Ирээдүйд их бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани биш, бага хаягдал үүсгэдэг компани илүү ашигтай ажиллана гэвэл итгэх үү? Байгальд огт хор хөнөөл үзүүлдэггүй үйлдвэрлэл, үйл ажиллагаа гэж үгүй тул компаниуд анхнаасаа тогтвортой, хаягдал багатай байхад анхаарч эхэлжээ.
Учир нь Монгол Улсын Засгийн газраас Хог хаягдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, "бохирдуулагч төлөх" зарчим болон Үйлдвэрлэгчийн Өргөтгөсөн Хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Ийнхүү хуульд нэмэлт өөрчлөлт орсноор компаниуд хаягдлаа эргүүлэн татах, эсвэл нэмэлт татвар хураамж төлөх үүрэг хүлээх юм. Ингэснээр анхнаасаа дахин боловсруулахад хялбар шийдэл нэвтрүүлсэн, хаягдал багатай компаниуд шинээр гарч ирэх хууль, татварын дарамтыг ажралгүй давж, илүү урт хугацаанд тогтвортой оршин тогтнох боломж бүрдэнэ гэсэн үг. Тиймдээ ч өдгөө тойрог эдийн засгийн шийдлүүд нь бизнесийн өрсөлдөх чадварыг тодорхойлох шинэ хүчин зүйл болон хувираад буй.
Ингээд уржигдархан үйлдвэрлэгч болон бодлого боловсруулагчид тойрог эдийн засгийн тухай тойролдон ярилцсаныг Unread-ийн редакц тоймлон хүргэе.


нээлт

"Өнөөдөр манай улсын хэмжээнд 3,155 га газрыг хамарсан 360 орчим хогийн цэг бүртгэлтэй байна. Бид нийт хог хаягдлынхаа 90 гаруй хувийг ил задгай газарт булж устгасаар байгаа нь хөрс, агаар, усыг асар ихээр бохирдуулж, цаашлаад иргэдийн маань эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгаа.
Энэ нөхцөлд бид хэд хэдэн чухал шийдлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай. Юун түрүүнд, дахин боловсруулах салбараа бодлогоор дэмжин, хог хаягдлын үйлчилгээний тарифын зохицуулалт хийж, хог тээвэрлэгч компаниудад чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй байна. Ингэж чадвал улсын төсвөөс их хэмжээний татаасыг жил бүр булшлахад зарцуулахгүйгээр хогийг эдийн засгийн эргэлтэд оруулж, төсөвт ирэх дарамтыг бууруулах боломж бий.
Хууль эрх зүйн орчны хувьд авч үзвэл, Монгол Улсад Хог хаягдлын тухай хууль 2017 онд шинэчлэн батлагдсан, үүнд ҮӨХ тодорхой хэмжээнд туссан ч бодит байдал дээр хангалттай үр дүнтэй хэрэгжихгүй байгааг дээрх статистик тоо баримтууд ч харуулж байгаа. Тиймд 2025 онд УИХ-аас тусгай ажлын хэсэг байгуулагдан, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажилласан. Бид энэ хүрээнд 13 чиглэл бүхий тогтоолын төслийг боловсруулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар саяхан амжилттай батлууллаа."
Тасарсан гинжийг гагнах нь
Монголд дахин боловсруулах 40 гаруй үйлдвэр байдаг ч ангилан ялгалт, түүхий эдийн дутагдлаас болж ихэнхдээ зогсонги байдалд байгаа билээ. Учир нь хэрэглэгчдийн хаясан хогийг чанар, стандартын дагуу ангилан ялгаж, үйлдвэрүүдэд хүргэх логистикийн нэгдсэн систем байхгүй. Дээр нь бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж ашиг олж буй үйлдвэрлэгчид тэрхүү хаягдлыг буцаан татах хуулийн хариуцлага байхгүй.
Тэгвэл Хог хаягдлын тухай хуульд орох гэж буй ҮӨХ (Үйлдвэрлэгчийн Өргөтгөсөн Хариуцлага) болон "Бохирдуулагч нь төлөх" зарчим нь энэхүү тасархай гинжийг холбох гагнуур нь гэж хэлж болно. Энэ зарчим хэрэгжсэнээр:

