Сүүлийн үед цахим сүлжээ бараг тэр чигтээ нэгээс хоёрхон минутын урттай “савангийн дуурь”-иудаар дүүрч буй гэхэд хилсдэхгүй. Бидний өдөр тутам хэрэглэдэг Facebook, TikTok, YouTube-ийг “эзлэн түрэмгийлж аху” тус шинэ төрлийн драма өнгөрсөн жилд л гэхэд дотоодынхоо буюу Хятадын зах зээлд нийт долоон тэрбум долларын ашиг олсон бол энэ онд Instagram хүртэл өөрийн “Party of Two” нэрт “бичил драма”-г бүтээгээд амжсан билээ.
Түүнчлэн, таван жилийн өмнө уг драмын төрөл энтертайнмент салбарт ор сураггүй байсан бол одоогоос ахиад таван жилийн дараа буюу 2030 он гэхэд хэдийн жилд 26 тэрбум долларын ашиг орлоготой томоохон зах зээл болоод зогсохгүй, та бидний цуврал киноны ойлголтыг ч цоо шинээр бичих нөхцөл бүрэлдээд байна. The Economist сэтгүүлийн тодорхойлсноор эл “Америкийг эзлэх Хятадын хамгийн сүүлийн үеийн экспорт” хэмээгдэж буй микродрама гэгч юу вэ?
“Хормын драм”-ын эхлэл ба тэсрэл
Микродрама буюу 1-3 минут үргэлжлэх уг цувралын төрөл анх цар тахлын үед Хятадад богино видео платформуудын алгоритмд зориулагдан туршилтаар гарч байжээ. Гэтэл түүнээс хойш ердөө дөрвөн жилийн дотор салбарынхаа хамгийн ашигтай талбар болон хөгжиж чадсан аж.
Variety сэтгүүлийн мэдээлж буйгаар Хятадын микродрамын экосистем нь нийт 830 сая гаруй үзэгчтэй, дотоодынхоо хамгийн том энтертайнмент (mainstream) нэгэнт болжээ. Түүгээр ч зогсохгүй тэдгээр үзэгчдийн бараг 60 хувь нь энэ төрлийн контентыг худалдан авч үздэг гэнэ. Мөн Хятад дахь уг салбарын гол тоглогчид болох Red Fruit (ByteDance), WeChat Video Accounts (Tencent), Xi Fan (Kuaishou) зэрэг компани тус бүр урт форматтай видео платформуудаасаа тусдаа, төлбөрийн экосистемтэй тусгай аппыг хөгжүүлснийг ч дурдууштай.
The New York Times-ийн нийтлэлд, Hollywood-ийн энэ салбар дахь Quibi нэрт студийн бүтэлгүйтлийн дараа “богино форматтай кино” бүтээх нь Америкт боломжгүй гэгдэх болсон бол Хятадын уг шинэ модель яг эсрэгээр нь буюу тун богино хугацаанд өндөр эрэлттэй, бага төсөв бүхий үйлдвэрлэлээр амжилтад хүрсэн хэмээжээ. Учир нь ганц улиралд л гэхэд 20-30 цуврал “үйлдвэрлэх” чадвартай студиүд байгуулагдаж, хэдэн зуун продакшн компани богино хэлбэрийн угсралтын машин (assembly line) болж хувирсан нь микродрамыг дотоодынхоо зах зээлд эргэлт буцалтгүй байр сууриа олоход нь нөлөөлжээ. Үүний зэрэгцээ ReelShort зэрэг аппууд энэ төрлийн богино цувралуудаа гар утсаараа үзэхэд тухтай байхаар босоо форматаар бичихийн зэрэгцээ тун хорхой хүргэм төгсгөл (cliffhanger)-үүдтэй хослуулан бүтээж чадсанаараа үзэгчдийн анхаарлыг алдалгүй удаан барих нөхцөлийг бүрдүүлснийг ч орхиж болохгүй.
