Технологийн салбарынхныг нэг цэгт төвлөрүүлж, орон даяар технологийг тойрсон асуудлыг хэлэлцсэн Тech Week 2025 өчигдөр албан ёсоор болж өндөрлөлөө. Энэхүү технологийн долоо хоногийн хамгийн хамгийн том, хамгийн чухал арга хэмжээ болох “ICT Forum” Төрийн ордонд болсон ба Монгол Улсын дижитал шилжилт, инновац, технологийн бодлогын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал өдөр болсныг дурдууштай.
Энэ өдөр долоо хоногийн турш орон даяар явагдсан хэлэлцүүлэг, илтгэлүүдээс гарсан санаа, шийдлийг боловсруулж нэгдсэн үр дүнг танилцуулсан билээ. Түүнчлэн салбарыг шат ахиулах талаарх бодлогын хэлэлцүүлэг болж мөн зөвхөн технологи гэлтгүй бусад салбар мэргэжилтнүүд өөрсдийн салбартаа технологийг хэрхэн ашиглаж буйгаа хуваалцсаныг энэхүү нийтлэлээрээ танилцуулъя.
ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
Тэрээр эдийн засгийг олон тулгуурт болгохын чухлыг онцолж мэдээллийн технологийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээг 2 хувиас 5 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж буйг дурдлаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска
Тэрээр мэдээллийн технологийн салбарын хэн бүхэнд хүртээмжтэй хөгжүүлэхийн гол түлхүүр нь дэд бүтэц хэмээн цахим үндэстнийг бэлдэхийг илүүтэй чухалчиллаа.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын дэд хорооны дарга Ч.Анар
Монгол улсын нийт гадаад хөрөнгө оруулалтын 77 хувь нь уул уурхайд төвлөрдөг бөгөөд энэ салбарт ч бүх технологийг гадаадаас авдаг. Тиймээс мэдээлэл технологи, уул уурхайг уялдуулж, зөв бодлогын орчин бүрдүүлэх хэрэгтэйг онцоллоо.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Сэдэв: Дижитал эдийн засаг ба технологи түрүүнд
Энэхүү хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, дижитал шилжилтийн ач холбогдлыг олон өнцгөөс нь хөндлөө. Дэлхийн эдийн засгийн өнөөдөр 10 хувь нь дижитал эдийн засагт суурилж байгаа бөгөөд 2028 он гэхэд энэ үзүүлэлт 17 хувь болж өснө гэсэн тооцоо бий. Тиймээс Тиймээс Монгол Улс интернэт
хүртээмжийг бүх бүс нутагт тэгш хүргэх, өгөгдөлд суурилсан шийдлээр үйлдвэрлэлээ оновчтой болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг зөв чиглүүлэх зэрэг алхмуудыг яаралтай хийх шаардлагатай. Ингэснээр дижитал шилжилт зөвхөн технологийн дэвшил төдийгүй, тогтвортой хөгжил, байгальд ээлтэй үйлдвэрлэл, ирээдүйн өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйл болж чадна гэдгийг хэлэлцүүлэг тэр чигтээ бататгаж байв.
илтгэл
АНД Глобал компанийн Гүйцэтгэх захирал Б. Хос-Эрдэнэ
Сэдэв: Дэлхийд гарах нь: Монгол Улсын дижитал амбиц
Тэрээр Монголын стартап экосистемийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн нэгэн үйл явдлыг хуваалцлаа. АНД Глобал хоёр жил гаруйн шаргуу хөдөлмөрийн үр дүнд, хоёрхон сарын өмнө Series B шатны хөрөнгө оруулалтаа амжилттай хаасан тухай онцолсон нь Монголын хувьд анхны тохиолдол болсон гэдгээрээ онцлог. Энэ бол зөвхөн нэг компанийн амжилт бус, харин Монголын дижитал стартапууд дэлхийн зах зээлд гарах боломжтойг харуулсан томоохон дохио гэхэд хилсдэхгүй.
Түүний онцолсноор, АНД Глобалын урт хугацааны зорилго бол ирэх 5-7 жилийн дотор олон улсын хөрөнгийн бирж дээр гарч, тэр дундаа NASDAQ зэрэг дэлхийд нэр хүндтэй зах зээлд Unicorn статустай компани болон IPO хийх явдал. Энэ нь зөвхөн тэрбум доллароос дээш үнэлгээтэй компани бий болгох гэсэн зорилтоос гадна Монголын дижитал амбиц хэр өндөр түвшинд хүрч болохыг нотлох алхам юм.
IOI Capital хөрөнгө оруулалтын сангийн Партнер Игор Овчаренко
Сэдэв: MENA: Стартапын ертөнцийн шинэ давлагаа
IOI Capital хөрөнгө оруулалтын сангийн партнер Игор Овчаренко дижитал бизнесийн шинэ төв болж буй Ойрх Дорнод ба Хойд Африкийн бүс нутгийн боломжийг илтгэлдээ онцолсон юм. Тэрээр тус бүс нутагт байрлах IOI Capital нь авьяастай стартапуудад хөрөнгө оруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн дэлхийд гарахад нь тусалдаг аж.
