Хятад Улс 2018 онд хуванцрын хаягдалд хориг тавьсны үр дүнд Малайз, Тайланд, Индонез зэрэг Зүүн өмнөд Азийн улсууд дэлхийн хамгийн том хаягдлын цэг болсон түүхтэй. НҮБ-ын мэдээлснээр жил бүр далайд найман сая тонн хуванцар хаягдаж байгаагаас 600 мянга гаруй нь дангаараа Индонез Улсын нутаг дэвсгэрт хамааралтай.
Ийнхүү хэдхэн жилийн дотор эрх баригчдын харалган шийдвэрийн улмаас Индонез дэлхийн хоёр дахь том далайн хаягдлын уурхай болон хувирчээ. Үр дүнд нь эцэс төгсгөл нь үл харагдах энэхүү хаягдал жирийн иргэдийн эрүүл орчинд амьдрах эрхэнд шуудхан л халдах нь тэр.
Өндөр уулс мэт хогон овоог өдөр бүхэн харсаар тэсгэл алдсан Индонезийн ард түмэн хуванцрын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, байгаль хамгаалагчид Засгийн Газраас ахин хог импортлохгүй байхыг шаардсан бодит тэмцлийн тухай “Plastic Island” хэмээх баримтат бүтээл бий.
Хэдий манай улс Индонезтой адил “Plastic Island” гэх нэршил автлаа хогон дунд живээгүй ч хаягдлын асуудалдаа яг өнөөдрөөс, яг одооноос л анхаарлаа хандуулж эхлүүлэхгүй бол ойрын ирээдүйд хаягдлаас улбаатай хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн ямар асуудлуудтай нүүр тулахыг хэн ч таашгүй.

Энэ удаагийн нийтлэлээрээ бид энэ оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан, дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулж, хоёрдогч түүхий эд болгон дахин боловсруулах үйлдвэрт тээвэрлэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа SESL Smart Solution компанийн үйл ажиллагаа хийгээд иргэд, СӨХ, албан байгууллага хэрхэн ангилсан хаягдлаа тэдэнд тушаах боломжтой талаар таны зайлшгүй мэдвэл зохих мэдээллийг бэлтгэлээ.
1. ундааны савны хувь заяа хаана дуусдаг вэ?
Нийслэл хотын орон сууцанд амьдарч байгаа нэг хүнээс бүтэн жилд гарах хогийн хэмжээ хамгийн багадаа 146 кг, үүнээс 5.2 кг нь PET буюу хатуу хуванцар хаягдал. Энэ тоо бол зөвхөн өрх гэрийн хаягдал. Гэрээс гадуур хэрэглэсэн хуванцрын хэрэглээг тооцох юм бол уг дүн дор хаяж хоёр дахин үржигдэх нь лавтай.
Нэг удаагийн сав баглаа боодлын амьдрах хугацаа ердөө хагас жил хүрэхгүй. Дэлгүүрт зарагдах савтай ундааг хэр хурдан ууж дуусгадгаа нэхэн санаваас энэ төрлийн хуванцар дэлхийн нийт хогийн тал хувийг бүрдүүлж байгаад гайхах хэрэг үгүй мэт. Гунигтай нь, дээрх хуванцрын бүрэн задрах хугацаа нь 450 жил. Ганцхан удаа хэрэглэсэн усны сав хүний амьдралын 12 үе өнгөрсний дараа байгальд шингэнэ хэмээн төсөөл дөө.
Тэгэхээр хэрэглэгчид бид нэг талдаа хуванцрын хэрэглээгээ бууруулах, нөгөө талдаа тэдгээр хаягдлыг зүй зохистой ангилж, дахин боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах шаардлагатай гэсэн үг.

2. манай улс хуванцраа дахин боловсруулах боломжтой юу?
2020 онд ашиглалтад орсон Ти Эм Эл Пластик үйлдвэр нь зөвхөн PET1 төрлийн буюу ундаа, усны хуванцар савыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус үйлдвэр нь Австри болон Италийн EREMA, SOREMA гэх тоног төхөөрөмжүүдийг ашигладаг дэлхий дээрх цөөхөн үйлдвэрийн нэг төдийгүй манай улсын хэмжээнд жилд ашиглаж буй бүх хуванцар савыг 100 хувь дахин боловсруулах бүрэн хүчин чадалтай гэдгээрээ онцлог.
Харамсалтай нь энэхүү үйлдвэр одоогоор хүчин чадлынхаа ердөө 50 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа нь түүхий эдийн олдоцтой шууд хамааралтай. Иймийн учир тэд энэ оны эхээр дахин боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлэх зорилготой SESL Smart Solution компанийг үүсгэн байгуулжээ.

