Дэлхийн сая сая үзэгчдийн байлдан дагуулсан HBO Max стрийминг үйлчилгээ Монголд албан ёсоор нэвтэрлээ. Өмнө нь манай улсаас тус платформд шууд хандах боломжгүй байсан бол өнөөдрөөс эхлэн дэлхийн шилдэг кино, цуврал, баримтат бүтээлүүдийг өндөр чанар, албан ёсны эрхтэйгээр үзэх бүрэн боломжтой болж байна. Монголоос гадна Бангладеш, Бруней, Камбож, Лаос, Макао, Мьянмар зэрэг 14 оронд нээлтээ хийжээ. 

Нийт 122.3 сая идэвхтэй хэрэглэгчтэй, Варнер Брос компанийн дижитал контент түгээгч уг платформоос алдалгүй үзэх 10 бүтээлийг танилцуулъя. 

Хэрхэн үзэх вэ? 

Та дурын хөтчөөсөө hbomax.com сайтаар, мөн Play store болон App store-оос тус аппыг татан авах боломжтой.

Үнэ

HBO Max энгийн болон стандарт гэсэн хоёр үнийн сонголттойгоор хүрч байна.
- Энгийн багцын үнэ 4.99 доллар. Нэг дор хоёр хүн зэрэг үзэхээс гадна, дээд талдаа 30 кино татах боломжтой.
- Харин стандарт багцын үнэ нь 7.49 доллар. Нэг дор дөрвөн хүн зэрэг үзэхэд асуудалгүй. Мөн дүрс нь 4К Ultra, кино театрт үзэж байгаа мэт Dolby Atmos-ийг дэмждэг дууны системтэй, 100 хүртэлх контент татах боломжтой.

1. Harry Potter 

Төрөл: Адал явдалт, уран зөгнөлт
Найруулагч: Крис Колумбус, Альфонсо Куарон, Майк Ньюэлл, Дэвид Йетс
Нийт анги: 8

Дэлхийн кино урлагийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэгд тооцогддог энэхүү цувралыг үзээгүй хүн цөөн биз ээ. Их Британийн зохиолч Ж.К.Роулийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн тус бүтээл өсвөр насны хүү Харри Поттерийн ээдрээт амьдралын түүхийг өгүүлэх юм.

Цувралын хамгийн анхны анги 2001 онд “Харри Поттер ба философийн чулуу” нэртэйгээр олны хүртээл болсон билээ. Нээлтээ хийсэн даруйдаа 974 сая долларын ашиг олж, тухайн жилийнхээ хамгийн их орлого олсон кино болж байв. Үүнээс хойш 24 жилийн хугацаанд найман ангийг бүтээж, нийт 7.7 тэрбум долларын орлого олжээ. HBO Max Монголд шинээр нээгдэж буйтай холбогдуулан ид шидээр дүүрэн Хогвартсийн ертөнцөөр дахин аялаарай.

2. Mickey 17

Төрөл: Шинжлэх ухаан, уран зөгнөлт
Найруулагч: Бон Жун Хо

Оскарын шагналт найруулагч Бон Жун Хо-ийн ажилласан тус бүтээл энэ оны гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болсон билээ. Бон Жун Хо найруулагчийг бид “Parasite” киногоор нь сайн мэднэ.

Кино 2050 онд өрнөх ба гол дүрийн залуу Микки Барнес өр зээлээсээ зугтахын тулд Нифлхейм хэмээх хүйтэн гарагт ирж буйгаар үйл явдал эхэлнэ. Тэрээр энэ гарагт колони байгуулах төслийн хүрээнд “нөөцлөгч”-ийн ажил гүйцэтгэхээр иржээ. Нөөцлөгч гэдэг нь амь насанд эрсдэлтэй даалгавруудыг биелүүлэх шаардлагатай ба хэрвээ үхсэн тохиолдолд дурсамж нь хадгалагдаж, дахин сэргээгддэг хүмүүсийг хэлэх юм. Нэгэн өдөр Микки 17 хэцүүхэн даалгаварт яваад ирэхэд өөрийнх нь дараагийн хувилбар Микки 18 байж байх нь тэр. Хамтран ажиллагсад нь түүнийг нас барсан гээд дараагийн хувилбарыг нь гаргасан нь энэ байв. Гэвч адил хувилбар байж болохгүй тул тэд хоорондоо тэмцэлдэж эхэлнэ. Аль Микки амьд үлдэх бол?

