Яруу найраг. Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн эртний урлагийн нэг. Нэг хүнээс гарч нөгөө хүний зүрх сэтгэлийг хөдөлгөгч үгийн урлаг. Хэлний дархлаа, сэтгэлгээний цар хүрээ, мэдрэмжийн илэрхийлэл, эргэцүүлэл, соёл, нийгэм гээд хүмүүний амьдралыг бүтээгч ба эс бүтээгч бүхий л зүйлд яруу найраг онцгой байр суурьтай. Гэхдээ яруу найраг гэж чухам юу вэ?
Энэ асуултад хариулт олох амаргүй, эл нийтлэлээрээ хариултыг нь олохыг ч зорьсонгүй. Харин хүмүүний сэтгэлийг хөдөлгөгч, хөшүүн зүрхийг уяраагч яруу найргийн орон орны төрөл, хэв загварыг танилцуулахыг зорилоо. Урлагийн төрөл бүрд янз бүрийн хэлбэр, загвар (хөгжимд симфони, уран зурагт этюд гм.) байдгийн адил яруу найргийн өөр өөр төрлүүдтэй танилцах нь таныг тухайн улс, ард түмний хэл, сэтгэлгээ, тус урлагт, басхүү амьдралд он цагийн уртад хандаж ирсэн өнцгийг нь тольдоход хөтөлж магадгүй. Гэхдээ урлагийг, яруу найргийг ямар ч хэлбэр, хэмжээ, хязгаар, дүрэм, журамд барих боломжгүй гэдгийг санууштай. Яг л бидний сэтгэл зүрхийг хэн ч хорьж цагдаж чадахгүйн адил.
Уншигч танд Дэлхийн яруу найргийн өдрийн мэнд хүргэе.
Өрнө дахин
1. Сонет (Итали)
Өрнийн яруу найрагт хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг бол мэдээж сонет билээ. Гэхдээ сонет, ер нь шүлэг, яруу найргийн тухай ярихын тулд эхлээд арай өөр зүйлийн тухай ярих хэрэг гарна.
Та нэгхэн хором нийтлэлээ уншихаа зогсоон, амьсгалдаа төвлөрөөд үзээрэй. Яг л бясалгал хийж буй мэт амьсгаа авч буй болон гаргаж буйгаа анзаараарай. Тэгэхдээ гүнзгий ч юм уу, эсвэл хэвийнээсээ илүү богино амьсгал авахгүй байхыг хичээн, зүгээр л өдөр тутам хэрхэн амьсгалдаг, тэр л янзаараа амьсгалаа ажиглана уу. Амьсгалаас амьсгалын хооронд тодорхой зай байгааг, мөнхүү тэр зай хэр урт болохыг та хэдийн анзаарсан биз ээ. Тэрхүү нэг амьсгалаас нөгөө амьсгалын хоорондох завсар болон нэг амьсгал авах, гаргах үйл бол бидний амьдралын хэмнэл буюу ритм юм. Хүн төрөлхтөн бид хэмнэлд дуртай бодгалиуд. Дуу, хөгжмийн хэмнэлд бүжиглэх, эсвэл толгойгоо дохих, тэр ч байтугай долоо хоног тутмын ажил, амьдралын давтамж ба хэмнэлд бид их бага хэмжээгээр татагдах төлөвтэй байдаг. Үүнтэй л адил яруу найрагт хэмнэл ба давтамж нэн чухал байр суурийг эзэлнэ. Тэгэхдээ үгийн өргөлт, үеийн тоо, сүүл, толгой холболт зэргийг хэрэглэнэ.
Хамгийн анх Италийн Сицилийн аралд XIII зууны орчим үүссэн гэгддэг сонет нь дээрх зарчмыг дагадаг 14 мөрт шүлгийн хэлбэр юм. Уламжлалт итали сонет нь мөрийн хэмнэл, үе, сүүл холболтын давтамжаар нь 4, 4 мөр ба 3, 3 мөр гэсэн бүтэцтэй байдаг. Түүнчлэн нэг мөрт арваас илүүгүй үе байх дүрэмтэй. Италийн сонетын хамгийн нөлөө бүхий төлөөлөгчид Франческа Петрарка, Данте Алигьери, Гуидо Кавалканти нар бөгөөд тэдний дэг сургуулийн сонет өдгөө ч яруу найрагчдын дунд хэрэглэгдсээр буй. Жишээ болгон алдарт найрагч Ф.Петраркагийн нэгдүгээр сонетыг доор өөрийн орчуулгаар хүргэе. Тус сонет нь АББА АББА ВГД ВГД хэмээх хэмнэлийн зохиомжтой.
