2030 он гэхэд Монгол Улсын усны хэрэглээ өнөөгийнхөөс 2.3 дахин, 2040 он гэхэд 3 дахин өсөх төлөвтэй байна. Энэ хурдацтай өсөлтийн эсрэг "усаа хэмнээрэй" гэх урианаас илүү усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх бодитой хөрөнгө оруулалт, санхүүгийн шийдэл ус агаар мэт хэрэгтэй.
Тэгвэл дэлхийн далайд гарцгүй 44 улсын нэг Монгол Улс өчигдөрхөн COP17 хурал дээр "Цэнхэр бонд гаргах удирдамж"-ийг Голомт банк анхлан боловсруулныг уг нийтлэлээр тоймлон хүргэе.
Яагаад цэнхэр бонд гэж?
Монголчууд бид нийт усны хэрэглээнийхээ 70 гаруй хувийг нийт усны нөөцийнхөө ердөө 1.9 хувийг эзэлдэг газар доорх уснаас хангадаг. Гэтэл нийт нөөцийн 98 хувийг бүрдүүлдэг гадаргын ус маань уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ширгэх эрсдэлтэй нөхцөлд буй. Энэ зохисгүй харьцааг тэнцүүлэх, усны дэд бүтцийг сайжруулахад шаардлагатай санхүүжилтийг босгох механизм нь цэнхэр бонд болох юм.
Цэнхэр бонд нь 4 үндсэн чиглэлд санхүүжилт олгоно:
Тогтвортой усан хангамж ба бохир усны менежмент: Дэд бүтцийг шинэчлэх, бохир ус цэвэрлэх байгууламж барих.
Усанд ээлтэй үйлдвэрлэл: Ус бага бохирдуулдаг технологи нэвтрүүлэх, хуванцар хаягдлыг дахин боловсруулах.
Цэнгэг усны экосистемийн хамгаалалт: Нуур, цөөрмийг нөхөн сэргээх, усны нөөцийг хамгаалах.
Тогтвортой аялал жуулчлал: Усны нөөцөд сөрөг нөлөө багатай аялал жуулчлалыг дэмжих.

Б.Анужин - Голомт банкны Тогтвортой санхүүжилтийн хэлтсийн захирал
Б.Анужин - Голомт банкны Тогтвортой санхүүжилтийн хэлтсийн захирал
"Цэнхэр санхүүжилт гэхээр олон улсад далайд гарцтай орнуудын эдийн засгийг шууд төсөөлөөд байдаг. Харин Монгол Улс шиг далайд гарцгүй орны хувьд цэнхэр бонд гэж яриад байгаа нь усны нөөцийн зөв менежмент, тэр дундаа гүний усаа хамгаалах тухай яриад байгаа хэрэг. Монгол улсын нийт усны нөөцийг 596.8 км.куб гэж тооцдог бөгөөд үүнээс дөнгөж 2 орчим хувь нь гүний ус, үлдсэн 98 хувь нь гадаргын ус байдаг. Гадаргын ус маань уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн багасаж байгаа бол бид нийт усны ашиглалтынхаа 70 орчим хувийг хамгийн бага нөөцтэй гүний уснаасаа хангаж байгаа нь харамсалтай.
Ийнхүү бид Усны газар, Санхүүгийн Зохицуулах Хороо, Тогтвортой Санхүүжилтийн Холбоо (ТоС)-той хамтран Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (IFC) техникийн тусламжтайгаар сүүлийн найман сарын хугацаанд зах зээлийн судалгаа хийсний үр дүнд цэнхэр бонд гаргах удирдамжийг боловсруулсан. Энэхүү удирдамж нь олон улсын шаардлага, шалгуурын дагуу боловсруулагдсан баримт бичиг тул гадаадын хөрөнгө оруулагч нарт хүлээн зөвшөөрөгдөж цаашлаад хөрөнгө оруулалт татахад түлхэц болохын сацуу байгаль орчин, усны экосистемээ хамгаалах, нөхөн сэргээхэд бодит ашиг тус өгнө гэдгээрээ онцлог юм.”