1. Түүхий эдийн нийлүүлэлт эдийн засгийн эзэнтэй болно
Энэ нэмэлт өөрчлөлт орсноор үйлдвэрлэгч бараагаа борлуулаад дуусдаг биш, тэрхүү савлагааг буцаан цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт хүргэх шатны зардлыг бүрэн хариуцах үүрэгтэй болно. Хуулийн энэ шаардлагыг биелүүлэхийн тулд үйлдвэрлэгчид нэгдэж хог хаягдлыг цуглуулах, ангилах дэд бүтцийг өөрсдөө санхүүжүүлж эхлэх юм.
2. Үйлдвэрлэгчийн хяналт ба байгальд ээлтэй савлагааны өрсөлдөөн
"Бохирдуулагч нь төлөх" зарчмын дагуу тухайн сав баглаа боодол дахин боловсруулахад хэр төвөгтэй байна, төдий чинээ өндөр татвар төлнө. Олон төрлийн хуванцар хольсон, салгахад хэцүү шошготой савлагаа нь үйлдвэрлэгчийн хувьд өндөр алдагдал дагуулах учраас компаниуд зардлаа хэмнэхийн тулд анхнаасаа ангилан ялгахад илүү хялбар, нэг төрлийн орцтой, эко савлагаа руу шилжих шаардлагатай болох юм.

"Монголын хог хаягдлын менежментийн системд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол хогийг ангилан ялгаж цуглуулах дэд бүтэц, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжсэн хууль эрх зүйн орчин.
Бид түүхий эдээ ялгаж, боловсруулан үрэл болгодог ба үүнийгээ Монголдоо шууд хуванцар савны бэлдэц болгон цутгадгийг хүмүүс хэдийн мэдэх байх. Үүгээр MCS Coca-Cola компани 100% дахин боловсруулсан PET усны сав үйлдвэрлэдэг.
Гэхдээ дахин боловсруулах үйлдвэрүүдэд тулгардаг түгээмэл бэрхшээлүүдийн нэг нь түүхий эд ангилж цуглуулах систем. Ялангуяа ангилан ялгах соёл тогтоогүй улс орнуудад энэ нь бүр хэрэглэгчийн ойлголт, дадлыг өөрчлөхөөс эхэлдэг. Энэхүү өөрчлөлт хуульд орж хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэгчид дахин боловсруулахад хялбар савлагааны материалыг сонгож, эко дизайн руу шилжих юм. Улмаар бидний түүхий эдийн чанар сайжирч, гарц нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа."
Бизнесүүд өөрчлөлтөд бэлэн үү?
Зах зээлийн энэ шилжилтэд дотоодын компаниуд хэдийн бэлдэж, шаардлагатай зүйлсийг хэрэгжүүлээд эхэлжээ:
- М-Си-Эс Кока-Кола: 100% дахин боловсруулсан хуванцар савлагаа
- Эм Жи Эл Акуа: Дахин боловсруулахад хялбар шошгогүй савлагаа
- АПУ: Шилэн лонхыг эргүүлэн татаж, угааж ашиглах систем

"Манай компани энэ оны нэгдүгээр сараас эхлэн ямар ч шошгогүй цэвэр усыг зах зээлд ханган нийлүүлж байгаа юм. Компани маань цэвэр усны зах зээлд 2001 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Дахин боловсруулахад шошгын цавуу нь хүртэл хүндрэл учруулдаг. Тиймээс бид хэрэглэгчдэд илүү хямд үнээр, хог хаягдал багатай сонголтыг санал болгохоор энэ төрлийн усны судалгааг өнгөрсөн оноос хойш хийсэн юм. 2023 оноос хойш Монголд хог хаягдлын судалгаа, тоон мэдээлэл маш бага савыг нь дахин боловсруулж байгаа ч шошгыг нь яах тухай эсвэл хэдийн хэмжээнд ялгардаг тухай судалгаа огт байхгүйг олж мэдсэн л дээ.
Хэрэглэгчид маш энгийн хэрэглээг эрхэмлэдэг, байгаль орчиндоо ээлтэй амьдрах хүсэл сонирхолтой болчихсон энэ үед тойрог эдийн засгийг бүхий л оролцогч талууд ойлгох нь чухал байна. Тэгж ойлгохын тулд бидэнд суурь судалгаа, систем, эрх зүйн орчин чухал. Бидний хувьд хог хаягдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ судалгааны орчин бий болно гэж харж байгаа. Ингэснээр хуванцраа бид яагаад дахин боловсруулах хэрэгтэй, тойрог эдийн засагт нэгдэх нь яагаад чухал юм, цаашлаад үйлдвэрлэгч, хэрэглэгч яг юу хийх ёстой юм гэдэг ойлголтууд нь тодорхой болох болов уу."