Тарамдсан хэдэн мөртүүдээс минь та
Тарчиг сэтгэлээ зогоон сүүрс алдахыг минь сонсоно
Танхил залуугийн минь гэм зэм, алдаа оноо
Танихгүй, харь нэгэн явсан үеийг минь олж мэднэЯнз янзын л зүйлд уйлж бас шаналж
Ямар ч утгагүй найдлага, өвдөлтөд идүүлж
Ялгаагүй над шиг хайрлаж бас дурлаж үзсэн нэгэн л
Яллалгүй намайг ойлгож бас уучилна гэж итгэнэОдоо би бүгдийг тов тодхон харж сууна
Одоо л би өнө удаан өөдгүй ховын бай болж явснаа
Ойлгохуйяа өөрөөсөө ичиж, учиргүй зовж суунаЭнэ л ичгүүр миний хоосролын үр
Энэлэн гэмших надад нэгийг бодогдуулна
Энэ хорвоод шунах гэдэг хоромхон зуурын зүүд ажФранческо Петрарка
Улмаар сонет шүлэг өрнө дахинд түгэн дэлгэрч, Англи сонетын эхлэлийг нэрт найрагч У.Шекспир тавьсан юм. Түүний сонетуудын бичлэгийн онцлог нь үе, сүүл холболтын давтамжаараа 6, 6 мөр ба 2 мөр хэмээн задардаг. Тэрхүү сүүлийн хоёр мөрөнд тухайн сонетын гол санааг багцлах, эсвэл тэс өөр утга санааг ч гаргах нь бий. Сонет өрнийн хамгийн түгээмэл яруу найргийн хэлбэр болохын хэрээр Франц, Португал, Испани гээд өрнийн улс бүр өөр өөрсдийн сонетын хэлбэр, онцлогийг хөгжүүлсэн байдаг. Доор У.Шекспирын 130-р сонетыг Английн жүжигчин А.Рикманы (бид Харри Поттер цувралын профессор Снейпын дүрээр сайн танина) уншсанаар орууллаа.
Италийн яруу найргийн хэлбэрүүдээс мөн дурдахгүй өнгөрч болохгүй нэгэн төрөл байдаг нь Мадригал. Сэргэн мандалтын үеэс эхэн үеийн Барокко үед үүссэн нэгэн зүйл дууны төрлийг Мадригал гэдэг бөгөөд хөгжмийн зэмсэгтэй болон зэмсэггүй тоглогддог байжээ. Энэ төрлийг магадгүй уншигч та Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” бүтээлээр илүү мэдэх биз ээ.
2. Баатарлаг туульс, Элеги (Грек)
Өрнийн яруу найргийн тухай ярианд Грекийг дурдахгүй байхын аргагүй. Англи хэлний “Poetry” (яруу найраг) хэмээх үг өөрөө эртний грек хэлний үйл үг болох “ποίησις” (poiesis) буюу бүтээх хэмээх үгээс гаралтай.
Эртний Грекийн домог туульс, эмгэнэлт жүжиг, яруу найргийг хүн бүхэн мэдэх болов уу. Тэдгээрээс хамгийн алдартай шүлэглэсэн, яруу найргийн бүтээлүүдийн нэг нь 12000 мөр бүхий Одиссейн туульс юм. Уг бүтээл нь НТӨ VIII зуунд буюу грек цагаан толгой үүсэхээс өмнө зохиогдсон тул уншихад бус сонсоход, уншигчдад бус сонсогчдод зориулагдсан онцлогтой гэж хэлж болно. Tус баатарлаг туульсыг Хомер хэмээх нэгэн сохор эр зохиосон гэдэг ч түүнийг домог эсвэл бодит түүхэн хүн байсан талаар баттай баримт үгүй. Хомерын тухай хамгийн эртний түүхэн баримтууд түүнээс хойш хэдэн зууны дараа буюу НТӨ 750 оны үеэс л бичигдсэн байдаг. Иймд уг бүтээл нь өнөөдрийн төрхтөө хүрэх хүртлээ олон арваас, магад олон зуун зохиолчийн нэмэлт хасалтаар баяжсаар хэдэн зууныг давсан түүхтэй.
