Бид өдөр бүр дэлгүүрээс талх, сүү, ус, ундаагаа сонгохдоо өөртөө болон хайртай хүмүүстээ хамгийн эрүүл, баталгаатайг нь сонгохыг хичээдэг билээ. Гэхдээ үйлдвэрлэлийн шат дамжлага нь тодорхой, найдвартай гэдгийг батлах гэрчилгээ, тэмдэглэгээ Монгол Улсад байгаа эсэх, дээрээс нь шошго тэмдэглэгээ байсан ч үнэхээр итгэж болох эсэх гээд эргэлзээ олон. Харин 2022 оноос хойш Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл худалдан авагчдад анх удаа “баталгаатай, ногоон, хариуцлагатай” бүтээгдэхүүнийг ялгаж таних бизнесийн орчноос гадна, хэрэглэгчийн орчныг бий болголоо. 


Төслийн тухай товч

Төсөл хэрэгжсэн дөрвөн жилийн хугацаанд Пипл ин Нийд ОУ-ын ТББ, Хөгжлийн Шийдэл ТББ, ТоС холбоо болон Каритас Чех Репаблик хамтран БОНЗ-ын үнэлгээг манай улсын зах зээлд анх удаа албан ёсоор нэвтрүүлснээр үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлдвэрлэл ямар түвшинд тогтвортой байгааг олон улсын шалгууртай уялдуулан үнэлэх цоо шинэ системийг бий болгожээ.

Уг үйл явдалтай холбоотойгоор “Хүнсний салбарын тогтвортой, ногоон шилжилт” арга хэмжээ энэ долоо хоногийн есний өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээ болон хөндлөнгийн баталгаажуулалтад хамрагдсан 22 аж ахуйн нэгжүүдийн үр дүн танилцуулагдаж, бизнесүүдийн тогтвортой, ногоон шилжилтийг дэмжих бодлогын орчин, санхүүжилтийн боломжийн тухай илтгэл, панел хэлэлцүүлэг өрнөсөн юм. Бидний хувьд тус арга хэмжээний үеэр төслийг хэрэгжүүлэгч тал, оролцогч талуудтай ярилцаж, БОНЗ-ын үнэлгээ, ногоон гэрчилгээний талаар ойлголттой болж авсныг ийнхүү тоймлож байна.

Пипл ин Нийд ОУТББ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгч - Тришиа Төрболд

Пипл ин Нийд ОУТББ-ын төслийн менежер - Н.Энхцацрал

Төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа ногоон гэрчилгээ, БОНЗ-ын үнэлгээ авсан 22 байгууллагад гэрчилгээг нь гардуулан өгөх үйл ажиллагаа болж байна. Эдгээр байгууллагууд хүнс, ус, ундааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг жижиг, дунд бизнесүүд бөгөөд Монгол Улсад БОНЗ-ын гэрчилгээ авсан анхдагч байгууллагууд гэдгээрээ онцлог юм.

БОНЗ-ын гэрчилгээ нь байгууллагуудын дотоодын зах зээл төдийгүй олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, засаглалын хувьд хариуцлагатай, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж буйг нотлон харуулдаг. Энэ нь хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэхээс гадна бизнесийн нэр хүнд, зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Өнгөрсөн хугацаанд манай Пипл ин Нийд ОУ-ын ТББ болон хамтрагч байгууллагууд БОНЗ-ын үндэсний стандартыг боловсруулахын зэрэгцээ түүнийг хэрхэн нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, үнэлэх, хүлээн зөвшөөрөх цогц системийг бий болгосон. Иймээс энэхүү стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд хөндлөнгийн баталгаажуулалтаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц байгууллага болсон гэдгээ баталж байна.

Сонгогдсон эдгээр ААН-үүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь зөвхөн гэрчилгээ олгохоор хязгаарлагдахгүй. Бид холбогдох санхүүгийн боломж, урамшууллын тогтолцоог орон даяар бүрдүүлэх ажлыг давхар хийж байна. Жишээлбэл, манай хамтрагч ТоС холбоо Монгол Улсын таван банк болон банк бус санхүүгийн байгууллагуудтай хамтран зээлийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгож, ногоон шилжилт хийж буй компаниудад бодит дэмжлэг үзүүлэх алжлыг эхлүүлээд байна.
“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл өнгөрсөн дөрвөн жилийн турш хэрэгжүүлсэн ажлынхаа үр шимийг бодитоор харж, Монгол Улсад анхны БОНЗ-ын сертификат авсан 22 компанид гэрчилгээг нь албан ёсоор гардуулах гэж буйдаа бид туйлын баяртай байна.

