Ердөө сүүлийн арван жилийн хугацаанд технологийн дэвшил бүхий л салбарын хөгжлийг өндөр хурдаар өөрчилж буй. Тэр тусмаа санхүүгийн салбарт дижитал шилжилт улам эрчимжсээр бэлэн мөнгөний хэрэглээ багасаж, ухаалаг төхөөрөмж, цахим түрийвч, QR код, хиймэл оюунд суурилсан төлбөрийн шийдлүүд хэдийн өдөр тутмын хэрэглээ болжээ.
Гагцхүү технологийн хурдтай хөл нийлүүлэн алхахын сацуу хэрэглэгчийнхээ эрэлт хэрэгцээ, зан төлөвийг сайтар ойлгож, тэдгээрт тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох нь чухал. Учир нь өнөө цагийн хэрэглэгчид хурдтай, аюулгүй, хялбар байдлаас гадна өөрийнх нь хүсэл сонирхолд тулгуурласан хэрэглэгчийн туршлагыг (customer experience) хүсэх болсон билээ.
Тийм ч учраас ХААН Банкны зүгээс хоёр дахь удаагаа стратегийн бодлого, үнэт зүйлстэй нь нийцэхүйц шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, чадварлаг мэргэжилтнүүдийг дэмжих зорилгоор “Hackaton 2025 – Future of Digi Pay” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: “HACKATHON 2025 – FUTURE OF DIGI PAY” ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ
Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан тус хакатоны гол дүр нь Digi Pay аппликэйшн байлаа. Digi Pay бол ХААН Банкны бүх төрлийн картаа холбоод өдөр тутмын амьдралын хэв маягтаа тохирсон санхүүгийн үйлчилгээг тав тухтай, хурдан шуурхай авах боломж олгодог апп билээ. 100,000 төгрөгөөс доош дүнтэй гүйлгээнд нууц үг шаардахгүй, харин үүнээс дээш үнийн дүн бүхий гүйлгээнд нууц үг хийхдээ царай таних, хурууны хээ таних зэрэг биометрик ашигладгаараа давуу талтай.
Оролцогч багуудад оноогдсон даалгавар бол Digi Pay аппыг онцлон:
- Төлбөрийн хэрэглээнд нийцсэн зардлын ухаалаг зөвлөх
- Аппликэйшнд суурилсан тоглоомчилсон урамшууллын систем
- Хуримтлал болон бичил хөрөнгө оруулалтын шинэ боломжууд
- Зорилтот хуримтлал үүсгэж, бага дүнгээр хөрөнгө оруулах шийдэл
- Ногоон хэрэглээг дэмжих тогтвортой хөгжлийн шийдэл сэдвийн хүрээнд шинэлэг санаа гарган өрсөлдөх байв.
Шагналын сангийн тухайд I байр 20,000,000₮, II байр 15,000,000₮, III байр 10,000,000₮-ийн мөнгөн шагналтай байлаа.

ШИЛДЭГ 7 БАГИЙГ ТАНИЛЦУУЛАХ НЬ
Хакатонд 60 гаруй баг өөрсдийн санаа шийдлийг өрсөлдүүлэхээр бүртгүүлсэн бөгөөд урьдчилсан шалгуурт тэнцсэн 28 багаас шилдэг долоон баг шалгарч, сүүлийн шатанд өрсөлдсөн. Оролцогчдын хувьд их сургуулийн оюутнуудаас эхлээд ажлын талбарт хэдийн олон жилийн туршлага хуримтлуулсан залуу мэргэжилтнүүд ур чадвараа сорьсон юм.
Хөтөлбөр ёсоор хакатоны эхний өдөр багууд өөрсдийн танилцуулга болон дэвшүүлж буй санаа шийдлээ хуваалцсан билээ.

“4W” – Хадгаламж хийх бүрд хэрэглэгч оноо цуглуулж, оноо нэмэгдэх хэрээр хотоо хөгжүүлэх боломжтой

“CJS” – Микро хөрөнгө оруулалт, хуримтлалын сэдлийг AI-д суурилан санал болгох ба урамшуулал, тоглоомчлолын системтэй интеграц хийх боломжтой

“Erchim Labs” – Round-up буюу тоймлосон хадгаламж үүсгэх, хадгаламж өсөх хэрээр модоо ургуулах боломжтой

“Flow” – Харилцагчид өөрсдийн микро хадгаламжийн дүрмийг тохируулах, худалдан авалтын гүйлгээнээс хуримтлал үүсгэх боломжтой

“ABBA” – Найзууд, хамт олон нэг групп болж, хуримтал үүсгэх, хуримтлалаа тогтмол хийх бүрд оноо илүү цуглуулах боломжтой

“Артемиз” – Дижитал хэтэвч болон супер апп дахь AI санхүүгийн зөвлөгөө өгөх, Тогтвортой хөгжлийг дэмжих бүтээгдэхүүнүүдийг тайлбарлан, санал болгох боломж (ESG point цуглуулах)

“DigiCoin” – Худалдан авалтад суурилсан хуримтлал үүсгэх, тогтвортой хөгжилд чиглэсэн байдлаар оноогоо зарцуулах (ESG point, charity donation, green saving)
Ороцогч багуудын санааг илүү төгөлдөржүүлэхээр ХААН Банкны зүгээс тал бүрийн туршлагатай менторууд ажиллажээ.