3. Dune 

Төрөл: Шинжлэх ухаан, уран зөгнөлт

Найруулагч: Денис Вильнев

Нийт анги: 2


Тус бүтээлийг 1974 онд найруулагч Алехандро Жодоровский кино болгохоор төслөө эхлүүлсэн ч хэд хэдэн шалтгаанаас болоод бүтээгүй гэдэг. Ингээд 37 жилийн дараа Франц, Канадын найруулагч Денис Вильнев кино болгож, 2021 онд дэлгэцнээ амилуулсан түүхтэй.

Киноны үйл явдал одоогоос хэдэн мянган жилийн дараах, хүн төрөлхтөн гараг хооронд аялдаг болсон цаг хугацаанд өрнөнө. Тэнд “Арракис” гэх элсэн цөлөөр хучигдсан нэгэн гараг бий. Эл гарагт “спайс” буюу орон зайг нугалан, огторгуйгаар аялж болох үнэт бодис олборлодог. Гэвч тэрхүү баялаг эрх мэдэл, улс төрийн тэмцлийн голомтод оршино. Энэ үеэр Пол ээжийнхээ хамт гарагт ирэх хэдий ч түүний амьдрал бүр мөсөн өөрчлөгддөг.

Цувралын гол дүрд Тимоте Чаламет, Зэндаяа тэргүүтэй АНУ-ын жүжигчид тоглосон бөгөөд одоогоор хоёр анги үзэгчдэд хүрчээ. Харин гуравдугаар ангийг ирэх онд нээлтээ хийхээр төлөвлөжээ.

4. The Penguin

Төрөл: Триллер, гэмт хэрэг
Найруулагч: Крэйг Зобел
Нийт анги: 8

DC Comics-ийн алдарт Бетмен киног та бүхэн санаж байгаа л биз дээ. Тус кинонд эсрэг талын дүр Оз Кобб буюу Пингвин гэх нэгэн дүр гардаг билээ. Эл кино тэрхүү эсрэг талын дүрийн бага нас, өссөн орчин, гэмт хэргийн ертөнцөд хэрхэн хөл тавьж, эрх мэдлийг гартаа авсан талаар өгүүлэх юм.

“The Penguin” нээлтээ хийснээс хойш үзэгчдээс өндөр үнэлгээ авч, Эмми наадамд 24 удаа нэр дэвшин есөн ялалт байгуулсан. Мөн Алтан бөмбөрцгийн наадамд гурван удаа удаа нэр дэвшиж, “Шилдэг гол дүрийн жүжигчин” шагнал хүртэж байжээ.

5. The Last of Us

Төрөл: Адал явдал, аймшиг
Найруулагч: Крэйг Мазин
Нийт анги: 2 бүлэг 16 ангитай

Дэлхий дахинд зомбины тархалт дэгдэж, хот сүйрсэн байх үзэгдлээр цуврал эхэлнэ. Гол дүрүүд болох Жоэл Миллер, бяцхан охин Элли нар зомби нараас зугтахаас гадна муу хүмүүсээс ч хол явах шаардлагатай болно.

Эл цувралыг ижил нэрт видео тоглоомоос санаа аван бүтээжээ. Сонирхолтой нь цуврал болон тоглоомын дүрийн нэр ижил бөгөөд гадаад төрхийн хувьд ч төстэй аж. Цувралын эхний бүлэг олон улсын кино үнэлэх сан IMDb дээр 8.5/10 үнэлгээ авсан бол хоёрдугаар бүлэг 8.8/10 үнэлгээ авч, үзэгчдээс нэлээдгүй сайшаалыг хүртсэн юм.

6. Twisters 

Төрөл: Адал явдал
Найруулагч: Ли Исаак Чунг

Тэртээ 1996 онд хийгдэж байсан “Twisters” киног өнгөрсөн жил дахин шинэчлэн найруулж, олны хүртээл болгожээ. Үйл явдалд салхи судлаач мэргэжилтэй Кейт Картер бүсгүй Оклахомад шинэ технологи ашиглан хар салхийг судлах багт нэгдэж байгаа тухай өгүүлнэ. Судалгааны ажлаа хийж байх үеэр тэдний багийнхан хүчтэй хар салхитай нүүр тулна. Уг кино нээлтээ хийснээс хойш нийт 372 сая долларын орлого олжээ.

Хар салхийг илүү том, бодитой харагдуулахын тулд салхи үүсгэгч, ус шүршигч зэрэг өндөр даралттай төхөөрөмжүүдийг ашиглан бүтээсэн байна. Зураг авалтыг хоёр сарын хугацаанд хийсэн бөгөөд үүний 70 орчим хувийг салхи бүтээхэд зарцуулсан гэнэ.

7. Game of Thrones

Төрөл: Адал явдал, уран зөгнөлт
Найруулагч: Дэвид Наттер
Нийт анги: 8 бүлэг 73 ангитай

Дэлхийг шуугиулсан эл бүтээл 2011 оны дөрөвдүгээр сарын 7-нд анхны ангиа цацаж байжээ. Түүнээс хойш нийт найман бүлгийг үзэгчдийн хүртээл болгоод байна. Харин шинэ цуврал нь ирэх оны нэгдүгээр сард цацагдахаар товлогджээ. Шинэ цувралыг нь зөвхөн HBO Max-аас үзэх боломжтой аж.

Киноны гол дүрүүдэд Эмилия Кларк, Софи Тернер, Педро Паскаль зэрэг тэргүүтэй жүжигчид тоглосон бөгөөд долоон хаант улсын хаан ширээний төлөөх тэмцлийн тухай өгүүлнэ. Харин шинэ цувралд эрх мэдэлд шунан дурлаж, хүслээ гүйцээхийн төлөө бүхнийг хийж буй язгууртнуудын тухай бус Вестеросын энгийн ардын аж байдал, ахуй амьдралыг илүүтэй харуулах юм.

8. Euphoria 

Төрөл: Драма, сэтгэл зүйн
Найруулагч: Сэм Левинсон
Нийт анги: 2 бүлэг, 18 ангитай + 2 тусгай анги


HBO-ийн бүтээсэн бас нэгэн алдартай цуврал бүтээлүүдийн нэг бол “Euphoria” билээ. Одоогоор хоёр анги цацагдсан байгаа бөгөөд дараагийн анги нь ирэх онд цацагдах товтой байна. Цувралын эхний хоёр ангид Ру Беннет гэх ахлах сургуулийн охины хар тамхины донтолттойгоо тэмцэж буй тухай өгүүлдэг.

Найруулагч тус бүтээлээрээ дамжуулан Беннет шиг хэцүүхэн зүйл туулж яваа эсвэл ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй тээнэгэлзэж буй өсвөр насныхан эл киног үзээд сэтгэл мэдрэмжээ нээлттэй илэрхийлж байхыг хүссэн тухайгаа “Entertainment Weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.

9. The Lord of the Rings

Төрөл: Адал явдалт, уран зөгнөлт
Найруулагч: Питер Жексон
Нийт анги: 3

Одоогоос 20 гаруй жилийн өмнө дэлгэцнээ гарсан “Бөгжний эзэн” цуврал нь уран зөгнөлт киноны ертөнцөд хувьсал авчирсан, дэлхий дахины хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг билээ. Анх ердөө 281 сая долларын төсвөөр бүтэж байсан тус бүтээл дэлхий дахинаа алдаршиж хоёр тэмбум 964 сая долларын орлого олсон байна. Цувралын гуравдугаар анги болох “The Lord of the King” Оскарын кино наадмаас “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг хөгжим” зэрэг нийт 11 төрөлд ялалт байгуулж, түүхэн дээд амжилт тогтоож байв.

Зохиолыг 1937-1949 оны хооронд буюу дэлхийн хоёрдугаар дайны үеэр бичиж байсан бөгөөд нэгэн ид шидтэй бөгжний ноёрхлын болоод түүнийг устгах үүрэгтэй Фродо Бэггинсийн талаар өгүүлэх юм.

10. Deadliest Catch

Төрөл: Баримтат кино
Найруулагч: Том Бирс

Ширүүн давлагаатай, хүйтэн тэнгист хөлөг онгоцтойгоо өдөр шөнөгүй загасчлах нь энгийн хүний хийж чадах ажил биш. “Deadliest Catch” хэмээх энэхүү баримтат цуврал нь Аляскийн Берингийн тэнгист амьдралаа дэнчин тавьж хөдөлмөрлөдөг загасчдын бодит түүхийг харуулах юм.

Тус бүтээл нь Эмми наадамд шилдэг баримтат цуврал төрөлд олон удаа нэр дэвшиж, хэд хэдэн удаа ялалт байгуулж байжээ. Мөн кино шүүмжлэгчдээс 95 хувийн эерэг сэтгэгдэл авч байсан бөгөөд 2005 оноос хойш нийт 350 гаруй ангийг үзэгчдийн хүртээл болгожээ. Дэлхийн хамгийн аюултай тэнгис гэгддэг Берингийн далайд загасчилж буй эрсийн тэвчээр, багийн ажиллагаа зэргийг харуулсан тус бүтээлийг HBO Max-аас хүлээн авч үзээрэй.