Хүүхэд бүр аюулгүй, халуун дулаан орчинд хайрлагдаж, сонсогдож, ойлгогдох эрхтэй билээ. Харин өнөөгийн завгүй амьдралд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дотоод ертөнцөд анхаарал хандуулах, тэдэнтэй тайван ярилцах боломж улам бүр хомс болж анхаарал халамж багассаар. Зүгээр л хүүхэдтэйгээ хамт алхах, инээлдэх, чин сэтгэлээсээ сонсох, ярилцах зэрэг өдөр тутмын жижигхэн үйлдлүүд хүүхдийн төлөвшил, өөртөө итгэх итгэл, амьдралын суурь үнэт зүйлсийг бүрдүүлдэг нь судалгаагаар төдийгүй бодит амьдралаар батлагдсан байдаг.
Тиймээс хүүхдийн хүмүүжил, харилцаа, аюулгүй байдлын чухлыг ойлгуулах зорилгоор Цагдаагийн Ерөнхий Газар болон Дижитал концепт ХХК хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүлсэн байна. Тус аян нь хайр, анхаарал гэдэг бол тэмдэглэлт өдрөөр бэлэг сэлт өгч баярлуулах, ханиад хүрсэн үед нь тордох бус жилийн 365 өдөр үргэлжлэх ёстой гэдгийг ойлгож, бодит үйлдлээр хэрэгжүүлэхийг уриалж байгаа юм.
Хүүхдийн гэмт хэрэг, эрсдэлт зан үйл
Жил бүрийн 10-11 дүгээр сард хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо огцом өсдөг аж. 2025 оны эхний 10 сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг өмнөх оноос 11% буурсан ч 2,100 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна.
Энэ хугацаанд нийт 846 гэмт хэрэг бүртгэгдсэн ба хүүхэд гэмт хэрэг үйлдэх зөрчил 5-6% буурсан боловч хүүхдүүдийн эрсдэлтэй нөхцөлд өртөх байдал хангалттай буураагүй хэвээр байна гэдгийг 11-р сарын 17-ны өдөр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан мэдээлжээ.
2024-2025 оны судалгаагаар өсвөр үеийнхний хорт зуршлын хэрэглээ 24-26%-д хүрч, ноцтой өндөр хэвээр байна. Монгол Улсад нийт хүн амын 36.2%, буюу 1.3 сая хүүхэд 0-17 насныхан байдаг. Жилд дунджаар 1,500 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 2,500-2,800 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байна. Тэд гол төлөв гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн гэмт хэрэг, зам тээврийн осол, хулгайд эд зүйлээ алдах зэрэг шалтгаанаар эрсдэлд өртдөг. Ийм өндөр эрсдэлт нөхцөл байдал нь хүүхдэд чиглэсэн анхаарал халамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж буй биз ээ.
Өдөр бүрийг хүүхдэдээ
Өсвөр нас бол найз нөхдийн нөлөө хамгийн хүчтэй үе. Энэ үед хийж буй сонголтууд нь хүүхдийн зан төлөв, ирээдүйн дадал зуршилд гүн гүнзгий нөлөө үзүүлдэг. Тиймээс “365 анхаарч хайрлая” аян өсвөр үеийнхэнд өөрийн үнэ цэнийг ойлгох, зөв найз нөхдөө сонгох, буруу зүйлд зоригтой үгүй гэж хэлж сурахад чиглэсэн чухал агуулгыг түгээж байгаа юм. Үүнд эцэг эхчүүдийн оролцоо, анхаарал хамгийн чухал.
Харин анхаарал маш жижиг зүйлсээс эхэлдэг. Хүүхэдтэйгээ ярилцах үедээ гар утсаа түр хол тавьж сонсож байгаагаа мэдрүүлэх, хамт хоол хийх, алхах, инээх гэх мэт өдөр тутмын жижиг үйлдлүүд хүүхдэд дулаан, аюулгүй орчныг бүтээхэд тусалдаг.

Аяны хүрээнд хийгдэж буй олон нийтийн нөлөөллийн ажлууд
“365 өдөр бүр анхаарч хайрлая” аян зохион байгуулах хугацаанд нийтийн цахим сүлжээгээр мэдээлэл өгөх постер, рийлс зэрэг нийт 256 мэдээ, мэдээлэл, контентыг Instagram, X, Youtube, Facebook дээр байршуулан сурталчилснаар 57’580’886 удаа цахим хэрэглэгчдэд хүрч төрийн болон төрийн бус байгууллагууд уриалга гаргаж, аяныг дэмжиж оролцох нөхцөл болсон юм.
Аян зөвхөн цахим орчинд бус, бодит сургалт, уулзалт хэлбэрээр ч хэрэгжсэн юм. 21 аймаг, 9 дүүрэгт эцэг эх, иргэд оролцож, хүүхдийн хүмүүжил, хорт зуршлаас сэргийлэх талаар мэдээлэл түгээсэн байна.
Мөн Улаанбаатар хотын худалдааны төвүүд, кино театрууд, сургууль, цэцэрлэг, цахим тоглоомын газрууд, банкны АТМ зэрэг нийт 2,000 гаруй дэлгэцэд аяны шторк байршуулсан. 102 app, Habido, UBCab зэрэг 6 апп-д мэдээлэл байршуулж, олон нийтийн өдөр тутмын хэрэглэдэг бүхий л орчинд аяны гол агуулга болох анхаарал, хариуцлага хэмээх агуулгыг хүргэж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

