ж.Куанса нарыг клубийн рекорд үнээр худалдаж авсан. Түүний хувьд энэ жилийн зорилго топ 4-т орох байх болов уу.
13. Наполи: Де Бруйнегийн нөлөө хэр байх вэ?
Бусад бүх өрсөлдөгчид нь менежерээ сольж байх үед тэд өнгөрсөн улиралд аваргын цом авчирсан дасгалжуулагч А.Контегоо хадгалж үлдэж чадсан. Магадгүй энэ нь л тэднийг Сери А-д дахин түрүүлэх гол хүчин зүйл болж мэднэ. Нэмээд тэд Премьер лигийн сүүлийн арваны хамгийн шилдэг тоглогч К.Де Бруйнег “урвуулж” чадсан. ДАШТ-ий өмнө Де Бруйне формондоо орж чадвал тэднийг зогсоох улам л хэцүү болох болов уу.
14. Интер: Сэргэлт авч чадах уу?
Өнгөрсөн тавдугаар сар гэхэд Интер требл хийх боломжтой байлаа. Гэвч тэд Аваргуудын лигийн финалд ПСЖ-д бут ниргүүлж, эцсийн тойрогт лигийн түрүүгээ алдсан. Үүний дараа дасгалжуулагч С.Инзаги Арабыг зорьсон нь бүр ч хүнд цохилт болов. Шинэ дасгалжуулагч К.Киву тоглогч ахуйдаа фенүүдийн хайртай од нь байсан ч Сери А-д ердөө 13 тоглолт удирдсаныг мартаж болохгүй.
15. АС Милан: Аллегри амжилтад хөтлөх үү?
Италийн лигийн хамгийн амжилттай дасгалжуулагчдын нэг М.Аллегри Миланд эргэн ирсэн нь найдлага төрүүлж буй. Тэр хамгийн сүүлд 2011 онд Миланд Скудетто авчирч байв. Дээрээс нь Европын тэмцээнд оролцохгүй өнжиж буй нь тэдэнд лигтээ төвлөрөх давуу талыг олгоно. Гэвч Т.Рийндерс, Т.Эрнандесийн орон зайг нөхөх тийм ч амар биш.
16. Ювентус: Тэнцээнээс залхсан биз?
Ювентус өнгөрсөн улиралд ердөө 4 хожигдсон нь лигтээ хамгийн багад тооцогдох үзүүлэлт байв. Гэвч тэд бараг тал тоглолтдоо буюу 16 удаа тэнцсэнээр дөнгөж 4-р байрт орсон юм. Удирдлагууд ч Т.Моттагийн эрсдэлгүй арга барилаас уйдаж, довтолгоог эрхэмлэсэн И.Тюдорыг авчирлаа. Бид ирэх улиралд цоо шинэ, илүү үзүүштэй хөлбөмбөг тэднээс үзэх болно.
17. Рома: Гасперини амжилтаа давтах уу?
Энэ зуны Сери А-гийн хамгийн онцлох наймаа ямар нэгэн тоглогчийнх байсангүй. Харин Ж.Гасперини 9 жил удирдсан Аталантаг орхиж, Ромад ирсэн нь байв. Тэрээр Аталанта хэмээх жижиг клубыг Сери А-гийн хамгийн аюултай баг болгож, бүр Европа лигт хүртэл түрүүлээд амжсан. 2020 онд нийслэлийн багийг худалдаж авсан тэрбумтан Д.Фриедкен түүнээс чухам ижил амжилт хүлээж буй нь дамжиггүй.
18. Барселона: Ламине Ямалыг хэн зогсоох вэ?
Ханси Фликийн баг өнгөрсөн улиралд нийт 174 гоол оруулж, лиг, цомын тэмцээндээ “төвөггүй” түрүүлсэн. Европыг эзлэх амбицтай тэдний амжилтын гол түлхүүр нь тоглолт бүрд сайжирсаар буй Л.Ямал байх болно. Барса Мессигийн залгамжлагчийг олжээ гээд хэлчихэд ч болмоор. Хамгийн “аймшигтай” нь тэр дөнгөж 18 нас хүрсэн гээд бод доо?
19. Реал Мадрид: Мбаппе-Винишиус ажиллах уу?