3. ангилсан хогоо хаана, хэнд тушаах вэ?
Энэ асуулт хогоо ангилах хүсэлтэй, нийслэл хотын иргэн бүрийн толгойд эргэлддэг. Бид хогоо яаж ч ангилсан, төвлөрсөн хогийн цэгт булагдах магадлал тун өндөр. Дахивар хүлээн авах цэгүүд Улаанбаатар хотноо хэд хэд байгаа ч тэрхүү газрууд руу ирж очихоос эхлээд гарах зардал, цаг хугацаа гээд олон асуудал бий. Тэгвэл SESL Smart Solution-ын гол зорилго нь яг л энэ толгойн өвчинг шийдэхэд оршиж буй. Тэд Улаанбаатар хотын аль ч цэгээс өөрсдийн тээврээр очиж, таны ангилсан түүхий эдийг худалдаж аван дахин боловсруулаад эдийн засгийн эргэлтэд оруулна. Гоё биш гэж үү?
Хогоо дахин боловсруулахын зэрэгцээ дотоодынхоо хэрэгцээг хангаж, импортын хэмжээг багасгах нь байна шүү дээ. Тэд одоогоор 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй, гурван албаны бүтэцтэй үйл ажиллагаа явуулж байна. Хагас жилийн хугацаанд зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд хэдийнээ СӨХ, ААНБ нийлээд 700 гаруй, орон нутагт 20 гаруй харилцагчтай болоод амжжээ.

Манай компанийн үндсэн зорилго бол Монгол Улсад нэг жилд хэрэглэгдэж буй бүх ундаа усны хуванцар савыг цуглуулж, Ти Эм Эл Пластик үйлдвэрт нийлүүлж, дахин боловсруулах явдал юм.
Гэвч түүхий эд буюу ундаа, усны хуванцар савыг цуглуулна гэдэг нь иргэд олон нийтийн дадлаас шууд хамаардаг учир төдийлөн их хэмжээгээр цуглуулж чадахгүй л байна.
Иргэд олон нийт хог хаяг хаягдлаа ангилж хэвшээгүй учраас СӨХ, ААНБ –н үйлчилгээний ажилчдын ажлын ачаалал нэмэгдэх, СӨХ –ны үйлчилгээний ажилчдын хүрэлцээ хангалтгүй, хог ангилан хаях нөхцөл байдал бүрдээгүй учраас ангилан ялгах боломжгүй гэх мэт бидний хамтран ажиллах саналаас татгалзах олон шалтгаан бий.
Тиймээс манай компанийн төлөөлөгч нар буюу харилцагч компанийн хоорондын харилцааг зохицуулж ажиллаж байгаа ажилтнууд маань бүгд энэ чиглэлээр сургагч багш болон бэлтгэгдэж, ААНБ, СӨХ-уудад анхан шатны зөвлөгөө өгөх, түүхий эд цуглуулах, уут, саваар хангах, урамшуулал олгох зэрэг үйл ажиллагаануудыг идэвхтэй явуулж асуудлуудыг даван туулж байна.
4. тэдний үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ?
Хамгийн түрүүнд та хотхоныхоо оршин суугч, оффисынхоо хамт олонтой нэгдэж, хуванцар сав, лааз, шил гээд хамгийн түгээмэл хоёрдогч түүхий эдээ ангилж хэвшээрэй. Хэрвээ СӨХ тань ангилан ялгалтын давуу талыг төдийлөн сайн ойлгохгүй байвал SESL Smart Solution-ын зүгээс тусгайлан хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах үйл ажиллагааны ач холбогдлын талаар мэдээлэл өгч, хуванцар сав цуглуулах уутыг үнэ төлбөргүй өгөх болно. Түүнчлэн та бүхний цуглуулсан дахиврыг тогтсон хугацаанд тээвэрлэх төлөөлөгчийг компанийн зүгээс томилж, тэрхүү ажилтан СӨХ-ны хуванцар савыг цуглуулах, хүлээлгэж өгөхтэй холбоотой бүх ажлыг зохицуулж ажиллана.
Харилцагчийн цуглуулсан хуванцрыг тэд өөрийн тээврийн хэрэгслээр очиж авдаг бөгөөд кг тутамд нь 250 төгрөгийн төлбөр төлдөг аж. Дахивраа тушаахдаа та ердөө дуудлага өгөхөд л хангалттай.
Тэд Улаанбаатар хотын аль ч хэсгээс, Монгол Улсын аль ч аймгаас хуванцар савыг татан авах боломжтой.Хэрвээ та хамтран ажиллахыг хүсэж байвал фэйсбүүк, инстаграм хуудас болон 76107711 дугаараар холбогдон мэдээлэл аваарай.
unread.media


Сэтгэгдэл бичих