Хомерын Одиссей нь яруу найргийн гайхалтай бүтээл, туульсын сонгодог төлөөллийн зэрэгцээ хойшдын урлагийн олон бүтээлийн суурь, эш үндэс болсон. Түүний хамгийн алдартай хоёр жишээ гэвэл Английн нэрт зохиолч Жэймс Жойсын “Үлисс” роман болон Японы нэрт кино найруулагч Хаяао Мияазакигийн “Spirited away” (гол дүрийн охин Чихирогийн эцэг эх нь гахай болж хувирдаг) бүтээлийг нэрлэж болно.
Эртний Грект олон яруу найргийн төрөл төрсний хамгийн алдартайд тооцогдох нь Элеги. “Ελεγείᾱ” (elegeíā) буюу халаглал хэмээх утгатай грек үгнээс гаралтай тус шүлгийн төрөл нь хоёр болон дөрвөн мөртөөр хэмнэлээ давтаж бичигддэг онцлогтой. Уг төрлөөр өдгөө ч нэн орчин үеийн яруу найрагч нар бүтээлээ туурвидаг бөгөөд сонгодог хөгжимд ч мөн элеги хэмээх хөгжмийн хэлбэр байдаг байна.
Манай зохиолчдоос Ардын уран зохиолч Д.Урианхай гуай “Өнчин хүүхэд шиг миний эх оронд…” хэмээх элеги бичсэн байдаг.
3. Баллад (Англи)
Баллад бол Англи хэлт яруу найргийн хамгийн эртний хэлбэрүүдийн нэг. Эртний Грекийн туульсын адил балладыг хүмүүс нэг нэгэндээ цээжээр уншиж дамжуулдаг, газар орны сонин хачныг түгээх замаар цээжлэхэд амар хэмнэл, аялгуутай байсан гэдэг. Харин хамгийн анхны цаасан дээр буусан баллад XV зуунд л төрсөн аж.
Баллад хэмээх үг балет хэмээх үгтэй нэг язгуур гаралтай хамаатан нь юм. Эл хоёр үг хоёулаа латин хэлний “ballare” буюу бүжиглэх хэмээх үгнээс гаралтай. Сонирхуулахад, хөгжимд (бүх төрөл, жанрын) мөн баллад хэмээх нэр томьёог ашигладаг бөгөөд сонгодог хөгжимд Ф.Шопены балладууд төгөлдөр хуурын гайхамшигтай бүтээлүүдэд тооцогддог.
Баллад нь ихэвчлэн АБВБ гэсэн хэмнэлтэй, дөрвөн мөр шүлэг байдаг ч ямар ч янзаар бичихэд чөлөөтэй. Уламжлалт баллад дөрвөн мөр бүрийнхээ араас дууны дахилт адил давтамж мөртэй гэдгээрээ онцлогтой. Мөн бусад бүхий л яруу найргийн төрлүүдийн адил үгийн өргөлт болон өргөлтгүй үе балладад нэн чухал үүрэгтэй билээ. Тэгэхдээ нэг мөрт 3-4 өргөлттэй эсвэл өргөлтгүй үе байдаг онцлогтой. Жишээ болгон Английн нэрт жүжгийн зохиолч, яруу найрагч Оскар Уайльдын балладын эхний 6 мөрийг (The Ballad of Reading Gaol) өөрийн орчуулгын хамт доор орууллаа.
