Дэлхий дахинд тогтвортой хөгжлийн асуудал зөвхөн уур амьсгалын өөрчлөлтөөр хязгаарлагдалгүй бизнесийн загвар, хэрэглэгчийн хандлага, хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг бүхэлд нь тодорхойлдог болжээ. БОНЗ-ын үнэлгээ гэдэг нь байгууллагын ашигт ажиллагаанаас гадна байгаль орчинд хэрхэн нөлөөлж буй, ажилчид болон нийгмийн өмнө ямар хариуцлага хүлээж буй, удирдлагын тогтолцоо нь хэр зэрэг ил тод, шударга эсэхийг хэмждэг олон улсын шалгуур юм. Энэ үнэлгээ нь бизнесийн ирээдүйн чадавх, хөрөнгө оруулалтын найдвартай байдал, хэрэглэгчийн итгэлийн үндэс болж буй. 

Өмнө долоо хоногийн мягмар гарагт зохион байгуулагдсан БОНЗ-ын үнэлгээний цахим платформын нээлтийн үйл ажиллагаа нь Монгол Улсад тогтвортой хөгжил, ногоон шилжилтийн шинэ хуудсыг нээсэн үйл явдал болж өнгөрлөө. 

Төслийн тухай товч

Европын Холбооны СВИЧ-Эйшиа хөтөлбөрийн 2.2 сая долларын санхүүжилттэй, дөрвөн жилийн хугацаатай “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж буй. Төслийн гол зорилго нь хүнс, ус, ундааны салбарын бичил, жижиг, дунд бизнесүүд болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг тойрог эдийн засгийн талаарх мэдлэг, мэдээллээр хангахын зэрэгцээ зах зээлд суурилсан эко тэмдэг, ногоон баталгаажуулалтын тогтолцоог нутагшуулах явдал. Энэ ажлын нэг чухал хэсэг нь үнэлгээний систем боловсруулах бөгөөд олон жилийн судалгаа, шинжилгээний дүнд боловсруулсан уг цахим платформыг ийнхүү олон нийтэд танилцуулж байгаа аж.


Төсөлд оролцогч талуудын өнцөг

1. ESGpedia компанийн БОНЗ-ын бизнес хөгжлийн менежер - Клео Тан

Энэхүү платформыг энгийн үгээр бол нэг цэгийн цахим үнэлгээний дата платформ гэж товчхон ойлгож болно. Хүлэмжийн хийн тооцооллоос эхлээд тогтвортой хөгжлийн тайлан гаргах, тогтвортой хөгжлийн зорилт, биелэлтээ харж үнэлэхэд зориулсан хяналтын самбар зэрэг бүхнийг багтаасан иж бүрэн систем. Уг платформыг Монголын нөхцөлд тохируулан дөрвөн жилий турш бэлдсэн гэдгээрээ онцлог.

Анх манай систем зөвхөн Зүүн Өмнөд Азийн эсвэл Ази, Номхон далайн бүсийн улсуудад ашиглагдаж байсан бол одоо Монгол Улсад нутагшиж буй явдал бол бидний хувьд түүхэн алхам болж байна гэж харж байна.

2. Монголын Тогтвортой Санхүүгийн Холбооны (TоС) төслийн ахлах менежер - Б.Халиун

Эдийн засгийн ногоон шилжилт төслийн хүрээнд TоС холбоо нь бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн тогтвортой ногоон үйлдвэрлэл, үйл ажиллагааг дэмжих зорилгоор стандарт, үнэлгээ, бодлогын орчныг сайжруулж үүнийгээ цахим платформд нэвтрүүлэн ажиллаж байна.

Ингэснээр аж ахуй нэгжүүдийн ногоон шилжилтийн бэлэн байдлыг хангах манай холбооны гол зорилгын нэг буюу Монгол Улсад тогтвортой санхүүжилтийн экосистемийг бүрдүүлэх тал дээр нь орж ажилласан хэрэг.

3. Пипл ин Нийд ОУТББ-ын төслийн менежер - Н.Энхцацрал 

2022 онд эхэлсэн уг төслийг Пипл ин Нийд ОУТББ, ТоС Холбоо, Хөгжлийн Шийдэл ТББ, Каритас Чех Репаблик ОУТББ зэрэг дөрвөн байгууллага хамтран хэрэгжүүлж байна.

Манай төслийн хувьд олон талын оролцогчдыг нэг ойлголт, итгэлцэл дээр авч ирж чадсан нь бидний хувьд том амжилт. Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг сургах, аудиторуудыг бэлтгэх, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, мөн эцэст нь олон нийтэд эдгээр ойлголтуудыг таниулах гээд энэ бүгд бараг үндэсний хэмжээний кампанит ажил болсон гэхэд хилсдэхгүй.