Монголын системийн нөлөө бүхий таван банкны нэг болох Голомт банк анх удаагаа олон улсын зах зээл дээрээс 300 сая ам долларын бондыг амжилттай татан төвлөрүүлэв. 

Энэхүү үйл явдал нь 2012 оноос хойш Монголын арилжааны банкнуудаас олон улсын зах зээл дээр бие даан бонд босгож буй анхны тохиолдол болж, арав гаруй жил тасраад байсан олон улсын зах зээл дэх санхүүжилтийн үйл ажиллагааг дахин сэргээлээ. 

бонд гэж юу вэ? 

Товчхондоо, бонд гэдэг бол тогтмол орлоготой, эрсдэл багатай үнэт цаас. Тухайн бонд гаргагч нь өөрийн хөрөнгийг барьцаа баталгаа болгон хэн нэгэн хөрөнгө оруулагчаас тодорхой хугацаанд, тогтсон хүүтэйгээр зээл авч буй үйл явцыг “бонд гаргах” хэмээн нэрлэнэ.

Мэдээж олон улсын стандартад нийцсэн байх, зэрэглэл тогтоолгох гээд маш нарийн ажиллагаатай байдаг тул гадаад зах зээлд бонд гаргах нь дотоодын зах зээлтэй харьцуулахад тун хүнд даваа юм. Тэгвэл эдгээр нүсэр ажлын ард амжилттай гарч, ам долларын бондыг гадаад хөрөнгө оруулагчдаас босгож чадсан Голомт банк нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн нэг шатаар хурдасгаж чадлаа.



голомт гэж хэн бэ? 

Голомт банк нь салбарынхаа түүчээлэгчдийн нэг бөгөөд технологи суурьтай, инновац шингэсэн шинэлэг үйлчилгээг бидэнд үргэлж хүргэдэг билээ.

Монгол Улсын банкны секторт 12 арилжааны банк үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар тэдний нийт хөрөнгийн хэмжээ 55.0 их наяд төгрөгт хүрээд байна. Үүний 18.8 хувь буюу 10.3 их наяд төгрөгийг Голомт банк дангаараа бүрдүүлдэг.

Голомт банкны хувьд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 86.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлт болж байгаа төдийгүй өнгөрөгч оны нийт цэвэр ашгийн 41 хувьтай тэнцэх ашгийг зөвхөн 2024 оны нэгдүгээр улиралд олжээ. Мөн тус банк нь 2022 онд нээлттэй хувьцаат компани болсноор хүссэн хэн бүхэн хувьцаа эзэмшигч нь болж, ашигт ажиллагаанаас өгөөж хүртэх боломжтой болсныг та санаж буй нь лавтай.

ГОЛОМТ банкны ам долларын бондын тухай

Голомт банкны олон улсын зах зээл дээр гаргасан 300 сая ам.долларын бонд нь жилийн 11 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хаалттай буюу зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчид худалдан авах боломжтой бонд юм. Тэгвэл өнгөрөгч сарын 29-ний өдөр бондын захиалга нээгдсэнээр нийт 500 сая ам.долларын захиалга ирсэн бөгөөд энэ нь санхүүжилтийн зорилтот дүнгээс 200 сая ам.доллароор давсан захиалга болсон байна.

Нийт захиалгын дийлэх хувь буюу 83 хувийг Ази, 12 хувийг Европ, үлдсэн 5 хувийг АНУ-ын хөрөнгө оруулагчид тус тус бүрдүүлжээ. Харин захиалга өгсөн хөрөнгө оруулагчдыг сектороор нь ангилж харвал брокерын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд, хувийн банкнууд тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Голомт банк нь өөрсдийгөө төдийгүй Монгол улсыг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж, тэдний сонирхлыг татсан итгэл даахуйц бондыг санал болгож чадсаан гэсэн үг.

“Бидний хувьд энэ бүгд цоо шинэ зүйл байлаа. Энэ үйл явдал Монголын илүү олон үнэт цаас гаргагчид дэлхийн хөрөнгийн зах зээл дээр гарах шинэ зам боллоо гэж харж байна.”

Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като

АНДЕРРАЙТЕР БА ЗЭРЭГЛЭЛ

Тус бондын андеррайтераар дэлхийн томоохон банкнууд болох “J.P. Morgan Securities PLC”, “Deutsche Bank AG” болон “Korea Investment & Securities Asia Limited” хамтран ажиллажээ. Андеррайтер гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал бонд гаргагчийн бизнесийн үйл ажиллагаанд өргөн хүрээгээр судалгаа шинжилгээ хийж өөрийн нэрийн өмнөөс батлан дааж бонд гаргах зөвшөөрлийг зохицуулагч байгууллагаас хүсэж, түүнтэй холбоотой үйл ажиллагааг хариуцаж буй компанийг хэлдэг.

Тэгвэл Голомт банкны ам.долларын бондын андеррайтеруудын нэг “J.P. Morgan Securities PLC” нь 2023 онд зах зээлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн том банкаар тодорсон АНУ-ын үндэстэн дамнасан корпорацын хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ явуулдаг охин компани билээ.

Хөрөнгийн зах зээлд зэрэглэл тогтоогч байгууллагууд нь тухайн бонд гаргагч компанийн зээлжих зэрэглэлийг стандартчилагдсан үнэлгээний хэмжүүрээр эрэмбэлж, зээлдэгч зээлийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгө оруулагчдын хүлээгдэж буй алдагдлыг хэмжих үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл Голомт банкны ам.долларын бондын зээлжих зэрэглэлийн олон улсын зэрэглэл тогтоогч Moody’s/S&P байгууллагууд үнэлж, B3/B гэсэн үнэлгээг өгчээ.

“Moody's” нь зэрэглэл тогтоохдоо “Aa”-аас “Caa” хүртэлх үнэлгээ болгондоо 1, 2, 3 гэсэн тоон хувиргагчийг хавсаргасан 21 зэрэглэлд хувааж үнэлдэг бөгөөд тоо бага байх тусам үнэлгээ өндөр буюу зээлжих зэрэглэл сайн байгааг илэрхийлдэг системтэй. Харин “А” үсэг нь харьцангуй эрсдэл бага байгааг, “В” үсэг нь тодорхой хэмжээний төлбөрийн эрсдэл байгааг, “С” үсэг нь зээлээ цаг хугацаанд нь төлж чадахгүй эрсдэл өндөр байгааг харуулдаг.

Голомт банкны бондын хувьд Moody’s B3 байгаа нь Монгол Улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа юм. Сонирхуулахад, Moody's үнэлгээний аргачлал нь бонд гаргагчийг өөрийн улсын зээлжих зэрэглэлээс дээгүүр үнэлэгдэх боломжийг хязгаарласан бодлого баримталдаг. Өөрөөр хэлбэл, улсын зээлжих зэрэглэл нь эх орондоо байгаа ихэнх аж ахуйн нэгжийн зээлдэгчийн хувьд "тааз" болдог аж.

Ийнхүү олон улсын хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч банкнуудын нэг болох Голомт банк 300 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан нь Монголын банкны секторын хувьд долларын зах зээлийн оролцоог эргэн сэргээж, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.