He did not wear his scarlet coat, (А)
For blood and wine are red, (Б)
And blood and wine were on his hands (В)
When they found him with the dead (Б)
The poor dead woman whom he loved, (Б)
And murdered in her bed. (Б)Тэр улаан хүрмээ өмсөөгүй байв
Тэр чигтээ цус, дарс болчихсон байв
Цус дарс хоёр харин түүний гарт
Хүмүүс ирэхэд тэр өөрөө хүүртэй хамт
Түүний хайрлаж явсан хөөрхий бүсгүй
Түрүүлүүгээ харан орондоо алуулчихсан байвОскар Уайльд
Английн яруу найргийн мөн нэгэн онцлууштай хэлбэр бол лимерик. Лимерик шүлгийн гарал үүсэл тун бүдэг бадаг ч XVIII зууны Ирланд цэргүүдийн “Will You Come Up to Limerick?” (Лимерик хэмээх Ирландын хотыг нэрийдэж буй) дуунаас үүсэлтэй хэмээн үздэг. Энэ яруу найргийн төрөл нь 5 мөртэй бөгөөд түлхүү хошин, ёж утгатай байдаг. Англи хэлний хамгийн анхны лимерик шүлгийн түүвэр 1820 онд хэвлэгдсэн гэдэг бөгөөд тэрхүү түүврийн шүлгүүдийг зураач Эдвард Лир хэмээгч нэгэн зохиосон түүхтэй. Улмаар тэрбээр 1846 онд өөрийн зурагт ном болох “Book of Nonsense” бүтээлдээ өөрийн олон янзын лимерик шүлгүүдээ оруулсан нь түүнийг түүхэнд үлдээсэн ажээ.
Тэр нэгэн өвгөн
Хаалгаа хаасан л гэж бодсон юм
Гэвч хүглэгэр том хархнууд
Гэрт нь хүрэм, малгайг нь идэж гарсан юм
Хөөрхий ядуу өвгөнийг дуг хийх завсар.Эдвард Лир
Английн яруу найрагт мөн “Blank verse” хэмээх төрөл байдаг бөгөөд дээр дурдсан үгийн өргөлт болон эс өргөлтөд тулгуурладаггүй, сүүл толгой холбодоггүй (rhyme) гэдгээрээ онцлогтой. Энэ төрлөөр бүхий л үеийн найрагчид туурвиж ирсэн бөгөөд У.Шекспир энэ төрлийн голлох уран бүтээлчдийн нэг билээ.
My lord?
A grave.
He shall not live.
Enough.Жон хаан 3.3 У.Шекспир
4. Вилланель (Франц)
Вилланель шүлгийн хэлбэр нь Францад үүссэн шүлгийн төрөл бөгөөд малчин, жирийн ардын амьдралаас үүдэлтэй хэмээдэг. Анхандаа ямар ч яруу найргийн хэлбэр, төрөл зүйл болох сэдэлгүй үүссэн бөгөөд “баллад маягийн” ард түмний шүлэг, дуу байхаар буюу аман зохиол байхаар үүссэн байна. Вилланель (villanelle) хэмээх үг нь Итали хэлний villano буюу энгийн ард гэсэн үгнээс үүдэлтэй. Эл шүлгийн хэлбэр нь тун сонирхолтой. Тодруулбал, таван 3 мөрт болон төгсгөлийн 4 мөрт буюу нийтдээ 19 мөр байх зохиомжтой. Тэгэхдээ хамгийн эхний мөр дахилт мөр болох бөгөөд түүнийгээ эхний 3 мөрийн төгсгөлд мөн давтана. Түүнээс хойш бүх 3 мөртийн төгсгөлийн мөр шүлгийн хамгийн эхний мөрөө давтах бөгөөд эцсийн 4 мөртийн сүүлийн хоёр мөр мөн дахилт байна. Илүү тодорхой тайлбарлавал:
Дахилт мөр (A1)
Хоёрдугаар мөр (b)
Дахилт мөр (A2)Дөрөвдүгээр мөр (a)
Тавдугаар мөр (b)
Дахилт мөр (A1)Долоодугаар мөр (a)
Наймдугаар мөр (b)
Дахилт мөр (A2)Аравдугаар мөр (a)
Арваннэгдүгээр мөр (b)
Дахилт мөр (A1)Арвангуравдугаар мөр (a)
Арвандөрөвдүгээр мөр (b)
Дахилт мөр (A2)Арванзургаадугаар мөр (a)
Арвандолоодугаар мөр (b)
Дахилт мөр (A1)
Дахилт мөр (A2)дахилт мөрийн А1, А2 тэмдэглэгээгээр хоорондоо бага зэрэг ялгаатай байхыг заав
Гэхдээ мөн заавал дээрх хэлбэрийг хатуу дагах шаардлагагүй гэдгийг онцлууштай. Вилланель шүлгийн жишээ болгон Америкийн яруу найрагч Элизабет Бишопын “Ганцхан урлаг” (One Art) шүлгийг өөрийн орчуулгын хамт хүргэе.
