Кино урлаг нийгмийг сэрээх, асуудлыг хөндөх, хүмүүст урам зориг түгээх хүчтэй билээ. Нийгэмд шийдэл хүлээсэн олон асуудал байгаа ч, тэдгээрийг сөрөн зогсож, эерэг өөрчлөлтийг бүтээж буй чимээгүй баатрууд цөөнгүй. Тэр л баатруудын түүхийг дэлгэцнээ мөнхөлж, урамшуулдаг "Inspiring Asia" бичил кино наадмын Монгол дахь үндэсний шалгаруулалт анх удаа өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

Кино урлагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг уриалдаг тус наадам нь Азийн найман бүс нутагт зэрэг өрнөж байгаа бөгөөд тав дахь жилдээ зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Ингээд уран бүтээлчид, залуучууд, иргэний нийгмийнхнийг нэгтгэсэн уг арга хэмжээний онцлох мөч, шилдэг бүтээлийн ялагчдын сэтгэгдэл зэргийг хүргэе.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Энэ жилийн "Inspiring Asia 2026" наадам "Community Empowerment" буюу “Нэгдье, Бэхэжье, Хөгжье” гэсэн гүн гүнзгий утга агуулга бүхий сэдвийн дор зохион байгуулагдсан юм. Өөрөөр хэлбэл, хувь хүнд нийгэм, хүрээлэл ямар чухал болохыг онцолж, бие биедээ дэмтэй амьдрахын утга учир, үнэ цэнийг харуулж, ойлгуулах нь энэ удаагийн наадмын гол зорилго байв.

Оролцогчдын хувьд мэргэжлийн кино уран бүтээлчдээс гадна оюутан залуус, иргэний нийгмийн байгууллагууд, сошиал энтерпрайзын төлөөллүүд идэвхтэй оролцсон нь арга хэмжээний хамрах хүрээг илүү өргөн болгож байгаа юм. Наадамд оролцсон бүтээлүүд хүүхэд хамгаалал, байгаль орчин, боловсрол, залуусын оролцоо, өв соёл, тэгш хүртээмж зэрэг чухал сэдвээр эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй нийт 26 бүтээл,төсөл хүлээн авсан бөгөөд дараах бүтээл шилдгээр шалгарсан байна. Ялагчдыг шалгаруулахдаа шилдэг төсөл болон шилдэг бичил кино гэх үндсэн хоёр ангилалд шалгаруулсан билээ.

Шилдэг төсөл ангилалд

Ялагч: “Ойн өртөө” байгууллагын “Ой өвийн өртөө” төсөл шилдгээр шалгарч, 40 сая төгрөгийн шагнал хүртэв.

Финалист: Илгээлтийн багш НҮТББ-ын хэрэгжүүлдэг “Teach for Mongolia” фелловшип хөтөлбөр болон Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Гэрээр айлчлагч аргачлал” төсөл шалгарч, тус бүр 5 сая төгрөгийн шагнал хүртэж, олон улсад өрсөлдөх эрхээ авлаа.


Шилдэг бичил кино ангилалд

Ялагч: Кристина Ноблийн Хүүхдийн Сан, найруулагч Б.Түвшинзаяагийн бүтээл “Dandelion: It Takes a Village to Raise a Child” бичил кино тодорч, 20 сая төгрөгийн шагнал хүртлээ.

Финалист

Монгол Экологи Төв, найруулагч О.Тэмүүжин – “An Ordinary Story of Batmunkh” бичил кино
Teach For Mongolia, найруулагч Г.Ганцэцэг – “The Choice to Serve” бичил кино
Гэр өргөө ТББ, найруулагч Ц.Билгүүн, Э.Мөнхжин – “Looking for Us” бичил кино
Ойн өртөө, найруулагч Б.Цэрэнбат – “Flight Home” бичил кино
Найруулагч Ч.Хулан, М.Мөнхгэрэл – “Өнөр бүл” бичил кино

Найруулагчдын сэтгэгдэл

“Dandelion: It Takes a Village to Raise a Child” Найруулагч Б.Түвшинзаяа


Киноны маань "Dandelion" буюу багваахай цэцэг хэмээх нэр нь цаанаа маш гүнзгий утгатай. Багваахай цэцэг өөрөө ямар ч нөхцөлийн хөрсөнд ургаж чаддаг тэсвэр хатуужилтай хэр нь үлээх төдийд л хийсчихдэг маш эмзэг ургамал. Бид багваахай цэцгийн энэ онцлогийг өсвөр насны хүүхдийн өөр өөр орчин нөхцөлд өссөн, эмзэг сэтгэл зүйтэй зүйрлэж киногоо ийнхүү нэрлэсэн.

Мөн мэдээж “It Takes a Village to Raise a Child" буюу нэг хүүхдийг өсгөхөд тосгон даяараа оролцдог гэх санаа маань киноны нэрд маань ч тэр, энэ жилийн наадмын гол сэдэв болох "Community Empowerment" буюу олон нийтийн оролцоог дэмжих гэсэн агуулгатай нийцсэн.

