Өнөөдөр бол Монгол хүн сансарт ниссэний 44 жилийн ой. Тодруулбал, 1981 оны гуравдугаар сарын 22-нд “Союз-39” хөлгөөр Сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Александрович Жанибеков нар 1981 оны гуравдугаар сарын 22-нд сансарт хөөрсөн билээ. Тэд нийт 7 хоногийг сансарт өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсон юм. Энэхүү түүхэн өдөртэй холбогдуулан уг нийтлэлийг бэлтгэн хүргэж байна.

Скотт Келли Олон улсын Сансрын Станцад бүтэн жилийн турш ажилласны дараа 2016 онд эх дэлхийдээ буцаж ирэхдээ өмнөхөөсөө намхан болсон, хараа нь муудсан, биеийн жин нь хасагдсан төдийгүй зүрхний өвчний шинэ шинж тэмдгүүд илэрсэн байв. Харин түүний ихэр ах болох Марк Келлид эдгээр өөрчлөлт огт ажиглагдаагүй нь сонирхолтой. (Марк Келли нь АНУ-ын сенатч бөгөөд ахыгаа сансарт бүтэн жил ажиллаж байхад тэрээр газарт үлдэж, НАСА-гийн Twin Study туршилтын харьцуулалтын субьект болж байжээ.)

Энэхүү хугацаанд ихрүүдийн ДНХ хүртэл зөрүүтэй болж, Скотт Келлигийн ойролцоогоор 1000 гаруй ген болон хромосомын үйл ажиллагаа өөрчлөгдсөн байв. (Гэхдээ нэг эерэг зүйл нь сансрын станц дэлхийг хэт өндөр хурдаар тойрдог тул тэр жил Скотт Келлигийн хөгшрөлт дэлхийд үлдсэн бусад хүмүүстэй харьцуулахад ойролцоогоор 9 миллисекундээр бага явагдсан байжээ.)

Эдгээр өөрчлөлтийн ихэнх нь хэдхэн сарын дотор хэвийн байдалдаа орсон ч зарим нь бүрэн арилаагүй хэвээр үлдсэн нь сансрын аялал хүний эрүүл мэндэд урт хугацаанд ямар аюул учруулж болохыг харуулж буй. Цаашлаад эдгээр эрсдэл, өөрчлөлтийн ихэнх нь одоо ч бүрэн судлагдаагүй л байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л НАСА-гийн нисгэгчид болох Бач Уилмор, Суни Уилльямс нарын анх төлөвлөсөн найман хоногийг хугацаатай аялал техникийн урьдчилан таамаглаагүй асуудлуудын улмаас 278 хоног хэтэрч, тэд Улаанбаатарын цагаар лхагва гаргийн өглөө эх дэлхийдээ газардсан билээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан сансрын орчин хүний бие махбодод хэрхэн нөлөөлдөг тухай The Washington Post-ийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

The Washington Post-ийн эх нийтлэлтэй энд дарж танилцаарай.


Одод руу тэмүүлэхийн цаадах зовлон


Сансарт гармагц дотор муухайрах, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд бараг л шууд илэрдэг. Эдгээр нь толгойн өвдөлт, будилах байдалтай хавсарч, хэдэн өдрийн турш үргэлжилж болзошгүй.


“Puffy Face Bird Leg Phenomenon” буюу “Нүүр хөөж, хөл нарийсах үзэгдэл” гэж нэрлэгддэг энэ шинж тэмдэг сансарт гармагц илэрч эхэлдэг. Жингүй орчинд цус болон биеийн бусад шингэнүүд дээд биед хэт төвлөрдөг тул нүүр хөөж, харин хөл шингэн дутагдсанаар нарийсдаг аж.


Сансрын орчинд нисгэгчдийн царай хөөж, царай төрх нь хүртэл тодорхой хэмжээнд өөрчлөгддөг. Үүний улмаас тэдний хамар нь байнгын битүүрч, цаг үргэлж хамрын ханиад хүрсэн мэт мэдрэмжийг мэдэрдэг гэнэ. Тэрчлэн татах хүчгүй орчинд хүний булчин, ялангуяа хөлний булчин долоо хоног бүр ойролцоогоор 1 хувиар сулран, хатингаршиж эхэлдэг байна.


Мөн татах хүчгүй орчинд хүний цусны хэмжээ буурсны улмаас зүрхний ачаалал багасч, хүч нь суларч эхэлдэг сул талтай. Ингэснээр зүрх хэвийн хэлбэрээ алдаж, бага багаар дугуйрсан хэлбэртэй болж хувирна.

Бусад булчинтай адил татах хүчгүй орчинд зүрх өмнөх шигээ хүчтэй ажиллах шаардлагагүй. Хэрэв тогтмол дасгал хөдөлгөөн хийхгүй бол зүрхний булчин аажмаар суларч, үйл ажиллагаа нь сулрах аюултай.


Сансрын хортой цацрагийн нөлөөгөөр дархлааны эсүүд олноороо үхэж, биеийн дархлаа мэдэгдэхүйц хэмжээгээр сулардаг. Мөн ДНХ гэмтэх эрсдэлтэй бөгөөд үүнээс үүдэн хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэх магадлалтай.

