Бизнес эрхлэх таатай орчин бүрэлдэхэд хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн засаглал, улс орны эдийн засгийн нөхцөл байдал гээд нөлөө бүхий хүчин зүйлс мундахгүй. Сүүлийн жилүүдэд ч технологийн огцом үсрэлт, хүний нөөцийн салбар дахь өөрчлөлтүүдээс эхлээд бизнесүүд бараг л салбар харгалзахгүй хэв шинж, хэлбэр дүрсээ өөрчлөх, цаг үетэйгээ хөл нийлүүлэх шаардлагууд цуварсаар.
Эдгээр сорилтуудыг хамтаараа хэлэлцэж, бизнесээ дараагийн түвшинд гаргах алхмуудыг тодорхойлохоор тал талын төлөөллийг цуглуулсан арга хэмжээ болох "JCI Business fair 2026" хоёрхон хоногийн өмнө зохион байгуулагдлаа. Ингээд энэхүү арга хэмжээнээс онцлох агуулгыг тоймлон хүргэе.

"JCI BUSINESS FAIR 2026"-ИЙН ТУХАЙ

Өдгөө 120 гаруй оронд салбарлаж, 200,000 гаруй идэвхтэй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж буй JCI байгууллагын Монгол дахь салбарын 1,400 гаруй гишүүний талаас илүү нь бизнес эрхлэгчид. Иймдээ ч нийт 17 салбар байгууллагын төлөөлөл болсон 350 гаруй JCI-ийн гишүүн, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, бизнесийн салбар дахь өөрчлөлт, цаг үеийн мэдээллийг солилцох, хамтарч ажиллах талбар болсон нь "JCI Business fair 2026" онцлог билээ.
Мөн арга хэмжээний үеэр JCI CYE-ээс зохион байгуулдаг зургаа дахь удаагийн Creative Young Entrepreneurs (CYE) 2026 улсын уралдааны шилдэг баг хиймэл оюунд суурилсан хууль зүйн үйлчилгээний санаагаа танилцуулсан юм.
JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН 2026 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОНОН

JCI бол 120 гаруй оронд салбарлаж, 111 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй сайн дурын төрийн бус байгууллага. Бидний гишүүддээ олгодог үндсэн дөрвөн боломж байдаг нь хувь хүний хөгжил, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, мөн бизнес. Тиймээс ч гишүүдийнхээ бизнес эрхлэх орчин, хамтын ажиллагааг дэмжиж, хөрөнгө оруулалт олох боломжийг олшруулахаар нэтворкинг, сургалт, уулзалт тэргүүтэй тогтмол үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.
Сүүлийн 2, 3 жил салбар салбараар хуваан долоо хоног бүрийн цомхон уулзалт, сургалтыг хийсэн байна. Харин энэ жилийн хувьд салбар харгалзахгүй хамтаараа хэлэлцэх, холбоо тогтоох талбарыг бий болгохоор зорьсон нь “JCI Business Fair.” Гол зорилго нь инфляцаас эхлээд нийгэм, эдийн засгийн олон хямрал бизнес эрхлэх орчинд хэрхэн нөлөөлж буйг олон талаас шинжилж, тэрхүү сорилтыг хэрхэн давах арга замыг хамтаараа “боловсруулах” явдал.
JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН 2026 ОНЫ ДОТООД БИЗНЕС ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Ч.СЭРГЭЛЭН

Энэ жил JCI Монгол байгууллага Shape Your Legacy уриа дор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнтэйгээ холбогдуулан нийт гишүүдийнхээ бизнесийг ул суурьтайгаар дэмжих стратегийн бодлогыг баримталж буйн нэгэн илрэл нь энэхүү арга хэмжээ. Бизнесийн орчин дотоод, гадаадад маш хурдацтай өөрчлөлтөд орж буй энэ цаг үед бодит нөхцөл байдлыг салбар салбарын мэргэжилтнүүдийн хамт хэлэлцэн ойлголцож, нэтворкинг ч үүсгэх боломжийг олгож буй нь JCI Business Fair-ийн онцлог.
Дэлхийн дахинаа эдийн засгийн байдал тогтворгүй, технологийн шилжилт, байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор бизнесүүд хэлбэрээ өөрчилж байна. Тиймээс уламжлалт бизнес загварт уягдалгүй, илүү ухаалгаар бизнесээ эрхэлж, цар хүрээгээ тэлэхэд нь хувь нэмэр оруулахыг зорьж буй.
JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН CYE ТӨСӨЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Э.БАТ-АМГАЛАН