Америк ба дэлхийн зах зээл
Микродрама Хятадад бэхэжсэн даруйдаа л хилийн дээс давав. Variety сэтгүүлийн мэдээлж буйгаар 2024 оноос хойш ReelShort дангаараа АНУ-д хамгийн их таталттай аппын жагсаалтыг тэргүүлж, сарын 100 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болсон байна. Энэ утгаараа АНУ Хятадаас гаднах хамгийн өндөр ашигтай зах зээлээр тодорч, 2024 онд энэ салбарын орлого 819 сая долларт хүрсэн бол энэ тоо 2030 он гэхэд 3.8 тэрбум доллар хүртэл өсөх таамаг гарчээ. АНУ-ын үзэгчдийн үндсэн сегмент нь 30-60 насны, хотын, өндөр орлоготой эмэгтэйчүүд бөгөөд тэд хайр дурлал, том компанийн захирлын гол дүртэй (“CEO-story”), өшөө авалтаар хөтлөгдөх драмуудыг (“binge”) түлхүү үзэх хандлагатай байгаа гэнэ.

Тус улсын зах зээлд DramaBox болон ReelShort гэх хоёр платформ ноёрхож буй. Media Partners Asia-гийн мэдээлснээр DramaBox 2024 онд 323 сая долларын орлого, 10 сая долларын цэвэр ашигтай ажиллажээ. Тэдний бизнес загвар нь захиалгат (subscription), анги тус бүрээр нь салгаж үзэх (episodic unlock) болон дундуураа зар сурталчилгааг хослуулсан үйлчилгээтэй. Харин ReelShort 2024 онд ойролцоогоор 400 сая долларын орлоготой, цар хүрээгээ улам тэлж буй ч өндөр сурталчилгааны зардлаас үүдэн алдагдалтай ажилласан хэвээр байгаа юм. Учир нь зар сурталчилгааны зардал уг салбарын хамгийн том сорилт хэвээр буй бөгөөд Meta, Instagram, TikTok болон олон улсын бусад зар сурталчилгааны сүлжээнд нийт 50 сая долларын хөрөнгө зарцуулдаг гэх тооцоолол бий.
Түүнчлэн, дэлхийн олон улс орон өөрсдийн микродрамын экосистемээ хөгжүүлж эхлээд байна. Тухайлбал, БНСУ-ын Vigloo босоо форматад К-драмын олон жил хуримтлуулсан өгүүлэмжийн арга барилаа нутагшуулахаар зорьж байгаа бол Япон Хятадын араас орох, Ази Номхон далайн бүсийн хамгийн том зах зээл болж, 2030 он гэхэд 1.2 тэрбум долларын орлого олох таамаг бий.
Цаашид юу болох бол?
Хиймэл оюун микродрамын талбарт маш хурдтай нэвтэрч байна. Хятадад аль хэдийн хиймэл оюуныг хувийн тохиргоотой санал болгох үйлчилгээ, жанрын тест хийх, салаалсан өгүүлэмж (branching storylines) турших зэрэгт ашиглаж эхэлжээ. Одоогоор хиймэл оюун дэлхийн хэмжээнд голчлон дуу оруулгад ашиглагдаж байгаа ч цаашид контент үйлдвэрлэх зардлыг огцом бууруулах чиглэлд гүйцэтгэх үүрэг нь эрс нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.
Гэвч салбарын өмнө тулгараад буй гол асуулт нь энэ төрлийн драма удаан хугацаанд тогтож чадах уу, эсвэл түр зуурын шилжилтийн формат болон үлдэх үү гэдэгт оршиж байгаа юм. 2030 он гэхэд дэлхийн зах зээлд 26 тэрбум долларын орлоготой болохоор таамаглагдаж буй тус салбарын гол тоглогчид цар хүрээгээ тэлэхээр тэрбум тэрбумын хөрөнгө оруулж, TikTok, Google зэрэг технологийн компаниуд Future Is Vertical зэрэг салбарын арга хэмжээнд оролцож буй нь тус форматыг туршилтын түвшнээс нэгэнт гарсныг харуулж буй.
Гэхдээ ирээдүйд ямар бизнесийн загвар тэсэж үлдэх, Хятад, АНУ-аас өөр ямар зах зээлүүд экосистемээ бүрэн гүйцэд хөгжүүлж чадах хийгээд алгоритм, датанд суурилсан тус масс үйлдвэрлэлтэй уламжлалт контент зэрэгцэн орших боломжтой юу гэдэг асуулт бидний өмнө гарч ирнэ. Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичих

