Технологи, тэр дундаа хиймэл оюуны хөгжил сар, жилээр байтугай цаг, минутаар урагшилж буй энэ цагт бид хэрхэн хөл нийлүүлэн алхаж, хаана ч үнэ цэнээ хадгалах ур чадварыг хөгжүүлэх вэ? Чухам энэ асуултад хөтлөгдөн “Дэлхийд үнэлэгдэх 10,000 инженерийг бэлтгэнэ” уриан дор үйл ажиллагаагаа эрхлээд найм дахь жилээ үдэж буй Pinecone академи өдгөө 1200 гаруй төгсөгчидтэй болжээ. 

Софтвэйр инженерчлэлийн чиглэлээр олон залуусын зорих цэг болсон эл академи уржигдархан анхны Big Tech сургалтаа зохион байгуулсан. Дэлхийд тэргүүлэгч технологийн гигантуудын төлөөлөл болсон мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг, туршлагыг хуваалцах тус цуврал арга хэмжээ нь Pinecone академийн шинэхэн хөтөлбөрийн ердөө нэг хэсэг нь. Энэ удаагийн нийтлэлээр тэдний олон талт үйл ажиллагаа, хөтөлбөрийн шинэчлэлтэй танилцацгаая. 

PINECONE АКАДЕМИЙН ТУХАЙ

Найман жилийн хугацаанд Pinecone академийг төгссөн олон сурагчид өдгөө CallPro, Timely, Mbook гэхчлэн хэрэглэгчийн туршлага, технологийн дэвшилтэт шийдлээр түүчээлэгч үндэсний компаниудад ажиллаж буй. Өдгөө тэд дэлхийн тавцанд гарах Монгол оюуныг дэмжихээр энэ жилээс Big Tech Career сургалт тэргүүтэй олон арга хэмжээ, хиймэл оюунд суурилсан хөтөлбөрийг сургалтын агуулгадаа тусгажээ. Үүний зэрэгцээ олон улсын их сургуулийн бэлтгэл, хэлний мэдлэгийг дээшлүүлэх клубийн үйл ажиллагаа ч идэвхтэй явагдаж байна.

Хөтөлбөр бүр найман сар үргэлжлэх ба сурагчид эхний зургаан сард ерөнхий мэдлэгийн сургалтуудад хамрагдаж, үлдсэн хоёр сард өөрсдөдөө болон эргэн тойрондоо тулгарч буй асуудлыг технологиор шийдэх дадлагад гарах юм. Тэгвэл дадлагын сурагчдад тусгайлан зориулсан Big Tech Career сургалт гэж юу вэ?


Зургийг: Pinecone.mn

АНХНЫ BIG TECH Career Сургалт

Ирээдүйд нээлттэй боломжуудыг таньж мэдэж, тэдгээрийг атгагч Монгол мэргэжилтнүүдийн ажил, карьерийн замналаас хуваалцахын сацуу хэрэгжүүлж буй төсөл дээрээ зөвлөгөө, дэмжлэг авах хүртэл боломжийг олгох эл цуврал сургалтын анхны зочноор Meta компанийн Софтвэйр инженер Ц.Цэнгүүн хүрэлцэн ирсэн юм.


Тэрээр Meta Wearables-ийн AI Integration багт Софтвэйр инженер ба Meta, Google, TikTok зэрэг компаниудын ярилцлагад бэлдэн тэнцсэн, багийн гишүүнээр нь ажилласан арвин туршлагаа хуваалцлаа. Мөн томоохон корпораци, стартапууд дахь ажиллах соёлын ялгаа, дизайн болон инженерчлэлийн холбоо, сургууль сонголт, мэргэжлийн онцлог гэхчлэн олон сонирхолтой сэдвийг давхар хөндсөнийг дурдууштай. Big tech хөтөлбөрт систем дизайн, карьерийн төлөвлөгөө, PineQuest төслийн тэмцээн зэрэг цөм багтаж буй. Мөн зочин багш нар долоо хоног бүр көүчинг хийж, баг бүртэй танилцах аж. Нэг ёсондоо мэргэжилтнүүдийн яриаг нь сонсоод өнгөрөх бус ойроос харилцах, хамтран ажиллах боломжийг эл сургалтаас олж авах нь.

Ц.Цэнгүүн: Хиймэл оюуны эринд бэлтгэгдэх нь

Ц.Цэнгүүн, Meta компанийн Софтвэйр инженер

Софтвэйр инженерчлэл, хиймэл оюуныг ийм олон сурагч сонирхон судалж, тэр ч байтугай өөрсдийн хэрэгжүүлсэн төслөө чадварлагаар танилцуулахыг харах сайхан байлаа. Pinecone академи ч технологид сонирхол нэгт сурагчид цугларах, зөвхөн онолын мэдлэгээр зогсохгүй ажлын байранд хэргээ гаргах чухал ур чадваруудаа хөгжүүлэх талбар болж байна гэж харж байна.

Би багшлах дуртай. Хүүхдүүд шинэ зүйл сураад урамшихыг харах, ирээдүйд нь багахан ч болов хувь нэмэр оруулж буйгаа мэдрэх их урам өгдөг. Иймдээ ч дэлхийн томоохон технологийн компаниудад хуримтлуулсан туршлагаа харамгүй хуваалцахыг хүссэн. Яриа, хэлэлцүүлгийнхээ үеэр олон сэдвийг хөндсөн ч юу юуны түрүүнд ямар нэг ажлыг хялбар арга замаар "болгож," товчлох гэлгүй тууштай хөдөлмөрлөхийн чухлыг онцлохыг хичээлээ.