Энэ жилээс бид бизнесийн боломжуудаа нэмэгдүүлэхээр эрчимтэй ажиллаж байна. Үүнтэйгээ холбогдуулан өнөөдрийн арга хэмжээнээс гадна 99 сая төгрөгийн шагналын сан бүхий CYE (Creative young Entrepreneurs) Стартап улсын уралдааныг зохион байгуулж, цаашлаад олон улсын CYE тэмцээнд баг тамирчдаа бэлдэж байна. Залуусаа зөвхөн Монголдоо гэлтгүй гадагшаа гараасай, оюуны экспорт хийгээсэй гэж хүсэж байгаа.
Энэ жилийн CYE тэмцээнд өрсөлдсөн 128 багийн дийлэнх нь өөрсдийн боловсруулсан шийдлээ хиймэл оюунтай хоршуулж, технологийн дэвшилтэт элементүүдийг шингээж өгснийг харах сайхан байлаа. Тэр дундаа хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээг хиймэл оюунаар илүү хүртээмжтэй болгох санааг онцлохыг хүсэж байна. JCI-ийн хувьд том зургаараа НҮБ-ын ТХЗ-г дэмжиж ажилладаг. Тэр хүрээний бизнесүүдийг ч ирээдүйд илүү олноор нь хөгжүүлэх зорилготой.
Панел хэлэлцүүлгээс онцлох нь
"Эдийн засгийн нөхцөл байдал ба бизнес стратеги" сэдвийн дор Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), АПУ ХК, The Defacto Gazette-ийн төлөөлөл панелистууд бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрөл бүрийн сорилтыг дотоод, гадаадын хүчин зүйлсийн тухай яриа өрнүүлэв. Бизнесийн орчинг сайжруулахад зөвхөн өнгөн талдаа үзэгдэх эдийн засгийн хямрал, өдөр тутмын амьдралд илэрхий анзаарагдаж буй өөрчлөлтүүдээс гадна бодлогын өмгөөлөл, бизнесийн чиглүүлэг, хувийн хэвшлүүдийн засаглалд онцгой анхаарал хандуулахын ач холбогдлыг онцлов.

Түүнчлэн байгууллагын соёл, нөөцийн зохион байгуулалтыг хэрхэн үр ашигтай хийх, бизнесийн эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулах талаар хэлэлцсэн юм. Сонирхуулахад, МҮХАҮТ-ын бизнесүүдэд хэвшүүлээд буй эрсдэлийн үнэлгээнд дараах үзүүлэлтүүд багтаж байна:
- Эрсдэлийг удирдах удирдлага
- Санхүүгийн чадавх
- Дижитал шилжилтэд бэлэн байдал, хөрвөх чадвар
- Байгаль орчин, нийгмийн засаглал
- Олон талын оролцоо
- Талент хөгжүүлэлт
ОНЦЛОХ ИЛТГЭЛ

Франчайз бизнес гэж чухам юу вэ? Үүнийг бизнес модель гэх үү, маркетингийн хэрэгсэл гэх үү? Бизнесийг олон улсын зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд тухайн бизнесийн 20 хувийг нэвтрүүлж буй улс, бүс нутагт нь нутагшуулахад зориулдаг гэдгийг сонсож байсан уу? Франчайз бизнес яагаад асар хурдан тэлдэг вэ?
FranGlobal энэ мэт сонирхолтой асуултад хариулж, олон улсад оюуны экспорт хийх арга замыг дэлгэрүүлсэн юм. Цаашлаад улс орнуудын хууль эрх зүйн орчны ялгаа, FOFO, FOCO, COFO гэхчлэн франчайзын загваруудыг танилцуулж, стратеги, үйл ажиллагааны загвараа хэрхэн төлөвлөх тухайг хөндөөд амжив.
JCI MONGOLIA МОБАЙЛ АПП

JCI-ийн гишүүн бизнес эрхлэгчдийг дэмжих дахин нэг шинэхэн санаачилга бол нэгдсэн мобайл систем. JCI Mongolia аппын тусламжтай бизнес эрхлэгчид илүү хялбар аргаар холбоо тогтоох, ажлын байр, төслийн саналуудаа төвлөрүүлэхийн сацуу дотоод зар мэдээг нэг цэгээс хүлээн авах боломжтой аж. Апп энэ сарын сүүлээр ашиглалтад орохоор төлөвлөгджээ.
арга хэмжээнээс онцлох мөчүүд





Үндсэн арга хэмжээтэй залгуулан Bodios Mongolia, Dew Sergio, Baroni брэндүүд загварын шоугаа толилуулж, онцлох коллекцуудаасаа танилцууллаа.