One Art
The art of losing isn’t hard to master;
so many things seem filled with the intent
to be lost that their loss is no disaster.Lose something every day. Accept the fluster
of lost door keys, the hour badly spent.
The art of losing isn’t hard to master.Then practice losing farther, losing faster:
places, and names, and where it was you meant
to travel. None of these will bring disaster.I lost my mother’s watch. And look! my last, or
next-to-last, of three loved houses went.
The art of losing isn’t hard to master.I lost two cities, lovely ones. And, vaster,
some realms I owned, two rivers, a continent.
I miss them, but it wasn’t a disaster.—Even losing you (the joking voice, a gesture
I love) I shan’t have lied. It’s evident
the art of losing’s not too hard to master
though it may look like (Write it!) like disaster.
Нэг урлаг
Алдаж сурах тийм ч хэцүү урлаг биш
Амьдралаас чинь алга болох юмс бишгүй олон
Алдчихлаа гээд дэлхий лав хөмөрчихгүйӨдөр бүр алд, алга хийсэн түлхүүртээ палхийж,
Өөдтэйхөн үрээгүй цаг мөчдөө бүү харамс
Алдаж сурах тийм ч хэцүү урлаг бишТэгээд дараа нь улам бүр, бүр түргэн алдаж сур
Газар орон, нэр ус, аялахыг хүссэн газраа ч тэр
Тэглээ гээд дэлхий лав хөмөрчихгүйБи ээжийнхээ цагыг алдсан, тэгээд болоогүй
Хамгийн хайртай сүүлчийн гурван гэрээ алдсан
Алдаж сурах тийм ч хэцүү урлаг бишБи хоёр сайхан хотоо алдсан, бас
Минийх байсан нутаг, хоёр гол, нэг тивээ алдсан
Би тэднийг саналаа гээд дэлхий хөмөрчхөөгүй л байнаБүр чамайг алдах ч гэсэн (наргисан хоолойн өнгө,
миний дуртай биеийн хэлэмж) Би худлаа яриагүй, үнэн гэвэл
Алдаж сурах тийм ч хэцүү урлаг биш ээ
Гэхдээ (Бичээч!) дэлхий хөмөрчихсөн мэт санагдахыг үгүйсгэхгүй.
Францийн яруу найргийн мөн нэгэн чухал хэлбэр бол сестина (sestina-зургаат шүлэг хэмээх утгатай бөгөөд итали хэлний sesto үгээс гаралтай) юм. Энэ төрөл нь тус бүр 6 мөртэй 6 бадаг ба төгсгөлийн гурван мөртэй, нийтдээ 39 мөр шүлгийн хэлбэр. Тус хэлбэрийг XII зууны яруу найрагч Арнаут Даниэль хэмээгч анхлан зохисон гэдэг бөгөөд яруу найрагч Данте Алигьери болон Ф.Петрарка нар түүнийг яруу найргийн их мастер хэмээн бишрэн магтсан байдаг.
Орчин үеийн Францийн яруу найргийн онцлох хэлбэр бол яахын аргагүй “Vers libre” буюу чөлөөт мөртүүд. 1886 онд Францийн яруу найрагч Густав Каны эрхлэн гаргаж эхлүүлсэн долоо хоног тутмын “La Vogue” сонин тус төрлийг улам дэлгэрүүлж олон нийтэд таниулсан гэдэг. Эл төрлийн хамгийн гол онцлог нь ямар ч дүрэм журамд баригдалгүй, яруу найрагч өөрийн хүссэн хэлбэр янзаар бичдэгт оршино. Тиймээс зүгээр энгийн яриа, өдөр тутмын үг хэллэг, найруулгаар ч бичиж болох билээ.
Ognuno sta solo sul cuor della terra,
trafitto da un raggio di sole:
ed è subito sera.
