Дэлхийн кино урлагийн салбарт улс орон, хэл усаас үл хамааран олон арван жилийн турш сая сая, магадгүй бүр тэрбум үзэгчийн сэтгэлд хоногшсон, алдартай дүрүүд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг бол Британийн нууц тагнуулч Жеймс Бонд. Ухаалаг байдал, дэгжин төрх, ямар ч нөхцөлд аргаа олчихдог энэхүү дүрийг 1962 оноос хойш нийт зургаан жүжигчин дэлгэцнээ амилуулжээ. Харин хамгийн сүүлд буюу 2021 онд Даниел Крэйгийн бүтээсэн Жеймс Бондын дүрээс хойш дараагийн жүжигчин хэн байх бол гэсэн асуулт кино сонирхогчдын дунд өрнөсөөр ирсэн. 

Олон жилийн хүлээлтийн эцэст уг асуултын хариу тодорч, “Twilight” цувралын Эдвард Каллены дүрээр дэлхий дахинаа танигдсан Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондоор сонгогдлоо. Тэгвэл тэр хэрхэн өнөөдрийн амжилтад хүрэв? Яагаад продюсерууд түүнийг дараагийн 007-гоор сонгов? Мөн энэхүү дүрд өөр ямар жүжигчид өрсөлдсөн бэ? 

ХӨГЖИМД ХӨТЛӨГДСӨН ӨСВӨР НАСНЫ ХҮҮ 

Роберт Дуглас Томас Паттинсон 1986 оны тавдугаар сарын 13-нд Их Британийн Лондон хотын Барнс дүүрэгт төржээ. Түүний аав хуучин машин импортлогч, харин ээж нь загварын агентлагт ажилладаг жирийн нэгэн гэр бүл байв. Багаасаа дуу хөгжимд дуртай байсан тэрээр дөрвөн наснаасаа төгөлдөр хуур, гитар тоглож сурсан гэдэг. Өсвөр насандаа хөгжимчин болохыг мөрөөддөг байсан учир хамтлаг байгуулж, Лондоны жижиг клубүүдэд зохиосон дуугаа дуулдаг байв.



Роберт ихэд бүрэг ичимхий хүүхэд байсан ч аав нь түүнийг өөртөө итгэлтэй болгохын тулд 15 настайд нь нэгэн жижиг театрын дугуйланд оруулсан нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм. Эхэндээ тэрээр тайзны ард гэрэлтүүлэг, тайз засал зэрэгт тусалдаг байсан бол удалгүй жижиг дүрүүдэд тоглож эхэлжээ. Ийнхүү театрын тайзнаа тоглож эхэлснээр тэрээр жүжиглэх урлагт эргэлт буцалтгүй дурлаж, улмаар жүжигчин болох эхлэл тавигдсан байна. Сонирхолтой нь Роберт мэргэжлийн жүжигчин бэлтгэдэг их, дээд сургуульд огт суралцаж байгаагүй аж. Түүний хувьд театрын дугуйлангаасаа жүжигчний ур чадвар, суурь мэдлэгийг сурсан гэнэ.

Хэрвээ тэр жижигхэн театрын дугуйлан байгаагүй бол би өнөөдөр жүжигчин болохгүй байсан байх.

Роберт Паттинсон

ХОЛЛИВҮҮДЫН ШИНЭ ОД 


Роберт Паттинсоныг олонд таниулсан хамгийн анхны томоохон дүр нь 2005 онд үзэгчдийн хүртээл болсон “Харри Поттер ба Галт цом” киноны Седрик Диггори байв. Энэхүү дүрээрээ үзэгчдээс багагүй сайшаалыг хүртсэн ч жинхэнэ утгаараа дэлхий дахинд таниулж, тэсрэлт хийсэн нь яах аргагүй “Twilight” цувралын Эдвард Каллен цус сорогчийн дүр юм. Уг бүтээл 2008 онд нээлтээ хийсэн даруйдаа алдаршиж, ашиг орлогоороо кино ертөнцийг тэргүүлсэн төдийгүй түүнийг сая сая шүтэн бишрэгчтэй, холливүүдын од болгоход асар том нөлөө үзүүлсэн билээ. Ялангуяа өсвөр насны охидын дунд Эдвард Каллены дүр ихээхэн шуугиан тарьж, “царайлаг цус сорогч” хоч хүртэл авч байв. 2010 онд “Time” сэтгүүлээс гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтад багтсан нь түүний нэр хүнд тухайн үедээ хэрхэн өсөж байсныг илтгэх биз ээ.

