Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөж, валютын нөөцийг бүрдүүлдэг гол салбаруудын нэг бол яах аргагүй алтны салбар билээ. Монголд ч гэлтгүй Дэлхий даяар бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өсөж, нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед алт нь үнэ цэнээ алддаггүй, хамгийн эрсдэл багатай хөрөнгө хэвээр байна.
Тиймээс энэхүү салбарт тулгарч буй асуудлуудыг ярилцаж, цаашдын гарц шийдлийг тодорхойлох зорилгоор Голомт банкнаас жил бүр “Алтны форум” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Тэгвэл энэ жил тус арга хэмжээ 7 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Ингээд салбарын манлайлагч, бодлого тодорхойлогч болон ханган нийлүүлэгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн тус арга хэмжээн онцлох үйл явдлууд, илтгэлүүдийг тоймлон хүргэж байна.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: АЛТНЫ ФОРУМ ГЭЖ ЮУ ВЭ?

Голомт банкнаас Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдийг дэмжих зорилгоор 2018 оноос эхлэн жил бүр “Алтны форум” арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээнд Монгол Улсын алт олборлогч топ аж ахуйн нэгж, уул уурхайн механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын төлөөллүүд оролцон салбартаа тулгамдаж буй асуудал, шийдэл гарц гаргалгааг хэлэлцдэг юм.
ГОЛОМТ БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.ОДОНБААТАР

Өнөөгийн байдлаар дэлхий дахинд тогтворгүй, тодорхойгүй байдал ноёрхож байна. Ийм тогтворгүй цаг үед алтны үнэ цэн тогтвортой өсөж, улс орнууд нөөцөө зузаатган, алт руу хөрөнгө оруулах хувь хүмүүсийн тоо ч нэмэгдээд буй. Монгол Улсын хувьд ч эдийн засгийн гол салбарууд нь гадаад зах зээлээс шууд хамааралтай байдаг тул жил бүр ийнхүү дэлхийн зах зээлийн сорилтуудтай нүүр тулдаг билээ.
Тиймээс Монгол Улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон алтны салбарын төлөөллүүд нэг дор цуглаж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэх цорын ганц мэргэжлийн талбар бол “Алтны форум” юм. Бид энэхүү арга хэмжээгээр дамжуулан алтны зах зээлийн динамик өөрчлөлт, түүнд нөлөөлж буй макро эдийн засаг болон геополитикийн хүчин зүйлсийг тал бүрээс нь дүгнэн хэлэлцдэг уламжлалтай. Энэхүү форум нь салбарын тулгамдсан асуудлыг бодитоор тодорхойлоод зогсохгүй, санхүүгийн шинэ гарц шийдэл болон хамтын ажиллагааны ирээдүйн боломжуудыг нэгдсэн байдлаар эрэлхийлдгээрээ стратегийн онцгой ач холбогдолтой.
ХАН АЛТАЙ РЕСУРС ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.БАТПҮРЭВ
Алт бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур, гадаад валютын нөөцийг бүрдүүлэгч стратегийн гол түүхий эд юм. Тиймээс салбарын хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болон үйлдвэрлэгчид нэгдэн, төрийн бодлого болон хэрэгжиж буй томоохон төслүүдийн талаар “Алтны форум” арга хэмжээнд санал бодлоо солилцдог юм. Манай компанийн хувьд энэхүү арга хэмжээг жил бүр тогтмол дэмжиж, идэвхтэй оролцсоор ирсэн.
Монгол Улсын ДНБ-ий 38 орчим хувь, экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна. Мөн түүхий эдийн зах зээлийн энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар алтны салбар эдийн засгийн нийт бүтцийн 10 орчим хувийг бүрдүүлэх төлөвтэй байна.
НЭЭЛТ

