Мөнгө хорвоог эргүүлэх чадалтай гэдэг дээ. Тэгвэл санхүүгийн хүрдийг байгаль дэлхийгээ аврах, хамгаалах үйлсэд бид чиглүүлж чадах уу?
Орчин үеийн бизнесийн орчинд аливаа байгууллага зөвхөн ашиг олохын төлөө бус, нийгэм болон хүрээлэн буй орчиндоо ямар нөлөө үзүүлж буйгаа үнэлж тайлагнадаг болсон. Ялангуяа банк, санхүүгийн салбар зөвхөн хөрөнгө зуучлагч байхаа больж, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн шилжилтийг хурдасгагч болоод буй.
Монголд ч тэр банкнууд тогтвортой хөгжлийн чиглэлд эрчимтэй гэрээ хэлцэл байгуулж, бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж байгаагийн нэг нь өчигдөрхөн COP17 хурал дээрх Голомт банк болон Монголын Байгалийн Өв Сан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байв. Уг нийтлэлээр үйл ажиллагааг тоймлон хүргэж байна.
Нээлтийн үг
“Монголын санхүүгийн салбарт ногоон санхүүжилт тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа билээ. Гэсэн хэдий ч бидний өмнө тулгарч буй байгаль орчны сорилтуудын цар хүрээ нь биднээс илүү хурдтай ажиллаж, илүү их хөрөнгө дайчилж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстойг баталсаар буй.
Голомт банкны Гүйцэтгэх захирлын хувьд манай байгууллага Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн аяллын салшгүй нэг хэсэг болж, анхнаас нь хамт байсандаа би бахархдаг. Бид 2019 оноос хойш нэг их наяд гаруй төгрөгийн ногоон санхүүжилтийг олгож, улс орон даяар сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, тогтвортой хөдөө аж ахуй болон байгаль орчинд ээлтэй бусад хөрөнгө оруулалтыг дэмжин ажилласан.
Мөн бид энэ жил Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран Монголын анхны цэнхэр санхүүжилтийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь тогтвортой санхүүжилтийн боломжуудыг усны салбар болон цэнхэр эдийн засаг руу өргөжүүлэхэд тусалж байна. Эдгээр ололт амжилт нь зөвхөн Голомт банкны ахиц дэвшлийг бус, Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн зах зээлд итгэх олон улсын түншүүд болон хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж буйг давхар илтгэж байгаа юм.”А.Одонбаатар - Голомт банкны Гүйцэтгэх захирал

Шилжилтийн үе
Өнөөдөр дэлхийн санхүүгийн салбар зөвхөн "байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй байх" ёстой гэсэн идэвхгүй зарчмаас татгалзаж, "ногоон шилжилтийг идэвхтэй санхүүжүүлэх" шат руу шилжжээ. Үүнтэй хөл нийлүүлэн Монгол Улс ч гэсэн өгөгдөлд суурилсан, хэмжигдэхүйц үр нөлөө бүхий шилжилтийн санхүүжилтийг нэвтрүүлж эхлээд байна.
“Байгаль хамгааллын төслүүд нь нийгэм, экологид ач холбогдолтой ч эдийн засгийн хувьд тэр бүр шууд ашиг өгдөггүй тул банкны шалгуурыг хангахад хүндрэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн төслүүдийг дан ганц хувийн хэвшлийн хөрөнгөөр бүрэн санхүүжүүлэх боломжгүй. Тиймээс энэ цоорхойг нөхөх холимог санхүүжилт чухал. Хөгжлийн санхүүжилт, төсвийн санхүүжилт, олон улсын санхүүжилтийг бүгдийг нь бид зөв зохистойгоор хооронд нь хольж ашиглаж чадах юм бол одоогийн санхүүжилт авч чадахгүй байгаа байгаль хамгааллын төслүүд маань илүү хүртээмжтэйгээр санхүүжилтэд хүрэх боломжтой болно."
Э.Номиндарь - Монголын Байгалийн Өв Сангийн Гүйцэтгэх захирал

“Nature” карт
Тэгвэл институцүүдийн түвшинд хэрэгжиж буй холимог санхүүжилтийн системд иргэн, ААН хэрхэн оролцох вэ? Хариулт нь Голомт банкнаас санаачлан гаргаж буй Монголын анхны байгаль орчны зорилготой "Nature" виртуал карт юм. Тус карт нь дараах онцлогтой:
80/20 хандивын загвартай: Таны картын жилийн хураамжийн орлогын 80 хувь нь Монголын Байгалийн Өв Санд хандивлагдах бөгөөд ингэснээр та байгаль хамгааллын төслүүдийн нэг хэсгийг бүрдүүлэгч болно гэсэн үг юм.
Бодит үр нөлөө: Танаас болон тантай ижил байгальд ээлтэй сонголт хийсэн хэрэглэгчдээс цугларсан хөрөнгө Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн дурсгалт газруудыг хамгаалах, байгаль хамгаалагчдын чадавхыг бэхжүүлэхэд шууд зарцуулагдана.
Ил тод: Хамгийн чухал нь таны хувь нэмэр яг ямар төсөлд хүрч, байгаль орчинд ямар бодит үр дүн авчирч байгааг тогтмол тайлагнах ил тод механизмыг бүрдүүлжээ.
Малчдад зориулсан шилжилтийн ногоон зээл
Монгол малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрсэн тул нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж тооноос илүү чанарт анхаарах хэрэгтэй гэдэг. Гэхдээ асуудлыг малчдад тохохоос илүү бидэнд эдийн засгийн зөв хөшүүрэг хэрэгтэй. Иймд Голомт банк малчдад зориулсан "Шилжилтийн санхүүжилтийн ногоон зээл"-ийг зах зээлд нэвтрүүлжээ. Гол онцлог нь:
Илүү уян хатан нөхцөл: Малчид малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулан бууруулж, сүргийн бүтцийг сайжруулах амлалт өгснөөр хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээлд хамрагдана.
Өндөр өртөгт зах зээл: Малын тоо буурснаас үүдэн малчдын орлого багасахгүй. Харин ч мах, ноолуур, аялал жуулчлалын нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдтэй шууд холбосноор нэг малаас авах ашиг шим нэмэгдэнэ.
Карбон зах зээлд нэвтрэх боломж: Малчдын амлалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны системтэй нэгтгэн цахимаар баталгаажуулах бөгөөд энэхүү өгөгдөл нь цаашид олон улсын карбон болон биологийн олон янз байдлын кредитийн зах зээлээс нэмэлт орлого, урамшуулал авах үүд хаалгыг нээж өгөх юм.

Цаашид
Байгаль орчны асуудал нэг удаагийн нийгмийн хариуцлагын аян төдий зүйл биш билээ. Голомт банк өнгөрсөн хугацаанд "Цэнхэр санхүүжилт"-ийн хүрээнд Монгол Улсын Усны элч банк болсноос эхлээд усны менежмент болон экосистемийг нөхөн сэргээх "Бумбат хөв цөөрөм" зэрэг төслүүдийг амжилттай санхүүжүүлсэн.
Цаашид ч олон улсын тогтвортой санхүүжилтийн шинэ хандлага болох "Биологийн олон янз байдлын эрсдэлийн удирдлага"-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, салбартаа түүчээлэхээр зорьж буй Голомт банк болон Монголын Байгалийн Өв Сангийн энэхүү стратегийн түншлэл нь Монголын санхүүгийн салбарт илүү хариуцлагатай шинэ стандартыг тогтоож буй.
Сэтгэгдэл бичих