Санхүүгийн зохицуулах хорооны оролцоо
Санхүүгийн зохицуулах хорооны оролцоо
Санхүүгийн зах зээл дээр тогтвортой хөгжлийн бондууд сүүлийн 10 жилд 20 дахин нэмэгдсэн ч үүн дотор цэнхэр бонд нэг хувьд ч хүрэхгүй байна. Иймээс Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс эрх зүйн орчныг тодорхой болгож, хөрөнгө оруулагчдын итгэлийг хамгаалахад анхаарчээ.
Т. Жамбаажамц - Санхүүгийн зохицуулах хорооны дарга
“Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн хөрөнгийн зах зээл дэх тогтвортой хөгжлийн бондын хэмжээ 20 дахин өсөж, 1.1 их наяд ам.долларын санхүүжилт босгосон хэдий ч үүний дотор цэнхэр бондын эзлэх жин нэг хувьд ч хүрэхгүй байна. Гэтэл ус бол хүн төрөлхтөн болон байгаль дэлхийн оршин тогтнох хамгийн чухал үндэс шүү дээ. Тиймээс усны нөөцийг хамгаалах асуудал нь зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхий дахины хувьд байгууллагын нийгмийн хариуцлагаын хүрээнд хийгдэх ажил гэхээс илүү ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээх нэн тэргүүний үүрэг хариуцлага болоод байна.
Мэдээж цэнхэр бонд санхүүгийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа тодорхой хугацаатай, хүүтэй, өгөөжтэйгээс гадна хоёрдогч зах зээл дээр хөрвөх чадвартай үнэт цаас. Бусад төрлийн бондууд голчлон тухайн компанийн бизнес, төслийн ашгийг дэмжихэд чиглэдэг бол цэнхэр бонд нь шууд байгаль орчин, усны экосистемийг хамгаалах, нөхөн сэргээхэд зориулагддагаараа онцгой ач холбогдолтой бөгөөд энэ нь түүний хамгийн том давуу тал болдог.”

Байгаль хамгааллын шинэ шийдэл: холимог санхүүжилт
Байгаль хамгааллын бүх төслүүд өөрийгөө санхүүжүүлэх чадамжтай байдаггүй учраас олон улсад холимог санхүүжилтийг гэх ойлголтыг чухалчилдаг. Энэ хүрээнд Голомт банк болон Монголын Байгалийн өв сан хамтран ажиллах санамж бичиг зурж, усны салбарт шинэ бүтээгдэхүүнүүд хөгжүүлж эхэлсэн билээ.
Э.Номиндарь - Монголын Байгалийн Өв Сангийн Гүйцэтгэх захирал
"Монголын Байгалийн Өв Сан нь 2024 онд байгуулагдсан, ашгийн бус зорилготой, байгаль орчинд өндөр үр нөлөөтэй төслүүдийг урт хугацаанд тогтвортой санхүүжүүлэх чиг үүрэг бүхий итгэлцлийн сан юм. Цэнхэр бондын хүрээнд Голомт банк зах зээлээс шаардлагатай эх үүсвэрийг босгож байхад, манай сангийн зүгээс харилцагчдыг бэлтгэх, ногоон зээлийн баталгаажуулалтын системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.
Цаашид бид Голомт банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийгмийн болон байгаль хамгааллын чиглэлийн төслүүдэд хамтарсан санхүүжилт олгохоор төлөвлөж буй.
Ер нь ногоон санхүүжилт болон тогтвортой хөгжлийн асуудал нь банкны хувьд зөвхөн нэг удаагийн нийгмийн хариуцлагын ажил бус, харин үйл ажиллагааны стратеги, эрсдэлийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон тайлагналтайгаа шууд уялдаж ажилладаг үндсэн зарчмараа онцлогтой юм."

Сэтгэгдэл бичих