тос Холбоо tбб-ын гүйцэтгэх захирал - Э. Ананд

Эдийн засгийн ногоон шилжилт төслийн хүрээнд TоС холбоо нь бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн тогтвортой ногоон үйлдвэрлэл, үйл ажиллагааг дэмжих зорилгоор стандарт, үнэлгээ, бодлогын орчныг сайжруулж үүнийгээ цахим платформд нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

Ингэснээр аж ахуй нэгжүүдийн ногоон шилжилтийн бэлэн байдлыг хангах манай холбооны гол зорилгын нэг буюу Монгол Улсад тогтвортой санхүүжилтийн экосистемийг бүрдүүлэх тал дээр нь орж ажилласан хэрэг.

Төслийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү санаачилга нь Монгол Улсад эко болон тогтвортой шошготой бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, цаашид тэдгээрийг бодлогоор дэмжих, тогтвортой, ногоон санхүүгийн хэрэгслүүдтэй холбоход холбогдох дэмжих орчныг бүрдүүлэх чухал эхлэл боллоо. Төслийн үйл ажиллагаанд амжилттай оролцож, салбарын тогтвортой, ногоон хөгжлийг түүчээлэн манлайлаж буй бүх аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье.

Ранчо компани

Бид 2006 оноос хойш цэвэр усны үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн бөгөөд “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн анхны үйл ажиллагаануудаас л тогтмол хамрагдаж ирсэн. Манай гол бүтээгдэхүүн болох iEco цэвэр ус нь Сэлэнгэ аймгийн ай савын гүний уснаас бүрддэг бөгөөд таван шатлалтай шүүлтүүрийн системээр шүүж, хэрэглэгчдэд хүрдэг. Байгалийн цэвэр усны эх үүсвэрийг хэрэглэгчдэд хамгийн хариуцлагатай байдлаар хүргэх гэсэн зорилго биднийг уг төсөлд нэгдэхэд хүргэсэн юм. Энэ зорилгын хүрээнд бид эхлээд ISO 9001 стандартыг нэвтрүүлж, дараа нь HACCP хүнсний аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэн, улмаар БОНЗ-ын үнэлгээнд хамрагдах гээд шат дараатайгаар үйлдвэрлэл, байгууллагынхаа үйл ажиллагааг олон улсын шаардлагад нийцүүлэхээр тасралтгүй ажиллаж ирсэн билээ.

Төслийн зүгээс явуулсан аудит, сургалт, зөвлөх үйлчилгээнүүд нь бидэнд бараг л “вакуумжуулсан” буюу маш нарийн, бодит мэдлэг олгосон сургалт мэт өгөөжтэй байсныг дурдмаар байна. Тухайлбал, бид хог хаягдлаа ангилан хаядаг ч албан ёсны бүртгэл, менежменттэй байгаагүйгээ тухайн үед л ойлгосон. Мөн цэвэр усны үйлдвэр учраас хортой хаягдал байхгүй гэх таамгаар байгальд ээлтэй гэж өөрсдийгөө тодорхойлдог байсан ч бодит баримт, нотолгоо гаргаж ирж, баталж чадахгүй байсан л даа. Төслийн даалгавар, зөвлөмжүүдийн ачаар энэ бүхнийг системтэй ойлгож, хэрэгжүүлж чадсан.

Эцэст нь бид компанийн урт удаан хугацаанд тогтвортой орших үндэс нь их хэмжээний үйлдвэрлэл, ашиг олоход бус, харин нөөцөө ухаалгаар ашиглаж, хэрэглэгчдэд бодит үнэ цэн бий болгоход оршдог гэдгийг ойлгож авсан юм. Энэ ойлголт, өөрчлөлт бүрд “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл, Ранчо компанийн бүх ажилтнуудын хичээл зүтгэл, төслийн зөвлөх байгууллага болон хоёр аудиторын байгууллагын тууштай дэмжлэг асар их нөлөө үзүүлсэн.

гэрчилгээ гардсан авсан компаниуд