Хүн бүр л энэ хорвоод ганцаар шив
Нарны туяа нэвт сүлбэнэ:
Ингээд л орой болчихно.1959 оны Нобелийн шагналт Италийн нэрт яруу найрагч Салваторе Куасимодогийн дээрх төрлөөр бичсэн шүлгийг орчуулав
Мөн сонирхуулахад орчин үеийн яруу найрагт үргэлжилсэн үгийн яруу найраг (prose poetry) гэх хэлбэр байдаг бөгөөд ямар ч мөр, шадын тусгаарлалтгүй, яг л өгүүллэг, роман адил үргэлжилсэн үгийн байдлаар бичигддэг онцлогтой. Гэхдээ энэ төрөлд ч мөн уламжлалт яруу найргийн давтамж, хэмнэл, үгийн өргөлт зэргийг ашигладаг. Энэхүү аргыг мөн илтгэлд ашиглах нь түгээмэл бөгөөд энэ төрлийн хамгийн алдартай жишээгээр Мартин Лютер Кингийн Би мөрөөдөж байна (I have a dream) илтгэлийг нэрлэж болох юм.
Дорно дахин
5. Хайкү (Япон)
Хайкү бол Дорно дахины яруу найргийн магад хамгийн алдартай төрөл биз ээ. XVI-XVII зууны хооронд Японд үүссэн гэгддэг энэхүү яруу найргийн төрөл нь хэдийгээр Японы хамгийн түгээмэл, алдартай хэлбэр боловч XIX зууныг хүртэл Хайкү хэмээх нэргүй байсан байна. Хайкү хэмээх нэр хайкай буюу хошин рэнкү (連句) холбоост шүлгийн төрөл болон рэнкү шүлгийн эхлэл шүлэг болох хоккү (発句) гэх хоёр нэршлээс үүдэлтэй ажээ. Уламжлалт хайкү шүлгийн эхэн мөрөнд заавал байгаль, дөрвөн улирлын төлөв, байр байдлыг дүрслэх ёстой байсан ч XIX зууны сүүлчээс эхлэн энэ ёсыг мөрдөх шаардлагагүй болсон юм. Өдгөө 3 мөр, 17 үеэр бичигдсэн бүхий л шүлгийг хайкү хэмээдэг.
Хайкү шүлгийн зохиомж нь эхний мөртөө 5 үе, удаах мөртөө 7 үе, сүүлийн мөртөө мөн 5 үетэй байхаар бичдэг бөгөөд аль болох хамгийн цөөн үгтэй байхыг голчилдог. Энэ төрлийн гарамгай мастерууд нь Бүсон, Исса, Масаока Шики, Такахама Киёоши, Кавахигаши Хэкиготоү нар юм. Хайкү шүлгийг мөн Зэн буддизмтай холбон тайлбарлах, мөн түүнчлэн Зэнгийн мастерууд дотор хайкү туурвисан олон арван яруу найрагчид байдаг.
Японы яруу найргийн мөн орхиж болохгүй нэгэн төрөл бол вака (和歌) шүлгүүд юм. Вака шүлэг нь 5-7-5-7-7 гэсэн үеийн бүтэцтэй бөгөөд хайкү адил сүүл, толгой холбох шаардлагагүй. Вака шүлэг нь олон янзын төрөл жанртайн хамгийн алдартай хоёр төрөл нь Танка (短歌-богино шүлэг) болон Чёока (長歌-урт шүлэг) юм.
Манай богино өгүүллэгийн мастер, зохиолч, орчуулагч Ж.Лхагва гуай нэгэнтээ “Японы яруу найраг богино мөртэй, гүн утгатайг олж хэлэхэд хэцүү боловч миний мэдрэмжийн төрөлх чанарт их ойрхон байдаг юм…” хэмээсэн байдаг. Түүний орчуулан гаргасан “Японы яруу найраг” номд багтсан танка, хайкү шүлгүүдээс хуваалцъя.
“Хонгорхон охин минь
Хуримын аяллаас эргэж ирлээ
Өмссөн гутлын нь
Өндөр өсгий
Өрөөсөн тийшээ налсан байна.”
(Танка)Тадокаро Таэко
Намрын анхны борооноор
Нарсан ойн сармагчин хүртэл
Цув нөмрөх санаа бий.
(Хайкү)Мацуо Башё
6. Касыда (Араб, Исламын ертөнц)
Ойрх дорнодын ертөнц яруу найргаараа хэтээсээ алдартай билээ. Их найрагчид болох Омар Хаяамаас эхлээд Рүми хүртэл энэ ертөнцийн яруу найргийн төлөөлөгчид юм. Ойрх дорнодын яруу найргийн хамгийн алдартай хэлбэрүүдийн нэг бол касыда. Эртний араб хэлээр шүлэг, яруу найраг гэсэн утгатай үгээс гаралтай бөгөөд түлхүү магтуу хэмээн орчуулагдах нь бий. Эл үг олон өөр хэл рүү зээлдэн орсон байдгаас перс хэлэнд قصیده, турк хэлэнд касиде хэмээн нутагшсан байна. Касыда шүлгийн зохиомж нь ихэвчлэн 3 мөр байдаг.
Харин исламын ертөнцийн яруу найргийн мөнхүү томоохон төлөөлөл болох Персэд рубаи хэмээх дөрвөн мөрт шүлгийн хэлбэр байдаг нь тун алдартай. Их найрагч Омар Хаяам энэ төрлөөр олон арван бүтээл туурвисан байдаг бөгөөд түүний рубаи шүлгүүдээс С.Цэвээний орчуулгаар хуваалцъя.
“Харамж шан хүртээсэнгүй юу? Үүнийг март.Хамаг цаг өнгөрөв үү? Үүнийг март.
Амьдрал хэмээх мөнх Номын буруу хуудсыг
Аясын салхи болгоолгүй сөхсөн ч байж юу магад.”
“Хаанаас бид ирээ вэ? Хаана замаа дуусгах бол?
Хамаг амьдралын утга учир нь хаана байдаг бол?
Тоолж баршгүй хэчнээн ариун сэтгэлтэн
Тоос, үнс болно вэ, тогтсон утаа нь хаа байна?”
7. хоёр ба дөрвөн мөрт шүлэг (МОнгол)
Нэгэнт шүлэг, яруу найраг, тэр дундаа дорнын яруу найргийн талаар нийтлэл маань өгүүлж эхэлснийх эх хэл, үндэсний яруу найргаа дурдалгүй өнгөрч яахан болох билээ. Билгүүн номч, эрдэмтэн Б.Ринчен гуай “Монгол шүлгийн учир” өгүүлэлдээ:
“монголчууд толгой холбосон үг, шүлэглэл их хэрэглэдэг байсан байна. ... одоо хүртэл манай ардууд уран цэцэн үгэнд их дуртай, толгой сүүл холбон хэлэлцдэг нь нийтийн заншил байгааг дурдаж болно” хэмээсэн байдаг бөгөөд монголчууд бид нэн эртний яруу найргийн соёл, уламжлалтайг онцолсон байдаг. Монголчууд бидний дунд хамгийн өргөн тархсан шүлгийн төрөл бол хоёр мөрт болон дөрвөн мөрт шүлэг юм. Нүүдэлчин монголчууд бидний хувьд хорвоогийн тэнцвэрт оршихуй бүгд хоёрт хуваагддаг хэмээн үздэг.
Тэнгэр газар, арга билиг, өдөр шөнө, эр эм, өглөө орой, хар цагаан, үхэх төрөх зэрэг хоёрын хослолыг заасан үгс өөрөө хэмнэл, айзам үүсгэдэг. Түүнчлэн хорвоогийн бүхий л зүйл хоёрын шүтэлцээнд оршино хэмээн үзсэн тус үзэлдээ тулгуурлан хүмүүний амьдралын хэрэг явдал, зовлон жаргал бүрийг хоёр мөрт багтаахаар шүлгийнхээ үндсэн төрөл болгосон байна. Эл итгэл үнэмшил мөн морин хуур хоёр чавхдастай байдгийн учиртай ч холбоотой байж магадгүй.
Монгол хоёр мөрт шүлгийн онцлог нь эхний мөрийнхөө хэв загварыг удаах мөр нь дагадаг. Энэ янзаараа мөн дөрвөн мөрт шүлэг бүтээх бөгөөд өрнийн АБАБ хэмнэлтэй зарим талаараа төстэй гэж үзэж болно. Жишээ болгон монгол ардын дуу Мандах нарын хэсгээс авч үзье:
Мандаж гардаг наран шингэнэ ээ (А)
Манантайгаа хоёулаа хө (Б)
Мартагдашгүй гурван жил болсон болов чиг (А)
Мансуурах нойрондоо хоёулаа хө (Б)
Өөр нэгэн жишээ дурдвал дуучин Б.Бадрууганы дуулсан яруу найрагч Д.Төрмөнхийн шүлэг Хонин цагаан үүл дууны шүлгийг нэрлэж болно. Эл дууны шүлэг нь хоёр хоёр мөрөөр бүтээгдсэн бөгөөд АБВБ хэмнэлтэй гэж үзэж болно.