Бодлогын панел хэлэлцүүлэг
Монгол Улсын Хог хаягдлын тухай хуульд Үйлдвэрлэгчийн Өргөтгөсөн Хариуцлага /ҮӨХ/ болон "бохирдуулагч төлөх" зарчим туссан байдаг ч өнөөг хүртэл бүрэн хэрэгжиж чадахгүй хэвээр. Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлэг нь ҮӨХ хэрэгтэй эсэх талаар хэлэлцэх бус, шинэчлэгдэж буй хуулийн хүрээнд түүнийг яг хэрхэн, ямар механизмаар хэрэгжүүлэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулсан юм.
Бодлогын хэлэлцүүлэгт талууд дараах гол асуудлуудыг хөндөн ярилцлаа:
1. Хуулийн цоорхой ба төрийн зохицуулалт
ҮӨХ-г хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь хууль эрх зүйн орчин. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин эргэлтэд орох боломжгүй сав баглаа боодолд тавих зохицуулалт болон Үйлдвэрлэгчдийн хариуцлагын байгууллага (PRO)-ын эрх зүйн статус, хяналтын тогтолцоог хэрхэн тодорхойлох талаар тайлбарлав.

2. Бизнесийн тэгш орчин ба үйлдвэрлэгчдийн болгоомжлол
Хууль хэрэгжихэд бизнесийн орчинд үүсэх эрсдэлийг хувийн хэвшлийн төлөөлөл хөндсөн нь М-Си-Эс Кока-Кола ХХК. Үйлдвэрлэгчдийн зүгээс ҮӨХ тогтолцоог дэмжихэд бэлэн байгааг илэрхийлсэн ч, хэрэв дотоодын үйлдвэрлэгчдээс гадна импортлогчдыг ижил нөхцөлөөр хуульд хамруулахгүй бол бизнесийн тэгш бус байдал, шударга бус өрсөлдөөн үүсэх эрсдэлтэйг онцгойлон анхааруулав.
3. Судалгаа болон олон улсын туршлага
Монгол Улсад ҮӨХ-ийн тогтолцоог төлөвлөхөд тоон мэдээлэл, судалгаа дутмаг байгааг МУИС-ийн Дэд профессор Т.Энхдөл дурдаад, компаниуд ҮӨХ-ийн хуулиас зугтаж огт зохицуулалтгүй өөр төрлийн сав баглаа боодол руу шилжихээс сэргийлсэн давхар механизмуудыг хуульд тусгах хэрэгтэйг сануулав.

"Европ, АНУ, Канад зэрэг улс орнуудад дахин боловсруулах боломжгүй бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахыг хязгаарласан зохицуулалтууд байдаг. Жишээлбэл, Европт зах зээлд гарч буй ямар ч шинэ автомашин анхнаасаа 95% дахин боловсруулагдах боломжтой байх ёстой гэдгийг хуулиар заасан байдаг.
Эдгээр системийг Монгол шиг оронд нэвтрүүлэхэд газар зүйн өвөрмөц сорилтууд бий. Монгол өргөн уудам нутагтай учраас хувь хүн болон компаниуд хогоо булах, шатаах аргаар хог хаягдалтай тэмцдэг. Мөн Монгол Улсад бусад оронд хаяхын тулд өндөр төлбөр төлөх ёстой олон жил ашиглагдсан хуучин автомашинууд гэхэд маш хямд үнээр орж ирдэг. Энэ нь цаанаа өөр улсын зардал гаргаж шийдэх ёстой асуудлыг Монголчууд мөнгө төлж худалдаж авч байгаа гэсэн үг юм.
Тиймээс хог хаягдалтай тэмцэхийн тулд байгаль орчны бодлого маш чухал. Гэхдээ хууль, бодлого бүхэн зөвхөн цаасан дээр үлдэх ёсгүй ба түүнийг хэрэгжүүлэх хяналт шаардлагатай. Засгийн газар хөрсийг бохирдуулахаас сэргийлж, компаниуд дүрмээ дагаж байгаа эсэхийг шалгах дундын хянагч тал байх нь зүй. Үүнийг Европын улс орнуудад environmental police буюу байгаль орчны цагдаа гэж нэрлэдэг.
Бүтээгдэхүүн импортолдог компаниуд сар бүр савлагааныхаа талаар дэлгэрэнгүй тайлагнаж, үүсгэж буй хог хаягдалдаа үндэслэн түүнийг эцсийн хэрэглэгчээс эргүүлэн зохистой зохицуулахад шаардлагатай үйлчилгээний хураамжийг төлдөг зарчмыг мөрдөх ёстой гэсэн үг."