Мөн биеийн бүх хэсэгт үрэвсэл нэмэгдсэнээс шалтгаалан зүрхний өвчин болон бусад таамаглаагүй эрүүл мэндийн эрсдэлүүд шинээр тулгарч болзошгүй.


Сансарт байх хугацаанд хүний яс сард дунджаар 1.5 хувиар нимгэрдэг. Үүний зэрэгцээ нурууны үе хоорондын зөөлөн эдүүд хатууран, уян хатан чанараа алдаж эхэлдэг.


Сансарт байх үед нүдний бөмбөлгийн зарим хэсэг хавтгайрснаар алсын хараа тод болох ч ойрын хараа бүрэлзэж мууддаг. Мөн шингэнүүд гавлын дотор хуримтлагдаж, үнэрлэх, сонсох чадварыг сулруулдаг талтай.


Сансарт байх үед генийн үйл ажиллагаа өөрчлөгддөг бөгөөд энэ нь тархинд ч нөлөөлдөг. Хулгана дээр хийсэн туршилтаар, сансарт хэдэн долоо хоног байх хугацаанд тархины 54 төрлийн ген өөрөөр ажиллаж эхэлсэн нь тогтоогдсон байна.

Тэрчлэн сансрын цацрагийн нөлөөгөөр тархины эс гэмтэж, ой санамж болон сэтгэх чадвар муудаж болдгийг энэхүү туршилт мөн баталжээ.


Биеийн байгалийн хэмнэл буюу дотоод цагийн тохируулга алдагдсанаас болж нойрны асуудал үүсэж, нойргүйдэх нь түгээмэл үзэгдэл.

Эцэст нь, олон сар, бүр жилээр ганцаараа байх эсвэл цөөн хэдэн хамт ажиллагсадтайгаа хэт давчуу орчинд удаан хугацаанд амьдрах нь сэтгэл зүйн дарамт үүсгэж, сөрөг нөлөө нь удаан үргэлжлэх магадлалтай.

Зургийн эх сурвалж: bbc.com

“Сансар бол огтхон ч хүний биед ээлтэй орчин биш” хэмээн Флоридагийн Төв Их Сургуулийн Анагаахын Сургуулийн сансрын анагаах ухааны тэнхимийн дэд дарга, анагаахын дэд профессор Эммануэль Уркиета хэлсэн удаатай. Тэрээр өмнө нь НАСА-тай хамтран ажилладаг Хьюстон хотын Сансрын Эрүүл Мэндийн Судалгааны Хүрээлэнд ерөнхий эмчээр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Түүний хэлснээр хүн төрөлхтөн таталцалтай, харьцангуй бага цацраг идэвхтэй орчинд хувьсан хөгжсөн. Харин сансарт энэ нөхцөл эсрэгээрээ байдаг тул хүний биеийн бараг бүх биологийн системийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг.Гэхдээ эрдэмтдийн хэлж буйгаар сансрын аяллаас үүдэх эрүүл мэндийн эрсдлүүдийн олонхыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой аж.

Жишээлбэл, дасгал хөдөлгөөн нь булчингийн жин, ясны нягтралыг хадгалахад “маш үр дүнтэй” гэж Мичиганы Их Сургуулийн биеийн хөдөлгөөний сургуулийн захирал Лори Плоутц-Снайдер онцолжээ. Тэрээр өмнө нь НАСА-д судлаачаар ажиллаж, сансрын орчин дахь дасгал хөдөлгөөний үр нөлөөг судалдаг багийг удирдаж байсан юм.



Түүний хэлснээр Олон Улсын Сансрын Станц дээрх сансрын нисгэгчид таталцалгүй орчинд булчин, ясаа хамгаалахын тулд бараг өдөр бүр тусгай төхөөрөмж ашиглан гүйх, дугуй унах, ачаа өргөх зэрэг дасгал хөдөлгөөнийг ойролцоогоор нэг цаг орчим хийдэг гэнэ. Харин Сар болон Ангараг руу хийх ирээдүйн аяллууд нь илүү жижиг хөлгөөр илүү удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй тул дасгалын төхөөрөмжийг багасгах шаардлага гарах юм.

Мөн эдгээр холын аялалд өөр нэгэн анхаарах зүйл нь хортой цацраг. Дэлхийн соронзон орон Олон Улсын Сансрын Станцыг тодорхой хэмжээний хорт цацрагаас хамгаалдаг. Харин Сар болон Ангараг руу хийх аяллууд Дэлхийгээс илүү өндөр, хол орон зайд хийгдэх учраас ийм хамгаалалтаас гадуур үлдэх аюултай юм.

Эммануэль Уркиета энэ талаар “Ийм аялалд илүү сайн хамгаалалтын бүрхүүл зайлшгүй шаардлагатай” гэж хэлжээ. Үүнээс гадна, цацрагийн дотоод нөлөөллийг бууруулах зориулалттай эм, нэмэлт тэжээл хэрэглэх шаардлагатай. Тухайлбал, С болон Е амин дэм зэрэг антиоксидантууд нь цацрагийн нөлөөгөөр бие махбодод үүсдэг хорт бодисыг саармагжуулахад тусалж болзошгүй. Мөн энэ чиглэлийн бусад эм, тэжээлийн бодисын судалгаа одоогоор үргэлжилж байгаа аж.


Зургийн эх сурвалж: bbc.com