ЯЛАГЧ 3 БАГИЙГ АЛДАРШУУЛАХ НЬ
Багууд цаасан дээрх санаагаа бодит бүтээгдэхүүн болгон хувиргахын тулд 72 цагийн турш тасралтгүй ажиллаж, ур ухаан, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдсөн юм. Энэ бол оролцогчдын хувьд гурав хоногийн тэмцээн гэхээсээ илүү санаа төрөхөөс хэрэгжих хүртэлх бүтээлч замналыг туулсан бодит туршлага байсныг онцлууштай.
Тэдний бүтээлч санааг шүүн дүгнэхээр ХААН Банкнаас дараах эрхэм шүүгчид ажилласан юм.


Гуравдугаар байранд найзууд, хамт олноороо нэгдэн хуримтал үүсгэх шийдэл боловсруулсан ABBA баг шалгарлаа. Сонирхолтой нь, тэдний санаа нь групп чат хэлбэрээр хуримтлал үүсгэх ба хуримтлал хэрхэн өсөж байгааг нээлттэй харуулах газрын зураг, цаг тухай бүрд мэдээлэл болон зөвлөгөө өгөх хиймэл оюунт чат туслахтай байх гэнэ.

Дэд байранд Лояалти тоглоомын системд суурилсан хуримтлалын шинэ цэсийг бүтээгч 4W баг шалгарсан. Ингэхдээ Visual хотыг хөгжүүлэх замаар харилцагч урамшуулал болон хадгаламжийн хүү нэмэгдэх боломжийг олгож буй. Энэ нь үнэнч хэрэглэгчдийг авч үлдэх болон шинэ хэрэглэгчдийг татах шинэлэг санаа юм. Мөн банкнаас гаргаж буй шинэ урамшуулал, мерчантуудын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд чатботоор мэдээлэх ба нэмэлтээр тухайн хэрэглэгчийн өгөгдөл дээр тулгуурласан зөвлөмж өгөх боломжтой ажээ.

Тэргүүн байранд худалдан авалтын гүйлгээ бүрээс хуримтлал үүсгэх санаагаар Flow баг шалгарлаа. Тэдний төсөл нь хүмүүсийн мөнгө үрэх зуршлыг мөнгө хуримтлуулах зуршил болгон хувиргах ухаалаг шийдэл юм. Жишээлбэл, хэрэглэгч ХААН Банкны Digi Pay аппликэйшн ашиглан худалдан авалт хийх үед тухайн худалдан авалтад хамаарах хямдрал, урамшууллын хувь хэмжээнээс шалтгаалж, тусгай хуримтлалын данс руу автоматаар буцаан олголт хийгдэнэ. Мөн хэрэглэгч өөрийн хүссэн хэмжээгээр худалдан авалт бүрээс нэмэлт хуримтлал үүсгэх тохиргоо хийх боломжтой. Энэхүү шийдэл нь хэрэглэгчдийг хялбар аргаар санхүүгийн сахилга баттай болоход дэмжлэг үзүүлж, мөнгө үрэх зуршлыг “мөнгө өсгөх зуршил” болгох юм.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД: ТОГТВОРТОЙ ӨСӨЛТӨД ХӨТЛӨХ ХАМТРАЛУУД
Дижитал шилжилтийн дараагийн алхам бол шинэ технологи бүтээх бус, харин хүмүүсийн итгэлцэл, хэрэглэгчийн туршлага, тогтвортой хөгжлийг нэгтгэсэн ухаалаг төлбөрийн ирээдүйг хамтдаа бүтээх явдал юм. Гагцхүү “Hackathon 2025 – Future of Digi Pay” тэмцээн энэ зорилгод хүрэх замын тод жишээ болон үлдлээ.
Онцлон дурдахад, ХААН Банкны зүгээс тэргүүн байранд шалгарсан Flow багт санаагаа үргэлжлүүлэн Digi Pay аппликэйшнд хөгжүүлэх саналыг тавьсан юм. Ингээд дараагийн хакатоноор дахин уулзатлаа түр баяртай.






Сэтгэгдэл бичих

