Хаан ширээний төлөөх тулаан эцэслэснээс хойш хэдийн зургаан жил өнгөрчээ. Энэ хугацаанд эл амжилттай цувралын спин-оффыг олон янзаар төлөвлөж байсан ч бодит ажил болж, үзэгчдийн хүртээл болсон нь ирэх оны зургаадугаар сард 3-р улирлаа цацах House of the Dragon байв. Алдарт луугийн эх Таргариен удмын Дэнерисийг төрөхөөс даруй 172 жилийн өмнөх түүхийг өгүүлэх уг бүтээл аль хэдийн кино зохиол, жүжигчдийн бүрэлдэхүүн, үйл явдлын өрнөлөөрөө амжилтаа бататгасан билээ. 2-р улирлын сүүлийн ангийг гэхэд л 8.9 сая үзэгч шимтэн үзсэн байх жишээтэй.
Тэгвэл дахин нэг таатай мэдээ дуулгахад, Game of Thrones-ийн шинэ цуврал ирэх оны нэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болох нь ээ. Энэ бол үзэгчдийг дахин нэг удаа Вестерост аваачих “A Knight of the Seven Kingdoms” буюу “Долоон хаант улсын Хүлэг баатар”-ын түүх юм.
Ингээд дэлхий даяар шүтэн бишрэгчдийнхээ сонорыг мялааж, цацагдах хугацаагаа зарлаад 24 цаг ч болоогүй байгаа шинэ цувралын талаарх мэдэх ёстой бүхнийг тань багцлан хүргэж байна.
Жич: Хиймэл оюунаар бүтээсэн албан бус трэйлэр бичлэг
ДОЛООН ХААНТ УЛСЫН ХҮЛЭГ БААТАР ГЭЖ ХЭН БЭ?
Төмөр сэнтийг бүтээгч Жорж Мартины “Tales of Dunk and Egg” өгүүллийн номоос сэдэвлэн бүтээж буй “A Knight of the Seven Kingdoms” цувралын гол дүр бол Ser Duncan the Tall буюу Данк. Хэрэв та анзаарч байсан бол Game of Thrones-ийн 4-р улирлын эхний ангид Жоффри “Ахан дүүсийн ном”-ыг үзэж байхдаа түүний талаар дурдаж байсан юм. Тэр “Ser Duncan-д зориулсан дөрвөн хуудас байна. Тэр ч яггүй эр байжээ.” хэмээн хэлсэн нь нэрээ үлдээхүйц Хүлэг баатар байсныг нь төвөггүй илтгэх биз ээ.
Данк (Dunk) бол Хааны хотын гудманд өссөн, харц гаралтай өнчин хүү. Өсөн томорч явахдаа Сэр Арланы (Ser Arlan) туслах болж, шавь орсноор Хүлэг баатар болох замналаа эхлүүлжээ. Хожим түүний багш нас нөгчсөн тул хуяг дуулгыг нь авч, өөрийгөө Хүлэг баатар хэмээн зарласан байдаг. Улмаар Вестеросоор хэрэн тэнүүчилж элдэв тулаанд оролцдог “бадарчин” Хүлэг баатар болжээ. “A Song of Ice and Fire” романд дурдсанаар, түүний хуяг дуулга Хааны харуулын танхимд хадгалагддаг төдийгүй Ser Duncan the Tall хэмээн нэрлэгдэх болсны учир нь өндөр, том биетэй байсантай нь холбоотой аж.
Сонирхуулахад, түүний дүрийг Ирланд гаралтай жүжигчин, регбигийн холбооны тоглогч асан Питер Клаффи бүтээж буй.
ӨВӨЛ БИШ ХАВАР АЙСУЙ
Game of Thrones болон House of the Dragon цувралуудад эрх мэдэлд шунан дурлаж, хүслээ гүйцээхийн төлөө бүхнийг хийж буй язгууртнууд гол утга учир нь билээ. Гэвч энэ цувралд хаан ширээний тэмцэл гол зорилго нь биш. Энэ талаар Entertainment Weekly-ийн нийтлэлд тус цувралын найруулагч Айра Паркер “Уг өөрчлөлтийг зарим үзэгч бууралт хэмээн харж магад. Гэхдээ A Knight of the Seven Kingdoms цуврал нь Game of Thrones болон House of the Dragon-д байхгүй нэгэн чухал орон зайг нөхнө гэж харж байна. Тэр бол Вестеросын энгийн ардын аж байдал, ахуй амьдралыг илүүтэй үзүүлэхийн сацуу утга учиртай нөхөрлөл, харилцааг харуулах явдал юм.” гэжээ.
Цувралын цацагдах тов гарахтай зэрэгцэн HBO нэгэн шинэ teaser зураг нийтэлсэн бөгөөд тайлбар дээр нь “This Winter, Spring is Coming.” хэмээн бичсэн байв. Шүтэн бишрэгчдийнх нь хувьд хэдийн танил “Winter is Coming” гэх алдарт хэллэгийг ийнхүү өөрчилсөн нь энэ удаагийн цувралын өнгө аяс өмнөхүүдээсээ өөр байна гэдгийг илтгэж байгаа мэт.
ТЭГВЭЛ ЮУН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ ВЭ?
Он цагийн дарааллаар бол House of the Dragon-оос 72 жилийн дараа, Game of Thrones-оос 100 орчим жилийн өмнөх үйл явдлыг харуулна. Луунууд бүрмөсөн устсан авч тэдний оршихуйг гэрчлэхүйц үе байв.
Данк Вестеросын газар нутгаар тэнүүчилж явахдаа Эгг (Egg) хэмээх хүүг туслахаараа сонгох ба тэрээр хааны бага хүү, ирээдүйн хаан Аегон V Таргариен байж таарна. Эггийн хувьд Данкыг даган явж, хажууд нь хүмүүжсэн он жилүүддээ төрийн зөөлөн сэнтийг бус, түмний амьдралын жинхэнэ төрхийг таньж, түүнээсээ хаан хүн ямар байх ёстойг суралцдаг. Мэдээж киноны үйл явдал хэрхэн өрнөхийг үзэж гэмээн мэдэх билээ.
Сонирхуулахад, 5-р Аегон Таргариен бол Дэнерисийн эцэг хэмээгдэх “Галзуу хаан”-ы өвөө юм.
Ингээд шинэ цувралаа хүлээх л үлдлээ. “Долоон хаант улсын Хүлэг баатар”-ын түүхийн эхний улирал 6 ангитай.