Арга хэмжээг нээж, Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар үг хэлэхдээ тус банкны алтны салбар дахь оролцоо болон өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнг онцлон танилцууллаа. Тухайлбал, Голомт банк нь 2025 онд алтны салбарт нийт 450 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай олгож, салбарын өсөлтийг бодитоор дэмжин ажиллажээ.
Голомт банк нь зөвхөн санхүүжилт олгоод зогсохгүй, харилцагчдадаа санхүүгийн өргөн хүрээний бүтээгдэхүүн санал болгохын зэрэгцээ мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон техник туслалцааг цогцоор нь үзүүлэн ажилладаг байна. Тус банк өнгөрсөн онд олон төрлийн санхүүгийн үйлчилгээг салбарынхандаа хүргэсэн бөгөөд цаашид ч энэ хүрээгээ улам тэлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
ОНЦЛОХ ИЛТГЭЛҮҮД
Голомт банк, Нөөцийн удирдлагын газар, Ерөнхий эдийн засагч Ж.Арман
Сэдэв: Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хүлээлт

2025 онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй байна. Үүний 2.9 хувийг нь хөдөө аж ахуй, 1.4 хувийг уул уурхай, 1.5 хувийг үйлдвэрлэл, барилга, 1.0 хувийг худалдаа үйлчилгээний салбар бүрдүүлсэн юм.
Иргэдийн бодит орлого болон зарлагын сүүлийн жилүүдийн үзүүлэлтийг харвал 2023 оноос эхлэн орлого эрчимтэй өсөх хандлага ажиглагдаж байна. Энэхүү өсөлтөд төр засгаас үе шаттай хэрэгжүүлсэн цалин, тэтгэврийн нэмэгдэл болон цар тахлын хязгаарлалт дуусаж, эдийн засаг энгийн хэмнэлд шилжсэн нь голлон нөлөөлжээ. Өрхийн орлогын энэхүү өсөлтийг дагаад хэрэглээний зардал ч мөн адил нэмэгдсэн байна. Тухайлбал, 2025 оны эцэст өрхийн орлого болон зарлага бодит дүнгээр тус бүр 5 хувийн өсөлтийг үзүүлсэн үзүүлэлттэй байгаа юм.
Манай улс 2025 өнгөрсөн онд нийт 490 сая төгрөгийн нүүрсийг импортоос авснаас 120 сая тонн нь коксжих нүүр эзэлж байгаа юм. Цаашид ч гэсэн жилд дунджаар 116 сая тонн коксжих нүүр импортоор авах төлөвтэй байна.

Голомт банк, Нөөцийн удирдлагын газар, Арилжааны хэлтсийн захирал У.Мөнхжаргал
Сэдэв: Геополитик ба алтны зах зээл
Алт бол байгалийн ямар ч нөхцөлд зэвэрч исэлддэггүй, цаг хугацааны явцад анхны шинж чанараа бүрэн хадгалдаг ховор металл учраас хүн төрөлхтөн түүнийг мянга мянган жилийн турш хамгийн үнэ цэнтэй баялагт тооцож ирсэн билээ.
Өнгөрсөн 2025 онд алтны салбарт хэд хэдэн түүхэн үйл явдал тохиосны дотор дэлхийн зах зээл дэх нийт эрэлт 5,002.3 тоннд хүрч, түүхэн дээд үзүүлэлтийг тогтоосон явдал байлаа. Хэдийгээр төв банкуудын алт худалдан авалт 2022-2024 онуудад 1,000 тонноос давж байсан үзүүлэлтээсээ буурч 863 тоннд хүрсэн ч хөрөнгө оруулалтын хэмжээ 2,175 тонн болж өссөн нь алтны ханш түүхэн дээд түвшинд хүрэх гол шалтгаан болсон юм.