Бундеслигад Байерны ноёрхлыг зогсоож, өөрийгөө зарлан тунхагласан Шаби Алонзо Бернебауд удтал хүлээлгэсний эцэст эргэн ирлээ. Алонзо шинэ систем, шинэ уур амьсгал авчрах нь тодорхой. Гэхдээ түүнд дэлхийн хамгийн шилдэг бас үнэтэй гэж хэлж болох К.Мбаппе-Винишиусийн хослолын учрыг олох хүнд даалгавар оногдсон. Чухам тэд аз жаргалтай, эв нэгдэлтэй байхаас Реал Мадридын амжилт шууд хамаарна.
20. Атлетико: Аваргуудыг дарж чадах уу?
Ла Лигад Барса, Реал Мадридын дундуур шургах потенциалтай ганц баг байгаа нь Атлетико. 153 сая еврогоор 7 шинэ тоглогч авчирсан тэд илүү хурдтай, илүү ритмтэй болсон мэт цаасан дээр харагдаж байна. 14 дэх улиралдаа Мадридад ажиллаж буй Д.Симеоне лигийн гурав дахь цомоо хүртэх нууцхан зорилготой байгаа нь гарцаагүй.
21. ПСЖ: Хэр их оноо алдах вэ?
Францын лигт тэднийг зогсоох баг үнэндээ алга. Тиймдээ ч гол асуултыг ийн сонгосон хэрэг. Сүүлийн дөрвөн жилд лигтээ түрүүлсэн тэд өнгөрсөн улиралд ердөө 2 хожигдсон. Аваргуудын лигийн аварга цолоо хамгаалахад илүү төвлөрөх тэднийг хожигдолгүй түрүүлбэл битгий гайхаарай.
22. Монако: Погба формоо олж чадах уу?
Марсель, Лион, Лилль, Ницца гээд 2-р байрын төлөөх өрсөлдөөн ширүүн өрнөнө. Гэхдээ бид энэ удаад Монаког сонгов. Өнгөрсөн жил 3-р байрт орсон тэд энэ зун Пол Погбаг эгнээндээ нэгтгэж чадсан. Нэгэн үе Францын шигшээгийн нүүр царай болж байсан тэрээр допингийн хэргээр 18 сар шийтгэгдээд эргэн ирж байна. Тэр өөрийнхөө нэрийг цэвэрлэж, эргэн ирсэн гэдгээ тунхаглахыг үнэхээр их хүсэж буй.
23. Фенербахче: 10 жилийн хүлээлт тайлагдах уу?
Туркийн хамгийн амжилттай клуб Фенербахче хамгийн сүүлд 2014 онд л лигтээ түрүүлсэн. Энэ хар цувралыг зогсоох эрхэм Жозе Моуриньо байх учиртай. Лигтээ гурав дараалан түрүүлээд буй Галатасарай В.Осимхен, Л.Сане нараар бүрэлдэхүүнээ зузаатгаад байгаа нь түүний даалгаврыг улам хүнд болгож байна. Гэхдээ “онцгой нэгэн” үргэлж л биднийг гайхшируулсаар ирсэн биш гэж үү?
24. Аякс: Шокноосоо гарч чадсан уу?
2025.04.12. Нидерландын лигийн 29-р тойрог. Аякс ардаа яваа ПСВ-ээс 9 оноо илүү байв. Лигийн хамгийн түүхтэй клуб 2022 оноос хойш анх удаа лигт түрүүлэх нь “ойлгомжтой” мэт санагдаж байв. Гэтэл тэд сүүлийн 5 тойрогт ердөө 5 оноо авч атгачихсан байсан цомоо алдчих нь тэр. Аяксийн алдарт академиас төрөн гарсан экс тоглогч Ж.Хэйтингад “хар дарсан” цувралыг эцэслэж, аваргын цомыг эргүүлэн авчрах даалгавар оногдов. Тэдний гол өрсөлдөгчид нь ПСВ, Фэйеноорд байх болно.
25. Порту: Фариоли нэр төрөө сэргээх үү?
Өнөөх Аяксийн бүтэлгүйтлийн эзэн Ф.Фариоли Портуд ирлээ. Түүнийг хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн авьяаслаг, ирээдүйтэй дасгалжуулагчид тооцож буй нь санаандгүй хэрэг биш. Тиймдээ ч 22 оноос хойш лигтээ түрүүлж чадаагүй багт эрс сэргэлт авчрах нь гарцаагүй. Португалын лигийн гол өрсөлдөөн өнгөрсөн улирлын аварга Спортинг, Португийн хооронд өрнөнө. Гэхдээ бид илүү “өлсгөлөн” гэж хэлж болох Португ сонголоо.