Арабын Нэгдсэн Эмират улс өнөөдөр олон улсын стартапуудын гарааны хамгийн тохиромжтой орчин болсон билээ. Саудын Араб ч мөн адил 2030 он хүртэлх зорилтоо тодорхойлон, инновац, технологийн стартапуудыг дэмжих бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлж байгаа нь Ойрх Дорнод ба Хойд Африкийн бүсийг дэлхийн стартапын ертөнцөд жинтэй байр суурь эзлэх шинэ давлагаа руу хөтөлж байна.
хэлэлцүүлэг
Сэдэв: Технологийн хөрөнгө оруулалт ба экспортын боломжууд
Монголын хүний нөөцийн хязгаарлалт, жижиг зах зээлийн бэрхшээл, олон улсын өрсөлдөөн зэрэг сорилтуудыг даван туулахын тулд стратегийн хамтын ажиллагаа, хэрэглэгчийн бааз өсгөх, олон улсын туршлага хуримтлуулах шаардлагатайг оролцогчид онцлов.
Нөгөө талд, кибер аюулгүй байдлын эрсдэл огцом өсөж буйг сануулж, ялангуяа уул уурхай болон томоохон дэд бүтцийн салбар хиймэл оюун ухааны шийдэл
нэвтрүүлснээр цахим халдлагын эрсдэлд өртөх болсон нь сонирхолтой. Үүнтэй зэрэгцэн сүүлийн жилүүдэд Монголд хүний амьдралын үндсэн хэрэгцээг чиглэсэн олон арван хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд цаашид уул уурхай, ложистик зэрэг салбарыг түшиглэн дэлхийд гарах боломжтойг тодотгож байлаа.
илтгэл
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар
Сэдэв: "Орон нутаг дахь цахим шилжилт ба залуусын оролцоо"
Төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын зорилтын талаарх уг илтгэл Монгол улсын цахим шилжилт хаана явааг илэрхий харуулах болов уу.
Тэрбээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн агентлагууд нийтдээ давхардсан тоогоор 6100 үйлчилгээг цаасаар болон цахимаар үзүүлдэг бөгөөд тэдгээрийн 1268 нь E-Mongolia платформд нэгтгэгдсэн гэдгийг цохсон юм. Энэ нь цахим шилжилтийн чиглэлд ахиц гарч буйг харуулж байгаа ч цаана нь зохицуулалт хийх шаардлагатай, давхардсан эсвэл ач холбогдол багатай олон үйлчилгээ хэвээр байгааг ч мөн тэмдэглээд амжсан
Тиймээс ирээдүйд шаардлагагүй үйлчилгээг цөөлөх, үлдсэнийг бүрэн цахим хэлбэрт оруулах нь төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж, залуусын оролцоог нэмэгдүүлэх чухал алхам болохыг илтгэлд онцолсон юм.
Pecha Kucha
Нэгдүгээрт, нийгмийн болон байгаль орчны асуудлыг зөвхөн төр, ТББ, хувийн хэвшил гэлтгүй хамтын шийдлээр нэгтгэн харах ёстойг онцлов. Нөгөөтээгүүр, Монголын залуусын насанд хүрэх, бизнес эрхлэх боломж хэт орой эхэлдэг, харин бичиг цаасны төвөгшил, боловсролын хаалттай орчин залуусын хөгжилд саад болж буйг тодотголоо. Уламжлалт хэв маягийг эвдэж дижитал арга хэрэгсэл ашиглан олон хүний хамтын ажиллагаанд тулгуурласан шинэ төрлийн медиа бүтээл гаргасан туршлагыг хуваалцах зэрэг залуучууд өөрсдийн түүхээрээ бүтээлч сэтгэлгээ, шинийг санаачлах эрмэлзэл, нийгэмд бодит өөрчлөлт хийх хүсэл тэмүүллээ харууллаа.
хаалт
Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн захирал Ж.Золзаяа
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан технологийн долоо хоног нийт 70 арга хэмжээг хамарч, 7000 гаруй хүн биечлэн оролцсон нь салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо. Форумын хүрээнд бодлогын шийдэл, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, залуусын оролцооны талаар нээлттэй хэлэлцэж, хамтын ажиллагааны шинэ суурь тавигдав.
Мөн энэ долоо хоногийн онцлох хэсэг нь “E-Mongolia 5.0” – хиймэл оюунд суурилсан, хүн төвтэй шинэ үеийн бүтээгдэхүүнийг танилцуулсан явдал байв. Үүнээс гадна татварын болон татварын бус таатай орчныг бүрдүүлснээр мэдээллийн технологийн бизнесүүд, стартапуудыг дэмжих шинэ боломжуудыг нээсэн нь TechWeek 2025-ыг бодит үр дүнтэй томоохон арга хэмжээ болгож чадлаа.