УР ЧАДВАРАА ХАРУУЛСАН ОН ЖИЛҮҮД 

“Twilight”-ийн дараа Роберт хайр дурлалын сэдэвтэй хэд хэдэн кинонд тоглосон ч үзэгчдийн дунд Эдвард Каллены дүртэй адил царайлаг, сайн залуугийн төрхөөрөө л төсөөлөгдөж байв. Тиймээс тэр өөрийн авьяасаа батлан харуулахын тулд өмнөх дүрүүдээсээ эрс ялгаатай, илүү өвөрмөц дүрүүдийг сонгож эхэлсэн байна.



Тухайлбал, 2012 оны “Cosmopolis” кинонд асар их хөрөнгөтэй залуу бизнесмений дүр бүтээсэн бол 2017 оны “Good Time” кинонд дүүгээ шоронгоос гаргахын тулд юу ч хийхээс буцахгүй залуугийн дүрд тоглосон юм. Харин 2019 оны “The Lighthouse” кинонд алслагдсан арал дээрх гэрэлт цамхагт ажиллаж, ганцаардал болон сэтгэлзүйн хүнд дарамттай нүүр тулж буй залуугийн дүрийг бүтээжээ. Мөн 2020 онд найруулагч Кристофер Ноланы шинжлэх ухааны уран зөгнөлт, тулаант “Tenet” кинонд тоглосноор Роберт томоохон студийн бүтээлд эргэн ирсэн юм.

Түүний карьерын бас нэгэн онцлох үйл явдал 2022 онд тохиов. Роберт тэр жил алдарт “The Batman” киноны гол дүрд тоглосон бөгөөд эл бүтээл дэлхий даяар 770 гаруй сая ам.долларын орлого олж, тухайн жилийнхээ хамгийн амжилттай бүтээлүүдийн нэгээр тодорч байсан түүхтэй. Мөн өнгөрсөн жил л гэхэд найруулагч Бон Жүн Хогийн “Mickey 17” киноны гол дүрд тоглож, дахин нэг өвөрмөц дүрийг бүтээгээд буй.

007-ИЙН ДҮРИЙН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН 


Сүүлийн анги гарснаас хойш таван жилийн хугацаанд 007-ийн дүрийг хэн бүтээх тухай таамаг кино урлагийн салбар болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ хугацаанд хэд хэдэн жүжигчдийг дараагийн Жеймс Бонд байх хэмээн таамаглаж байж.

Эхэндээ “Euphoria” цувралаар танигдсан Жейкоб Элордиг хамгийн өндөр магадлалтай жүжигчнээр нэрлэж байсан ч хожим түүнийг дүрийн шалгаруулалтад оролцоогүй гэх мэдээлэл гарч байлаа. Гэвч удалгүй Каллум Тёрнерийн нэр олны анхаарлыг татаж, түүнийг бараг л дараагийн Бонд болсон мэтээр таамаглаж байв. Харин Роберт Паттинсон болон Николас Холтын дүрийн шалгаруулалтад оролцсон тухай мэдээлэл гарснаар дүрийн эзэн дахин тодорхойгүй болжээ. Эцэст нь Роберт Паттинсон уг дүрийг авахаар болсон юм. Түүнээс гадна Жош О’Коннор, Том Фрэнсис, Аарон Тейлор-Жонсон, Харрис Дикинсон, тэр ч бүү хэл дуучин Харри Стайлсын нэр ч нэр дэвшигчдийн дунд яригдаж байсан билээ.