Хонин цагаан үүл нь ээ хө (А)
Хувирч сэрээд нүүлээ дээ хө, нүүлээ дээ (Б)
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө (В)
Ханилахын заяа ч дутлаа даа хө (Б)
8. Cinquain-Синквэйн (АНУ)
Хэдийгээр АНУ дорно дахинд газар зүйн хувьд хамаарахгүй ч энд өгүүлэх шүлгийн төрөл дорно дахинтай нягт холбоотой юм. XIX-XX зууны хооронд амьдарч, туурвиж байсан АНУ-ын яруу найрагч Аделаида Крэпси Японы хайкү, танка шүлгүүдээс сэдэл аван цоо шинэ яруу найргийн төрөл бүтээсэн нь 5 мөр бүхий синквэйн (cinque буюу итали хэлний тав гэсэн тооны нэрээс үүдэлтэй болов уу) шүлэг. Гэхдээ хайкү, танкагаас ялгаатай нь эхний бөгөөд эцсийн хоёр мөр нь тус тус хоёрхон үетэй. Жишээ болгон түүний хамгийн алдартай синквэйн болох “Арваннэгдүгээр сарын шөнө” (November Night) шүлгийг эх хувьтай нь болон өөрийн орчуулгатайгаа хүргэе.
Listen…
With faint dry sound
Like steps of passing ghosts,
the leaves, frost-crisp’d, break from the trees
And fall.Сонсооч…
Сүүмийсэн аниргүй чимээ
Сүнс сүүдэр гэлтэй
Хүрэх төдий үйрэм навч тасран
Унахыг.
9. Пантоум (Малайз, Бруней)
Малай хэлний яруу найргийн хамгийн алдартай хэлбэр бол пантоум хэмээх дөрвөн мөрт шүлэг. Пантоум нь АБАБ хэмээх хэмнэл бүхий дурын тооны дөрвөн мөртүүдээс бүрдсэн шүлгийг хэлнэ. Уг төрөл XIX зуунаас эхлэн өрнийн яруу найрагт нэвтэрсэн бөгөөд Америк, Англи, Францын яруу найрагт түлхүү хэрэглэгдэх болсон юм.
10. Цзюэ-цзюй (Jueju) (Хятад)
Дорнын яруу найргийн талаар хөөрөлдөхөд Хятадын яруу найргийг дурдахгүй өнгөрөх боломжгүй. Хятадын яруу найргийн гол хэлбэр бол Цзюэ-цзюй (Jueju). Энэ хэлбэр нь VII-X зууны үед буюу Тан улсын үед үүссэн бөгөөд люйши (нэг мөртөө 5-7 үетэй, найман мөр шүлгийн төрөл) шүлгийн төрлөөс үүдсэн нэг мөртөө 5-7 үгтэй, дөрвөн мөр шүлэг юм. Цзюэ-цзюй шүлгийг Японы хайкү болон Персийн рубаи шүлэгтэй нэгэн адил цөөн үгээр, богино мөртөд гүн утга, олон давхар, мөнхүү салаа утга агуулдаг хэмээдэг.
З Зочин 2025.03.24 202.131.240.147
Ёстой сонирхолтой, мэдээлэлтэй, судалгаатай нийтлэл байна. Шүлгүүдийг ямар ч мундаг орчуулдаг юм, нийтлэлч нь.
з зочин 2025.03.21 5.91.28.13
ёстой сонирхолтой гоё нийтлэл байна. Баярлалаа. Яруу найргийн талаар сайхан нийтлэл уншлаа. Их судалгаа сайтай болжээ
З Зочин 2025.03.21 5.91.23.250
Гоё орчуулжээ энэ нийтлэлч нь, сайхан нийтлэл болжээ. Орон орны формыг нь гаргасан тул яг төрлөөр нь мэдэхэд тустай юм байна. Баярлалаа.