мэргэжлийн зөвлөл үүсгэн байгуулагдав
Хууль эрх зүйн шинэчлэлийг зөвхөн төр хийх бус, хувийн хэвшил өөрсдөө нэгдэж нэг дуугаар бодлогын саналаа хүргүүлэх шаардлагатайг энэхүү хэлэлцүүлэг баталсан юм. Улмаар салбартаа манлайлагч нийт 9 компани:
- М-Си-Эс Кока-Кола
- АПУ
- Монос Фүүдс
- Эм Жи Эл Акуа
- Увс Хүнс
- Алтанжолоо Трейд
- Ти Эм Эл Пластик
- Эс И Эс Эл Смарт Солюшн
- Мултипак нэгдэж "Тогтвортой Сав Баглаа Боодлын Зөвлөл"-ийг үүсгэн байгуулах тунхаглалд гарын үсэг зурлаа. Энэхүү зөвлөл нь цаашид ҮӨХ тогтолцооны боломжит хувилбаруудыг судалж, оролцогчдын байр суурийг нэгтгэн, төрд бодлогын зөвлөмж боловсруулж өгөх үндсэн платформ болж ажиллах юм.


"Бизнесийн байгууллага тойрог эдийн засагт нэгдэлгүй хойш суувал нэгдүгээрт хөрөнгө оруулалт босгож чадахаа болино хоёрдугаарт үйл ажиллагааны тасралтгүй байдал, тогтвортой байдал доголдох эрсдэлтэй. Учир нь ямар ч бизнес байгаль орчинд нөлөөлөхгүй байна гэж байхгүй шүү дээ. Нөгөөтээгүүр санхүүжилт талаас бизнес хэдий чинээ их өртөгтэй байна төдий чинээ бизнесийн өрсөлдөх чадвар буурч, хөрөнгө оруулалт татахад бэрх болдог. Мөн нийт хэрэглэгчдийн 78% нь өнөөдөр тогтвортой бүтээгдэхүүн, хариуцлагатай үйлдвэрлэл, үйлчилгээг илүүтэй чухалчилж байна.
Хог хаягдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монголын ААН-үүд ч тэр бэлэн байгаа гэж харж байна. Манай ААН-үүдийн бараг 90 гаруй хувьд жижиг ААН-үүд байгаа шүү дээ. Тэгэхлээр жижиг байхын давуу тал нь маневр сайтай, шинэ зүйлсэд дасан зохицохдоо сайн. Тиймээс ЖДҮ нар хог хаягдлын менежмент чиглэлд маш санаачилгатай хамтарч ажиллах нь ойлгомжтой. Дээрээс нь ЖДҮ томоохон компаниудын ханган нийлүүлэгчээр ажилладаг учраас зөвхөн өөрийнхөө дотоод үйл ажиллагаанаас гадна ханган нийлүүлэлтийн сүлжээнд шаардлага тавих боломжтой. Тиймээс компанийн жижиг том гэлтгүй том компанийнхаа манлайлал доор жижиг дунд ханган нийлүүлэгчид хүртэл тогтолцоонд хувь нэмрээ оруулж байгаа юм."


Сэтгэгдэл бичих

