Ямар ч төрлийн дууг сэтгэлд хүртэл дуулдаг, чадварлаг хоолойтой уран бүтээлч бол Маралжингоо. Өөрийн гэсэн донжтой дүр төрх, хоолойн цар хүрээгээр сонсогчдоо татаж чаддаг нэгэн юм. Тийм ч учраас энэ намрын хөгжмийн тоглолтуудаас түүний тоглолт олны дунд багагүй хүлээлтийг үүсгээд буй. 

Ингээд энэ удаагийн нийтлэлээр дуучин Маралжингоогийн удахгүй болох “Lucid Dream” тоглолт болон түүний урлагийн замналд хөл тавьсан түүх, анхны уран бүтээлийн тухай мэдэх ёстой бүх зүйлийг багцлан хүргэж байна. 

Карьерын эхлэл

Маралжингоо бага наснаасаа л Шуберт, Дебюсси, Шопен зэрэг хөгжмийн зохиолчийн сонгодог аяыг сонсох дуртай хүүхэд байжээ. Түүнийг урлагт дуртай болоход сонгодог хөгжмөөс гадна аавынх нь нөлөөлөл их байсан гэдэг. Аав нь “AC/DC”, “Pink Floyd”, “Radiohead”, “Deep purple” зэрэг 1970-2000-аад оны рок хамтлагуудыг сонсдог, урлагийн талаар төсөөлж ярих дуртай нэгэн байв. Энэ нь Маралжингоогийн ярих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварыг сайжруулж, дуучин болоход ихээхэн нөлөө үзүүлжээ.

12 настайдаа "Nature Sound” дууны дугуйланд суралцаж эхэлснээр түүний урлагийн эхлэл тавигдсан гэж хэлж болно. Учир нь тухайн дамжаанд суралцаж байх үед найруулагч Г.Цоггэрэл түүнд жүжгийн дуу дуулахыг санал болгож, мөн дуучин Д.Болд өөрийн “B” продакшндаа орох хүсэлт тавьжээ. Тухайн үед Маралжингоо дуучин Д.Болдын дууны арын дуучнаар ажилладаг байсан ба 16 настайдаа продакшнд нь элссэн юм. Ингээд Номин талст хамтлагийн А.Хаянхярваа /Хаянаа/, дуучин К.Номинжин нартай хамтран 14 насандаа “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг дуулснаар олонд танигдаж эхэлжээ.




Анхны цомог, анхны тоглолт

Тэрээр “B” продакшнд орсноос хойш хоёр жилийн дараа буюу 18 настайдаа “Миний ертөнцийн зүүд” гэх анхны цомгоо гаргасан билээ. Уг цомгийн продюсероор “B” продакшны захирал, дуучин Д.Болд ажилласан байна. Цомгийн зарим дууг Шоо (Опозит), Эгшиглэн зэрэг уран бүтээлчид хамтран дуулжээ. “Хүлээсэн учрал”, “17 нас”, “Миний ертөнцийн зүүд”, “Би нисэж явна” зэрэг нийт 10 дуу энэ цомогт багтсан ба тэр үедээ 7,000 төгрөгөөр борлуулагдаж байв.

Харин анхны бие даасан тоглолтоо 2017 онд “Хүлээсэн учрал” гэх нэртэй хийж байлаа. Тоглолтод Lumino, A Sound болон Чойжоо, Хишигдалай, Зоригт зэрэг дуучид уран бүтээлээ толилуулжээ.


Нууц авьяас

Чадалтай хоолойтой уран бүтээлч гэдгээр нь монголчууд түүнийг сайн мэддэг. Гэтэл тэрээр дуулахаас гадна бүжиглэх, жүжиглэх, тайзны урлагт ч авьяастай нэгэн гэдгээ “Яг түүн шиг”, “Ододтой бүжиглэе” шоунд оролцсоноор батлан харуулсан билээ. Маралжингоо поп, ритмт блюз төрлийн дуучин хэдий ч “Яг түүн шиг” нэвтрүүлгийн үеэр өөрт таарсан бүхий л дүрээ чадварлагаар бүтээснийг үзэгч та санаж байгаа биз ээ. Жишээ нь, МУАЖ А.Нэргүйн “Алсын газрын зэрэглээ” уртын дуу. Поп төрлийн дуучин уртын дууг дуулна гэдэг амаргүй даваа хэдий ч Маралжингоо түүнийг тун чадварлагаар даваад гарсан нь үзэгчдийн сайшаалыг хүртэж байсан юм.


Хамтдаа 

Та Маралжингоогийн ямар дууг сайн мэдэх вэ?

Тэрээр карьерынхаа туршид “Хүлээсэн Учрал”, “17 нас”, “Жаргаах зүрхэн”, “Миний ертөнцийн зүүд”, “Хамтдаа”, “Бүсгүйн дуу”, “Тэнгисийн эрэг дээрх 24/7”, “Өөр өөрийн зүгт”, “Огторгуйд замрахаас өмнө” гэх мэтчилэн олон дууг ганцаарчилсан болон хамтарсан хэлбэрээр олонд хүргэсэн байдаг. Эдгээрээс ютүб хуудаст хамгийн өндөр хандалттай нь “Хамтдаа” дуу юм. Эл дууг Татар хамтлагтай хамтран дуулсан бөгөөд одоогоор 26 сая үзэлтийг аваад байна.


“Lucid Dream” тоглолтын тухай 

Маралжингоо 2017 болон 2021 онд бие даасан тоглолтоо хийж байсан. Энэ удаагийн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ори Студиос” ХХК, хамтран зохион байгуулагчаар Mongol HD телевиз ажиллаж байна.


Хэзээ, хаана, хэдэн цагт  

Тоглолт энэ сарын 18-нд 19:00-22:00 цагийн хооронд болох ба Ори Студиос-д зохион байгуулагдах юм. Ори Студиос нь 4,000 хүртэл хүн хүлээн авах хүчин чадалтай, дуу авиа, гэрэлтүүлгийн стандартын өндөр түвшний орчинтой ба үзэгчдийг тав тухтай орчинд тоглолтоо үзэх боломжоор ханган ажиллах юм.

Маршрут

Сүхбаатарын талбайгаас Ори Студиос хүртэл 21 км зайтай. Баянзүрх дүүргийн "Ургах Наран" хороололд байрлах тус студи руу хотын төвөөс нийт дөрвөн чиглэлээр хүрч очих боломжтой. Түгжрэлийн эсрэг чиглэлд тул ирж очиход ямар нэгэн саадгүй байх болно.

Тасалбарын үнэ

Тоглолтын энгийн тасалбар 119,000₮-өөр худалдаалагдаж байна. Мөн найз нөхөдтэйгөө хамт үзэхдээ гурван найзын тасалбар аваад илүү хэмнэлттэйгээр үзэх боломжтой бөгөөд үнэ нь 285,600₮.

Тоглолтын тасалбарыг ЭНД дарж аваарай.