Дэлхий даяараа хиймэл оюуны хурдацтай хөгжил хүн төрөлхтний хөдөлмөрийн бүтээмжийг хол давж, ажлын байруудыг "булааж" авах вий гэж сэрэмжилж буй нь нуух зүйл биш. Гэвч энэ хөгжлийг аюул занал бус өсөн дэвжих боломж, сорилт гэж хүлээж аваарай гэж уриалах байна. Компаниуд ч ажилд авахаа болих гэхээс илүүтэй шалгуураа л чангатгана гэсэн үг. Мөн хиймэл оюун маш их ажлыг хөнгөвчилж байгаатай зэрэгцэн хүмүүс бид илүү үр дүнтэй харилцах, хэлэлцүүлэг өрнүүлэх, судалгаа боловсруулах шаардлагатай учраад байна гэж хардаг. Зах зээл ч энэ чадваруудыг өндрөөр үнэлж байна.

Б.Билгүүндөл: Шинэхэн хөтөлбөр, онцлог

Б.Билгүүндөл, Сургалт хариуцсан захирал

Софтвэйр инженер байхын давуу тал нь хиймэл оюуныг зөвхөн веб хуудас, аппаар дамжуулж бус энэ технологийн ажиллах зарчмыг нь ойлгон өөрсдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн агент үүсгэж, илүү үр дүнтэйгээр ашиглах явдал. Иймд бид энэ жил хиймэл оюуныг илүү өргөн хүрээнд, системтэйгээр судалж, сурагчдад санаагаа бодит болгох, карьераа төлөвлөх боломжийг эртнээс олгохоор үйл ажиллагаагаа олон янзаар төрөлжүүлж байна. Жишээ нь Big Tech Career сургалтын хүрээнд энэ удаа Меta компанийн төлөөлөл ирсэн бол дараа нь Google, Amazon гэхчлэн компанийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана. Ихэвчлэн Монгол мэргэжилтнүүдийг урьж авчрах ч соёл, харах өнцгийн ялгааг ойроос таниулах зорилгоор гадаад мэргэжилтнүүдтэй ч холбоо тогтоогоод байна.


Зургийг: Pinecone.mn

Манай академийн бас нэг онцлог нь багш нарын бүрэлдэхүүн. Анги бүрд Мастер багш болон чиглүүлэгч багш нар хамтарч хичээл ордог. Мөн тэдний зарим нь эндээ суралцсан төгсөгч нар учир сурагч нартайгаа илүү ойлголцож, тулж ажиллаж чаддаг. Хичээл дээр заадаг технологио ажил дээрээ ч тогтмол ашигладаг учир үргэлж нэг зураглалтай байдаг.

Э.Бат-Ирээдүй: Таатай сурах орчин, зорилго нэгт хамт олон

Э.Бат-Ирээдүй, Софтвэйр инженерийн хөтөлбөрийн төгсөгч

Өнөөдрийн сургалтаас хийсэн ажлаа тайлагнах, багийн нээлттэй гишүүн байхын чухлыг сайтар ойлгож авсан. Мөн дэлхийн томоохон компаниудад ажиллахын тулд карьераа хэрхэн загварчлах, шаардлагатай алхмуудад бэлтгэлтэй байх тухай олон хэрэгтэй мэдээллийг сонслоо. Цааш цаашдын сургалтууд ч харж байгаагүй өнцгүүдийг нээж, шинэ санаа өгөх зөвлөгөө, туршлагаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.

Би анх МУИС-д компьютерийн сүлжээгээр суралцах хугацаандаа Pinecone-ийн хөтөлбөрт элссэн. Хэдийгээр мэргэжлээр нь суралцдаг салбарынхаа ангид орсон ч багш нарын заах арга барил, суралцах орчин, хүрээллээс эхлээд цоо шинэ мэдрэмж, туршлага авч, хэсэг гайхширснаа санадаг. “Яг миний байх газар юм байна” гэдгийг мэдсэн гэх үү дээ. Хөтөлбөр үргэлжлэх найман сарын турш 20 орчим сурагчтай нэг анги болж явсан. Эхэндээ түрүүлж дуугарахаас эмээх, биеэ барих тохиолдол бишгүй байсан ч багш нар маань асуулт асуух айдсыг эвдэж өгсөн учир төд удалгүй өөрсдийгөө нээж, чөлөөтэй харилцах болсон. Тэд маань багш гэхээс илүүтэй, зүгээр л надаас арай илүү мэдлэг, туршлагатай хамтрагч минь юм шиг байдаг. Үүний тусламжтай ердөө найман сарын хугацаанд ажлын талбарт хэрэг болох олон ур чадварт суралцсандаа баяртай байна.

Өглөөний хичээл дууссан ч өдөржин академи дээрээ бие дааж ажиллах, төрөл бүрийн арга хэмжээ, клубэд хамрагдах боломжтой нь таалагддаг. Мөн зургаан сарын хичээлийн дараах дадлагын хугацааг дурдмаар байна. Бид дадлагын ажлаараа өөрсдөдөө эсвэл эргэн тойронд тулгарч буй асуудлуудад технологид суурилсан шийдэл боловсруулдаг. Жишээ нь манай баг гээсэн юмаа түргэн шуурхай олж авахад туслах “Lost and Found” веб хуудас дээр ажилласан. Энэ мэтээр сурсан зүйлсээ бодитоор хэрэгжүүлэх боломжоор тасардаггүй нь хөтөлбөрийн онцлох хэсэг.

Уншигч та ч Pinecone академид нэгдэхийг хүсвэл AI Powered Software Engineer Bootcamp хөтөлбөрийн хаврын элсэлтийг сонирхоорой. Дэлгэрэнгүй:

Хөтөлбөрт бүртгүүлэх

Фэйсбүүк хуудас

Веб хуудас

Холбогдох дугаар: 72700800