Улсын Их Хурлын цахим хуудсанд хуулийн төсөл, санал хураалтын үр дүн, чуулганы материал нээлттэй байдаг. Гэвч ихэнх хүмүүст тэдгээр нь хүртээмжгүй байх нь бий. Хэдийгээр иргэд улс орныхоо хууль журамд оролцоотой байхыг хүсдэг ч энэ цаг үед хуудас хуудас файл уншиж, учир зүйг нь олоод өөрийн саналаа хэлнэ гэдэг бодит байдалтай нийцэхгүй болоод байна.
Энэ асуудлыг шийдэхээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Unread Media компани хамтран "Нээлттэй парламент" хакатоныг зохион байгуулсан юм. Тус хакатонд нээлттэй бүртгэлээр 32 баг хүсэлтээ ирүүлж, 10 нь хөгжүүлэлтийн шатанд шалгарав.
Шалгарсан багууд таван менторын дэмжлэгтэйгээр 24 цагийн хугацаанд төслийнхөө туршилтын хувилбарыг бүтээсэн юм. Энэ үеэр тус багуудтай Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх, референт, хуулийн зөвлөх, дизайнер, технологийн бизнес эрхлэгчээс бүрдсэн менторыг баг мэдлэг туршлагаа хуваалцан ажилласан билээ.


Нэгдүгээр байр. "Хуралдай" - "Хуулийн дагалдах актыг хянах AI туслах"
УИХ хууль батлахдаа Засгийн газар, яам, агентлагуудад холбогдох журам, дүрэм, аргчлалыг батлах үүрэг өгдөг. Хууль хүчин төгөлдөр болсон ч дагалдах акт нь гараагүй бол хуулийн хэрэгжилт цаасан дээр л үлддэг гэсэн үг.
"Хуралдай" багийн хөгжүүлсэн систем хуулийн эх бичвэрийг зүйл, заалтаар задлан, дагалдах акт батлах үүрэг бүрийг хариуцах байгууллага, актын төрөл, хугацаатай нь ялгаж авдаг байна. Дараа нь Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд нийтлэгдсэн журам, тушаалтай тулгаж, үүрэг бүр биелсэн, хүлээгдэж буй, эсвэл хугацаа хэтэрсэн эсэхийг тодорхойлно.

Хоёрдугаар байр. "Сод тод гялалзана" - "Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан AI туслах"
Иргэн бүр хуулийн төсөлтэй танилцаж, саналаа өгөх эрхтэй. Энэ эрхээ эдлэхийн тулд юун түрүүнд төслөө унших боломжтой байх ёстой.
Иймд тус баг харааны бэрхшээлтэй иргэн компьютерийн гарын “дээш, доош” товчоороо удирдаж, дуу хоолойгоор санал өгөх системийг бүтээв. Үүний тулд хуулийн төслийг дотоодын хиймэл оюунаар хураангуйлж, сонсоход ойлгомжтой хэлбэрт оруулсан бөгөөд цаашид ч дохионы хэл нэмэх боломжтой гэсэн юм.

Гуравдугаар байр. "ZeroOne" - "Парламентын нээлттэй өгөгдөлд суурилсан AI туслах"
Парламентын мэдээлэл олон эх сурвалжид тарж байрладаг. ZeroOne тэдгээрийг нэг эх сурвалжид нэгтгэв. Хэрэглэгч өөрийн мэдээллээ оруулснаар аливаа хуулиас өөрт нь хамааралтай заалтуудыг харуулахаас гадна ямар гишүүдийн ирц, идэвх, томилолт, хэлсэн үг тэр байтугай хэн гэдэг гишүүд өөр хоорондоо ижил санал өгдөг болохыг харуулна.

Бусад шийдэл
Шилдэг гурван багаас бусад багууд шинэ хуулийн төсөл өргөн барихад холбогдох заалт, ишлэлийг гараар хайдаг ажлыг хөнгөвчлөх мэдлэгийн сан, хууль батлагдсаны дараах хэрэгжилтийн үнэлгээг автоматжуулах систем, ямар ч хуулийн төслийг 30 секундэд тайлбарлах чатбот зэрэг бүтээлүүд хөгжүүлжээ.



Парламентын нээлттэй, хүртээмжтэй байдлыг дэмжин ажиллаж буй Азийн Сангийн хамт олондоо баярлалаа.
Сэтгэгдэл бичих