Сайн жүжигчин олон байгаа ч 007-ийн дүрийг ганцхан хүн л бүтээнэ. Тэр хүн нь Бондын хуучин төрхийг эвдэхгүйгээр цоо шинэ өнгө нэмж чадах нэгэн байх ёстой. Роберт Паттинсоныг шинэ Жеймс Бондоор угтаж байгаадаа туйлын баяртай байна. Тэр энэ дүрийг өөрийнхөө амилуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

“Dune: Part Three” болон Жеймс Бондын дараагийн ангийн найруулагч Денис Вильнёв

Ингэснээр арванэгдүгээр сарын 16-нд Роберт Паттинсон долоо дахь Жеймс Бонд болсныг албан ёсоор зарлав. Түүнчлэн өнгөрсөн онд Amazon MGM студи Бондын цувралын уран бүтээлийн бүрэн эрхийг шилжүүлэн авснаас хойш хийгдэж буй хамгийн анхны 007-ийн бүтээл гэдгээрээ үзэгчид төдийгүй кино шүүмжлэгчдийн дунд чамгүй өндөр хүлээлт үүсгээд байгаа юм.

ЯАГААД РОБЕРТ ПАТТИНСОН ГЭЖ? 

Amazon MGM студийн зүгээс чухам яагаад Роберт Паттинсоныг сонгосон тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлаагүй. Гэсэн ч энэ шийдвэрт түүний сүүлийн үеийн уран бүтээлийн амжилт, карьерын өсөлт багагүй нөлөөлсөн нь лавтай.



Тухайлбал, 2026 он түүний карьерын хамгийн завгүй, бас онцгой жилүүдийн нэг болж байна уу гэлтэй. Зендеятай хамтран “The Drama” кинонд тоглож, улмаар Кристофер Ноланы “The Odyssey” бүтээлд Антинойгийн дүрийг бүтээв. Үүний дараа “Primetime” сэтгэлзүйн триллерт Америкийн телевизийн хөтлөгч Крис Хансены дүрээр үзэгчидтэйгээ уулзсан бол энэ оны сүүлээр Денис Вильнёвийн “Dune: Part Three” кинонд Сайтейлын дүрээр эргэн ирэх нь ээ. Тэрчлэн ирэх онд нээлтээ хийх “The Batman”-ий хоёрдугаар ангид дахин тоглохоор болсон зэргээр түүний хэр чадварлаг жүжигчин болохыг анзаарч болох юм.

Жеймс Бонд бол кино урлагийн хамгийн домогт дүрүүдийн нэг. Энэ дүрд тоглох болсон маань мөрөөдөл биелсэн гэж хэлэхэд ч багадна. Надад итгэж, ийм чухал итгэл хүлээлгэсэн найруулагчид болон Amazon MGM студийн хамт олонд гүнээ талархъя.

Роберт Паттинсон

Зургийг: Billboard

Роберт Паттинсоныг дараагийн Жеймс Бонд болгох тухай мэдээлэл кино сонирхогчдын дунд багагүй маргаан өрнүүлээд байгаа. Зарим нь “Яг ийм төрхтэй хүн 007-д арай л зохимжгүй, Бондын хатуу ширүүн, хүчирхэг төрхтэй яагаад ч авцалдахгүй байна” хэмээн хатуухан шүүмжлээд байгаа бол өөр нэг хэсэг нь “Харин ч эсрэгээрээ дэлхий дахинд алдартай, аль хэдийн ур чадвараараа танигдчихсан ийм хүн дараагийн 007-д төгс тохирно. Бондын дүр нэгэн хэвийн байх албагүй” хэмээн сайшааж буй үзэгчид ч цөөнгүй байна. Ямартай ч сайн ч бай муу ч бай Роберт бидний төсөөлснөөс тэс өөр, цоо шинэ 007-г бүтээж чадах эсэхийг 2028 он л харуулах биз ээ.

Ирэх жилүүдэд бид түүнийг шинэхэн Жеймс Бонд болоод Бэтмэн гэх хоёр том дүрээр нь харах нь ээ. Царайлаг цус сорогч Эдвард Каллен, залуу шидтэн Седрик Диггори, нууцлаг тэрбумтан Брюс Уэйн гээд олон дүрийг амилуулсан түүний дараагийн зогсоол 007 байх нь. Робертын бүтээсэн Жеймс Бонд өмнөх зургаан жүжигчнийхээс юугаараа ялгарах бол?