Голомт банк, Байгууллагын банкны газар, Уул уурхай, дэд бүтцийн хэлтсийн захирал Я.Эрдэнэбаатар ба Голомт банк, Нөөцийн удирдлагын газар, Эдийн засгийн шинжээч С.Цацрал
Сэдэв: Шатахууны үнийн өөрчлөлт ба түүний нөлөө
Ойрх Дорнодын хурцадмал байдал болон Ираны мөргөлдөөнөөс шалтгаалж дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 100 ам.доллар давж огцом өслөө. Ялангуяа тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойд саатал гарч, нийлүүлэлт тасалдах эрсдэл үүссэн нь олборлогч орнуудыг гарцаа танахаас өөр аргагүйд хүргэж байна. Хэдийгээр одоо нөхцөл байдал ийм байгаа ч АНУ-ын эрчим хүчний мэдээллийн захиргаанаас 2026 оны эцэст газрын тосны үнэ эргэн буурч, 58 ам.доллар орчимд хэлбэлзэнэ гэж таамаглаж байна.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Арга хэмжээний хэлэлцүүлэг хэсэгт Эрдэнэ Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн, Эрдэс Баялаг, Аж үйлдвэрийн Яамны Уул Уурхайн бодлогын Газрын дарга Г.Намчинсүрэн, Сангийн дэд сайд Б.Хулан, Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван болон Монгол Улсын уул уурхайн үндэсний ассоциаци, Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Хан Алтай ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батпүрэв нар алтны ач холбогдол, алт олборлолт, зээл зэрэг асуудлуудыг салбар бүрийн өнцгөөс харан тайлбарлан, хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн өөр нэг чухал сэдэв нь хүний нөөцийн асуудал байв. Монгол Улсад жилд дунджаар 135,000-аас 160,000 оюутан их сургууль төгсдөг ч үүнээс ердөө 18,000 орчим нь инженер мэргэжлээр, тэр дундаа уул уурхайн инженерээр ердөө 2,000 залуус төгсөж байна. Инженерээр суралцах сонирхолтой залуусын тоо цаашид өсөх хандлагатай байгаа ч ажиллах хүчний хомсдолоос сэргийлэхийн тулд тэднийг зах зээлийн бодит эрэлтэд нийцүүлэн зөв чиглүүлэх нь хамгийн чухал алхам болоод байна.
Жишээ нь, сэргээгдэх эрчим хүчний салбарт инженерүүд дутагдаж байхад зөвхөн нүүрсний станцын мэргэжилтнүүдийг бэлтгэсээр байвал ажлын байрны зөрүүтэй байдал арилахгүй юм. Тиймээс ирээдүйн боловсон хүчнийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн мэргэшүүлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ОНЦЛОХ ХЭСЭГ: ДУУДЛАГА ХУДАЛДАА
Голомт банк 2023 оноос эхлэн нэрийн алтан медалион (зоос)-ыг худалдаанд гаргаж, арга хэмжээнийхээ үеэр дуудлага худалдаагаар борлуулж байгаа билээ. Энэхүү худалдаанаас цугларсан нийт орлогыг 100 хувь хүүхэд багачуудын сайн сайхны төлөөх төслүүдэд зориулдаг уламжлалтай бөгөөд 2023 оноос хойш нийт 220 орчим сая төгрөг төвлөрүүлсэн байна.
Уг хөрөнгөөр “Зүрх мартахгүй” төслийг дэмжиж, өнгөрсөн хугацаанд нийт 11 хүүхдийг нэн шаардлагатай хагалгаанд нь оруулж, амь насыг нь авраад байгаа гэнэ.

Харин энэ жил гал морин жилийн дүрслэлийг шингээсэн, 999 сорьцтой, Голомт банкны лого бүхий тусгай медалионыг дуудлагаар худалдааллаа. Энэхүү дуудлага худалдааны орлого нь өмнөх жилүүдийн адил хүүхдийн сайн сайхны төлөөх буяны үйлсэд бүрэн зарцуулагдах юм.

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЗҮҮЛЭН
Арга хэмжээний үеэр хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгч болон худалдаалагч байгууллагуудын нээлттэй үзүүлэн (booth) байршжээ. Энэ нь оролцогч болон зочдод шинэ техник, технологитой газар дээр нь танилцах, мэдээлэл солилцох, улмаар бизнесийн шинэ хамтын ажиллагаа эхлүүлэх таатай боломжийг олгосон байна.


“Алтны форум 2026” арга хэмжээ салбарын манлайлагчдыг нэгтгэж, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох оновчтой шийдлүүдийг хэлэлцсэн үр дүнтэй уулзалт боллоо. Та ч бас уул уурхайн салбарын хөгжлийг сонирхож, мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцохыг хүсвэл ирэх жилийн “Алтны форум”-д хүрэлцэн ирээрэй.

Сэтгэгдэл бичих