Киноны санаагаа Кристина Ноблийн хүүхдийн сангийн хөтөлбөрт хамрагддаг нэгэн хүүгийн бодит амьдралаас сэдэвлэн олж байлаа. Аливаа баримтат уран бүтээлд гол дүрийн оролцоо хамгийн чухал байдаг ч, бидний киноны бодит эзэн болох хүү маань өөрийнхөө түүхийг нийтэд дэлгэж, кинонд биеэрээ оролцоход хараахан бэлэн болоогүй байсан л даа. Тиймээс манай баг түүний хүсэлтийг хүндэтгэн жүжигчин тоглуулахаар шийдэж, кино зохиолынхоо концепцод тохируулан бүтээлээ амилуулсан. Баг маань цөөхүүлээ, ихэвчлэн найзуудаараа нийлж ажилласан болохоор ч тэр үү маш хурдан хугацаанд бүтсэн. Ингээд шилдэг бичил кино төрөлд шагнал авсандаа үнэхээр их баяртай байгаа.

“Ой өвийн өртөө” төсөл Хамтран үүсгэн байгуулагч Э.Анужин

Манай "Ой өвийн өртөө” төсөл дотоодын шалгаруулалтдаа амжилттай оролцож, олон улсад өрсөлдөх эрхээ авсанд үнэхээр их баяртай байна. Манай багийнхан өнгөрсөн оны 9-р сараас эхлэн олон судлаач багш, эрдэмтэд болон өв тээгч нартай хамтран залуучуудад зориулсан монгол өв уламжлал, ахуй соёлын сургалт, хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлээд байсан бөгөөд яг эд хөтөлбөрүүдээ явуулж байх үедээ бичил кино наадмын зарыг анх олж харсан юм.

Уг наадамд оролцоход хамгийн их нөлөөлсөн зүйл нь уралдааны "Community Empowerment" гэх сэдэв нь. Удирдамжийг нь уншиж байх үед яг л бидний одоо хийж байгаа зүйлийг дүрсэлсэн мэт санагдаж, зөв цагтаа зөв зүйлээ хийж байгаа юм байна гэсэн мэдрэмж төрж, өөрсдийн бүтээлээр оролцох “дохио” хэмээн хүлээн авсан. . Тиймээс бид зориуд кино бүтээх гэж тайз засаж, жүжиглэлт оруулах бус хэрэгжүүлж буй төсөл, сургалтуудынхаа үйл явцыг яг л байгаагаар нь, бодитоор нь баримтжуулан кино болгохоор шийдсэн юм.
Бид энэхүү бүтээлээрээ дамжуулан “мэдвэл ойлгоно, ойлговол оролцоно, оролцвол хайрлана” буюу залуу үеийнхээ бүдгэрч буй үндэсний ой санамжийг сэргээх нь нийгэм дэх залуусын оролцоог нэмэгдүүлэх, үүгээрээ эх орондоо эзэн нь байх мэдрэмжийг нэмэгдүүлэх боломжтой болохыг өгүүлэхийг зорьсон.

Бүтээлдээ монгол өв соёлын ой санамжийг сэргээх их үйлсэд зүтгэж яваа шувуугаар ан хийх арга ухааны өвлөн уламжлагч Б.Батбилэг ахынхаа бодит түүхийг онцлон өгүүлсэн. Тэрбээр халх нутагт хэдийн мартагдах шахаад байсан шувуулахуйн соёлыг сэргээхийн тулд биечлэн судалж, уйгагүй хөдөлмөрлөж, хойч үедээ өвлүүлж буй бахархам түүхтэй. Тиймээс түүний хичээл зүтгэл, хөдөлмөрийг дэлгэцийн бүтээлээр мөнхөлж, олон нийтэд таниулан түгээсэндээ баяртай байна.

Тусгай шагналын эзэд

Мөн тус олон улсын уралдааныг Монгол Улсад зохион байгуулагч, бүс нутгийн хамтрагч Лоринэт сан нь Монгол Улсад туслалцаа дэмжлэг шаардлагатай байгаа хүүхэд, залуусын амьдралд тогтвортой, эерэг өөрчлөлтийг бий болгох үндсэн зорилготой. Тэд хүүхэд, залуучуудын сайн сайхан байдлыг сайжруулах шийдлүүдийг санхүүжүүлж, дэмжихийн зэрэгцээ тэдний эргэн тойрон дахь тогтолцоог бэхжүүлэхэд анхааран ажилладаг бөгөөд наадамд өөрсдийн нэрэмжит “Залуучуудын хэрэгжүүлж буй шилдэг санаачилга” тусгай шагналын эзнийг тодруулсан юм. Уг шагналыг Нэгүдэлч Илч НҮТББ-ын “Нүүдэлч зуслан” төсөл шалгарч, 10 сая төгрөгийн шагналыг хүртэв.

Түүнчлэн, кино наадмын дэмжигч Голомт сангийн нэрэмжит “Шилдэг төсөл” шагналыг “Nomad Ink” байгууллагын “Ink in Motion: The Story We Built Together” бүтээл хүртэж, 5 сая төгрөгийн шагналын эзэд болсон билээ .

Хэрэв та кино наадамд шилдгээр шалгарсан бүтээлүүдийг үзэхийг хүсвэл ЭНД дараарай.

Nomad Ink

Ч.Хулан, М.Мөнхгэрэл

Нэг хүүхдийг өсгөхөд тосгон даяараа хөдөлмөрлөдөг шиг, нэг сайн нийгмийг бүтээхэд бид бүгдийн хамтын оролцоо хамгийн чухал билээ. Тус наадамд биеэр зорьж очсон хүний хувиар кино наадам биднийг илүү хариуцлагатай, илүү анхааралтай, илүү "нэгдмэл" байхыг сануулсан бүтээлүүдээр дүүрэн байлаа.